Ирээд, Намайг дага: Мормоны Ном
Христийн амилсны баяр миний хувьд ямар утга учиртай вэ?
3-р сарын 30-аас 4-р сарын 12: Христийн амилсны баяр
Христийн амилсны баяраар “бид түүхэн дэх хамгийн чухал өдөр”1 буюу Аврагч Есүс Христийн Амилалтыг тэмдэглэдэг. Энэ үйл явдал Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний төвд байдаг.
Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд Есүс Христ бидний Аврагч байхаар сонгогдсон. Тэр бидэнд гэм нүглээсээ өршөөгдөх мөн тэнгэрлэг гэртээ эргэж очих арга замыг өгөхөө амласан.
Есүс амилсан анхны өдрөө энэ амлалтаа биелүүлсэн. Тэр үхлийг ялан дийлсэн. Ингэснээр “Тэр бол дэлхийн гэрэл хийгээд амь амьдрал болой; тийм ээ, хэзээ ч харанхуйлагдахгүй төгсгөлгүй тэрхүү гэрэл; тийм ээ, мөн түүнчлэн үхэл гэж цаашид байж үл болох, төгсгөлгүй амь амьдрал болой” (Мозая 16:9).
Амилалт танд ямар ямар адислал өгсөн бэ?
Наманчлал
Есүс Христ бид бүхнээс “би та нарыг эдгээж болохын тулд та нар надад эргэж ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?” хэмээн асуусан. “Ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно” (3 Нифай 9:13–14) хэмээн Тэр амласан. Та нар наманчлахдаа юу мэдэрдэг вэ?
Амилалт
Үхэл зайлшгүй ирэх боловч үхлийг ялан дийлсэн Аврагчийн ялалт бүх хүн амилуулагдан—Сүнс мөн бие төгс хэлбэрээрээ дахин нэгдэнэ (Алма 11:43-ыг үзнэ үү) гэдгийг батлан харуулдаг. Амилалтын талаарх мэдлэг нь танд хэрхэн баяр баясгалан авчирдаг вэ?
Мөнх амьдрал
Аврагчийн Цагаатгал нь мөнх амьдралыг хүлээн авах буюу өргөмжлөлд хүрэх боломж олгодог. Энэ адислалыг авахын тулд бид зарлигуудыг дагах ёстой. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон мөнх амьдралыг “гэрээний зам”2 гэж нэрлэсэн. Бид мөнх амьдралд хүргэх энэ замаар явахын тулд юу хийх ёстой вэ?