Мөнгөн бугуйвчнаас ч илүү үнэ цэнтэй
Силви Хоумо
Канадын Кубик
Аврагчийн хоньдыг тэжээх урилгын талаар Халамжийн нийгэмлэгийн ангид ярилцлага хөтлөн явуулаарай хэмээн намайг урихад, эгч нарыг идэвхжүүлэхийг хүсэж байгаа л юм бол Түүний хоньдын төлөө ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодогдов.
Би зориг гарган, идэвх султай нэг эгчийг Халамжийн нийгэмлэгийн үйл ажиллагаанд хамт явахад урилаа. Тэр урилгыг минь хүлээн авсан ба бид цагийг сайхан өнгөрүүлсэн юм. Би үүнийг сайхан жишээ гэж үзээд, туршлагаасаа хуваалцахыг тэсэн ядан хүлээж байлаа. Гэвч Их Эзэнд надад заах зүйл их байв.
Нэг өглөө хувцсаа өмсөж байгаад мөнгөн бугуйвчаа алга болсныг би анзаарсан юм. Намайг Францад байх үеэр энэ бугуйвчийг төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн тул энэ нь миний хувьд онцгой зүйл байв. Би бугуйвчаа байж болох бүх газраас хайсан боловч олсонгүй. Сүүлдээ залбирах л юм бол бугуйвчаа хурдан олох байх гэж өөртөө хэлэв.
Залбираад хаа сайгүй хайлаа. Хоёр өдрийн турш чин сэтгэлээсээ залбирч, эрчимтэй хайсаар байв. Тэнгэрлэг Эцэгээс олоход минь туслахыг гуйсан ч олдохгүй байлаа. Тэр бугуйвч миний хувьд үнэ цэнтэй зүйл байсан тул сэтгэл тавгүй байв.
Нэг орой хүүтэйгээ хамт орныхоо хажууд суун залбирав. Залбирч дууссаны дараа хүү минь ямар нэг юм аваад надад өглөө. Миний бугуйвч байдаг байгаа! Тэр үүнийг орон доороос олсон байв. Би хайж байхдаа энд харахаа мартсан болж таарлаа. Бугуйвчаа олж аваад, би баярласандаа дуу алдсан юм.
Гэнэт нэг сэтгэгдэл надад төрөв. “Чи Сүмийн эгч нарынхаа төлөө ингэж чин сэтгэлээсээ залбирдаг уу? Тэд чиний бугуйвчтай адил үнэ цэнтэй юү? Сүмд явдаггүй эгч нарын хувьд юу бодож байна? Чи тэдний төлөө бас залбирдаг уу?
Намайг Халамжийн нийгэмлэг дээр алга болсон бугуйвчныхаа талаар хуваалцахад энэ нь сайхан ярилцлага болон өрнөж билээ. Аврагчийг Өөрийнх нь хоньдыг тэжээхийг биднээс хүсэхэд бид “бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээ 18:10) болохыг санах ёстой гэж би эгч нартаа хэлсэн юм. Тэрээр биднийг эргэн тойрныхоо хүмүүст анхаарал тавьж, тэднийг хайрлан, халамжилж, тэдний төлөө бүхий л эрч хүчээрээ залбираасай гэж хүсдэг. Ингэснээр бид хүн нэг бүр мөнгөн бугуйвчнаас хамаагүй илүү үнэ цэнтэй болохыг мэдэж авах болно.