Есүс Христийн Сүм сэргээгдсэн!
Бид дэлхий дээр ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан. Тэд бидэнд хайртай байв. Тэнгэрлэг Эцэгт бидэнд зориулсан нэгэн гайхамшигт төлөвлөгөө байлаа. Бид бие махбодтой болж, суралцаж, өсөж хөгжихийн тулд дэлхий дээр ирэх ёстой байсан. Дараа нь бид тэнгэрлэг гэртээ амьдрахаар буцаж ирэх ёстой байв. Гэвч бид өөрсдөө үүнийг хийж чадахгүй байлаа. Бидэнд тусламж хэрэгтэй байв.
Тэнгэрлэг Эцэг бидний ууган ах Есүс Христийг дэлхийд ирж бидэнд туслуулахаар сонгосон. Есүс бидэнд бусдыг хэрхэн хайрлаж, Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг хэрхэн сахихыг харуулсан юм. Есүс Сүмийг нь удирдах төлөөлөгчдийг сонгосон.
Есүс Гетсеманийн цэцэрлэгт бидний төлөө зовж шаналсан. Тэр бидний бүхий л өвчин шаналал, гуниг зовлонг мэдэрсэн. Тэрээр бидний төлөө загалмай дээр амиа өгсөн. Ингэснээр бид өвдөн зовж, гунигласан эсвэл тусламж хэрэгтэй үедээ Түүнд хандах боломжтой. Бид ямар нэг муу зүйл хийсэн бол наманчилж болно.
Есүс нас бараад, гурав дахь хоног дээрээ амилсан. Есүс амилсан байлаа! Тэр амилсан учраас бид ч бас амилуулагдах болно. Бид нас барсныхаа дараа тэнгэрлэг гэртээ дахин амьдарч чадна.
Есүс амилсныхаа дараа Иерусалим болон Америк дахь шавь нар дээрээ очжээ. Тэрээр төлөөлөгчдөөсөө сайн мэдээний талаар хүмүүст заахыг хүссэн. Төлөөлөгчдийг сонссон олон хүн баптисм хүртэж, Сүмд нэгдэв.
Төлөөлөгчдийг нас барсны дараа хүмүүс Есүсийн сайн мэдээний зарим чухал хэсгийг мартаж эхэлжээ. Тэнгэрлэг Эцэг дэлхий дээрх хүүхдүүддээ сүнсээр үргэлж нөлөөлж байгаа гэдэгт тэд итгэхээ больсон байлаа. Дэлхий дээрх хүн бүрд баптисм хүртэх боломж байгааг тэд мартсан юм. Тэд бошиглогч, төлөөлөгчид үргэлж Сүмийг удирдана гэдэгт итгэхээ больсон байв.
Олон жил өнгөрчээ. Эцэст нь Есүсийн сайн мэдээнээс алдагдсан хэсгийг буцааж авчрах цаг болов. Түүний Сүмийг сэргээх цаг болсон юм! Тэнгэрлэг Эцэгт бошиглогч байж сайн мэдээг дэлхий дээр эргүүлэн авчрах хэн нэгэн хэрэгтэй байлаа. Тэр Иосеф Смит хэмээх нэгэн хүүг сонгожээ.
Нэг өдөр Иосеф Смит Библиэс уншиж байлаа. Иаков 1:5 дээр, Тэнгэрлэг Эцэг биднийг итгэлээр асуувал асуултад маань хариулна гэсэн байв. Иосефт үнэхээр асуух зүйл байлаа! Тэр Есүсийн тухай заадаг олон сүм байдгийг мэдэж байв. Гэхдээ тэр Шинэ Гэрээн дээрх Есүсийн сүмтэй адилхан сүм байгаа эсэхийг мэдэхийг хүсжээ.
Христийн амилсны баяр ойртож байсан хаврын нэгэн сайхан өдөр Иосеф гэрийнхээ ойролцоох ой руу явжээ. Түүнийг өвдөг сөгдөн, залбирч эхлэхэд харанхуйлах мэт мэдрэмж төрөв. Сатан түүнийг болиулахыг хичээж байлаа. Гэвч Иосеф бүх чадлаараа залбирсаар байв.
Дараа нь нэгэн үзэсгэлэнт сайхан гэрэл доошлон ирсэн. Иосеф Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харав. Энэ үйл явдлыг Анхны үзэгдэл гэж нэрлэдэг. Тэд Есүсийн Сүм дэлхий дээр байхгүй бөгөөд удахгүй байх болно гэж хэлэв. Сэргээлт эхлэх гэж байлаа!
Тэнгэрлэг Эцэг сайн мэдээний чухал хэсгүүдийг сэргээхийн тулд тэнгэр элчүүдээ илгээсэн. Тэнгэр элч Моронай Есүс Христийн талаар олж мэдэхэд туслах Мормоны Номыг бидэнд өгөхийн тулд Иосефт алтан ялтаснуудыг өгсөн.
Баптисч Иохан Аароны санваарыг эргүүлэн өгсөн тул бид баптисм хүртэх боломжтой болсон. Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг өгснөөр бид Ариун Сүнсийг хүлээн авч, өвчтэй үедээ адислал хүртэх боломжтой болсон юм.
Елиа бидэнд ариун сүмд гэр бүлтэйгээ лацдан холбогдох боломжийг олгохын тулд ирсэн.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ийнхүү зохион байгуулагджээ. Энэ нь Есүсийн Сүм дэлхий дээр эргэн ирлээ гэсэн үг байв. Энэ бүхэн Сэргээлтийн хэсэг юм.
Сайн мэдээний Сэргээлт өнөөдөр ч дэлхий дээр үргэлжлэн явагдсаар байгаа билээ. Бошиглогч, төлөөлөгч, номлогчид болон гишүүд дэлхий даяар Есүс Христийн сайн мэдээг хуваалцаж байна. Хүмүүст гэр бүлтэйгээ үүрд лацдан холбогдох боломж олгохын тулд олон газар ариун сүмүүд баригдаж байгаа. Өлсгөлөн, гамшиг нүүрлэсэн газарт амьдарч байгаа хүмүүст Сүм тусалсаар байна.
Хүн бүр Сэргээлтэд туслах ямар нэгэн зүйлийг хийж чадна. Гэр бүлийн түүхээ судалж, ариун сүмд баптисм хүртэж тусалж болно. Та бас сүм болон ариун сүм барихад туслан аравны нэгээ өгч болно. Мөн та хэрэгтэй хүнд нь туслахын тулд мацгийн өргөл өгч, Есүс Христийн тухай хүмүүст ярьж болно.
Есүс тэнгэрлэг гэртээ эргэж очиход маань бидэнд туслахын тулд Өөрийнхөө Сүмийг өгсөн. Бид ариун ёслолоос хүртэж, Түүний бидний төлөө хийсэн зүйлсийг үргэлж санаж чадна. Бид Түүнтэй адил бусдыг хайрладгаа харуулж болно. Бид хүн бүрд Есүс Христийн тухай мэдэхэд тусалж чадна. ●