Сүмийн ирээдүй: Аврагчийн Хоёр дахь ирэлтэд зориулан дэлхийг бэлтгэх нь
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм “дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрэх” (Исаиа 11:9) өдөрт зориулан дэлхийг бэлтгэж байна.
Та бид Есүс Христийн сайн мэдээний үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд оролцох боломжтой. Үнэхээр гайхамшигтай! Энэ нь хүний гараар бүтээгүй юм! Энэ ажлыг “Бибээр өөрийн ажлыг зохих цагт нь” (Сургаал ба Гэрээ 88:73) хэмээн хэлсэн Их Эзэн даалган өгсөн юм. Энэ ажил 200 жилийн тэртээх тэнгэрлэг мэдэгдлээр хүчирхэгжсэн. Уг мэдэгдэл нь ердөө “Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит—Түүх 1:17-г үзнэ үү) хэмээх долоохон үгнээс бүрдсэн байв.
Хүчит Бурханы хэлснээр, энэ мэдэгдэл нь залуу Иосеф Смитийг Их Эзэн Есүс Христ рүү авчирсан. Энэ долоон үг Түүний сайн мэдээний Сэргээлтийг эхлүүлсэн юм. Яагаад? Яагаад гэвэл бидний амьд Бурхан бол хайрын Бурхан. Тэрээр хүүхдүүдээ үхэшгүй байдал болон мөнх амьдралыг аваасай гэж хүсдэг. Бидэнд хамаатай энэ хожмын агуу үйл хэргийн суурь хүсэн хүлээн, гашуудаж буй дэлхийг адислахаар тавигдан, хуваарийн дагуу явагдаж байгаа.
Сэргээлтийн талаар ярихдаа би сэтгэлээ барьж чаддаггүй. Түүхийн энэ баримт үнэхээр гайхалтай! Энэ бол маш гайхамшигтай, сэтгэл хөдлөм зүйл юм! Тэнгэр элчүүд энэ ажлыг хийх эрх мэдэл, хүч чадал өгөхөөр ирсэн нь хэчнээн гайхалтай билээ?
Өнөөдөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх Их Эзэний ажил эрчтэй урагшилж байна. Сүмийг урьд хожид байгаагүй, ер бусын ирээдүй хүлээж байна. “Нүд үзээгүй, чих сонсоогүй, … юмсыг Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” (1 Коринт 2:9-ийг мөн Сургаал ба Гэрээ 76:10-ыг үзнэ үү).
Христийн тохинууллын бүрэн байдал ирээдүйд гүйцэлдэнэ гэдгийг санагтун. Түүний Хоёр дахь ирэлтийн тухай бошиглолууд гүйцэлдсээр байна. Бид Аврагчийн Хоёр дахь ирэлт гарцаагүй тохиох энэ сүүлийн эрин үеийн оргил хэсгийг байгуулж байна.
Хөшигний хоёр талд Израилыг цуглуулах нь
Хоёр дахь ирэлтийн өмнө зайлшгүй болох зүйл бол удаан хугацаанд хүсэн хүлээсэн, тараагдсан Израилын цугларалт юм (1 Нифай 15:18-ыг үзнэ үү; мөн Мормоны Номын нүүр хуудсыг үзнэ үү). Цугларалтын сургаал нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн чухал сургаалуудын нэг юм. Их Эзэн “Би та нарт нэгэн тэмдэг өгье … үүнд би өөрийн хүмүүсийг, Ай Израилын угсааг удаан хугацааны тараагдалтаас нь дотогш цуглуулах болно, мөн тэдний дунд өөрийн Сионыг дахин байгуулах болно” (3 Нифай 21:1) хэмээн тунхаглажээ.
Бид энэ сургаалыг заагаад зогсохгүй, үүнд оролцдог. Бид Их Эзэний сонгогдсон хүмүүсийг гивлүүрийн хоёр талд цуглуулахад тусалснаар үүнийг хийдэг. Дэлхий болон дэлхийн оршин суугчдад төлөвлөсөн хувь тавилангийн дагуу бидний нас барсан хамаатан садангууд гэтэлгэгдэх ёстой (Сургаал ба Гэрээ 128:15-ыг үзнэ үү). Аз болоход, “Христэд ирэх” (Иаков 1:7; Моронай 10:32; Сургаал ба Гэрээ 20:59) урилга нь сайн мэдээний мэдлэггүй нас барсан хүмүүст ч бас хамаатай (Сургаал ба Гэрээ 137:6–8-ыг үзнэ үү). Гэвч тэднийг бэлтгэх ажлын нэг хэсгийг хийхэд дэлхий дээрх хүмүүсийн хүчин чармайлтыг шаарддаг. Бид угийн бичиг цуглуулж, гэр бүлийн хүснэгт хийж, хүмүүсийг Их Эзэнд болон гэр бүлд нь цуглуулахаар ариун сүмийн ажлыг эрч хүчтэй хийдэг” (1 Коринт 15:29; 1 Петр 4:6-г үзнэ үү).
Гэр бүлүүд үүрд мөнхөд лацдан холбогдох ёстой (Сургаал ба Гэрээ 2:2–3; 49:17; 138:48; Иосеф Смит—Түүх 1:39). Эцэг хүн хүүхдүүдтэйгээ ямар нэгэн гагнагч холбоосоор холбогдсон байх ёстой. Өнөө үед бүх эрин үе, түлхүүр, хүч бүхэлдээ, бүрэн дүүрэн мөн төгс байдлаар нэгдэн гагнагдах ёстой (Сургаал ба Гэрээ 128:18-ыг үзнэ үү). Энэ ариун зорилгын улмаас дэлхий дээр ариун сүм олноороо баригдаж байна. Эдгээр ариун сүмийн барилгын ажил таны амьдралыг өөрчлөхгүй байж болох ч ариун сүмийн үйлчлэл өөрчлөх нь гарцаагүй гэдгийг би дахин онцолмоор байна.
Их Эзэнд дуулгавартай хүмүүсийг дуулгаваргүй хүмүүсээс салгах цаг ирж байна (Сургаал ба Гэрээ 86:1–7-г үзнэ үү). Бидний аюулгүй байдал Түүний ариун өргөөнд орохуйц зохистой байхад оршиж байна. Таны Их Эзэнд өгч чадах хамгийн сайхан бэлэг бол өөрсдийгөө дэлхийгээс толбогүй авч үлдэн, Түүний өргөөнд орохуйц зохистой байлгах явдал юм. Түүнийг хэзээ ч хүрч ирлээ гэсэн, угтахад зохистой гэдгээ мэдсэнээр ирэх амар амгалан, аюулгүй байдал тань танд өгөх Түүний бэлэг байх болно.
Ариун сүмийн ажлаас гадна “Мормоны Ном урагш гарч ирсэн явдал Их Эзэн Израилыг цуглуулж эхэлснийг мөн Абрахам, Исаак, Иаков нарт өгсөн амлалтаа биелүүлж байгаагаа дэлхий дахинд нотлон харуулж байгаа бодит тэмдэг юм (Эхлэл 12:2–3; 3 Нифай 21; 29-ийг үзнэ үү). Мормоны Ном цугларалтын сургаалыг тунхагладаг (жишээ болгон, 1 Нифай 10:14-ийг үзнэ үү). Энэ нь хүмүүсийг Есүс Христийн талаар суралцаж, Түүний сайн мэдээнд итгэж мөн Түүний Сүмд нэгдэхэд нөлөөлдөг. Үнэндээ Мормоны Ном байхгүй байсан бол амлагдсан Израилын цугларалт болохгүй байх байсан.
Энэ цугларалтад номлолын ажил мөн адил нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Их Эзэний үйлчлэгчид Сэргээлтийг тунхаглахаар урагш явдаг. Олон үндэстэн даяар манай гишүүд, номлогчид тараагдсан Израилын хүмүүсийг эртний хүмүүсийн адил хайж, тэднийг “хадны ан цаваас агна[ж]” (Иеремиа 16:16), загасчилж байна.
Номлолын ажил нь хүмүүсийг Их Эзэний Абрахамтай эрт дээр үед байгуулсан гэрээтэй холбодог.
“Чибээр өөрийнхөө дараах үр удамдаа тэд өөрсдийн гарт энэ тохинуулал хийгээд санваарыг бүх үндэстнүүдэд гэрчлэх адислал байх болно;
Мөн чиний нэрээр дамжуулан би тэднийг адислах болно; учир нь энэ Сайн мэдээг хүлээн авах болгон нь чиний нэрээр дуудагддаг байх болно, мөн чиний үр удам хэмээн тооцогддог байх болно, мөн босч зогсоод, тэдний эцгийн хувьд, чамайг магтан дуулах болно” (Абрахам 2:9–10).
Номлолын ажил бол адислалуудын ердөө эхлэл юм. Баптисмын усанд орсон хүмүүс ариун сүмд орох боломжтой болтлоо өөрсдийн амьдралыг төгс төгөлдөр болгосон цагт тэдгээр адислал бүрэн дүүрэн гүйцэлдэж, хэрэгждэг. Сүмийн гишүүд ариун сүмд хувийн хишгээ хүлээн авснаар Абрахамын гэрээнд лацдан холбогддог.
Христэд ирэх сонголт нь хаана амьдардгаас хамаардаггүй бөгөөд энэ нь хувь хүний амлалтын асуудал юм. Сүмийн бүх гишүүн хаана байгаагаасаа үл хамааран сургаал, ёслол, санваарын түлхүүр болон сайн мэдээний адислалуудаас хүртэх боломжтой. Хүмүүс өөрсдийн амьдарч буй орон нутгийг орхилгүй “Их Эзэн Бурханыхаа мэдлэгт тэд авчрагдах болно” (3 Нифай 20:13).
Эртний Сүмийн гишүүдийн хувьд хөрвүүлэгдсэнээр ихэнхдээ цагаачлах шаардлага гардаг байсан. Гэвч одоо үндэстэн бүрийн нутагт цугларалт явагдаж байна. Их Эзэн гэгээнтнүүддээ өөр өөрийн төрсөн газар, үндэс угсаанд Сионыг төлөвшүүлэхийг зарлигласан (Сургаал ба Гэрээ 6:6; 11:6-г үзнэ үү). Бразилын гэгээнтнүүдийн цугларах газар Бразил, Нигерийн гэгээнтнүүдийн цугларах газар Нигери, Солонгосын гэгээнтнүүдийн цугларах газар Солонгос байх юм. Сион бол “зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм” (Сургаал ба Гэрээ 97:21). Хаана ч зөв шударга гэгээнтэн байж болно.
Сүнслэг байдлын хувьд аюулгүй байх нь хувь хүний хаана амьдарч байгаагаас бус, хэрхэн амьдарч байгаагаас шалтгаалдаг. Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилснаар Түүний Цагаатгалын хүчийг хүлээн авахын тулд чадах бүхнээ хийх юм бол Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний адислалуудыг бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүнд авчирч, Их Эзэний Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд туслах Бурханы мэдлэг, хүч бидэнд өгөгдөх болно гэдгийг би амлаж байна.
Хоёр дахь ирэлт
Их Эзэн мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр ариусгасан тэр газраа эргэн ирэх болно. Тэр ялалт байгуулан, Иерусалимд дахин ирнэ. Нүх сүв бүрээс нь нэвчсэн цусны бэлгэдэл болох хааны улаан нөмрөгтэйгөө Тэрээр Ариун хотод ирэх болно (Сургаал ба Гэрээ 133:46–48-ыг үзнэ үү). Хаа сайгүй “ЭЗЭНий цог жавхлан илэрч, махбодтой бүхэн хамтдаа үзэх болно” (Исаиа 40:5-ыг мөн Сургаал ба Гэрээ 101:23-ыг үзнэ үү). “Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” (Исаиа 9:6).
Тэрээр дэлхийн хоёр нийслэлд буюу нэг нь хуучин Иерусалимаас, (Зехариа 14) нөгөөх нь “Америк тивд байгуулагдах” (Итгэлийн тунхаг 1:10) Шинэ Иерусалимаас тус тус засаглах болно. Тэрээр эдгээр төвөөс Өөрийн Сүмийг болон хаант улсын ажил хэргийг удирдан явуулна. Өөр нэг ариун сүм Иерусалимд удахгүй баригдана. Тэрээр Эздийн Эзэний хувьд ариун сүмээс үүрд хаанчлах болно. Ариун сүмийн доороос ус ундран гарна. Сөнөсөн тэнгисийн ус илаарших болно. (Езекиел 47:1–8-ыг үзнэ үү.)
Тэрээр тэр өдөр шинэ цол хүлээн авч, онцгой гэгээнтнүүдээр хүрээлүүлнэ. Тэрээр “зздийн Эзэн, хаадын Хаан хэмээн нэрлэгдэх болно. Түүнтэй хамт байгчид нь мөнх бус байдлынхаа итгэлийн дагуу дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм” (Илчлэл 17:14). Тэгээд Тэр “үеийн үед хаанчилна” (Илчлэл 11:15).
Дэлхий дахин диваажингийн байдалд шилжиж, шинэчлэгдэх болно. Шинэ тэнгэр, шинэ газар үүснэ (Илчлэл 21:1; Ефер 13:9; Сургаал ба Гэрээ 29:23–24).
Тэр өдөрт дэлхийг бэлтгэхэд туслах нь бидний үүрэг бөгөөд нэр төрийн хэрэг юм.
Ирээдүйгээ итгэлээр хар
Тэр хүртэл бид одоо энд үймээн самуун дунд амьдарч байна. Газар хөдлөлт, цунамийн гамшгууд болж, засгийн газрууд хямралд орж, эдийн засгийн дарамт хүндэрч, гэр бүлүүд халдлагад өртөж, салалтын тоо улам бүр өссөөр байна. Бидэнд түгших олон агуу шалтгаан байна. Гэвч бид итгэлээ айдсаар орлуулах ёсгүй. Бид итгэлээ хүчирхэгжүүлэх замаар тэдгээр айдастайгаа тэмцэх ёстой.
Бидэнд яагаад ийм бат бөх итгэл байх хэрэгтэй вэ? Яагаад гэвэл, ирээдүйд хүнд хэцүү цаг ирэх болно. Ирээдүйд итгэлтэй хожмын үеийн гэгээнтэн байх нь хэцүү байх бөгөөд ихийг шаардана. Бид бүгд соригдох болно. Төлөөлөгч Паул хожмын өдрүүдэд Их Эзэнийг хичээнгүйлэн дагасан хүмүүс “хавчигдах болно” (2 Тимот 3:12) гэдгийг анхааруулсан. Тэрхүү хавчлага нь таныг дуугаа хамхин, сул дорой байхад хүргэнэ эсвэл өдөр тутмын амьдралдаа илүү сайн үлгэр жишээ үзүүлж, зоригтой байхад нөлөөлнө.
Та амьдралын асуудлуудыг хэрхэн давж байгаа нь таны итгэлийн өсөлтийн нэг хэсэг юм. Таныг бурханлаг мөн чанар болох хязгааргүй үнэ цэнтэй өвтэй гэдгээ санасан үед хүч чадал ирдэг. Их Эзэн танд болон таны үр хүүхэд, ач зээ нарт хууль ёсны өв залгамжлагчид нь бөгөөд тодорхой цаг хугацаа, газарт төрж, өсөн, Түүний жишгийг гэрчлэгч, гэрээт хүмүүс болохоор тэнгэрт хадгалагдан үлдсэн гэдгийг сануулдаг. Та Их Эзэний зөвт байдлын замаар алхах юм бол Түүний сайн сайхан байдлаар үргэлж адислагдан, Түүний хүмүүст гэрэл ба аврагч нь болох болно (Сургаал ба Гэрээ 86:8–11-ийг үзнэ үү).
Та Есүс Христийн сэргээгдсэн Сүмд заадаг сургаалын талаарх ойлголтоо өсгөн нэмэгдүүлж, Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийгтүн. Та цэвэр сургаалд зангуугаа хаяснаар итгэлтэй, тэвчээртэй байж урагшлан, Их Эзэний зорилгыг биелүүлэхийн тулд өөрсдийн бүхий л чадлаар бүхнийг шантралгүй, баяр хөөртэй хийх болно.
Та бүхэнд шантрах өдрүүд ч тохиолдох болно. Тиймээс бууж өгөлгүй, зоригтой байхын төлөө залбирагтун! Бас таны найзаа гэж бодож байсан хүмүүс хүртэл та нараас урвах болно. Мөн нэлээд зүйл шударга бус мэт санагдах болно.
Гэвч та нар Есүс Христийг дагаснаар тогтвортой амар амгалан, жинхэнэ баяр баясгаланг олох болно гэдгийг би амлаж байна. Гэрээнүүдээ илүү чанд сахиж, өнөөгийн дэлхийд Сүмийг болон Бурханы хаант улсыг хамгаалах үед Их Эзэн зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн гүйцэлдүүлж чадах зүйлсийг бүтээх хүч чадал, мэргэн ухаанаар таныг адислах болно.
Бид хувь хүний Бурханд, Эзэн Есүс Христэд, Түүний Сүмд итгэх итгэлийг хөгжүүлдэг хүмүүс болох ёстой. Бид гэр бүлээ босгож, ариун сүмд лацдан холбогдох ёстой. Бид дэлхий дээр Сүмийг болон Бурханы хаант улсыг барьж, байгуулах ёстой (Матай 6:33-ыг үзнэ үү). Бид өөрсдийн бурханлаг хувь тавиланд; алдар суу, мөнх бус байдал, мөнх амьдралд бэлтгэх ёстой (Ром 2:7; Сургаал ба Гэрээ 75:5-ыг үзнэ үү).
Би та нарт бошиглогч Иосеф Смитийн тунхагласнаар “Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ тив бүрд, улс орон болгонд хүрч, хүн бүрд сонсогдох хүртэл Бурханы зорилго гүйцэлдэж, аугаа Иехова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл зоригтойгоор мөн ялгууснаар, юунаас ч үл хамааран урагш ахих болно гэдгийг даруухнаар гэрчилж байна” (History of the Church, 4:540).
Бид Бүхнийг Чадагч Бурханы ажилд оролцдог. Түүний адислалууд та нарын хүн нэг бүрд очих болтугай хэмээн би залбирч байна.