2020
Их Эзэний ажлыг хийснээр баяр баясгаланг олох нь
2020 оны 4-р сар


Зөвхөн цахим хувилбараар: Залуучуудад зориулав

Их Эзэний ажлыг хийснээр баяр баясгаланг олох нь

Залуучуудын хувьд амьдрал тун завгүй байдаг. Боловсролоо дээшлүүлэх, мөнхийн ханиа олох, ажил мэргэжлээ сонгох, гэр бүл зохиох зэрэг маш олон зүйлийг бид хийж чадна. Эдгээр сайн зүйлийн зэрэгцээ бидэнд “Их Эзэний ажлыг үргэлж хийж байхыг урамшуулдаг.”1

“Бид бүгдэд авралын ажлыг түргэсгэхэд өөрсдийн гүйцэтгэх үүргийг улам тодорхой ойлгох цаг ирээд байна. Бид гишүүний номлолын ажлыг хийж,… ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцон, сайн мэдээг заах явдлыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосноор агуу баяр баяслыг мэдэрч, Сүмийг хүчирхэгжүүлэхэд хэрэгтэй сүнсний бэлгүүдээр хишиг хүртээгдэх болно.”2

Их Эзэний ажилд цаг заваа зориулснаар баяр баясгаланг олдог хэд хэдэн завгүй залуучууд энд байна.

Гэр бүлийн түүх: Яг одоо эхэл

“Сэргээлт нь миний хувьд надад олон зүйлийг өгсөн, учир нь би гэр бүлүүд үүрд мөнхөд хамт байж болно гэдгийг мэдэж авсан” хэмээн Лесотогийн Масеругаас ирсэн Итүмэлэнг Тлэбэрэ хэлэв. “Би нас барсан өвөө, эмээ болон өвөг дээдэстэйгээ уулзаж чадна. Тийм болохоор би гэр бүлийн түүхийн ажилд маш их дуртай. Яагаад гэвэл би Сүмд хамгийн эхний үе нь болохоор надад тэднийхээ төлөө хийх маш их ажил бий.”

Итүмэлэнг бичвэр, мэдээллүүдийг эрж хайх нь бэрхшээлтэй гэдгийг туршлагаасаа мэддэг боловч, тэр бусад залуусыг гэр бүлийн түүхээ хийхэд нь урамшуулан: “Яг одоо үүнийг хийж эхэл. Гэр бүлийн түүх надад өөрт буй бүх зүйлд талархах мэдрэмжийг өгдөг. Чамд ч гэсэн ийм байх болно” гэдэг.

Тохинуулах нь: Бурханы мутар бол

АНУ-ын Ютагийн Люси Фэргесон өөрийнх нь амьдралд тохиолдсон хамгийн хэцүү долоо хоногт тохинуулал хэрхэн түүнд бодож ч байгаагүй арга замаар тусалсан тухай хуваалцжээ. Сургуулийн эцсийн шалгалтын долоо хоног завгүй ажилтай долоо хоног байсан ба найз залуу нь энэ үед түүнээс салжээ. Тэгээд тэр “Би мартсан байсан боловч хамтрагч бид хоёр тохинуулдаг эгч нартаа торхон кекс хийж өгөхөөр төлөвлөсөн байсан” гэж хэлэв.

Хамтдаа кекс хийж байх үед Люсигийн тохинууллын хамтрагч түүнийг сонсоод, онцгойлон зөвлөгөө өгсөн байна. “Хамтдаа торхон кекс хийж, аваачиж өгсөн нь ямар нэгэн маш чухал зүйл байгаагүй буюу тийм ч их өөрчлөлт авчраагүй” хэмээн Люси хэлээд, “Гэвч хамтрагч маань намайг гэрт хүргэж өгсний дараа би энэ нь сэтгэл санаагаа засахад надад яг хэрэгцээтэй зүйл байсныг, бас заримдаа Бурхан хүмүүс рүү Өөрийн мутар болгож бусдыг явуулдаг гэдгийг ухаарсан. Надад таалагдсан нэг зүйл бол тусламж нь миний тохинуулдаг эгч нараас биш, харин хамтрагч эгчээс ирсэн явдал байсан. Би ганцаараа биш бөгөөд намайг бас хайрладаг гэдгийг мэдрүүлсэнд нь би түүнд үнэхээр их талархсан” гэлээ.

Номлогчийн ажил: Үлгэр жишээ болж амьдрах нь

Сайн мэдээг түгээхийн тулд та бүрэн цагийн номлогч байх албагүй. Энэтхэгийн Андра Прадеш дахь Веннэла Вакапали “Би автобусанд, бас галт тэргээр явж байх үедээ Мормоны Номоо гарган уншдаг. Мөн ихэнх хүн үүний талаар надаас асуудаг” гэж тайлбарлав.

АНУ-ын Ютагийн Ашли Диллон “Би номлолд үйлчлээгүй болохоор номлогч биш гэсэн үг биш юм. Их Эзэнд үйлчлэхээр гэр бүлээ орхиж явахын оронд би гэр бүлтэйгээ хамт Их Эзэнд үйлчилдэг. Би бусдад үйлчилж, Есүс Христийн шавийн үлгэр жишээ байхаар амьдардаг” гэж хуваалцжээ.

Эцэг эхчүүд: Хүүхдүүдэд сайн мэдээг заа

Мексикийн Веракрузын Ингрид дэ Бастиан Ортиз 26 настай, 3 хүүхдийн ээж юм. Тэрээр “Жижигхэн хүүхдүүдтэй залуу эцэг эхчүүдэд хүүхдүүддээ анхаарал тавихаас гадна дааж давшгүй, дуусашгүй их ажилтай өдрүүд байдаг. Гэлээ ч бид Бурханы хүүхэд гэдгээ ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд сайн мэдээг заах үүрэг хариуцлага хүлээдэг гэдгээ мэдэрдэг.

Эхийн хувьд миний үүрэг бол Тэнгэрлэг Эцэгт маань тэдэнд зориулсан аз жаргалын төлөвлөгөө бий гэдгийг өөрсдөө ойлгож авахад нь тэдэнд туслах явдал юм” гэж тайлбарлав.

Та нар хараахан эцэг эх болоогүй ч гэсэн, хүүхдүүдэд зааж сургахад тусалж болно. “Хүүхдүүд эдгээр зарчим, сургаалыг мэдэж авах нь зайлшгүй чухал” хэмээн Ингрид хэлснээ, “Хүүхдийн хэсэг болон балчир хүүхдийн ангийн дуудлагуудад залуухан ганц бие мөн гэрлэсэн залуу хүмүүс бид хувь нэмрээ оруулах боломжтой” гэлээ.

Бид бүгдээрээ завгүй залуучууд. Нөхцөл байдал чинь ямар ч бай, та нар амьдралынхаа том, жижиг бүхий л хэсэгт Их Эзэний ажлыг хийх энгийн арга замуудыг олж чадна.

Эшлэлүүд

  1. Toмас С.Монсон, “Бид дахин уулзтал,” Liahona, 2013 оны 11-р сар, 110.

  2. М.Рассэлл Баллард, “Их Эзэний ажлыг яаравчлуулах нь,” Лиахона, 2013 оны 10-р сар, 33.