Такси ба сурагч хүү мөн залбирлын хариулт
Зохиогч нь Нигерийн Риверс Стэйдэд амьдардаг.
Бид түүнийг олно гэсэн сүнслэг өдөөлт хүлээн авсан хэрнээ яагаад олохгүй байгаа юм бол?
Нэг өдөр хамтрагч бид хоёрт Ганын Аккра гэх үзэсгэлэнт хотын ойролцоох Тема гэх жижиг тосгонд амьдардаг нэгэн эрэгтэйд заах хүсэлт ирсэн юм. Тосгоны байшингуудын хаяг тодорхойгүй байсан тул байшинг олоход туслах тайлбарыг бидэнд тэмдэглэл дээр бичиж өгсөн байв.
Бид тосгонд очоод, зааврын дагуу явсан ч тайлбарт дүрсэлсэнтэй адилхан олон байшин байсан тул хүнээ олж чадсангүй. Бид учраа олохоо больж, ойр орчмын айлын хаалга тогшиж, асуухаар шийдсэн ч бидний хайж байсан хүнийг хэн ч мэдэхгүй байв. Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуй гэсэн сүнслэг өдөөлтийг бид мэдэрсэн юм.
Залбирсны дараа надад хайж байгаа хүнээ олно гэсэн мэдрэмж төрсөн тул бид улам их хичээлээ. Гэвч түүнийг олоогүй л байв. Бид ядарч байснаас гадна өөр уулзалт товлосон байсан тул номлолын хэсэг рүүгээ буцахаар шийдсэн юм. Биднийг таксины буудал дээр явж очиход тосгонд хүргэж ирсэн таксины жолооч сэтгэл дундуур байгааг маань хараад, хайж байгаа хүнээ олсон эсэхийг асуув. Бид мэдээж үгүй гэж хариуллаа.
Тэр биднийг буланд байрлах сургууль руу орж, асуу гэв. Сургууль бидэнд өгсөн дүрслэлтэй таарахгүй байгааг түүнд хэлсэн ч тэр шамдуулав. Бид таксинаас буугаад, хэн нэгнийг олно гэж найдсандаа биш, зүгээр л санаа тавьсан найзынхаа санааг амраахаар сургууль руу явав.
Биднийг сургуулийн захиргааны хэсэг рүү алхаж явтал нэг бяцхан хүү бидэн рүү гүйсээр ирлээ. Тэр инээмсэглээд, ахтайгаа хоёулхнаа энэ хэсэгт амьдардаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цорын ганц гишүүд бөгөөд бидэнд тусалж чадна гэв.
Хамтрагч бид хоёр гайхан, бие бие рүүгээ харж билээ. Энэ бол гайхамшиг байлаа. Тэр хүү бидэнд хайж байсан хүнээ олоход тусалсан бөгөөд уг хүн сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртсэн юм.
Энэ туршлага Тэнгэрлэг Эцэг Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар залбиралд хариулдаг гэдгийг надад заасан. Залбирлынхаа хариуг шууд аваагүй үедээ бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, тэвчээртэй байж сурах хэрэгтэй.