Залуучуудад зориулав
Бид сайн мэдээний гэрлийг түгээж чадна
Залуу нас бол өсөж хөгжих, боломж бололцоо бөгөөд амьдралаа босгох цаг үе юм. Энэ насанд бас цочирдом, сэтгэл хөдөлгөм, аймшигтай зүйлс бүгд нэг зэрэг мэдрэгдэж болно (бидэнд мэдээж тулгарч байсан).
Бид амьдралд гарч ирэх бүх тулгамдсан асуултын хариултыг мэдэхгүй байж болох ч залуучууд Есүс Христийн Сүмийн үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд үргэлж чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгт огтхон ч эргэлздэггүй.
Бид энэ сарын хэсгийг төлөвлөх явцдаа Израилыг цуглуулахад оруулсан хувь нэмрийнх нь талаар олон залуутай ярилцсан. Тэд Есүс Христийн сайн мэдээг чин сэтгэлээсээ хайрлаж, үүний төлөө бүхнээ зориулж байгаад нь бид ихэд дарууссан билээ. Нөхцөл байдлаас үл хамааран эдгээр залуу гэгээнтэн энэхүү сүүлийн эрин үед өөрсдийн гүйцэтгэх чухал үүргийг ойлгосон байв. 44-р хуудсан дээрх “Залуучууд үргэлжлэн явагдаж буй Сэргээлтэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ?” гэсэн хэсгээс та Энэтхэг, Унгар, Барбадос, Австрали, Нэгдсэн Улсын залуучууд хэрхэн Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэж байгаа талаар олж уншиж болно.
Зөвхөн цахимаар нийтлэгдэх нийтлэлд Сэзар бид хэрхэн зорилготой, илүү сайн удирдагчид болж чадах талаар сэтгэгдлээ хуваалцсан. Лори бошиглогчийн зөвлөгөөг дагаснаар хүлээн авах адислалуудын тухай ярив. Бусад залуучууд ариун сүмийн үйлчлэл, тохинуулал, гэр бүлийн түүх, номлолын ажил зэрэгтэй холбоотой өөрсдийн туршлагыг хуваалцав. Бид залуу гишүүд жижигхэн бүс нутгийн Сүмд Их Эзэний ажлыг хэрхэн хийж байгааг харуулахаар Шинэ Каледониагийн нэг залуугийн жишээг хуваалцсан.
Таны хаана байгаа, нөхцөл байдал тань ямар байхаас үл хамааран та Израилын цугларалтад бодож байгаагаасаа илүү их хувь нэмэр оруулж чадна. Залуу хүний хувьд бид энэ Сүмийн ирээдүйн удирдагчид юм. Өнөөдөр бидний гаргасан хүчин чармайлтын оч маргааш сайн мэдээний гэрлийг асааж, дэлхий даяар түгэх болно.
Хүндэтгэсэн,
Шакэл Вордлэй, Минди Сэлү нар
Сүмийн сэтгүүлийн залуучуудад зориулсан хэсгийн редакторууд