Итгэлээ алхам алхмаар олж авсан нь
Гэрчлэлтэй болоход хугацаа хэрэгтэй. Гэрчлэл нь ихэнхдээ жижиг жижиг туршлагаас үүсдэг.
Миний амьдралыг тодорхойлсон мөчүүдийн нэг нь намайг 10 настай байхад тохиолдсон бөгөөд Зимбабве, Силобела гэх хөдөө байх гэрээс минь 32 км-ийн зайд орших Лорето Ромын Католик Номлолын төвд каталок шашны сургаал судлахаар хоёр долоо хоногийг өнгөрүүлэх үед надад тохиолдсон юм. Би Аврагч Есүс Христийг мэддэг, хайрладаг бөгөөд эхлээд авсан сургамж, сэтгэгдлээрээ дамжуулан Их Эзэн өөд харах болсон.
Католик сүмийн байранд байхдаа би Есүс Христийн мэндэлсэн, ариун сүмд заасан, Гетсеманийн цэцэрлэгт залбирсан, Калвари руу загалмай өргөж явсан, Голготад цовдлогдсон болон амилсан зэрэг Аврагчийн амьдралыг харуулсан ханын зургуудыг харсан юм. Эдгээр хадаас, өргөсийг хараад, миний сэтгэл үнэхээр эмтэрдэг байсан. Цовдлолтын зурган дээр очиход нүдэнд минь нулимс цийлэгнэсэн байдаг байв. Тэгээд уйлах тоолондоо “Тийм ээ, Тэр үнэхээр зөвхөн миний төлөө маш их зүйл амссан” гэж хэлдэг байсан.
Гишүүнээр батлуулах ёслолын үеэр пристүүдийн нэг нь миний нүд рүү хараад, “Чи ертөнцийн гэрэл мөн” (Матай 5:14-ийг үзнэ үү) гэж хэлэв. Тэгээд асаж буй лаа руу заагаад, “Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Матай 5:16) хэмээх Аврагчийн үгийг эш татаж билээ.
Есүсийн тухай мэдэж авах тусам бусдад үйлчлэх хүсэл минь улам бүр нэмэгдэх болов. Жишээ нь, бид тосгоноосоо 8 км-ийн зайтай газраас усаа авах хэрэгтэй байв. Манай ээж болон тосгоны эмэгтэйчүүд дүүрэн устай 20 литрийн савыг толгой дээрээ авч явах нь энгийн үзэгдэл байлаа. Католик шашны семинарт суусныхаа дараа би ээждээ болон хөрш зэргэлдээх хоёр бэлэвсэн эмэгтэйд туслахын тулд 200 литрийн саваар ус зөөдөг болсон юм. Бусдад туслах тоолонд өөрт төрсөн сайхан мэдрэмжээ би санадаг.
Тэдгээр туршлага Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ хөгжүүлэхэд надад тусалж, 22 насандаа Христийн сайн мэдээг хүлээн авахад намайг далдуур бэлтгэж байсан юм.
Мормоны Номыг хүлээн авсан нь
Улс оронд маань өөрчлөлт хийгдэж байсан үед би өсөж торнисон. Иан Смитээр удирдуулсан цагаан арьстан цөөнх 1965 онд Их Британиас салж, тусгаар тогтнож буйгаа зарласан юм. Энэ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагаас хориг арга хэмжээ авахад нөлөөлж, 1980 он хүртэл буюу Зимбабвег тусгаар тогтносон улс болох хүртэл үргэлжилсэн иргэний дайныг дэгдээсэн. Сургуулиа төгсөөд, би хотод нүүж очин, хэдэн жил ямар ч сүмд яваагүй.
Би нэг өдөр даргынхаа 9 ба 7 настай хоёр хүүтэй тоглож байлаа. Тэд “Манай аав Сүмийн салбарын ерөнхийлөгч гэдгийг та мэдэх үү?” гэлээ. Тэднийг салбарын ерөнхийлөгч гэж хэн болохыг тайлбарлахад би юу ч бодолгүйгээр “Танай аав тэнгэрт очиж чадахгүй” гээд хэлчихэв. Би том алдаа гаргаснаа ойлгож, юу гэж хэлбэл хэлсэн үгийг минь мартах бол гэж цөхрөнгөө бартлаа бодож билээ. Орой нь тэд аавыгаа хараад, гүйж очин, миний хэлснийг хэлэх нь тэр. Би ажилгүй болох нь гэж бодов.
Манай дарга урьд нь цэргийн алба хааж байхдаа хүний амь хөнөөж байсан гээд хүрмээ харуулж байсан юм. Тэгээд л би тэгж хэлсэн байлаа. Тэр маш тайвнаар яагаад тэгж хэлснийг надаас асууж билээ. “Дарга аа, та дайнд хүний аминд хүрч байсан гэж надад хэлж байсан шүү дээ. Библи дээр ‘Чи хүн бүү ал’ гэсэн байдаг” гэж би хэлэв.
Тэр надаас аль сүмд явдгийг асуулаа. Би католик сүмд явдаг байсан ч сүмдээ явалгүй долоон жил болж байгаагаа хэлсэн юм. Тэрээр Хуучин Гэрээн дээрх дайн, дажны талаарх түүхүүдийг хуваалцаад, надад Мормоны Номын нэг хувийг өгөв. Би ажлаа алдаагүйдээ ямар их баярласан гээч.
Тэр Мормоны Номыг надад 1981 онд өгсөн ч би үүнийг хоёр жилийн туршид унших нь битгий хэл, нээж ч хараагүй юм. Нэгэн ням гарагт найзууд маань тосгонд байгаагүй тул би уйдаж, номоо аваад, ойролцоох төмөр замын вокзал дээр очиж уншив. Тэр өдөр уншиж байхад сайн зүйл хийх сэдэл төрсөн ч дараа нь уншсан 3 Нифай 11-р хэсэг миний зүрх сэтгэлийг гүн хөндсөн юм. Би дайн, үймээн самууныг даван гарч, амьд үлдсэн нифайчууд дээр Аврагч Есүс Христ ирсэн талаар уншив.
Манай улс 15 жилийн турш дайнд нэрвэгдсэн байлаа. Тосгонд хамт өсөж торнисон зарим хүн маань дайнд яваад, эргэж ирээгүй. Харин зарим нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон.
Тиймээс нифайчуудын тухай уншихад Аврагч Есүс Христ “Босогтун мөн … түүнчлэн миний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг та нар тэмтэрч болохын тулд над дээр нааш ирэгтүн, тиймээс би бол Израилын Бурхан, мөн бүх дэлхийн Бурхан, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг та нар мэдэж болно” (3 Нифай 11:14) гэж хэлэхдээ над руу мутраа сунгаж байгаа мэт санагдаж билээ.
Тэр надад хүрч, Өөр дээрээ ирэхийг урьж хүрч байгаа мэт санагдсан. Би үүнийг мэдэрч байлаа. Энэ нь бүх зүйлийг өөрчилсөн.
Гэрчлэлээ олж авах нь
Зориг гарган Сүмд явахад надад хэдэн сар шаардагдаж билээ. Би Сүм хаана байдгийг мэдэх ч манай жижиг салбарт номлогчид байдаггүй байлаа. 1984 оны 2-р сард би Квекве дэх сүмийн байранд очсон юм. Би буцаад гарахыг хүсэж байв. Зөв газар байгаа эсэхдээ эргэлзэж, гүйж гарахад бэлэн байдалтай, хойно суулаа. Нээлтийн үйл ажиллагааны дараа салбарын ерөнхийлөгч Майк Аллэн Аврагч Есүс Христийн талаар болон Мормоны Номын тухай гэрчлэлээ хуваалцав. Бүх зүйл зөв байрандаа орж байгаа мэт санагдсан. Дараагийн хүн нь бас Аврагчийн тухай болон Мормоны Номын тухай гэрчлэлээ хуваалцаж, гурав дахь хүн ч гэсэн хуваалцлаа. Миний сэтгэл ихэд хөдөлсөн ч индэр дээр гарах зориг хүрээгүй тул би байсан газраа босож зогсоод, “Би Есүст хайртай. Би Мормоны Номыг уншиж байгаа” гэж хэлэв. Тэгээд би доош суув. Энэ үйл явдал миний гэрчлэлийн эхлэлийг тавьсан юм.
Тэдгээр гэрчлэл надад зөв газар байгаагаа мэдрэхэд тусалсан ба Их Эзэний надад хүрэх гэсэн арга зам байв. Тэд миний ах, эгч нар болохыг би мэдэрсэн. Дараагийн хэдэн өдөр би тэдний төлөө мөн намайг хүлээн аваасай хэмээн залбирсан юм. Би тэнд сайхан сэтгэлтэй, надад тусалсан гишүүдтэй танилцсан.
Намайг сүмийн байранд очсон өдөр олон зүйл тохиолдсон. Энэ гишүүд гэрчлэлээ хуваалцаагүй бол юу болох байсан бол гэж би боддог. Та хэн нэгэнд асуудал тулгарсныг мэдэхгүй өнгөрч болох ч босоод, мэдэрч байгаа зүйлээ хуваалцах нь хэн нэгний сонсох хэрэгтэй тэр зүйл нь байж болох юм.
Гэрчлэлээ ойр ойрхон хуваалцаж байгаарай. Ингэснээр та өөрийгөө болон эргэн тойронд байгаа хүмүүсээ хүчирхэгжүүлнэ. Мэддэг зүйлийнхээ төлөө зогс. Та Мормоны Номын зөвлөгөөг дагаснаар Аврагчид улам ойртох болно.
Аврагчид илүү ойрт
Лорето Ромын Католик шашны номлолд өнгөрүүлсэн цаг хугацаа минь намайг Аврагч Есүс Христийн шавь болох зам дээр гаргасан. Тэр үеэс хойш би шавь байх нь үйл явц юм гэдгийг мөн бид сул дорой, хязгаарлагдмал байдлаасаа үл хамааран урагш тэмүүлэх ёстойг мэддэг болсон юм. “Тиймд тэнгэрлэг Эцэг чинь төгс байдаг шиг та нар мөн төгс бай” (Матай 5:48) хэмээх энэ урилгыг бид хүлээн авснаар мөнх амьдрал руу “шат шатаар, дүрэм дүрмээр” (Сургаал ба Гэрээ 98:12-ыг үзнэ үү) урагш тэмүүлэх болно.
Зам нь үргэлж амар хялбар байхгүй ба энэ явцад бид зарим бэрхшээл, сэтгэлийн зовлонг амсах боловч Их Эзэн өөд харах нь амьдралдаа амар амгаланг олох цорын ганц арга зам юм гэдгийг бид мэднэ.
Аврагч Есүс Христийн Цагаатгал бол миний хувьд бүх зүйл юм. Аврагч бидэнд мутраа сунгадаг гэдгийг би мэднэ. Бид Аврагч өөд харж, Түүнийг дагаж мөн Тэрээр бидэнд мутраа өгч, өргөдөг шиг бид ч гэсэн бусдад тусламжийн гараа сунгаж, тэднийг өргөх хэрэгтэй.