Номын сан
Илчлэл


“Илчлэл,” Сэдэв ба асуулт (2023)

Гадаа залбирч буй охин

Сайн мэдээг судлах удирдамж

Илчлэл

Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгээс өдөр бүр ирдэг хувийн удирдамж

Асуулт гарч ирэх, эргэлзээ төрөх зэрэг нь амьдралд байдаг ердийн зүйлүүд юм. Таны хэнд хандаж хариулт, баталгаа авах нь ихээхэн чухал. Аз болоход Бурхан хариулт, ойлголтыг олж авахыг эрэлхийлэхэд тань туслахад бэлэн байдаг. “Харин та нар … мэргэн ухаанаар дутвал” Түүнээс тусламж хүсэж болох ба энэ нь [танд] өгөгдөх болно” (Иаков 1:5) гэсэн амлалтад та итгэж болно.

Бурхан Ариун Сүнсээр дамжуулан хувийн илчлэлээр хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн ярьдаг. Тэрээр энэ амьдралын сорилт бэрхшээл, туршлагыг туулж гарахад чиглүүлэхээр бошиглогчдыг болон бусад хүн, эх сурвалжуудыг өгсөн. Хамгийн чухал зүйлсийн нэг бол Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас бидэнд ирнэ хэмээн амласан харилцаа холбоо юм.

Илчлэл гэж юу вэ?

Илчлэл бол бидний хайрт Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ өгдөг бурханлаг удирдамж, харилцаа холбоо юм. Энэ нь ихэвчлэн Ариун Сүнсний “аниргүй хоолой” (Сургаал ба Гэрээ 85:6) гэгддэг намуухан мэдрэмж эсвэл бодлоор ирдэг. Бид залбирлаар Бурханд хандаж, ариун судруудыг судалж, Бурханы зарлигуудад дуулгавартай байхыг эрэлхийлснээр хувийн илчлэл хүлээн авч, ялган таних чадвараа сайжруулдаг. Их Эзэн Өөрийн эрх мэдэл бүхий үйлчлэгчдэд өгдөг илчлэлээр дамжуулан Сүмээ удирддаг. Түүнчлэн бидний хүн нэг бүр тодорхой хэрэгцээ, үүрэг хариуцлага, асуултуудад туслах хувийн илчлэлийг хүлээн авч чадна.

Сэдвийн тойм: Илчлэл

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Ариун Сүнсний бэлэг, Залбирал, Судар, Үнэнийг эрэлхийлж, хууран мэхлэлтээс зайлсхийх

1-р хэсэг

Бурхан тантай хувийн илчлэлээр дамжуулан харилцдаг

Орныхоо өмнө өвдөг сөгдөн залбирч буй охин

Бурхан танд хайртай бөгөөд тулгарч буй бэрхшээл, сорилтуудыг тань маш сайн мэддэг ба таныг ганцаар орхиогүй (Иохан 14:18-ыг үзнэ үү). Та хувийн илчлэл хүлээн авах, ялган танихад өөрийгөө бэлтгэхийн тул хэдэн чухал алхмыг хийж болно. Сүнслэг бэлтгэлд судраас судлах, Хүндэтгэлийн өдөр болон Их Эзэний өргөөнд шүтэн бишрэх, өдөр бүр наманчлах, мацаг барих, чин сэтгэлээсээ залбирах зэрэг орно. Хэрэв та Түүнд ойр байхыг эрэлхийлбэл Их Эзэн таныг чиглүүлнэ гэж амласан (Сургаал ба Гэрээ 88:63-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон:

Байнга очиж болох нам жим газар ол. Бурханы өмнө өөрийгөө даруусга. Тэнгэрлэг Эцэгтээ зүрх сэтгэлээ уудал. Хариулт, тайтгарал авахаар Түүнд ханд.

Өөрийн асуудал, айдас, сул талуудын талаар, тийм ээ, бүр зүрхний хүсэл эрмэлзлийнхээ талаар Есүс Христийн нэр дээр залбир. Тэгээд сонс! Оюундаа ирэх бодол санааг бичиж ав. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглээд, хийхээр өдөөгдсөн үйл хэргүүдээ хийж дуусга.

Өсөн нэмэгдсэн цэвэр ариун байдал, ягштал дуулгавартай дагах, үнэн сэтгэлээсээ эрэлхийлэх, Мормоны Номд байгаа Христийн үгэн дээр өдөр бүр найрлах, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд тогтмол цаг гаргаж байх зэрэгтэй адилаар тэнгэрийг нээх өөр юу ч байдаггүй” хэмээн заажээ.

Бодох зүйлс

  • Бурханы хүүхэд бүр энэ ертөнцөд Христийн гэрэлтэй ирдэг. Моронай 7:16–18; Сургаал ба Гэрээ 84:46–48; 93:2-ыг уншаад, энэ бэлэгт юу юу ордог мөн яагаад нэн чухал болохыг олж мэд.

  • Бурханыг тантай илчлэлийн сүнсийг хуваалцахад бэлэн байдаг гэдгийг илүү сайн ойлгох үед үүнийг эрэлхийлэх хүсэл тань нэмэгдэж болох юм. Илчлэлийн сүнсийг мэдрэхэд таныг бэлтгэх зарчмуудыг олж мэдэхийн тулд дараах судрын хэсгүүдийг харьцуулж үз. Үүнд: 1 Нифай 10:17–19; 2 Нифай 32:3; Сургаал ба Гэрээ 9:8; Иосеф Смит—Түүх 1:10–17. Эдгээр сударт хувийн илчлэлийн ямар зарчмуудыг заасан байна вэ? Бид хувийн илчлэл хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх үүрэгтэй гэдгийг ойлгох нь яагаад үнэ цэнтэй вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон 2021 оны 1-р сарын Лиахонад хэвлэгдсэн “Илчлэлийн зарчимд өсөх” гэх нийтлэлдээ Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг амьдралдаа урин авчрах арга замыг хэрхэн илүү сайн ойлгох талаар дурдсан. Бүлгийнхээ гишүүдийг нийтлэлийн зарим хэсгийг судлахад урь. Дараах асуултуудыг хамтдаа ярилц. Ерөнхийлөгч Нэлсон ямар зарчмуудыг онцолсон бэ? Энэ захиасыг уншсаны дараа та юу хийх сүнслэг өдөөлтийг хүлээн авсан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Хувийн илчлэл нь ерөнхийдөө сэтгэгдэл, бодол, мэдрэмж хэлбэрээр ирдэг

Бодолхийлж буй хүн

Та өөр хэлээр шинэ үг хэллэг сурч байсан уу? Суралцаж, дадлага хийснээр та харилцан ярианы үеэр өөр хүнийг тэдгээр үгийг хэлэхэд ойлгодог болж эхэлдэг. Үүний адил та Сүнсний дуу хоолойг эхлээд тэр бүр танихгүй байж болох ч чухал зарчмуудыг сурах нь бурханлаг харилцааг илүү сайн ойлгоход таныг бэлтгэнэ. Жишээлбэл: Хуучин Гэрээний бошиглогч Елиа хүчтэй салхи, газар хөдлөлт, гал түймрийг харсан ч Елиа тэдгээрт “Эзэн байсангүй” гэжээ. Харин дараа нь тэр “намуухан хүнгэнэх дуу[г]” (Хаадын 19:11–13-ыг үзнэ үү) сонсоод, Их Эзэний дуу хоолой гэдгийг нь мэдэв. Бурхан бидэнтэй “зөөлөн тайван дуу хоолойгоор” (Хиламан 5:28–30-ийг үзнэ үү), амар амгалан, тайтгарал, баяр баясгалан зэрэг мэдрэмжээр дамжуулан ярьдаг (Галат 5:22–23-ыг үзнэ үү).

Илчлэлийн өөр нэг зарчим бол Бурхан “хүмүүний үрст шат шатаар, дүрэм дүрмээр, энд бяцхан мөн тэнд бяцханыг өг[дөг]” (2 Нифай 28:30) явдал юм. Энэ нь Бурхан бидэнд бүгдийг нэг зэрэг биш, харин цаг хугацааны явцад бага багаар нээгддэг хувийн илчлэлтээр өгдөг гэсэн үг юм.

Ахлагч Дэвид А.Бэднар энэ ойлголтыг “Сүмийн гишүүд бид гайхамшигтай, үр нөлөөтэй сүнслэг илэрхийлэлтийг онцгой чухалчлан, талархахаа мартаж, Ариун Сүнсээр гүйцэлдүүлэх Түүний ажлын ердийн хэв маягийг анхааралгүй өнгөрөх хандлагатай байдаг. Хэсэг хугацааны дараа, эцэст нь хүссэн хариулт эсвэл бидэнд хэрэгтэй удирдамжийг бүрдүүлэн батлах, жижиг бөгөөд өсөн нэмэгдэх сүнслэг мэдрэмжийг хамгийн ‘энгийн байдал[аар]’ (1 Нифай 17:41) хүлээн авах нь биднийг ‘зорилгоос алсуур хайх’ (Иаков 4:14)-д хүргэж мэднэ” гэж онцолсон.

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Нэлсон 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн “Түүнийг сонс” үгэндээ “Сүнс хэрхэн тантай ярьдгийг мэдэх нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. … Хувийн илчлэл хүлээн авах сүнслэг чадвараа нэмэгдүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй хэмээн би та бүхнээс дахин гуйж байна” гэж хэлсэн юм. Та хувийн илчлэлийг ямар арга замаар мэдэрч байсан бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Их Эзэн илчлэлээр дамжуулан Өөрийн Сүмийг удирдан чиглүүлдэг

Арван хоёр төлөөлөгчийн чуулга

Илчлэлийн сүнс бидний хүн нэг бүрийг хувь хүний маань хувьд удирдан чиглүүлж чадах ч Их Эзэн Сүмээ удирдах үедээ Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж буй амьд бошиглогчоор дамжуулан ярьдаг (Сургаал ба Гэрээ 107:91–92-ыг үзнэ үү). Ахлагч Дэйл Г.Рэнланд: “Зөвхөн бошиглогч Сүмд зориулсан илчлэлийг хүлээн авдаг. Бусад хүний хувьд … иймэрхүү илчлэлийг хүлээн авах нь ‘Бурханы жаягт харш’ болох байсан. Хувийн илчлэл хувь хүмүүст хамаатай. Жишээлбэл: Та хаана амьдрах, ямар мэргэжлийн замаар явах эсвэл хэнтэй гэрлэх зэрэгт илчлэл хүлээн авч болно. … Сүмийн удирдагчид сургаал зааж, сүнслэг нөлөө бүхий зөвлөгөөг хуваалцаж болно. Гэхдээ эдгээр шийдвэрийн төлөөх хариуцлага нь танд оногддог. Тэр бол таны хүлээн авах илчлэл” гэж заасан.

Бодох зүйлс

  • Сүмийг зохион байгуулсны дараахан бошиглогч Иосеф Смитийн бошиглогчийн хувиар үүрдэг чухал үүрэг хариуцлагыг Сүмийн гишүүдэд тодорхой заажээ. Сургаал ба Гэрээ 43:1–7-г уншина уу. Энэ хэсэгт дүрсэлсэн зарчим Бурханы бус хүмүүст хууртагдахаас таныг хэрхэн хамгаалах вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бүлгийнхэнтэйгээ ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Нас барагсдын гэтэлгэлийн тухай үзэгдэл захиасыг уншаад, Их Эзэн ерөнхийлөгч Жозэф Ф.Смитийг Сүмд ийм чухал илчлэл хүлээн авахад хэрхэн бэлдсэнийг олж мэд. Ерөнхийлөгч Смитийн амьдралын туршлага хүлээн авсан үзэгдэлд нь түүнийг хэрхэн бэлтгэсэн бэ? Сургаал ба Гэрээ 138:1–11-д цэдэглэснээр, ерөнхийлөгч Смит тэнгэрээс заалгахад өөрийг нь бэлтгэсэн ямар зүйлийг хийсэн бэ? Энэ жишээ нь илчлэлийн сүнсийг таньж мэдэхэд бэлтгэхийн ач холбогдлыг ойлгоход тань хэрхэн тусалж байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах