2021
Илчлэлтийн зарчимд өсөх
2021 оны 1-р сар


Илчлэлтийн зарчимд өсөх

Их Эзэний өгөхийг хүсэж буй гэгээрэлд хүрэхийн төлөө Түүнийг илүү сайн, илүү олон удаа сонсдог болохын тулд шаардлагатай алхмуудыг хийгээсэй хэмээн би та бүхнийг урамшуулж байна.

photograph of small green plant

Зургийг Getty Images-ээс авав

2017 оны 9-р сарын 30-нд Ерөнхий чуулганы үдээс хойших хуралдааны дараа би чуулгынхаа хайрт гишүүн, ахлагч Робэрт Д.Хэйлсийг эргэхээр эмнэлэг дээр очсон юм. Тэр хэд хоногийн өмнө зүрхний шигдээсээр өвдөж, эмнэлэгт эмчлүүлж байв.

Бидний айлчлал гайхалтай болж, тэр ч сайжирч байгаа мэт санагдсан. Түүний өөрөө амьсгалж чадаж байсан нь сайны дохио байв.

Гэвч тэр орой Сүнс миний зүрх сэтгэл, оюун бодолд ярьж, намайг ням гарагт дахин эмнэлэг дээр очих хэрэгтэй гэв. Ерөнхий чуулганы ням гаргийн өглөөний хуралдааны үеэр тэр хүчтэй мэдрэмж дахин төрсөн юм. Өглөөний хуралдаан дуусмагц надад үдийн хоолоо идэлгүйгээр ахлагч Хэйлс дээр яаралтай очих хэрэгтэй гэж бодогдсон ба би ч тийн үйлдэв.

Би ирээд, ахлагч Хэйлсийн бие маш дордож, ноцтой байдал үүссэнийг харсан юм. Харамсалтай нь, тэр намайг ирээд дөнгөж 10 минут болж байхад насан өөд болсон ч энэ амьдралыг орхих үед нь түүний хайрт эхнэр Мэритэй болон хоёр хүүтэй нь хамт түүний дэргэд зогсож байсандаа би баярладаг.

Ариун Сүнсний шивнээ миний хийхгүй байж болох байсан зүйлийг хийхэд өдөөсөнд би хэчнээн их талархдаг гээч. Би илчлэлтийн бодит байдалд болон тэнгэр дахин нээгдсэнд маш их талархдаг.

Энэ жил бид Сургаал ба Гэрээг хувиараа болон ангиараа судлахад анхаарлаа хандуулна. Эдгээр “бурханлиг илчлэлтүүд хийгээд сүнсээр ирсэн тунхаглалууд” нь тэдгээрийг судалж, тэнгэрлэг удирдамжуудын дагуу үйлддэг бүх хүнийг адисалж чадна. Эдгээр нь “хаа газрын бүх хүмүүст Их Эзэн Есүс Христийн дуу хоолойг сонсох”1 урилгыг агуулдаг. Учир нь үнэхээр “Их Эзэний дуу хоолой бүх хүмүүнд хандсан болой” (Сургаал ба Гэрээ 1:2).

Аюул, харанхуй байдал, хууран мэхлэлт

COVID-19-ийн бидэнд сануулж байгаачлан, бие махбодын болон сүнслэг шуурга бол дэлхий дээрх амьдралын нэг хэсэг юм. Аврагч Өөрийн Хоёр дахь ирэлт болохоос өмнөх цаг үеийн талаарх их гай зовлон тохиолдох өдрүүдийн тухай зөгнөсөн байдаг. Тэрээр “янз бүрийн газарт өлсгөлөн, өвчин тахал, бас газар хөдлөлт байх болно” (Иосеф Смит—Матай 1:29) хэмээн хэлсэн.

Энэ бүх гай зовлонгийн хажуугаар бидний эргэн тойронд харанхуй, хууран мэхлэлт өсөн нэмэгдэж байгаа нь байдлыг дордуулдаг. Өөрийг нь эргэн ирэхээс өмнө “алдас газар авна” (Иосеф Смит—Матай 1:30) хэмээн Есүс шавь нартаа айлдсан.

Сатан өөрийн хүчнүүдийг дайчлан, Их Эзэний ажлын эсрэг болон Түүний ажилд оролцож буй бидний эсрэг хилэгнэж байна. Бидэнд нүүрлээд байгаа, өсөн нэмэгдэж буй аюулын улмаас бидний бурханлаг удирдамж авах хэрэгцээ улам бүр ихсэж, бидний Зуучлагч, Аврагч, Гэтэлгэгч Есүс Христийн дуу хоолойг сонсох хүчин чармайлт маань хэзээ хэзээнээс илүү чухал болж байна.

Сүмийн ерөнхийлөгчөөр дуудагдаад удаагүй байхдаа миний хэлж байсанчлан, Их Эзэн Өөрийн оюун бодлыг бидэнд илчлэхэд бэлэн байна. Энэ бол Түүний бидэнд зориулсан агуу адислалуудын нэг юм.2

Өнөө үед Тэр “Хэрэв чи асуух аваас, чи илчлэлт дээр илчлэлт, мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно” [Сургаал ба Гэрээ 42:61] хэмээн амласан.

Тэр бидний гуйлтуудад хариулна гэдгийг би мэднэ.

Бид хэрхэн Түүнийг сонсдог вэ?

Сүнс хэрхэн ярьдгийг мэддэг байх нь өнөө үед чухал болоод байна. Хувийн илчлэлт хүлээн авах, хариултууд олж авах мөн хамгаалалт, удирдамж хүлээн авахын тулд бид бошиглогч Иосеф Смитийн бидэнд тогтоосон загварыг санадаг.

Нэгдүгээрт, бид өөрсдийгөө сударт умбуулдаг. Өөрсдийгөө сударт умбуулснаар бид оюун бодол, зүрх сэтгэлээ Аврагчийн сургаал болон үнэнд нээж өгдөг. Христийн үгс, ялангуяа эргэлзээ, үймээн самуунтай байгаа энэ өдрүүдэд “[бидний] хийвэл зохих бүх зүйлийг [бидэнд] хэлэх болно” (2 Нифай 32:3).

Дараа нь бид залбирдаг. Залбирал нь санаачилгатай байхыг шаарддаг тул бид Бурханы өмнө өөрсдийгөө даруусган, байнга очиж болох нам гүм газар олж, зүрх сэтгэлээ Түүнд юүлдэг.

Их Эзэн “Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн; мөн та нар намайг олох болно, асуу тэгвэл та нар хүлээн авах болно; тогш, тэгвэл энэ нь та нарт нээгдэх болно” (Сургаал ба Гэрээ 88:63) хэмээн хэлсэн.

Их Эзэнд ойртох нь тайтгарал, урам зориг, итгэл найдвар, эдгээлтийг авчирдаг. Тиймээс бид өөрсдийн санаа зовнил, сул тал, хүсэл тэмүүлэл, хайртай хүмүүс, дуудлагууд, асуултуудынхаа талаар Түүний нэрээр залбирдаг.

Дараа нь бид сонсдог.

Бид залбирч дуусаад, хэсэгхэн зуур өвдөглөсөн хэвээр үлдэх юм бол оюун санаанд маань бодол, мэдрэмж, удирдамж ирэх болно. Төрсөн ийм сэтгэгдлээ бичиж тэмдэглэх нь Их Эзэний биднээс юу хийгээсэй гэж хүсэж байгааг санахад тусална.

Бид энэ үйл явцыг дахин дахин давтсанаар бошиглогч Иосеф Смитийн хэлсэнчлэн “илчлэлтийн зарчимд өсөх болно.”3

woman praying in bedroom

Илчлэлт хүлээн авахуйц зохистой байх

Ариун Сүнсний шивнээг таних чадвараа сайжруулж, илчлэлт хүлээн авах чадавхаа нэмэгдүүлэх нь зохистой байдлыг шаарддаг. Зохистой байдал нь төгс байхыг шаарддаггүй ч биднийг цэвэр ариун байдлаа нэмэгдүүлэхээр хичээхийг шаарддаг.

Их Эзэн биднээс өдөр бүр хичээл зүтгэл гаргаж, өдөр тутам сайжирч мөн өдөр тутам наманчилдаг байхыг шаарддаг. Зохистой байдал нь цэвэр ариун байдлыг авчирдаг бөгөөд цэвэр ариун байдал нь биднийг Ариун Сүнстэй байхад тэнцэхүйц болгодог. Бид “Ариун Сүнсийг [өөрсдийн] зам заагчаа” (Сургаал ба Гэрээ 45:57) болгосноор хувийн илчлэлт авахад тэнцэнэ.

Хэрэв ямар нэгэн зүйл биднийг тэнгэрлэг удирдамж авах хаалгаа нээхэд саад болж байгаа бол бид наманчлах хэрэгтэй байж магадгүй юм. Наманчлал бидэнд Их Эзэний дуу хоолойг илүү олон удаа, илүү тод сонсох үүдийг нээх боломжийг өгдөг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан. “Жишиг нь тодорхой юм. Хэрэв бид Ариун Сүнснээс холдуулах ямар нэг зүйлийг бодож, харж эсвэл хийж байгаа бол тэр зүйлээ үйлдэхээ даруй зогсоох хэрэгтэй. Хэрэв тэр нь зугаацуулах зориулалттай бол, жишээлбэл биднийг Ариун Сүнснээс хөндийрүүлэхээр бол гарцаагүй тийм маягийн зугаа цэнгээний зүйлс бидэнд зориулагдаагүй болно. Бүдүүлэг, балмад эсвэл эрээ цээргүй зүйлийг Сүнс тэвчиж чадахгүй учраас ийм зүйлсийг бидэнд зориулаагүй гэдэг нь ойлгомжтой.”4

Бид өсөн нэмэгдэх цэвэр ариун байдал болон дуулгавартай байдал дээрээ мацаг барилт, хичээнгүйлэн эрэлхийлэх, судраас болон амьд бошиглогчдын үгсийг судлах, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил зэргийг хослуулбал тэнгэр нээгдэнэ. Их Эзэн хариуд нь Өөрийн дараах амлалтыг биелүүлэх болно. “Оюуныг чинь гэгээрүүлэх Сүнснээсээ би чамтай хуваалцах болно” (Сургаал ба Гэрээ 11:13).

Бидэнд тэвчээртэй байх хэрэг гарч магадгүй ч, Бурхан Өөрийн арга зам, цаг хугацаанд бидэнтэй ярих болно.

Ойлголтын Сүнс

Иов “Тэгтэл хүний доторх сүнс болон Төгс Хүчит Нэгэний амьсгал л тэдэнд ойлгуулдаг аж” (Иов 32:8) хэмээн тунхаглажээ. Энэ шинэ онд Их Эзэний өгөхийг хүсэж буй гэгээрэлд хүрэхийн тулд Түүнийг илүү сайн, илүү олон удаа сонсдог болоход шаардлагатай алхмуудыг хийгээсэй хэмээн би та бүхнийг урамшуулж байна.

Ахлагч Хэйлс 2017 оны 10-р сарын тэр нэгэн өдөр өөд болохоосоо өмнө Ерөнхий чуулганд зориулж богино үг бэлдсэн байсан ч хэлж чадаагүй юм. Тэр энэ үгэндээ “итгэл маань биднийг Их Эзэний оршихуйд байхад бэлтгэж байдаг”5 гэж бичсэн байсан.

Бид илчлэлт хүлээн авахдаа, Бурханыг Өөрийн оюун бодол, хүсэл, дуу хоолойг бидэнд илчлэх үед нь Түүний дэргэд цагийг өнгөрүүлдэг (Сургаал ба Гэрээ 68:4-ийг үзнэ үү). Бид итгэлээ үйлдэл болгож, Түүнийг дуудан, Түүний амласан сүнслэг өдөөлтийн дагуу зохистой амьдарч, хүлээн авсан удирдамжийнхаа дагуу үйлдэх болтугай.

Эх сурвалж

  1. Сургаал ба Гэрээний удиртгал

  2. Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120-ийг үзнэ үү.

  3. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 132.

  4. Дэвид А.Бэднар, “Бид үргэлж Түүний Сүнстэй хамт байж болохын тулд,” 2006 оны 4-р сарын Ерөнхий чуулган.

  5. Нийл Л.Андэрсэн, “Их Эзэний дуу хоолой,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126.