2021
Баптисмд бэлтгэхэд нь хүүхдүүдэд туслах
2021 оны 1-р сар


Баптисмд бэлтгэхэд нь хүүхдүүдэд туслах

Бид үр хүүхдэдээ гэрээний зам дээрх энэ алхмыг хийхэд нь туслах үедээ залбиралтай, санаачилгатай, тэвчээртэй байж чадна.

image showing a family, baptism, and confirmation

Зураг чимэглэлийг Брайн Бийч

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь Сүмийн хүүхдүүдийн хувьд сэтгэл хөдөлгөм үйл явдал болдог. Олон хүн эдгээр ёслолыг тэсэн ядан хүлээдэг ч хүүхдүүдийн хувьд санаа зовж, түгших явдал элбэг тохиолддог.

Хүүхдүүдэд зориулан гаргадаг Найз сэтгүүлийн зохиогчийн хувьд би энэ гэрээг байгуулахад хараахан бэлэн биш гэж зовниж байсан олон хүүхдийн түүхийг сонсож байсан. Зарим нь хангалттай хүчтэй гэрчлэлгүй гэж санаа зовдог бол зарим нь уснаас айдаг. Зарим нь төгс байх гэснээсээ болж ихээхэн дарамт мэдэрдэг.

Хүүхдэд тань гэрээний зам дээрээ гарах дараагийн алхмаа хийхэд бэлтгэлтэй, өөртөө итгэлтэй болоход нь туслах хэдэн аргыг энд оруулав.

Урьдаас төлөвлөн заа

Баптисмыг хариуцлага хүлээх насанд хүрснээр үйлдэх зан үйл юм уу хүүхэд тань найман нас хүрэхээрээ хийдэг зүйл гэж бодоход амархан байдаг. Гэвч үнэндээ баптисм бол яагаад чухал гэдгийг нь хүүхдүүд ойлгох ёстой ариун нандин сонголт юм. Тэдэнд урьдаас төлөвлөн заах нь баптисмыг илүү утга учиртай болоход тусалж чадна. Баптисм хүртэхээсээ өмнө Сүмийн тухай суралцаж байгаа хэн нэгний арга замыг тэдэнд заа.

Бид хүүхдүүддээ баптисмаар байгуулах гэрээнийх нь талаар заах нь чухал. Сайн мэдээ гэвэл, энэ нь нэг орой эсвэл нэг долоо хоногт багтаан хийх ёстой (эсвэл хийх хэрэгтэй) зүйл биш. Гэр орондоо сайн мэдээнээс тогтмол судлах нь хүүхдээ баптисмд бэлтгэх хамгийн сайн арга зам юм. Гэвч хүүхдийн тань баптисм дөхөх тусам анхаарал хандуулах зайлшгүй тустай хэдэн зүйл бий. Үүнд:

  • Энгийн үгээр хэлэхэд, баптисм хүртэх нь Есүс Христийг дагана гэж амлаж байна гэсэн утгатай талаар ярилц.

  • Судраас баптисмын тухай, Мозая 18:8–10 гэх мэт судруудыг олж унш. Хүүхэд тань санааг нь ойлгож, танд буцаагаад зааж чадах хэмжээнд эдгээр шүлгийг тайлбарла. Жишээ нь, саяхан АНУ-ын Хавайд баптисм хүртсэн нэг охин “нэгнийхээ ачааг үүрэлц” гэдгийг “хүн бүрд тусламж хэрэгтэй үед нь туслах” гэж тайлбарлажээ.

  • Ариун Сүнсний бэлгийн талаар тэдэнтэй ярилцаж, Ариун Сүнс амьдралыг тань адисалж байсан туршлагаас хуваалцаарай.

Зарим хүүхэд өөрийгөө хангалттай бат бөх гэрчлэлтэй болсон гэж боддоггүй тул баптисмын талаар санаа зовж байж болно. Хүүхдэдээ ямар нэгэн сайн зүйл хийж байхад болон Хүүхдийн хэсэгт дуулж байхад эсвэл сайн мэдээний талаар ярьж байхад төрдөг сайхан мэдрэмжээ санахад нь тусал. Тэднийг Тэнгэрлэг Эцэгийн өөрсдийг нь хайрладаг гэдгийг мэддэг арга замуудыг бодож үзэхэд урамшуул. Энэ бүхэн тэдний гэрчлэлтэй болж болох эхлэл нь бөгөөд тэдний гэрчлэл тэднийг үргэлжлүүлэн сайныг сонгох үед цаг хугацааны явцад өсөн нэмэгдэх болно гэдгийг тайлбарла.

Юу болохыг харуул

Хэрэв хүүхэд тань баптисм хүртэх талаар санаа зовж байвал эсвэл санаа зовоогүй мэт байсан ч юу болох талаар ярилцвал тус болж болно. Тэднийг бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэй ярилцах ярилцлагад бэлтгэх нь хийж эхлэхэд тохиромжтой зүйл юм. Хүүхдүүддээ “Яагаад баптисм чухал вэ?” “Христийн нэрийг өөр дээрээ авна гэдэг нь юу гэсэн үг вэ?” зэрэг асуултуудад хариулахад тусалснаар энэ ярилцлагад бэлтгэхэд нь тэдэнд тусалж болно. Бишоп тэднийг шалгаж эсвэл хүнд байдалд оруулах гэж биш, харин тэдэнд бэлдэхэд нь туслах гэж байгааг санахад нь хүүхдэдээ тусал. Та хүсвэл, хүүхдээ ярилцлагад нь дагаж орж болно гэдгээ санаарай.

Хүүхдээ бэлтгэх өөр нэг зүйл бол баптисмын өдөр болох зүйлд бэлтгэх явдал юм. Тэдэнд хэрхэн усан санд ороод зогсохыг харуул. Та хүүхдэд тань баптисм хүртээх гэж буй санваартныг хүртэл усгүйгээр баптисмын хөдөлгөөнөө давтахад урьж болох ба ингэснээр хүүхэд тань усанд ороод, буцаж өргүүлэхэд ямар байхыг мэддэг болно. Гишүүнээр батлуулах үед юу болохыг тайлбарла.

Хэрэв хүүхэд тань усан доор орохоос айдаг бол баптисм нь дөхөх үед айдсаа даван туулахад туслах арга замуудыг залбирч авч үзээрэй. Та хүүхэдтэйгээ өөр хүний баптисм хүртэж байгааг үзэж, усан доор удаан байхгүйг харуулж болно. Магадгүй та хүүхэдтэйгээ хамт хамраа чимхээд, нүүрээ усанд дүрэн, хэдэн секундын турш дадлага хийж болох юм. Танай нутагт хүүхдүүдэд усанд сэлэхийг заадаг, зөвлөгөө өгч болохоор хүн байж магадгүй. Та юу ч хийсэн хайр, тэвчээрийн үндсэнд хийхэд анхаараарай.

Хүүхэд тань баптисмын нарийн ширийн зүйлсэд бэлтгэлтэй байхын хэрээр тайвширч, байгуулж буй сүнслэг гэрээндээ анхаарах болно.

Төгс байдалд бус, өсөлт хөгжилдөө анхаар

Заримдаа бид баптисмын цэвэршүүлэгч талуудыг дэндүү их ярьдаг болохоор хүүхдүүдэд буруу ойлголт төрж, тэд ёслолуудын дараа төгс байх ёстой гэж бодож болох юм. Найз сэтгүүл дээр бидний нийтлэг сонсдог нэг түүх бол хүүхдүүд баптисмын дараа анх удаа алдаа гаргахдаа сандардаг явдал юм. Ах дүүтэйгээ маргалдах юм уу гэрийн ажлаа хийхээ мартах зэрэг нь тэдэнд сайхан мэдрэмжтэй байхаас өнгөрсөн мэт санагдуулдаг.

Эцэг эх, удирдагчдын хувьд бид хүүхдүүддээ наманчлалын зарчмыг ойлгоход туслах нь амин чухал. Алдаагаа ухаарч, алдаанаасаа суралцах нь бидний энэ дэлхий дээр хэрхэн суралцаж, өсөж хөгжихийн нэгээхэн хэсэг гэдгийг хүүхдүүд маань ойлгодог уу? Тэд хэзээ ч өршөөл хүсэж залбирч болно гэдгийг мэддэг үү? Тэд долоо хоног бүр ариун ёслолоос хүртэхдээ баптисмаар байгуулсан гэрээнүүдээ шинэчилж байгаа гэдгээ мэддэг болов уу? Наманчлах боломж бол адислал бөгөөд бэлэг юм гэдгийг гэрчил. Баптисм бол одоо төгс байх тухай биш, харин гэрээний зам дээрээ гарах, Есүс Христтэй илүү адил болох өдөр тутмын алхмаа хийх тухай юм.

various people in front of a temple

Гайхалтай эхлэл

Баптисм болон гишүүний баталгааг хүрэх ёстой зам гэж харахын оронд бид энэ бүхнийг хүүхдүүддээ гайхалтай эхлэл, Есүс Христийн гэрээт шавийн хувьд шинэ амьдралын эхлэл гэж харахад нь тусалж болно. Хүүхэд тань сэтгэл хөдөлж эсвэл айж түгшиж, эсвэл хоёуланг нь мэдэрсэн байсан ч тэдэнд энэ замыг ганцаараа туулахгүй гэдгийг нь бататга. Залбиралтай, бэлтгэлтэй, тэвчээртэй байснаар бид хүүхдүүдээ тэнгэрлэг гэртээ харих алхмаа хийхдээ баяр баясгаланг мэдрэхэд тусалж чадна.