2021
Бодгаль бүрийн үнэ цэн
2021 оны 1-р сар


Ирээд, Намайг дага: Cургаал ба Гэрээ 18–19

Бодгаль бүрийн үнэ цэн

Яагаад бид Тэнгэрлэг Эцэгтээ ийм их үнэ цэнтэй байдаг вэ?

Надад саяхан хамтрагч бид хоёрын бараг дөчин жилийн өмнө Бельгийн Брюсселд залуу номлогч байхдаа хичээл зааж, баптисм хүртээж байсан гэр бүлтэй дахин холбогдох хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн юм. Би тэдний хэнтэй нь ч холбогдоогүй их удсан байв.

Өнөөгийн техник технологийн гайхамшгийн ачаар би энэ гэр бүлийн ээжийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хайж олоод, түүнтэй видео чатаар холбогдох гайхалтай боломж олдсон. Бид түүний гэр бүлийн сэргээгдсэн сайн мэдээний талаар суралцаж байх үеийн олон жилийн өмнөх ариун нандин туршлагуудаа дурсан ярилцав.

Түүний эрүүл мэнд таагүй байсан ба нөхцөл байдлаас болж гэр бүлээсээ тусдаа байх болсон байв. Биднийг ярилцаж байх зуур би Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын энэ сайн эгчийг гэсэн гүн гүнзгий хайрыг мэдэрч билээ. Хэдийгээр тэр Сүмээс бага зэрэг холдсон ч би түүний мөнхийн агуу үнэ цэнийг мэдэрсэн. Би түүнийг хайрладгаа хэлээд, Бурхан түүнд хайртай бөгөөд түүнийг харж хандаж байгааг гэрчилсэн. Бие биедээ хайраа илэрхийлэх үед бидний нүдэнд нулимс цийлэгнэж байлаа. Бид ойр ойрхон холбогдож байхаар тохиролцов. Тэр өдөр эрхэм найзтайгаа холбоо барихад намайг урамшуулсан, бүхнийг мэдэгч, хайраар дүүрэн Бурхандаа би маш их талархсан.

Бурханы хайрлах “шалтгаан”

Тэнгэр элч Нифайгаас Бурханы хүлцлийг мэдэх эсэхийг асуухад тэр ‘Тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ би; тийм боловч, бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй би” (1 Нифай 11:17) хэмээн даруухнаар хариулсан байдаг. Бурхан хүүхдүүддээ хайртай гэсэн энэ энгийн, гайхалтай үнэнийг Нифай хэрхэн ойлгодог болсон юм бол гэж би заримдаа гайхдаг. Тэр “буянт сайн эцэг эхээр” (1 Нифай 1:1) заалгасан тул Христийн сургаалыг мэддэг байсан нь тодорхой. Гэвч тэр бас Аврагчийн “шалтгааныг” мэддэг байв. Тэр “шалтгаан” нь юу вэ?

Бурхан яагаад Өөрийн Хүүг өргөл болгоход бэлэн байсан бэ? Тэр яагаад бидэнд өөрсдийгөө батлан харуулж, соригдох боломж олгохын тулд биднийг нааш илгээсэн бэ? Учир нь нэгэн эн тэнцүү, гайхалтай үнэнд зааснаар, “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу” (Сургаал ба Гэрээ 18:10) юм.

Яагаад бид Түүнд ийм их үнэ цэнтэй вэ? Угаасаа бид Түүний хүүхдүүд учраас Тэр бидэнд хайртай. Гэвч дараагийн хэдэн шүлэгт Тэр биднийг хайрласандаа бид бүхэнд өгсөн хамгийн агуу бэлэг болох, Өөрийн Цорын Ганц Хүү, Есүс Христийг дүрсэлсэн юм. Тэр Өөрийн Хүүг “махан бодид үхлийг амсуулахаар илгээсэн билээ; иймийн тул бүх хүмүүн наманчилж, мөн түүнд ирж болохын тулд бүх хүмүүний зовлонг тэрээр биеэрээ амссан бөлгөө. Мөн тэрээр бүх хүмүүнийг өөртөө наманчлалын нөхцөлд авчирч болохын тулд тэрээр нас барагсдаас дахин босч ирсэн билээ” (Сургаал ба Гэрээ 18:11–12). Тэрээр “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах нь миний ажил мөн миний алдар суу бөлгөө” [Мосе 1:39] хэмээн бидэнд хэлсэн.

Наманчлал ба баяр баясгалан

Тэнгэрлэг Эцэг биднийг наманчлахад агуу баяр баясгаланг мэдэрдэгт гайхах зүйлгүй. Бидний наманчлах хүсэл эрмэлзэл дэлхийн Аврагч, Гэтэлгэгчийн гайхамшигтай, харьцуулшгүй бэлэгт гүнээ талархаж буйн нотолгоо болдог. Есүс Христээр, зөвхөн Түүгээр дамжуулан бид Бурханы оршихуйд бат итгэлтэй байхуйц зохистой болж чадна (Сургаал ба Гэрээ 121:45).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан. “Маш олон хүн наманчлалыг шийтгэл гэж мөн хамгийн ноцтой нөхцөлөөс бусад үед аль болох зайлсхийх ёстой зүйл гэж үздэг. Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг. Биднийг эдгээж, өршөөж, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж байдаг Есүс Христийн мутраа дэлгэн байгааг харах харааг маань тэр халхлахыг оролддог. …

Наманчлалд өдөр тутам, тогтмол анхаарлаа төвлөрүүлэхээс өөр бидний хувийн өсөлт хөгжилд нөлөөлж чадах чөлөөлөгч, өөд нь татагч, чухал зүйл гэж үгүй. Наманчлал бол нэг удаа болоод өнгөрдөг үйл явдал биш, харин үйл явц юм. Энэ нь оюун ухаандаа аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ. Наманчлал итгэлтэй нийлснээр Есүс Христийн Цагаатгалын хүчийг хүлээн авах боломжийг бидэнд нээж өгдөг.”1

Туслах урилга

Хожмын үеийн илчлэлтүүд дээр Их Эзэн олон удаа Өөрийн хүүхдүүд болох үйлчлэгчдэд хандан аврал, өргөмжлөлийн ажилд Түүнд мөн Түүний Хүүд тусламж үзүүлэхэд урьсан юм (Сургаал ба Гэрээ 18:14-ийг үзнэ үү). Үүнийг эргэцүүлэн бод! Биднийг төгс бус байдалдаа, орчлон ертөнцийн Бурхан биднээс Өөрийн агуу үнэ цэнтэй хүүхдүүдийг Өөрт нь эргэн ирэхэд туслахыг хүссэн. Тэр энэ ажлыг хэцүү гэдгийг мэднэ. “Түүнийг сонсох” урилгыг маань хүлээн авахгүй олон хүн байх болно. Гэсэн ч Тэр өөрийгөө “нэг”-ийн Бурхан гэдгээ баталсан. “Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас, миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!” (Сургаал ба Гэрээ 18:15; тодотгол нэмэгдсэн).

Та өөрөөсөө “Би хэн нэгэн хүнд Христэд ирж, наманчилж, Түүний цагаатгагч золиосоор дамжуулан адислагдахад нь туслахын тулд юу хийж болох вэ?” гэж асууж болох юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф аврал, өргөмжлөлийн ажил дахь оролцооны талаар дараах зөвлөгөөг өгчээ. “Хүмүүсийг хөрвүүлэх ажил таны ажил биш гэдгийг ойлго. Энэ нь Ариун Сүнсний үүрэг юм. Харин та зүрх сэтгэл доторхоо хуваалцаж, итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрах үүрэгтэй.

Тиймээс хэн нэгэн хүн сайн мэдээний захиасыг шууд хүлээн авахгүй бол сэтгэлээр бүү уна. Энэ бол хувь хүнийхээ хувьд алдаа гаргаж байгаа хэрэг биш.

Энэ нь тухайн хувь хүн, Тэнгэрлэг Эцэг хоёрын хоорондын асуудал юм.

Харин та Бурханыг болон Түүний хүүхдүүд болох хөршөө хайрлах үүрэгтэй.

Итгэ, хайрла, үйлд.

Энэ замыг дагах юм бол Бурхан танаар дамжуулан гайхамшгийг үзүүлж, Өөрийн эрхэм хайрт хүүхдүүдийг адислах болно.2

Хөшигний хоёр талд

Наманчлалаар дамжин Христэд ирэх урилгыг зөвхөн энэ дэлхий дээр амьдардаг хүмүүст зориулаагүй юм. “Наманчилдаг нас барагсад, Бурханы өргөөний ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэх болно” (Сургаал ба Гэрээ 138:58). Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил нь хөшигний хоёр талд тараагдсан Израилыг цуглуулахад чухал ач холбогдолтой. Ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын (1807–1898) хэлснээр, бид тэнд “сайн мэдээ хүлээн авахгүй хүн байвал, маш цөөхөн байна”3 гэсэн мэдлэгтэйгээр сүнсний дэлхий рүү явсан хүмүүсийн төлөө энэ ажлыг хийхдээ агуу баяр хөөр мэдэрч чадна. Тэд Их Эзэний өргөөнд өөрсдийнх нь төлөө авралын ёслолууд гүйцэтгэгдэх өдрийг тэсэн ядан хүлээх нь лавтай.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд “Бид гэр бүлийн түүхээ цуглуулж, өвөг дээдсийнхээ өмнөөс ариун сүм рүү явахад Бурхан амлагдсан эдгээр адислалын олныг нь хөшигний хоёр талд нэгэн зэрэг өгдөг билээ. Үүнтэй адил бид тойрог, гадасныхаа хүмүүст ийн үйлдэхэд нь туслах үедээ адислагддаг. Ариун сүмтэй ойр амьдардаггүй гишүүд гэр бүлийн түүхийн ажилд оролцож, өвөг дээдсийнхээ ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэхийн тулд нэрсийг нь цуглуулснаар эдгээр адислалыг мөн хүлээн авдаг”4 гэж заасан.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдэд нэг бүрчлэн хайртайг мэдэх нь гайхалтай. Бид Түүнд агуу үнэ цэнтэй. Бид бүгдээрээ хөшигний хоёр талд Түүний хүүхдүүдэд тохинуулах мөн өөрсдийн агуу үнэ цэнийг ойлгоход нь туслах ариун нандин үүрэгтэй.

Тэдэнд үнэ цэнээ ухаарахад нь тусал

Амьдралын тань нэг хэсэг болсон ч хэсэг хугацаанд мартагдсан байж магадгүй хүмүүст хүрч үйлчлээсэй хэмээн би таныг урьж байна. Гэрээний замаа орхисон хүмүүст хүрч, үйлчил. Христийнхтэй адил хайраар дутаж байгаа хүмүүст тохинуул. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил, үүний дотор индексжүүлэлт гэх мэт ажлаар дамжуулан хөшигний нөгөө талд буй хүмүүстэй холбогд. Танаар дамжуулан Бурханы хайрыг мэдрэхэд нь бусдад тусал.

Амласныхаа дагуу, миний эрхэм бельги найз бид хоёр дөрвөн сар гаруй хугацаанд бүтэн сайн өдөр болгон ярилцдаг байв. Би түүнийг Gospel Library app-ыг татаж авахад урьсан. Орон нутгийн салбарын ерөнхийлөгч түүний талаар олж мэдсэнээс гадна бүрэн цагийн номлогчид очсон төдийгүй санваарын адислал өгчээ. Дараагийн долоо хоногт нь, 30 гаруй жил өнгөрсний дараа анх удаа тэр эмэгтэй ариун ёслолын цуглаанд оролцсон юм. Сүүлд нь биднийг ярилцахад, тэрээр Есүс Христийн Сүмийн хүнтэй дахин холбоо тогтоосондоо баяр хөөрөөр бялхан байв.

Түүнчлэн тэрээр том охин нь одоо ч гэсэн Сүмд явсаар байгаа тухай надад хэлсэн юм. Би даруй охинтой нь видео чатаар холбогдсон. Тэр хөөрхөн дөрвөн хүүхдэдээ нэг бүрчлэн намайг танилцуулж, тухайн орой тэднийд бүрэн цагийн номлогчид оройн хоол идэхээр ирэх гэж байгааг хэлэв. Түүнийг одоо ч гэсэн Сүмийн итгэлтэй гишүүн хэвээр гэдгийг мэдэх нь ямар их адислал байсан гээч!

Би түүнтэй ярилцахдаа дараах судрын захиасыг бага ч болов ойлгох шиг болсон. “Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад надад авчирсан нэг бодгальтай хамт та нар агуу баяр хөөртэй байх аваас, хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!” (Сургаал ба Гэрээ 18:16).

Бодгаль бүр агуу үнэ цэнтэй.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Бид илүү сайн үйлдэж, илүү сайн байж чадна,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77.

  2. Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14.

  3. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 191.

  4. Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59.

Унжсан гарыг өргө, Ж.Көрк Ричардс

“Хүмүүсийг хөрвүүлэх ажил таны ажил биш. Энэ нь Ариун Сүнсний үүрэг юм. Харин та зүрх сэтгэл доторхоо хуваалцаж, итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрах үүрэгтэй.”

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Lux Condivis (Хуваалцаж буй гэрэл), Ж.Көрк Ричардс

Бид бүгдээрээ хөшигний хоёр талд буй Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд тохинуулах ариун нандин үүрэгтэй.

Нэвтрэлт Ж.Көрк Ричардс