2021
Эмэгтэйчүүд ба гэрээний хүч
2021 оны 1-р сар


Эмэгтэйчүүд ба гэрээний хүч

Бид санваараар дамжуулан өгсөн эрх мэдэл, хүч чадалд баясаж болно.

illustration of woman

Зургийг Амбэр Элдрэж

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Санваарын гэрээнүүдээс нь ирдэг Бурханы хүчний хишиг хүртсэн эмэгтэйчүүдэд санваар атгагч эрэгтэй хүмүүсийнхтэй адил тэнгэр нээлттэй байдаг.

Би энэ үнэн та нарын амьдралыг өөрчилнө гэдэгт итгэж байгаа учраас энэ нь та нарын хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингээсэй гэж залбирч байна” гэж хэлсэн. Тэрээр “Би та бүхэнд өөрт өгөгдсөн санваарын хүчийг ухаарч ойлгон, Их Эзэнд болон Түүний хүчинд итгэх итгэлээ хөгжүүлснээр тэрхүү хүчийг өсгөн нэмэгдүүлэх болтугай хэмээх адислалыг үлдээмээр байна” хэмээн хэлсэн юм.

Ерөнхийлөгч Нэлсон Сүмийн эмэгтэйчүүдийг санваарын хүчний талаар “залбирч судалж” мөн “Ариун Сүнсний бидэнд заах зүйлсийг олж мэдэхэд” урьсан. Бидний амьд бошиглогч бид бүгдийг суралцаж, илчлэлт хүлээн авч мөн “өөрсдөдөө олгогдсон хүчийг илүү сайн авч, ухаарч, ашиглахад” урьсанд би хувьдаа баяртай байдаг.1

Би амьдралдаа олон удаа бошиглогчдын зөвлөгөөг дагаснаар ирдэг амлагдсан адислалуудыг хүлээн авч байсан. Энэ урилга ч мөн адил тийм байсан. Ерөнхийлөгч Нэлсоны урилгын талаар бодох үед оюун бодол минь тэр даруй ариун сүм рүү буюу санваарын хүчээр хишиг хүртэж байсан тэр газарт мөн амьдралын минь турш хүч болж ирсэн тэр бэлэг рүү эргэсэн юм. Би энэ хүч миний амьдралд хэрхэн илэрч байгааг мэдэхэд олон жил зарцуулсан.

Ариун Сүнсний бэлэгтэй ихээхэн төстэй санваарын хүч бидний Тэнгэр дэх Эцэгээс мөн өөрсдийн маань хувийн зохистой байдлаас ирдэг. Бид Их Эзэнтэй байгуулсан гэрээнүүдээ сахиснаар өөрсдийн амьдрал, гэр бүл, ажил мэргэжил, сургуульдаа болон удирдамж эрэлхийлдэг бүх зүйлдээ илчлэлт хүлээн авах боломжтой болдог. Бидэнд чухал зүйл Их Эзэнд чухал биш байна гэж байдаггүй. Бид Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байхыг урих үедээ Ариун Сүнсний удирдамжаар дамжуулан санваарын хүчийг илүү сайн ойлгож чаддаг.

Би хувиараа судалснаар мөн өөрийн туршлагаар санваарын хүчний тухай илүү ихийг олж мэдэх тусам энэ нь бидний амьдралын тал бүрд хэрхэн хамаатай болохыг илүү сайн ойлгодог. Санваарын хүч өдөр тутмын сорилт бэрхшээлдээ илчлэлт хүлээн авахад бидэнд тусалдаг.

Би санваарын түлхүүр бүхий нэгнээс хүлээн авсан санваарын эрх мэдлээр дуудлагат ажилдаа үйлчилж байгаа болохоор залуу эмэгтэй, Халамжийн нийгэмлэгийн эгч эсвэл Хүүхдийн хэсгийн хүүхдийн сонсох хэрэгтэй үгс бодолд маань орж ирэх эсвэл хэлэх үгс өгөгдсөн тохиолдол олон бий. Энэ үгс намайг энэ дуудлагад онцгойлон адислагдах үед өгсөн санваарын эрх мэдлийн ачаар ирснийг би мэднэ.

Аливаа харилцааны нэгэн адил, гэрлэлтийн харилцаандаа хүмүүс суралцах, өсөж хөгжих үе шатуудыг туулдаг. Нөхрийнхөө болон өөрийнхөө хэн болохыг мөн бид Бурханы хүүхдүүдийн хувьд юу хийх ёстойгоо санах үед энэ нь миний зүрх сэтгэлийг өөрчилж байгааг би мэдсэн. Санваарын эрх мэдлээр лацдан холбогдох нь хэн хэнийг маань илүү эв нэгдэлтэй байхад хүчирхэгжүүлж, нөлөөлсөн. Аврагч “хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” (Сургаал ба Гэрээ 38:27) хэмээн хэлэхдээ, зөвхөн Сүмийн нөхцөл байдал дотор яриагүй юм. Тэр бас бидний гэр бүлийн харилцаанд холбогдуулж ярьсан.

Би эх хүний хувьд нэгэн залуу хүүг өөрийг нь аз жаргалд хүргэхгүй зүйл хийж байсныг мэдэж байсан тул түүнд санаа зовж байлаа. Бид асуудлыг ярилцахаар болж, ярилцах цагаа ч тохиров. Утсаар ярихаасаа өмнө би юу ярихаа бэлдээд, юу хэлэхээ яг таг мэдэж байв. Би Сүнстэй байхын төлөө залбирсан. Ярьж эхэлсэн мөчөөс эхлэн, утсаар ярьж байх үед амнаас минь гарсан үг бүр миний хэлэх гэж төлөвлөсөн болгоноос шал өөр байлаа. Гэхдээ энэ нь яг л тэр хүүхдэд хэрэгтэй бүхэн байв. Ариун Сүнсний бэлэг зүрх сэтгэл бүрийг зөөлрүүлж, илүү сайн шийдлийг тодорхойлоход хүргэсэн. Энэ бол санваар бидний амьдралд хэрхэн ажилладаг болохыг харуулсан жишээ юм.

illustration of a couple holding up the walls of their home in a storm

Эмэгтэйчүүд өөрсдийгөө бусадтай дэндүү их харьцуулдаг. Гэтэл өөрийгөө бусадтай харьцуулж байгаа үед бидний хэнд ч сайхан мэдрэмж төрдөггүй. Эмэгтэй хүн бүрд өвөрмөц авьяас, чадвар хосолсон байдаг бөгөөд Бурхан энэ бүхнийг заяасан. Та бид хоёр адилхан биш эсвэл ямар ч эмэгтэйчүүд хоорондоо адилгүй байдаг нь биднийг бусдаас дутуу эсвэл илүү болгож байгаа хэрэг биш юм. Бид бэлгээ олж илрүүлэн, хөгжүүлж мөн хэн бидэнд өгснийг санаж, тэгээд Түүний зорилгуудын төлөө ашиглах хэрэгтэй. Бид өөрсдийн бэлгийг бусдыг адислахын төлөө ашиглахдаа амьдралдаа санваарын хүчийг ашиглаж буй хэрэг юм.

Үйлдлээрээ итгэл, хүч чадлаа харуулдаг маш олон гайхалтай эмэгтэйтэй уулзах завшаан надад тохиож байсан. Эмэгтэйчүүд олон, гайхалтай арга замаар авьяас чадвараа хуваалцаж байдаг. Тэд гэр бүл, ажлын байр, сүм, сургууль эсвэл эргэн тойрныхныхоо амьдралд эсвэл цагаа өнгөрүүлдэг газартаа ихээхэн өөрчлөлтүүдийг хийж байдаг.

Миний санваарын талаар мэдэж авсан нэг зүйл гэвэл, бид бие биетэйгээ харилцан хамааралтай ажилласнаар хамгийн сайныг хийдэг гэдгийг мэдсэн явдал юм. Их Эзэн ийм зорилгоор санваарыг бүтээсэн бөгөөд энэ бол бурханлаг загвар мөн. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн энэ бүх өөр өөр авьяас, бэлэг шаардлагатай болдог тул бидэнд өөр хоорондоо өрсөлдөх шаардлага байхгүй. Их Эзэн биднийг энэ замаар зөөлнөөр удирдан чиглүүлж байгаа тул бид бүгдээрээ хэрхэн хамтран ажиллах, бие биеийнхээ хувь нэмрийг хэрхэн үнэлэх талаар илүү сайн ойлгодог болох болно. Энэ бол үнэхээр Түүний ажлыг гүйцэлдүүлэх хамгийн сайн арга юм.

Эмэгтэйчүүд өөрсдийн бэлэг, авьяас чадвар, хүчээр юу хийхээ бусдаар хэлүүлэх шаардлагагүй. Бид өөрсдийнхөө төлөө илчлэлт хүлээн авах чадвартай. Бид үйлдүүлэхээр хүлээх ёсгүй, харин хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлдэх зоригтой байх ёстой. Урам зориг эрэлхийлэн, сүнслэг удирдамжид хариу үйлдэл үзүүлж байгаа нь Бурхантай байгуулсан гэрээгээ сахисан үед бидэнд өгөхөөр амласан санваарын хүчийг авч хэрэглэж байгаагийн маань баталгаа юм.

Ерөнхийлөгч Нэлсон “Санваарын хүч буюу Бурханы хүчийг ойлгохын тулд Сүнстэй хамт хөдөлмөрлөхөөс илүү гайхалтай зүйл үгүй” гэж заасан. Мөн “Таны ойлголт нэмэгдэж, та Их Эзэнд болон Түүний санваарын хүчинд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр Түүний бэлдсэн энэхүү сүнслэг эрдэнэсийг ашиглах чадвар тань өсөн нэмэгдэнэ”2 гэж тэр амласан. Амьд бошиглогчийн маань эдгээр амлалт баттай гэдгийг би мэднэ.

ЭХ СУРВАЛЖ

  1. Russell M. Nelson, “Spiritual Treasures,” Liahona, Nov. 2019, 77.

  2. Russell M. Nelson, “Spiritual Treasures,” 79.