Сайн мэдээний ҮНДСЭН ЗАРЧМУУД
Бурхан өнөөдөр ч бидэнтэй ярьдаг
Тэнгэрлэг Эцэг бидэнд туслахыг хүсдэг. Бид Түүнийг сонсож байна уу?
Хоёр зуун жилийн тэртээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смит гэх өсвөр насны хүүд харагдсан юм. Анхны үзэгдэл чухал үнэнүүдийг бидэнд заадаг. Есүс дэлхий дээрх Сүмийг дахин удирдаж байна. Бошиглогчид эрт дээр үеийнх шиг өнөө үед ч оршин байдаг. Бурхан биднийг нэг бүрчлэн нэрээр маань мэддэг ба бидний залбирлуудыг сонсож байгаа. Бид өдөр бүр Түүний дуу хоолойг сонсох гэж хичээснээр адислагдаж байдаг.
Илчлэлт гэж юу вэ?
Бурхан Өөрийн хүүхдүүдэд ярихад үүнийг “илчлэлт” гэж нэрлэдэг. Олон төрлийн илчлэлт байдаг.
Бурхан Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй ганцаарчлан ярихад энэ нь хувийн илчлэлт болдог. Тэр биднийг тайтгаруулж, удирдаж чадна.
Бид бас удирдах гэж дуудагдсан хүмүүстээ хэрхэн туслах талаар илчлэлт хүлээн авч болно. Жишээ нь, эцэг эхчүүд гэр бүлийнхээ талаар, бишоп тойргийнхоо талаар илчлэлт хүлээн авна.
Зөвхөн бошиглогч бүх Сүмийн төлөө илчлэлт хүлээн авч чадна, гэхдээ бид бүгд удирдагчдынхаа зааж буй зүйлсийн үнэн эсэхийг мэдэж авахын төлөө залбирч болно.
Би хэрхэн илчлэлтийг урьж болох вэ?
Бид хэдийд ч залбирлаар дамжуулан хайраар дүүрэн, бүхнээс хүчтэй, бүхнийг мэддэг Тэнгэрлэг Эцэгтээ хандан ярьж болно. Тэр адислалуудын төлөө Түүнд талархаж, амьдралынхаа талаар Түүнд ярьж, хэрэгтэй зүйлсээ гуйхыг биднээс хүсдэг. Тэгээд бид Тэнгэрлэг Эцэгийн элчтэй адил тооцогддог Ариун Сүнснээс ирж буй бодол, мэдрэмждээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Илчлэлт ямархуу сонсогддог вэ?
Илчлэлтийг тодорхойлох цорын ганц арга зам гэж үгүй. Бурхан бидэнтэй бидэнд ойлгогдох арга замаар ярьдаг (Сургаал ба Гэрээ 1:24-ийг үзнэ үү). Хүмүүс заримдаа зүүд болон үзэгдлээр дамжуулан илчлэлт авдаг. Гэвч Бурхан ихэнхдээ Ариун Сүнсний дулаан, амар амгалан, баяр баясгалан гэх мэт чимээгүй мэдрэмжүүдээр дамжуулан бидэнтэй ярьдаг.
Энэ сард бид Сургаал ба Гэрээг судлахдаа, илчлэлт нь оюун бодол, зүрх сэтгэлийн аль алинд ирэх болно хэмээн заалгасан Оливер Каудеригийн тухай уншиж байгаа (Сургаал ба Гэрээ 8:2).
Судруудад илчлэлтийн ямар ямар жишээ өгсөн байдаг вэ?
Судрын олон түүх Бурханыг Өөрийн хүмүүстэй ярьж байгаа талаар дүрслэн өгүүлдэг. Тухайлбал:
-
Бурхан Ноад хэрхэн гэр бүлээ аюулгүй байлгах ёстойг хэлсэн (Эхлэл 6:17–18-ыг үзнэ үү).
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Стефан гэдэг шавиа тайтгаруулсан (Үйлс 7:55-ыг үзнэ үү).
-
Илчлэлт Нифайд зарлигуудыг дагахад тусалсан (1 Нифай 4:6-г үзнэ үү).
-
Бусад судар эртний бичээсүүдээс гаралтай бол Сургаал ба Гэрээ орчин үеийн илчлэлтүүдээс бүрддэг. Энэ жил бидэнд Их Эзэний шууд үгийг агуулсан номыг судлах онцгой боломж тохиогоод байна.