Номын сан
Шүүлт


“Шүүлт,” Сэдэв ба асуулт (2023)

Наранд ээн суугаа эмэгтэй

Сайн мэдээг судлах удирдамж

Шүүлт

Бурхантай уулзахаар бэлтгэх нь

Амьдралын зорилгыг ойлгож, үхлийн дараах амьдралд итгэх нь хэрхэн таны сонголт, зан байдалд нөлөөлдөг талаар та бодож байсан уу? Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг мэдсэнээр таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ? Мөнх бус оршихуйн өмнөх амьдралд Иехова бидэнд “Их Эзэн [бидний] Бурхан [бидэнд] зарлиглах бүх зүйл юу ч гэсэн [бид] хийх нь үү гэдгийг харахын тулд” (Абрахам 3:25) биднийг дэлхийд илгээсэн тухай тайлбарласан. Гэсэн хэдий ч бүх хүн Бурханы зарлигуудад үргэлж дуулгавартай байж чаддаггүй. Тийм ч учраас Тэнгэрлэг Эцэг Хүүгээ илгээсэн ба Тэр бидний төлөө зовж шаналж, амиа өгөхөөр ирсэн юм. Есүс Христэд итгэж, нүглээ наманчилснаар бид Бурханы нигүүлсэл, ач ивээл, өршөөлийг хүлээн авч чадна. Есүс Христийн сайн мэдээний захиас бол бид Түүний хайр, цагаатгагч золиослолын ачаар гэтэлгэгдэн, ариусгагдаж, шүүлтийн өдөр Бурханы өмнө итгэлтэйгээр зогсох зохистой байна гэдгийг заадаг.

Шүүлт гэж юу вэ?

Амилуулалтын дараа сүнс маань үхэшгүй мөнх биетэй сэргээгдэх үед бид Бурханы шүүлтийн суудлын өмнө зогсоно. Тэр бол Их Эзэн бидний үйлдэл, нөхцөл байдал, зүрх сэтгэлийн хүсэлд үндэслэн мөнхийн шагналыг тунхаглах өдөр байх болно. Бурхан бол бүх хүний эцсийн Шүүгч боловч Ариун Сүнс биднийг үзэл санаа, нөхцөл байдал, бидний амьдралд гүйцэтгэх бусдын үүргийн талаар хувийн дүгнэлт хийхэд чиглүүлж чадна (Сургаал ба Гэрээ 11:12-ыг үзнэ үү). Бусдыг хайрлаж, буруушаахаас зайлсхийснээр бид Есүс Христтэй илүү адилхан болдог.

Сэдвийн тойм: Шүүлт

Холбогдох сайн мэдээг судлах удирдамж: Авралын төлөвлөгөө, Амилуулалт, Мөнх амьдрал , Сонгох эрх, Дуулгавартай байдал, Өршөөл

1-р хэсэг

Та хэзээ нэгэн өдөр шүүгдэхээр Бурханы өмнө зогсох болно

Есүс Христ замын хажууд нэгэн эмэгтэйтэй ярьж байгаа нь

Амилуулалтын дараа Бурханы бүх хүүхэд Шүүлтийн өдөр Түүний өмнө зогсоно гэж судруудад заадаг (2 Нифай 9:12–13, 15, 20–22-ыг үзнэ үү). Тэр өдөр “номууд дэлгэ[гдэх] үед” таны амьдралын цэдгийг танилцуулна (Илчлэл 20:12–13; Сургаал ба Гэрээ 128:6–7-г үзнэ үү). Бид өөрсдийн бодол, үг, үйлдлийн төлөө хариуцлага хүлээнэ (Мозая 4:30; Алма 12:14-ийг үзнэ үү). Бурхан хүн бүрийн энэ амьдралд тулгардаг олон хүнд хэцүү нөхцөл байдлыг ойлгодог учраас Өөрийн хүүхдүүдийг ажлуудынх нь мөн “зүрх сэтгэлийнх нь хүслийн дагуу” (Сургаал ба Гэрээ 137:9) шүүгдсэн байхад анхаардаг. Энэхүү Эцсийн шүүлт нь бидний сонголтуудаас хамааран мөнхөд өвлөгдөхөөр бэлтгэгдсэн селестиел, террестриел, телестиел хаант улсууд буюу алдар суугийн хаант улсуудыг тодорхойлно (Сургаал ба Гэрээ 88:20–32-ыг үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү Есүс Христээр дамжуулан бурханлаг шүүлтийг явуулна (Иохан 5:21–30-ыг үзнэ үү). Их Эзэн зарим үйлчлэгчээ Бурханы хүүхдүүдийг шүүхэд нь Түүнд тусална гэж бас тунхагласан (Матай 19:28; 1 Нифай 12:9–10; Мормон 3:18–20-ийг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Есүс Христ Шүүгчээс гадна Бурхан Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгчөөр үйлчилнэ. Өмгөөлөгч бол “бусдын хэргийг өмгөөлдөг хүн” (Bible Dictionary, “Advocate”) гэдгийг анхааралдаа аван Сургаал ба Гэрээ 45:3–5-ыг унш. Есүс Христэд таны Өмгөөлөгчийн хувьд Эцэгийн өмнө таны өмнөөс гуйх эрхийг юу өгдөг вэ? Судрын энэ хэсэг Есүс Христийн талаар бодож мэдрэхэд тань хэрхэн тусалж байна вэ?

  • Эцсийн шүүлтийн тухай бодох нь танд сэтгэл тавгүйтэх, шантрах мэдрэмж төрүүлж магад. Инос 1:27, Моронай 10:34-ийг уншаад, зарим хүн яагаад тэр өдөр баяр хөөр, амар амгаланг мэдрэх талаар бодож үз. Ахлагч Гэррит В.Гонг: “Бурханлаг хайр болон хуулийн дагуу бид өөрсдийн сонголтод төдийгүй тэдгээрийн үр дүнд хариуцлага хүлээдэг. Гэхдээ бидний Аврагчийн цагаатгагч хайр бол ‘хэмжээлшгүй бөгөөд мөнхийнх юм.’ Биднийг гэртээ харихад бэлэн болсон үед хэчнээн ‘хол’ байгааг маань үл харгалзан Бурхан агуу нинжин сэтгэлээр биднийг угтан авахад бэлэн байдаг бөгөөд Өөрт байгаа хамгийн сайныг баяртайгаар өгдөг” хэмээн бидэнд сануулсан. Их Эзэний хайр, нинжин сэтгэлийг санаж, тэдгээрт анхаарлаа төвлөрүүлэх нь Эцсийн шүүлтэд бэлтгэхэд танд хэрхэн туслах вэ? Мөн өөрийн сонголт, түүний үр дагаврын төлөө хариуцлага хүлээнэ гэдгийг санах нь танд яагаад чухал вэ? (Сургаал ба Гэрээ 101:78-ыг үзнэ үү).

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Есүс Христ бол Бурханы бүх хүүхдийн Агуу Зууч юм (2 Нифай 2:26–28-ыг үзнэ үү). “The Mediator” (10:44) видеог бүлгээрээ үз. Энэ видеог ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн үгэнд үндэслэн бүтээсэн. Ерөнхийлөгч Пакэрын зүйрлэл Есүс Христийн талаар болон шударга ёс, нигүүлсэл хоёрын аль алиных нь шаардлагыг хангах үйл хэргийнх нь талаар бидэнд юу зааж байгааг ярилц. Энэ захиас нь Есүс Христийн бидний Шүүгч (Моронай 10:34-ийг үзнэ үү), Өмгөөлөгч (Сургаал ба Гэрээ 29:5-ыг үзнэ үү) гэх үүргийг илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

2-р хэсэг

Есүс Христийн сайн мэдээ таныг Бурхантай уулзахад бэлтгэдэг

Ариун ёслолын цуглаан дээрх эрэгтэйчүүд

Шүүлтийн өдөр бид алдар суугийн хаант улсад өв хүлээн авна. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Эцсийн шүүлтээр бидний хүлээн авах алдар суугийн хаант улс нь Тэнгэрлэг Эцэгийн маань хайраар дүүрэн төлөвлөгөөн дэх бидний дагахаар сонгосон хуулиудаар тодорхойлогддог [Сургаал ба Гэрээ 88:22–24-ийг үзнэ үү]. Тэрхүү төлөвлөгөөгөөр олон хаант улс байдаг бөгөөд ингэснээр Түүний бүх хүүхэд ‘тэсэн гарч’ чадах хаант улсуудад хуваарилагдаж чадах юм” хэмээн заасан.

Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал нь селестиел хаант улсыг өвлөн авахын тулд энэ амьдралд бидний дагаж мөрдөх ёстой хууль бүрийг агуулдаг. Бид Есүс Христийг дагаж, Түүний сайн мэдээний дагуу амьдрахыг сонгосноор Бурханы өмнө шүүлтийн тавцан дээр толбогүй зогсоход бэлтгэж байгаа хэрэг юм (2 Нифай 9:13–15; 3 Нифай 27:20–21-ийг үзнэ үү).

Бодох ёстой зүйлс

  • Наманчлал бол Эцсийн Шүүлтэд бэлтгэх явцын амин чухал хэсэг. Алма 34:31–35-ыг уншина уу. Наманчлахаа хойшлуулахгүй байх нь яагаад нэн чухал вэ? Юу таныг “Бурхантай уулзахаар бэлтгэхэд” тусална гэж бодож байна вэ?

  • Их Эзэн тухайн хүн сүнслэг байдлын хувьд баптисм хүртэх, санваарт томилогдох, дуудлагад үйлчлэх эсвэл ариун сүмийн ёслолд оролцоход хэр бэлэн байгааг хэмжихэд туслах жишгүүдийг тогтоосон. Санваарын удирдагчтай уулзсан нь Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахын тулд гаргаж буй хүчин чармайлтаа сайжруулахад танд хэрхэн тусалсан бэ? Өдөр бүрийг шүүлтийн өдөр гэж үзэх нь яагаад зөв бэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Амьдралаа эргэцүүлэн бодох нь эцсийн шүүлтэд бэлтгэх чухал арга зам юм. Бүлгийнхээ гишүүдийг Алма 5:14–26-г уншаад, сүнслэг байдлын хувьд Их Эзэний өмнө ямархуу байгаагаа бодож үзэхэд туслах асуултуудыг тодорхойлоход урь. Алмагийн өөрийн хүмүүсийг Бурхантай уулзахаар бэлтгэхэд урьсан зарим арга замын талаар ярилц. Бурхантай уулзахад хичээнгүйлэн бэлтгэхэд Аврагч ямар ямар арга замаар бидэнд туслах вэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

3-р хэсэг

Аврагч таныг зөв шударгаар шүүхийг зааварчилсан

Эрчүүд ярилцаж байгаа нь

Бид өдөр бүр хамгийн сайн гэж үзсэн зүйл дээрээ үндэслэн шийдвэр гаргадаг. Бид зөв ба буруу, сайн ба хилэнцтийн хооронд шийдвэр гаргахдаа Ариун Сүнсээр чиглүүлүүлэх хэрэгтэй (Сургаал ба Гэрээ 11:12-ыг үзнэ үү.) Заримдаа бид найз нөхөд болон ханиа сонгох гэх мэт бусад хүнтэй, бидний амьдралд гүйцэтгэх тэдний үүрэгтэй холбоотой шийдвэр гаргах болдог. Ийм тохиолдолд бид Их Эзэний “Шүүгдэхгүйн тулд чи шударга бусаар бүү шүү. Харин зөв шударга шүүлтээр шүү” (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 7:2 [Maтай 7:1, зүүлт тайлбар a]) хэмээх зааврыг санах хэрэгтэй.

Шүүмжлэл, хатуу ширүүн үг, муу бодол хэзээ ч тохирохгүй. “Өөрийн ах дүүстээ нигүүлсэнгүй байхаа мэд; шударгаар харьц, зөв шударгаар шүү, мөн үргэлж сайныг үйлд” (Алма 41:14). Бусадтай харилцах үед шүүх шаардлага гарвал бид Бурханд болон бусдад хайраа үзүүлэхийг эрэлхийлэх ёстой (Матай 22:37–39-ийг үзнэ үү).

Бодох зүйлс

  • Ерөнхийлөгч Өүкс: “Хоёр төрлийн шүүлт байдаг. Бидний шүүхийг хориглосон эцсийн шүүлт ба зөв шударга зарчмууд дээр үндэслэн шүүхийг бидэнд зааварласан завсрын шүүлт гэж байдаг” гэж тайлбарласан. Бусдыг буруугаар дүгнэх, зөвт бусаар шүүх зэргээс зайлсхийхэд тань туслах “зөв шударга зарчмуудын” жишээ юу вэ?

Хамтдаа суралцах үйл ажиллагаа

  • Бошиглогч Иосеф Смитийн дараах үгсийг үзүүл эсвэл унш.

    “Ах нар маань Их Эзэн үүнийг шаарддагчлан, бие биеийнхээ бодол санаанд анхааралтай хандаж, хайран дотор амьдран, бие биеэ өөрсдөөсөө илүү хүндэтгэнэ гэдэгт бид [найддаг]. …

    Хэрэв та нар өөрсдийнхөө дундаас бүх хилэнцэт муу үг яриа, хов жив, хармын санаа бодлыг арилган зайлуулж, өөрсдийгөө даруусган, ариун журам, хайрын зарчим бүрийг төлөвшүүлбэл, Иеховагийн адислалууд та нар дээр ирнэ. Мөн та нар сайн сайхан, алдар суут өдрүүдийг үзнэ. Амар амгалан та нарын дунд байж, хөгжил цэцэглэлт хил хязгаарын тань дотор ирнэ.”

    Шударга бусаар шүүх болон бусдыг буруутгахаас зайлсхийхийг хичээх нь хэрхэн бидэнд амар амгалан, адислалыг авчрах талаар ярилц. Та хэзээ зөв шударгаар шүүхийг хичээснээр адислагдсан бэ?

Илүү дэлгэрэнгүй судлах

Эх сурвалж

  1. Гэррит В.Гонг, “Дахин найд,” Лиахона, 2021 оны 11-р сар, 47

  2. Boyd K. Packer, “The Mediator,” Ensign, May 1977, 54–56.

  3. Даллин Х.Өүкс, “Эцэгийн төлөвлөгөөн дэх тэнгэрлэг хайр,” Лиахона, 2022 оны 5-р сар, 102.

  4. Dallin H. Oaks, “‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 7.

  5. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2011], 389.