“12-р сарын 20–26. Христийн мэндэлсний баяр: Бурханы Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“12-р сарын 20–26. Христийн мэндэлсний баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
12-р сарын 20–26
Христийн мэндэлсний баяр
Бурханы Тэнгэрлэг Хүүгийн зүйрлэшгүй бэлэг
Ангийн тань гишүүдийн сайн мэдээнээс суралцах хамгийн чухал, үр дүнтэй хэсэг нь тэдний гэр оронд болдог гэдгийг санаарай. Та заахаар бэлтгэхдээ, Ням гаргийн ангийнхан тань хэрхэн хувиараа болон гэр бүлээрээ суралцах явдлаа сайжруулж чадах талаар бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоногт “Амьд Христ” (ChurchofJesusChrist.org) хэсгээс суралцсан нь ангийн тань гишүүдийг хэрхэн адисалсан бэ? Та Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингамын эдгээр үгийг хуваалцаад, ангийн гишүүдийг өөрсдөд нь тохиолдсон иймэрхүү туршлагынхаа талаар ярихад урь. “Би Есүс Христийн амьдрал, сургаалын талаар илүү анхааралтай судалж, ‘Амьд Христ’-ийг цээжлэх амлалт өгснөөр Аврагчаа гэсэн миний хайр, талархал өссөн. Уг сүнслэгээр өдөөгдсөн мэдэгдлийн өгүүлбэр бүр тохинууллыг багтааж, Түүний тэнгэрлэг үүрэг, дэлхийн номлолын талаарх ойлголтыг маань тэлсэн юм. Ийнхүү судалж, тунгаан бодох үедээ ойлгосон, мэдэрсэн зүйл минь Есүс үнэхээр ‘дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар’ гэдгийг баталсан” (“Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” Ensign, Nov. 2017, 85 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80).
Сургаалыг заа
“Ийм хүчтэй нөлөөг хэн ч үзүүлж байгаагүй.”
-
Ангийн гишүүд “Амьд Христ” мэдэгдлийн эхний догол мөрийг уншин, яагаад Есүс Христийн нөлөө өөр ямар ч хүнийхээс илүү байсан гэж бодож байгаа талаараа хуваалцаж болно. “Амьд Христ” дээрх өөр ямар мэдэгдэл үүнийг дэмжиж байна вэ? Ангийн гишүүдийг Тэр өөрсдөд нь хэрхэн хувь хүнийх нь хувьд нөлөөлсөн талаар хуваалцахад урь. Мөн “Why We Need a Savior” (LDS.org) видео бичлэг ярилцлагыг тань баяжуулна.
-
Танай ангийн гишүүд өөр соёл уламжлалтай хүнд Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг шалтгааныг тайлбарлаж байсан уу? Тэд туршлагаа хуваалцаж болох юм. Эсвэл та ангийн гишүүдийг Христийн шашны талаар мэддэггүй хүн энэ асуултыг тавьж байгаагаар төсөөлөхөд урьж болно. Бид энэ асуултад юу гэж хариулж болох вэ? Ангийн гишүүдийг энэ асуултын талаар бодон, “Амьд Христ” мэдэгдлийг давтахад урамшуулаад, цөөн хэдээс бодлоо хуваалцахад урь. Түүнчлэн та нар ангиараа Лук 2:10–14-ийг уншиж, эсвэл Христийн мэндэлсний баярын баяр хөөрийг илэрхийлдэг дууллыг дуулан, (“Joy to the World,” Hymns, д. 201 гэх мэт) мөн Христийн төрөлт яагаад “агуу баяр хөөрийг” авчирдаг талаар ярилцаж болно. Бид “Хаанаа хүлээн авахын” тулд юу хийж чадах вэ?
“[Түүний] зүйрлэшгүй бэлгийнх нь төлөө Бурхандаа талархъя”
-
“Амьд Христ”-д төлөөлөгчид Аврагчийг Тэнгэрлэг Эцэгийн өгсөн “бэлэг” гэж хэлдэг. Ангийн гишүүдэд энэхүү бэлгийн талаар илүү ихийг сурахад нь туслахын тулд та самбарт Есүс Христээр дамжуулан Бурхан … бэлгийг өгдөг гэж бичээд, ангийн гишүүдийг “Амьд Христ” мөн “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдэл дээрээс уншсан зүйл дээрээ үндэслэн энэ өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг санал болгоход урь. Бид эдгээр бэлгийг хэрхэн хүлээн авдаг вэ? Та ангийн гишүүдийг эдгээр бэлгээс нэгийг сонгоод, уг бэлгийг илүү элбэг дэлбэг хүлээн авахын тулд хичээхэд урьж болно.
Нэмэлт эх сурвалж
Аврагчийн өгдөг бэлгүүд
Христийн мэндэлсний баярын үеийн талаар ярьж байхдаа, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хүлээн авахыг хүсдэг бүгдэд өгдөг Аврагчийн дөрвөн бэлгийг жагсаасан. Тухайлбал:
“Нэгдүгээрт, Тэр та бидэнд энэрч хайрлах хязгааргүй чадавхыг өгсөн. Үүнд хайрлахад бэрх хүмүүсийг, тухайлбал таныг хайрлах нь битгий хэл гадуурхдаг, ашигладаг хүмүүсийг хайрлах чадвар багтсан.
Аврагчийн тусламжтайгаар бид Түүнтэй адил хайрлахыг сурч чадна. …
Аврагчийн танд барьж буй хоёр дахь бэлэг бол уучлах чадвар юм. Түүний хязгааргүй Цагаатгалаар дамжуулан та өөрийг тань гомдоосон болон танд таагүй хандсаныхаа хариуцлагыг хэзээ ч хүлээхгүй байж мэдэх хүмүүсийг уучилж чадна. …
Аврагчийн гурав дахь бэлэг бол наманчлал юм. Энэ бэлгийг хүмүүс тэр бүр сайн ойлгодоггүй. … Наманчлал бол гайхалтай бэлэг. Энэ үйл явцаас хэзээ ч айж эмээх хэрэггүй. Бид энэ бэлгийг өдрөөс өдөрт, бүр Аврагчтай илүү адил болохыг эрэлхийлэх явцдаа баяр хөөртэй хүлээн авч, ашиглаж, бүр өөрийн болгох хэрэгтэй. …
Аврагчийн дөрөв дэх бэлэг бол амлалт буюу мөнх амьдралын амлалт. … Мөнх амьдрал бол Тэнгэрлэг Эцэг ба Түүний Хайрт Хүүгийн амьдардаг амьдрал юм. Эцэг бидэнд мөнх амьдралыг санал болгохдоо, үнэхээр “Хэрэв та нар миний Хүүг дагахаар сонгож байгаа бол, хэрэв Түүнтэй илүү адил болох нь үнэхээр таны хүсэл мөн юм бол цаг нь ирэхээр та нар бидэнтэй адил амьдралаар амьдарч, бидэнтэй адил, дэлхийнүүд ба хаант улсуудын дээр тэргүүлэх болно” хэмээн хэлж байгаа хэрэг.
Бид энэ дөрвөн бэлгийг хүлээж авбал эдгээр нь бидэнд бүр илүү их баяр баясгаланг авчрах болно. Иехова нялх Есүс болж төрөн, дэлхийд бууж ирсэн учраас эдгээр нь боломжтой болсон юм” (“Есүс Христийн танд барьж буй дөрвөн бэлэг” [2018 оны 12-р сарын 2-ны Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт], broadcasts.ChurchofJesusChrist.org).