“12-р сарын 13–19. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг: ‘Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“12-р сарын 13–19. Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2021
12-р сарын 13–19
Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг
“Гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”
Та энэ долоо хоногт “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг судлахдаа, гэр орноо болон гэр бүлээ хүчирхэгжүүлэх хичээл зүтгэлд нь ангийн гишүүдийг дэмжих үнэнүүдийн талаар бодож үзнэ үү.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Та ангийн гишүүдийг энэ долоо хоногт гэр бүлийн тунхаг-ийг судлахдаа сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урамшуулахын тулд тэднээс аль нэг догол мөрийг сонгож аваад, уг догол мөрд заасан зүйлийг нэг өгүүлбэрээр дүгнэн хэлэхийг хүсэж болно.
Сургаалыг заа
“Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”
-
Сүм гэр бүлийг чухалчлан үздэгээрээ нэртэй бөгөөд гэр бүлийн тунхаг нь үүнийг чухалчлан үздэг сургаалтай холбоотой шалтгаануудыг илчилдэг. Энэ талаар ярилцлага өрнүүлэхийн тулд, та ангийн гишүүдийг хэн нэгэн тэднээс Сүм яагаад гэр бүлийг чухалчлан үздэг талаар асуусан гэж төсөөлөхөд урь. Бид уг хүний асуултад хариулахдаа энэ тунхаг дээрх ямар ямар үнэнийг хуваалцаж болох вэ?
-
Гэр бүлийн тунхаг үнэхээр чухал байдгийн нэг шалтгаан бол өнөө үед дайралтад өртөж буй үнэнүүдийг бататгадаг учраас юм. Энэ тунхаг дахь ямар үнэнүүд өнөөгийн дэлхий дээрх гэр бүлүүдийн тухай хуурмаг санаануудад мэхлэгдэхгүй байхад бидэнд тусалдаг вэ? Бидний сонголтуудад эдгээр үнэн хэрхэн нөлөөлж болох вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Даллин Х.Өүксийн үг энэ асуултад хариулахад тустай байж болно.
“Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно.”
-
Гэр бүлийн тунхгийн зургаа, долоодугаар догол мөр дэх зарчмуудыг ярилцах нь ангийн тань гишүүдэд гэр бүлийн харилцаандаа илүү агуу аз жаргалыг олоход тусална. Самбарт зарчмуудыг жагсаан бичиж, ангийн гишүүдийг хоёр хоёроороо ярилцахаар нэг зарчмыг сонгоход урь. Тэд дараахтай адил асуултуудыг тавин, ярилцлагаа удирдахад ашиглаж болно. Тухайлбал: Энэ зарчмын ямар жишээг бид гэр бүлийн амьдралд харж байсан бэ? Энэ зарчмын дагуу амьдрах нь гэр бүлүүдийг маань хэрхэн аз жаргал руу хөтөлдөг вэ? Энэ зарчмын дагуу амьдрах нь Аврагчийг өөрсдийн гэр бүлийн амьдралын үндэс суурь болгоход хэрхэн тусалдаг вэ? Ямар судар энэ зарчмыг илүү сайн ойлгоход гэр бүлүүдэд маань тусалж болох вэ? (Ангийн гишүүд Topical Guide эсвэл Судруудын удирдамжийг ашиглан судрыг олж болно [scriptures.ChurchofJesusChrist.org].) Тэгээд хос бүр олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно.
Гэр бүлийн маань одоогийн нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран, бид Аврагчийн болон Түүний сайн мэдээний суурин дээр мөнхийн гэр бүлийг босгохоор хичээж чадна гэдгийг онцлон хэл.
“Итгэл хүлээсэн иргэд … та бүхнийг … гэр бүлийг бэхжүүлэн авч явах арга замуудыг ямагт хэрэгжүүлэгтүн хэмээн уриалан дуудаж байна.”
-
Та ангийн гишүүддээ гэр бүлийн тунхаг дахь үнэнүүдийг дэмжих үүргээ ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Энэ ярилцлагыг эхлүүлэхийн тулд, та энэ тунхгийн нэрээс юуг ойлгож мэдсэн талаар ангийн гишүүдтэй ярилцаж болох юм. Тунхаг гэж юу вэ? Тэргүүн Зөвлөл болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгыг гэр бүлийн талаарх тунхгийг дэлхийнхэнд зориулан гаргахад юу тэнцэхүйц болгосон бэ? Ангийн гишүүд тунхгийн гол захиас гэж бодож байгаа зүйлсээ жагсаан бичиж болно (тэднийг тодорхой захиасыг дурдахад урамшуул). Дараа нь тэд эдгээр захиасыг орон нутаг, улс орондоо дэмжин тараах арга замуудын талаар ярилцаж болно. Бонни Л.Оскарсон эгчийн Гэр бүлийн тунхгийн хамгаалагчид” хэлсэн үг ангиараа хамтдаа давтах жишээнүүдийг агуулдаг (Ensign, May 2015, 14–17 эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135). Түүнчлэн та “Defenders of the Faith” (ChurchofJesusChrist.org) видео бичлэгийг үзэж болно.
Нэмэлт эх сурвалж
Бурханы төлөвлөгөөн дэх гэр бүлүүд.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийнхүү заасан.
“Бурханы авралын төлөвлөгөөг ойлгодог хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд ертөнцийг үзэх үзэл нь өвөрмөц байдаг. Энэ нь тэдэнд Бурханы зарлигуудын цаад шалтгаан, Түүний биднээс шаарддаг ёслолуудын хувиршгүй мөн чанар, Аврагч Есүс Христийн чухал үүргийг ойлгож харахад тусалдаг. Аврагчийн маань Цагаатгал биднийг үхлээс авардаг ба наманчилсан нөхцөлд гэм нүглээс авардаг. Ийм үзэл бодлоос улбаалж хожмын үеийн гэгээнтнүүдийн нэн тэргүүнд тавих зүйл болон сүсэг бишрэл нь ялгаатай байдаг бөгөөд тэд мөнх бус амьдрал дахь бүтэлгүйтэл, өвчин шаналлыг даван туулах хүчээр адислагддаг. …
“Сүм 1995 онд гаргасан ‘Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг’-таа гэр бүл бүрийн мөнх амьдралд болон өргөмжлөлд бэлтгэхийн тулд дагавал зохих сайн мэдээний төлөвлөгөөг тоймлосон. Энэ тунхаг одоогийн зарим хууль тогтоомж, хэрэгжүүлж буй арга туршлага, бидний амьдарч буй дэлхийн ухуулга сурталчилгаанаас илэрхий өөр байдаг нь мэдээж. Бидний цаг үед хамгийн илт мэдэгддэг ялгаанууд гэвэл, гэрлэхгүйгээр хамтран амьдрах, ижил хүйстний гэрлэлт, ийм харилцаатай гэр бүлийн орчинд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх зэрэг асуудал юм. Өргөмжлөлд итгэдэггүй эсвэл түүн рүү тэмүүлдэггүй мөн дэлхийн арга замын ятгалгад автсан хүмүүс энэхүү гэр бүлийн тунхгийг өөрчлөгдөж байх ёстой жирийн нэг мэдэгдэл гэж үздэг. Харин хожмын үеийн гэгээнтнүүд гэр бүлийн тунхаг бол бидний мөнхийн өсөлт хөгжлийн хамгийн чухал хэсэг тохиолдож болох гэр бүлийн харилцааг тодорхойлдог хэмээн нотолдог” (“Төлөвлөгөө ба тунхаг,” Ensign, Nov. 2017, 29 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13).