“2-р сарын 11–17. Иохан 2–4: ‘Чи дээрээс төрөх ёстой’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“2-р сарын 11–17. Иохан 2–4,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
2-р сарын 11–17
Иохан 2–4
“Чи дээрээс төрөх ёстой”
Иохан 2–4-ийг унших нь заахад бэлтгэж эхлэх сайн арга юм. Танд төрсөн сүнслэг сэтгэгдэл бүрийг тэмдэглэн, нэмэлт ойлголт болон заах санаа олохдоо энэхүү тоймыг ашигла.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Самбар дээр Иохан 2, Иохан 3 ба Иохан 4 гэсэн гурван гарчиг бич. Ангийн гишүүдэд эдгээр бүлгийг унших хэдэн минут өгөөд, тэднээс гарчиг бүрийн доор тухайн бүлэгт байгаа сургаал, үйл явдлыг ойлгоход тусалсан нэг нэг шүлэг бичихийг хүс. Тэдний бичсэн шүлгийн талаар ярилц.
Сургаалыг заа
Бид Есүс Христийг дагаснаар бидний амьдрал өөрчлөгддөг.
-
Заримдаа бид судрын түүхийн хэсэг бүрд анхаарал тавьж, сүнслэг ойлголт олж авч чаддаг. Ангийн гишүүдийг Иохан 2:1–11-ийг уншаад, хуримын найран дээрх гайхамшгийн талаарх тэдний ойлголтыг лавшруулах зүйлсийг жагсаан бичихэд урихыг бодож үз. Энэ гайхамшиг нь Бурханы алдар сууг хэрхэн илтгэн харуулсан бэ? (11-р шүлгийг үзнэ үү).
-
Хэрэв ангийн гишүүд энэ гайхамшгийг гэрчлэгчдийн ер бусын алсын хараагаар уг гайхамшгийг харах юм бол энэ түүхийг ойлгох болно. Гайхамшгийн талаарх бидний хандлага заримдаа хэрхэн тэрхүү хуримын найранд байсан хүмүүсийнхтэй, жишээлбэл гайхамшиг болно гэдгийг мэдэж байсан Мариагийнхтай эсвэл гайхамшиг тохиосныг мэдээгүй байсан захирагчийнхтай адил байдаг вэ? Ангийн хэдэн гишүүнийг уг найран дээр байсан хүнтэй адил тухайн түүхийг ярихад урих талаар бодож үз.
Бид ариун газар, ариун юмсыг хамгаалж чадна.
-
Есүс мөнгө солигчдыг сүмээс хөөн гаргасан тухай түүхийг мэдэж авахад та ангийн гишүүдэд хэрхэн тусалж болох вэ? Тэд гэр орон, сүм, ариун сүм, судар зэрэг ариун газар, ариун юмсыг хэрхэн хамгаалж чадах вэ? Ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн хэлсэн дараах үг тус болж болох юм. “‘Миний Эцэгийн гэрийг наймааны газар болгохоо зогсоо.’ (Иохан 2:16.) Шүтлэг бишрэлийн өргөөн дотор мөнгө олох, үрэх, … өө сэв хайх, ялангуяа хөршийнхөө тухай хов жив ярих нь бараг хоёр мянган жилийн өмнө өгөгдсөн энэ зарлигийг үнэн хэрэгтээ зөрчсөн явдал юм” (in Conference Report, 1956 оны 10-р сар, 7). Бид ариун сүмийн болон бусад ариун газрын ариун байдлыг хэрхэн хадгалж чадах вэ?
Бид Бурханы хаант улсад орохын тулд дээрээс дахин төрөх ёстой.
-
Есүсийн дээрээс дахин төрөх урилгыг (Иохан 3:3-ыг үзнэ үү) ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг эдгээр шүлэгт Аврагчийн Никодемд заасан зүйлээс олж авсан ойлголтоо хуваалцахад урьж болно. Тэрээр ямар үг, хэллэг хэрэглэсэн бэ? Өөр ямар судар эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үг энэ урилгын талаарх ангийн гишүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх вэ? (Сүмийн удирдагчдын хэлсэн үгийг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс үзнэ үү.)
-
Ангийн гишүүд өөр шашин шүтлэгтэй хүнд дээрээс дахин төрөх гэдэг нь ямар утгатайг хэрхэн тайлбарлаж болох вэ? Тэд хэрхэн уг харилцан яриандаа наманчлал, баптисм, гишүүний баталгааг оруулж болох вэ? Ангийн гишүүдийг хажуудах хүнтэйгээ энэ асуултад хэрхэн хариулахаа давтахад урих талаар бодож үзээрэй. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үгийг энэ ярилцлагад ашиглаж болно.
-
Зарим хүн аливаа хүн өөрчлөгдөж чадахгүй гэдэгт итгэдэг. Хэдий тийм ч Никодем бол Есүс Христийн сайн мэдээг дагасны үр дүнд өөрчлөгдсөн хүний жишээ билээ. Ангийн гишүүдийг үүнийг олж харахад туслахын тулд та тэднийг Иохан 3:1–2; Иохан 7:40–52 болон Иохан 19:39–40-ийг судлахад урьж болно. Бид эдгээр шүлгээс Никодемын хандлага, итгэлийн талаар юу ойлгож болох вэ? Тэр хэрхэн аажмаар өөрчлөгдсөн бэ? Бид сайн мэдээний улмаас өөрчлөгдсөн бидний мэдэх хүмүүсийн талаар ямар жишээ хуваалцаж болох вэ?
-
Нялх хүүхдийг эсвэл нялх хүүхдийн зургийг харах нь танай ангийнханд шинэ төрсөн хүүхдийн онцлог шинжийг сүнслэгээр дахин төрсөн хүнийхтэй харьцуулах сайхан боломжийг олгох болно.
Есүс Христ амийн ус болон Бурханы ажлыг хийсний “хоолыг” бидэнд санал болгодог.
-
Бидний бие махбодод хоол хүнс өдөр тутам хэрэгтэй байдаг. Есүс самари эмэгтэй болон Өөрийн шавь нарт заахдаа эдгээр нийтлэг хэрэгцээг ашигласан. Та Аврагчийн заасан зүйлийг ойлгоход нь ангийн гишүүдэд туслахын тулд самбар дээр хоол хүнс, усны зургийг тавиад, тэднийг зураг бүрийн доор Есүсийн заасан сүнслэг үнэнийг бичихэд урь. Бурханд сүнслэгээр чин үнэнээсээ мөргөх нь бидний сүнсний цангааг хэрхэн тайлж чадах вэ? Бурханы хүслийг гүйцэлдүүлснээр бидний сүнсний өлсгөлөн хэрхэн дарагдах вэ?
-
Самари эмэгтэйн Есүс Христийн талаарх гэрчлэлийн дэс дарааллыг бодох нь Түүнийг Мессиа гэдгийг хэрхэн мэдсэн тухайгаа тунгаахад танай ангийн гишүүдэд тусална. Ангиараа самари эмэгтэйн Аврагчид хандахдаа ашигласан үг хэллэгийг Иохан 4:6–30-аас хайж ол. Эдгээр үг хэллэг Есүсийн хэн болох талаарх түүний мэдлэгийн тухай юу өгүүлж байна вэ? Тэр бол бидний Аврагч гэсэн гэрчлэл маань хэрхэн өссөн бэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг Матай 5 ба Лук 6-г уншихад урамшуулахын тулд эдгээр бүлэг нь ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн “урьд хожид номлогдож байгаагүй бидний мэдэх хамгийн агуу [номлол]” гэж нэрлэсэн юуг агуулдаг болохыг тэдэнд хэл (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 234).
Нэмэлт эх сурвалж
Есүсийн үйлс болон сургаалын тухай видео бичлэгүүд.
Дахин төрөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Бошиглогч Иосеф Смит: “Хэрэв хэн нэгэн хүн нүглээс ангижрах, Ариун Сүнсийг хүлээн авахын төлөөх үзэл бодлоор баптисмыг үйлдээгүй аваас та шуудайтай элсэнд баптисм хүртээсэнтэй адил байх болно. Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий хоосон зүйл болох юм” гэж заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 110).
Ахлагч Дэвид А.Бэднар: “Хөрвөлт нь … бяцхан биш, харин сүнсээр дахин төрөх мөн бидний мэдэрч, хүсэж, бодож, хийж байгаа зүйлс ба бидний мөн чанарыг үндсээр нь өөрчлөх хүчирхэг өөрчлөлт юм. Есүс Христийн сайн мэдээний мөн чанар нь ‘Ариун Мессиагийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлд’ (2 Нифай 2:8) найдвар тавьснаар өөрсдийн мөн чанарыг үндсээр нь, эгнэгт өөрчлөхийг биднээс шаарддаг. Бид Эзэнийг дагахыг сонгосноор өөрчлөгдөх мөн сүнслэг байдлаараа дахин төрөхийг сонгодог” гэж заасан(“Ye Must Be Born Again,” Ensign or Liahona, May 2007, 20).
Ахлагч Д. Тодд Кристоффэрсон заахдаа: “Яагаад энэхүү хүчит өөрчлөлт надад илүү хурдан гарахгүй байгаа юм бол? гэж та өөрөөсөө асууж болно. Та Бенжамин хааны хүмүүсийн мөн Алмагийн болон судар дахь бусад хүний онцгой жишээнүүд нь зөвхөн онцгой тохиолдлууд байсан бөгөөд байнга тохиолддоггүйг санах хэрэгтэй. Ихэнх хүний хувьд өөрчлөлтүүд нь алгуур, удаан хугацаанд ирдэг. Дахин төрөх гэдэг нь бидний бие махбодын төрөлттэй адилгүй зүйл бөгөөд нэг удаагийн үйл явдал биш, харин урт хугацааны үйл явц юм. Энэ үйл явцад оролцох нь мөнх бус байдлын гол зорилго юм” гэжээ (“Born Again,” Ensign or Liahona, May 2008, 78).
Ахлагч Даллин Х.Өүкс:
“Бид Есүс Христийн нэрийг өөрсдөдөө авч, ус мөн Сүнсээр төрж, Аврагчтайгаа гэрээний харилцаанд орсноор дахин төрсөн. Бид Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолоос хүртсэнээр энэхүү дахин төрөлтийг шинэчилдэг.
Ийм байдлаар дахин төрсөн хүмүүс Есүс Христийн сүнсэн хөвгүүд, охид болдог гэдгийг хожмын үеийн гэгээнтнүүд баталдаг (Мозая 5:7; 15:9–13; 27:25-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч бид энэхүү дахин төрсөн байдалд зориулсан адислалыг хэрэгжүүлэхийн тулд гэрээгээ сахиж, эцсээ хүртэл тэвчих ёстой. Энэ хооронд бид Бурханы ач ивээлээр шинэ сүнслэг гарал үүсэлтэй, сүр жавхлант өвийг өвлөх ирээдүйтэй шинэ амьд биетүүд болон дахин төрсөөр байх болно” хэмээн заасан (“Have You Been Saved?” Ensign, May 1998, 56).