“1-р сарын 28-аас 2-р сарын 3. Матай 3; Марк 1; Лук 3: ‘Эзэний замыг бэлтгэгтүн’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“1-р сарын 28-аас 2-р сарын 3. Матай 3; Марк 1; Лук 3,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
1-р сарын 28-аас 2-р сарын 3
Матай 3; Марк 1; Лук 3
“Эзэний замыг бэлтгэгтүн”
Та Матай 3; Марк 1 болон Лук 3-ыг уншиж, тунгаахдаа төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь заахаар бэлтгэхэд тань Сүнсийг урих болно. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон дараах санаанууд нь энэ бүлэгт буй сургаалыг ойлгож, хэрэгжүүлэхэд ангийнхныгаа урамшуулахад танд тусална.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг Шинэ Гэрээнээс суралцах нь хэрхэн тэдний амьдралыг адисалж байгаа талаар хуваалцахад туслахын тулд Энэ долоо хоногт Шинэ Гэрээнээс уншсан зүйлээсээ үүдэн таны хийсэн нэг зүйл юу вэ? гэсэн асуултыг самбарт бичиж болно.
Сургаалыг заа
Дагалдагчид өөрсдийгөө болон бусдыг Есүс Христийг хүлээн авахад бэлтгэсэн.
-
Бид чухал зочин айлчлан ирэхэд хэрхэн бэлддэг вэ? Таныг Иохан Баптист Есүс Христийг хүлээн авахад хүмүүсийг хэрхэн бэлтгэсэн талаарх ярилцлагыг эхлүүлэхэд иймэрхүү асуулт тусална. Матай 3:1–6; Матай 3:7–12; Лук 3:10–15-ыг уншаад, Иохан Баптист хүмүүсийг амьдралдаа Есүс Христийг хүлээн авахад хэрхэн бэлтгэсэн болохыг олж мэдэхийн тулд та ангийг гурван бүлэгт хуваарилж болно. Бүлэг тус бүрийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
-
Иохан Баптистын хийсэнтэй адилаар амьд бошиглогчид биднийг амьдралдаа Аврагчийг хүлээн авахад бэлтгэхэд тусалдаг. Та ангийн гишүүдэд орчин цагийн бошиглогчид болон Иохан Баптистын хоорондын холбоог ойлгоход туслахын тулд Матай 3:1–12 ба Лук 3:2–18-д байгаа Иохан Баптистын сургаал болон хамгийн сүүлд болсон Ерөнхий чуулганы зарим зөвлөгөөг нарийвчлан судал. Аврагчийг хүлээн авахад бэлтгэхэд маань энэ бошиглолын зөвлөгөөг дагах нь хэрхэн тусалдаг вэ?
-
Иосеф Смитийн Орчуулга, Лук 3:4–11 (Гурамсан судрын хавсралт) нь Есүс Христийн номлолын талаар Лук 3:4–6-д байгаагаас ч илүү их ойлголтыг өгдөг. Ангийн гишүүд Аврагчийн тухай болон бидний наманчлах шаардлагатай байгаа талаар эдгээр шүлгээс юу ойлгож мэдэх вэ?
Бид “гэмшилд зохистой үр жимсийг” гаргах хэрэгтэй.
-
Лук 3:8 дахь шүлэгт Иохан Баптист хүмүүст заахдаа тэднийг баптисм хүртэхээсээ өмнө наманчлалынхаа “жимс” буюу нотолгоог харуулах ёстой хэмээн заасан. Та ангийн гишүүдийг наманчлалынхаа нотолгоог танихад хэрхэн тусалж чадах вэ? Та тэднийг Лук 3:8–14-р шүлгээс Иохан юуг наманчлалын “үр жимс” гэснийг олж мэдэхийг хүсэж болно. Тэд мөн Моронай 6:1–3 болон Сургаал ба Гэрээ 20:37-г уншиж болно. Та самбар дээр жимсний мод зураад, ангийн гишүүдийг олсон наманчлалын “жимсээрээ” модон дээр байгаа жимсийг нэрлэх боломж олго. Мөн энэ нь чин сэтгэлээсээ наманчлах гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярих оновчтой цаг байж болно. Бид “Түүний замыг шулуун болгох” (Лук 3:4) нэг арга зам бол Сүнс бидэнд хүрэхэд саад болох бүхий л бэрхшээлийн наманчлал юм.
-
Сүмийн дуулал болон хүүхдийн дууны номын 34-р хуудсанд байгаа “Зөвийг хийгтүн” дууллыг дуулах нь наманчлал биднийг Аврагчтай илүү адилхан болоход хэрхэн тусалдаг тухай ярилцахад урамшуулдаг. Энэхүү дууллын видео бичлэгийг mormontabernaclechoir.org вэбсайтаас үзэж болно.
Бид баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээж авахдаа Есүс Христийг дагадаг.
-
Есүс Христийн баптисмын түүхийг үзэж байхдаа дараах санааг ашигла. Ангийн гишүүдээс хэн нэгэнд заахдаа, тухайлбал хүүхдэд эсвэл өөр шашин шүтлэгтэй нэгэнд баптисмын талаар заахдаа Матай 3:13–17-г хэрхэн ашиглаж болохыг асуу. (Тэд мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг ашиглаж болно.) Тэд баптисмын ямар ямар чухал хэсгийг онцолж болох вэ? Тэд бие биедээ заан, өөрсдийн санааг давтаж болно.
-
Ангийн гишүүдийг баптисмаа дурсан санаж, баптисмын гэрээнийхээ дагуу амьдрахын ач холбогдлыг эргэцүүлэхэд нь туслахын тулд та тэднийг Матай 3:13–17 болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үгийг уншихад урьж болно. Ангийн гишүүд өөрсдийн баптисм, баптисмын гэрээнийхээ талаарх төрсөн мэдрэмжээ хуваалцах дуртай байж магадгүй. Тэд мөн Сүмийн дуулал болон хүүхдийн дууны номын 18-р хуудсанд байгаа “Мөнх Эцэг Бурхан минь” дууллыг дуулж болно.
-
Иохан Баптист Аврагчийг “Ариун Сүнсээр болон галаар” (Матай 3:11) баптисм хүртээнэ хэмээн заасан. Галан баптисм нь биднийг гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад болдог. Яагаад бид Бурханы хаант улсад ахиж дэвшихийн тулд Ариун Сүнсний бэлэгтэй байх ёстой вэ? Галан болон Ариун Сүнсний баптисм нь бидэнд ямар нөлөөтэй вэ? (Алма 5:14-ийг үзнэ үү). “Baptism of the Holy Ghost” (LDS.org) видео бичлэг энэ ярилцлагад тусална.
-
Энэ үйл ажиллагаа ангийн гишүүдийг баптисмын сургаалын талаар илүү дэлгэрэнгүй ярилцахад тусална. Дараах асуултуудыг самбарт бичээд, суралцагчдыг холбогдох судруудыг цаасан дээр бичихэд урь. Ангийн гишүүдийг цааснуудаас сонгон авч, судар бүрээ ангиараа уншихад урь. Тухайн судар аль асуултад хамгийн сайн хариулт болох талаар ярилц. Эдгээр асуултад хариулахад тусалж чадах өөр судар эсвэл ойлголт бий юү?
-
Баптисмын зайлшгүй байдлын тухай судрууд юу заадаг вэ? (3 Нифай 11:38)
-
Усанд умбуулах баптисм юуг бэлгэддэг вэ? (Ром 6:3–5)
-
Баптисмын гэрээ маань амьдрах арга барилыг маань хэрхэн өөрчлөх вэ? (Мозая 18:8–10)
-
Бид яагаад нярай хүүхдэд баптисм хүртээдэггүй вэ? (Моронай 8:8–12)
-
Яагаад баптисмыг зөвхөн чин сэтгэлийн хүсэл төдийгүй эрх мэдэлтэй хэн нэгнээр хүртээх нь чухал байдаг вэ? (Еврей 5:4)
-
Би аль хэдийн өөр сүмд баптисм хүртсэн мөртлөө яагаад дахин баптисм хүртэх хэрэгтэй вэ? (С ба Г 22:1–4)
-
Яагаад баптисмын дараа Ариун Сүнсний бэлэг хүлээн авах ёстой вэ? (Иохан 3:5)
-
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг Матай 4 болон Лук 4–5-ыг гэртээ судлахад урамшуулахын тулд тэднийг тулгарч буй уруу таталтаа бодоход урь. Мөн тэдэнд эдгээр бүлэг нь Аврагч уруу таталтуудтай учрахдаа юу хийснийг заах болно гэдгийг хэл.
Нэмэлт эх сурвалж
Баптисмын гэрээний маань утга учир.
Ахлагч Робэрт Д.Хэйлс:
“Бид баптисмынхаа гэрээг болон Ариун Сүнсний бэлгийг ойлговол тэдгээр нь бидний амьдралыг өөрчлөх ба бид Бурханы хаант улсад үнэнч байх болно. … Бурханы хаант улсад орох нь маш чухал бөгөөд бидэнд ‘замын давчууг’ харуулахын тулд Есүс баптисм хүртсэн [2 Нифай 31:9]. …
Есүсийн үлгэр жишээг дагаснаараа бид ч мөн адил наманчилж, Тэнгэр дэх Эцэгийнхээ зарлигуудыг дуулгавартай дагана гэдгээ харуулдаг. Бид өөрсдийн нүглийг таньж, гэм буруудаа өршөөл эрэлхийлбэл харууссан зүрх, гэмшсэн сэтгэлээр өөрсдийгөө даруусгадаг (3 Нифай 9:20-ийг үзнэ үү). Бид өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг авч, Түүнийг үргэлж дурсан санахад бэлэн байна гэсэн гэрээ хийдэг. …
Бид [Бурханы] хаант улсад байх сонголтыг хийснээр дэлхийгээс өөрсдийгөө тусгаарлахгүй, харин дэлхийгээс ялгардаг болно. Бид даруу хувцаслаж, бодол санаа, хэл яриагаа цэвэр ариун байлгах болно. Үзэж буй кино, зурагтын нэвтрүүлэг, сонсож буй хөгжим, уншиж буй сонин, сэтгүүл маань биднийг өргөх болно. Бид мөнхийн зорилгуудыг маань дэмждэг найз нөхдийг сонгож, бусдад эелдэг хандана. Бид ёс суртахуунгүй байдал, мөрийтэй тоглоом, тамхи, согтууруулах ундаа, хууль бус мансууруулах бодисоос зайлсхийнэ. Бидний ням гарагт хийж буй үйл ажиллагаанууд Хүндэтгэлийн өдрийг санаж, ариунаар нь хадгалах Бурханы зарлигийг тусгах болно. Бид бусдад хандах хандлагаараа Есүс Христийн үлгэр жишээг дагана. Бид Их Эзэний өргөөнд орохуйц зохистой амьдрах болно” (“The Covenant of Baptism:” (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 7–8).