“2-р сарын 4–10. Матай 4; Лук 4–5: ‘Эзэний Сүнс Над дээр байна’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“2-р сарын 4–10. Матай 4; Лук 4–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
2-р сарын 4–10
Maтай 4; Лук 4–5
“Эзэний Сүнс Над дээр байна”
Та Матай 4 ба Лук 4–5-ыг судлаад, сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь ангийнхныхаа хэрэгцээг хэрхэн хамгийн сайн хангах талаар сүнслэг өдөөлтийг урьж авчирна. Та мөн нэмэлт санаа олохын тулд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэхүү тоймыг ашиглахад анхаар.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоногийн уншлагад “Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхан шагшиж байлаа” (Лук 4:32 мөн Марк 1:22-ыг үзнэ үү) гэсэн үг орж байгаа болно. Ангийн гишүүдийг сургаалын эрх мэдлийг мэдрэхэд тусалсан ямар ямар шүлгийг эдгээр бүлгээс тэд хуваалцаж болох вэ?
Сургаалыг заа
Тэнгэрлэг Эцэг бидэнд уруу таталтыг эсэргүүцэх хүч чадал, арга замыг өгсөн.
-
Аврагчийн Сатаныг эсэргүүцсэн түүх нь ангийн гишүүдэд Сатаны уруу татахыг оролддог арга замуудыг танихад тусалдаг. Ангийн гишүүд Матай 4:1–11 эсвэл Лук 4:1–13-т гардаг уруу таталтуудаас нэгийг сонгоод, түүнтэй төстэй орчин үеийн сорилтыг бодож олж болох юм (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа үгс тусалж магадгүй). Бидэнд өнөө үед тулгардаг сорилтуудтай Аврагч учирсан гэдгийг мэдэх нь яагаад хэрэгтэй вэ? Яагаад Христ уруу таталтыг тэвчиж чадсан бэ? Сатаны эсрэг зогсож буй хүмүүсийн талаарх бусад судрын жишээг Эхлэл 39:7–20; 2 Нифай 4:16–35 болон Мосе 1:10–22-оос үзнэ үү.
-
Матай 4:1–11, Лук 4:1–13-ын талаар ярилцлага өрнүүлэхэд урамшуулах нэг арга болгон Бид энэ түүхээс Христийн талаар юу ойлгож авч болох вэ?, Бид Сатаны тухай юу мэдэж авч болох вэ? гэсэн хоёр асуултыг самбарт бичиж болно. Ангийн гишүүдийг эдгээр асуултын хариултыг дээрх шүлгүүдээс хайж олоод, самбарт бичихэд урь.
-
Танай ангийнханд уруу таталтыг эсэргүүцэхэд юу тусалж болох вэ? Та ангийн гишүүдээс Матай 4:1–11 эсвэл Лук 4:1–13-т гардаг Аврагчийн судрын мэдлэг нь Түүнийг Сатанд хариу хэлэхэд тусалсан тохиолдлуудыг (“гэж бичигдсэн байдаг” гэсэн хариулт) уншихыг хүсэж болно. Ангийн гишүүдэд уруу татагдсан үедээ тэднийг хамгаалж, хүчирхэгжүүлж чадах судруудыг олж, хуваалцах цаг гарга.
Есүс Христ бол бошиглогдсон Мессиа мөн.
-
Ангийн гишүүдийг энэ түүхийг илүү сайн ойлгоход туслахын тулд Мессиа, Христ гэсэн нэрс нь хоёулаа “тослогдсон” гэсэн утгатай болохыг тайлбарла. Тэднийг Лук 4:18–21-ийг уншихдаа Есүс бол Христ, Мессиа буюу Тослогдсон Нэгэн гэсэн нь ямар утгатай болох талаар бодохыг хүс. Есүс хэрхэн Өөрийгөө өнөө цагийн Мессиа мөн гэдгийг тунхагласан бэ? Ангийн гишүүдийг Есүс Христ бол тэдний Аврагч гэдгийг хэрхэн мэдсэн тухайгаа хуваалцахад урь.
-
Яагаад Назарын хүмүүс Есүсийг бошиглогдсон Мессиа хэмээн хүлээн зөвшөөрөөгүй болохыг судалснаар зарим нэг чухал сургамжийг мэдэж авч болно. Үүнийг хийх нэг арга нь өөрсдийн хандлагыг Хуучин Гэрээнд гардаг Зарефатын бэлэвсэн эмэгтэй болон Нааманыхтай харьцуулан бичих явдал юм. Та ангийн зарим гишүүнтэй урьдчилан холбогдож, тэднийг эдгээр түүхийг нэг бүрчлэн товч ярихад бэлтгэж ирэхийг хүсэж болно (Хаадын Дээд 17:8–24; Хаадын Дэд 5:1–17; Лук 4:16–30-ийг үзнэ үү). Эдгээр түүх гайхамшгууд болон Бурханы үйлчлэгчдэд хариу үзүүлэх талаар бидэнд юу заадаг вэ? Назарын хүмүүст хэлсэн Аврагчийн үгсэд өнөөгийн Сүмийн гишүүдэд хандсан ямар нэгэн захиас байгаа эсэхийг ангийн гишүүд анзаарсан уу?
Христийг дагах амлалт бол Түүний тааллыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө мартана гэсэн үг юм.
-
Заримдаа Их Эзэний бидэнд өгсөн удирдамж эхэндээ ойлгомжгүй байдаг. Ангийн гишүүд Лук 5:1–11-ээс Аврагч Петрээс юу шаардсан болохыг мөн яагаад Петр Түүний зааварт эргэлзсэн байж болох талаар олж мэдэж болно. Энэ явдал Аврагчийг болон өөрийгөө үзэх Петрийн үзэлд хэрхэн нөлөөлсөн байж болох вэ? Та ангийн гишүүдийг бүрэн дүүрэн ойлголтгүй хэрнээ тэнгэрлэг удирдамжинд итгэх итгэлээ харуулсан туршлагаасаа хуваалцахад урьж болно. Тэдний итгэлээрээ үйлдсэний үр дүн юу байсан бэ?
ЗурагЕсүс тэнгисийн ойролцоо Петр болон Андрейг дуудсан нь“Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчин болгоно” (Maтай 4:19).
-
Загасчид Есүс Христийг дагахаар “бүхнийг орхисны” (Лук 5:11) адил бидэнд ч бас Түүний шавь нар болохын тулд орхих ёстой зүйлс бий. Петр, Андрей, Иаков, Иохан нарын хандлага, итгэлийн талаар Матай 4:18–22-т юу өгүүлдэг вэ? Ангидаа загасны тор авчраад, ангийн гишүүдийг Христийг дагахын тулд орхиход бэлэн эсвэл аль хэдийн орхисон зүйлсээ бичиж, бичсэн зүйлсээ торонд хийхэд урих нь тус болж магадгүй. Ангийн хэдэн гишүүнийг Аврагчийг дагахаар бүхнийг орхихыг сонгосноор амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн болохыг хуваалцахад урих талаар бодож үз.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Та ирэх долоо хоногт Иохан 2–4-ийг уншихад сүнслэгээр нөлөөлөхийн тулд тэднийг “дээрээс төрөх” гэдэг нь ямар утгатай болох талаар тунгаан бодохыг ангийн гишүүдээс хүсэж болно. Ирэх долоо хоногийн уншлага тэднийг энэ асуултад хариулахад нь тусална гэж тэдэнд хэл.
Нэмэлт эх сурвалж
Есүс бол Мессиа мөн.
“Jesus Declares He Is the Messiah” (видео бичлэг, LDS.org)
Уруу таталтын төрлүүд.
Аврагчийн цөлд туулсан уруу таталтын талаар ерөнхийлөгч Дэвид О.Маккэй хэлэхдээ:
“Та нарт болон надад тохиолддог бүх уруу таталт дараах гурван хэлбэрийн аль нэгээр ирдэг. Тухайлбал:
(1) Дур хүсэл буюу сонирхлын уруу таталт;
(2) Бардамнал, хэв загвар, аминч үзэлд бууж өгөх;
(3) Дэлхийн эд баялаг эсвэл газар нутгуудын дээрх эрх мэдэл ба ноёрхол эсвэл хүмүүсийн дэлхийн өмч хөрөнгөнд шунах хүсэл” гэжээ (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 82) .
Матай 4-р бүлэгт гардаг Есүсийн туршлагын талаар ахлагч Жэффри Р.Холланд:
“‘Хэрэв Чи Бурханы Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа.’ …
Уруу таталт идэхэд оршдоггүй. … Миний төвлөрч ярихыг хүсэж байгаа уруу таталтын хэсэг бол эрх мэдлээ урвуулан ашиглах, зөв цаг, зөв арга замыг сайн дураараа хүлээлгүйгээр амар хялбар аргаар түүний бие махбодод таашаал авчрах, хүмүүний дур хүслийг тэтгэх талхаа авахын тулд энэ аргаар үйлдэх явдал юм. …
‘Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол энэ сүмийн орой дээрээс доошоо үсэр. …
Энэ уруу таталт бол эхнийхээс илүү чадварлаг байгаа юм. Энэ нь сүнсний уруу таталт бөгөөд хувь хүний өлсгөлөнгийн уруу таталт бол талхны хэрэгцээнээс ч илүү бодит билээ. Бурхан түүнийг аврах болов уу? … Яагаад Бурханы хүчийг нэг л удаа харуулснаар сүнслэг баталгааг авч, үнэнч чуулганыг олж, бүдүүлгээр аашлах энэ бяцхан чөтгөрт хариу өгч болохгүй гэж? …
Гэвч Есүс сүнсний сорилтыг хүлээн аваагүй. Татгалзах болон биеэ барих байдал нь тэнгэрлэг бэлтгэлийн хэсэг юм. … Бурханы Хүү хүртэл хүлээх ёстой байсан. Бусдад чанар муутай өршөөлийг хэзээ ч үзүүлдэггүй Гэтэлгэгч өөртөө өршөөл гуйхгүй нь ойлгомжтой байв. …
… ‘Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөл, энэ бүхнийг би Чамд өгье.’
Сатан … [асуув], ‘Чиний үнэ ханш хэд вэ? Чанар муутай талхыг чи авсангүй. Мессиад итгэх итгэлийн ёс суртахууны доод түвшний жүжгийг чи тоосонгүй, гэвч ямар ч хүн дэлхийн эд баялгаас татгалзаж чаддаггүй юм. Чи үнэ ханшаа хэл.’ Сатан итгэлгүй байдлын анхны тунхаг болох энэ дэлхийн бүх зүйлийг мөнгөөр авч болно гэсэн бүрэн дүүрэн итгэлээрээ ийн хэлж байгаа билээ.
Есүс хэзээ нэгэн өдөр дэлхийд хаанчлах болно. Тэрээр засаг захиргаа бүрийг, тэдгээрийн эрх мэдлийг захирах болно. Тэрээр хаадын Хаан эздийн Эзэн болох болно. Гэхдээ ийм арга замаар биш” гэж заажээ (“The Inconvenient Messiah,” Ensign, Feb. 1984, 68–71).
Заах чадвараа сайжруулах
Суралцагчдадаа таларх. “Суралцагчдын оруулсан хувь нэмэрт талархахаа мартаж, хичээлдээ хэт автахаас зайлсхийх нь зүйтэй. Тэд таны санал бодол, гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй байгаад нь талархаж байгааг мэдэж байх хэрэгтэй” (Аврагчийн арга барилаар заах нь, 33).