Ирээд, Намайг дага
2-р сарын 18–24. Матай 5; Лук 6: “Адислагдсан болой та нар”


“2-р сарын 18–24. Матай 5; Лук 6: ‘Адислагдсан болой та нар’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“2-р сарын 18–24. Матай 5; Лук 6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Уулан дээрх номлол

Хорхе Кокко, Уулан дээрх номлол

2-р сарын 18–24

Матай 5; Лук 6

“Адислагдсан болой та нар”

Та Матай 5 болон Лук 6-р бүлгийг судалж байхад төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Таныг ангийнхаа хэрэгцээ шаардлагыг хангахаар эрэлхийлэхэд илчлэлт ирэх болно. Энэ тоймд танд туслах нэмэлт санаанууд байгаа.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Уулан дээрх номлолыг “бидний мэдэх, номлогдсон хамгийн агуу [номлол]” хэмээн хэлжээ (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 234). Яагаад ангийн гишүүд үүнийг үнэн гэж мэдэрч байна вэ? Тэд юу хуваалцаж болох вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Maтай 5:1–12

Есүс Христийн заасан, амьдарсан тэрхүү байдлаар амьдарвал үүрдийн аз жаргал ирдэг.

  • Аврагч Уулан дээрх номлолоо анх дотны шавь нартаа хандан хэлсэн бөгөөд Христ биднийг ерөөсөн үгсээр буюу үүрдийн аз жаргалтай амьдралаар амьдрах гэдэг нь ямар утгатай болохыг дахин бодоход урьсан үгсээр энэ нь эхэлдэг. Үүрдийн аз жаргалын тухай ярилцлагаа эхлэхдээ тэднийг юу баяртай болгодог талаар хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Ерөөлийн үгсийн дагуу, хүнийг юу “ерөөлтэй” буюу мөнхөд баяр хөөртэй болгодог хэмээн Есүс хэлсэн бэ? Есүсийн сургаал хүмүүсийн аз жаргалыг олохыг оролддог бусад аргаас юугаараа ялгаатай вэ?

  • Ангийн гишүүдийг зүрхэн дотроо цэвэр ариун байгч эсвэл амар тайвныг тогтоогч гэх мэт үг хэллэгийг ойлгоход нь туслахын тулд та 3–12-р шүлэгт байгаа зарим үг хэллэгийг самбар дээр бич. Ангийн гишүүдийг эдгээр үг хэллэгийн эсрэг утгатай үгсийг санал болгоод, ингэж хийснээр үг хэллэг тус бүрийн талаар юу мэдэж авч байгаагаа хуваалцахад урь. Эдгээр шүлэгт дүрсэлсэн шиг хүн болохын тулд юугаа өөрчлөх хэрэгтэй талаар тунгаан бодохыг ангийн гишүүдээс хүс. 3 Нифай 12:3, 6 нь Матай 5:3, 6-ийн талаарх бидний ойлголтод юу нэмж байна вэ?

  • Эдгээр шүлгийг судлах өөр нэг арга бол ангийн гишүүн бүрийг Ерөөлийн үгсийн аль нэгний талаар нэмэлт судар судлаад, ойлгож авсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад урих явдал юм. Тэдний мэдэх хэн нэгэн хүн энэ зарчмын жишээг хэрхэн үзүүлдэг вэ?

Уулан дээрх номлол

Фрэнк Адамс, Уулан дээрх номлол

Maтай 5:14–16

Аврагчийн шавь нар бол дэлхийн гэрэл мөн.

  • Тэд бол “дэлхийн гэрэл” гэсэн Есүс Христийн хэлсэн үгийг уншихад ангийн гишүүдэд ямар санагдсан бэ? Өөрсдийн гэрлийг “савны доор тавьдаггүй” гэдэг нь ямар утгатай вэ? Бид яагаад ийн үйлдэхэд уруу татагдана гэж? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үг урам өгч болох юм. Ангийн тань гишүүдэд хэн “гэрэл” болж байгаа вэ?

  • Бид дэлхийн гэрэл мөн гэх Христийн сургаалыг харуулах аргыг бодож ол. Та гэрлээр чимсэн хотын зургийг харуулж болох уу? Та гар чийдэн авчраад, түүнийгээ сагсан доор нууж чадах уу? Яагаад Аврагч шавь нараа гэрэлтэй харьцуулсан юм бол? Бид бусдад гэрэл нь бай гэсэн ойлголтыг хэрхэн ашиглаж болох вэ? (С ба Г 103: 9–10-ыг үзнэ үү.) Сайн мэдээ тэдний амьдралд гэрэлтэж, бусдыг адисалсан арга замуудын талаар ангийн гишүүд ярилцах юм уу дүрд тоглож болно.

  • Гэрлийн тухай ярилцахад тань нэмэр болох өөр бусад сударт 3 Нифай 18:24; Сургаал ба Гэрээ 50:24; 84:44–47; 88:50, 67; 93:36–40 орно. Ангийн гишүүд мөн Hymns номын 89, 97-р хуудсан дээрх “The Lord Is My Light” ба “Lead, Kindly Light” зэрэг гэрлийн тухай дууллыг дуулах дуртай байж магадгүй. Эдгээр дуулал болон судар нь Матай 5:14–16-ийн тухай бидний ойлголтод юу нэмж байна вэ?

Матай 5:17–48

Есүс Христ биднийг төгс төгөлдөр өөд хөтлөх дээд хуулийг заасан.

  • Матай 5-р бүлэгт дүрсэлсэн нөхцөл байдлууд нь Аврагчийн амьдарч байсан үед хамаатай боловч заасан зарчмууд нь нийтлэг юм. Зарчмын хэрэгжилтийг амьдралдаа харахад нь ангийн гишүүдэд туслахын тулд тэднийг 21–24; 27–30; 33–37; 38–39; 40–42; 43–44-р шүлгүүдээс нэгийг сонгон, Аврагчийн заасныг харуулдаг орчин цагийн жишээ бодоход урь. Тэд үүнийг ганцаараа эсвэл бүлгээрээ хийгээд, жишээгээ ангийнхантайгаа хуваалцаж болно.

  • Өсвөр үеийнхэнд Матай 5:21–48-д байгаа Аврагчийн сургаал нь Мосегийн хуулийг орлож байгааг ойлгоход туслах ижилсүүлдэг тоглоом таалагдаж магадгүй. Та Матай 5:21–44-өөс “та нар дуулсан” (Мосегийн хуулийг харуулсан) гэсэн хэллэгээр эхэлсэн нэг багц карт бүтээ. Нөгөө багц картыг “харин Би хэлье” (Христийн дээд хуулийг харуулсан) гэж эхэлсэн шүлгүүдийн хэллэгээр бүтээ. Багц картуудыг хоёуланг доош харуулан тавиад, ангийн гишүүнд “та нар дуулсан” картаас нэгийг сонгож, түүнтэй тохирох картыг нөгөө багцаас хайх боломж олго. Ангийн гишүүдийг Мосегийн хуулийг Христийн шинэ сургаалтай тохируулж дуусах хүртэл үүнийг үргэлжлүүл. Тохирох бүрд нь яагаад Аврагчийн сургаал бидний цаг үед хэрэгтэй байдаг талаар ярилц.

  • Та Аврагчийн “төгс” бай гэсэн зарлигийг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны тайлбарласнаар “бүрэн төгс” эсвэл “төгөлдөржсөн” бай гэсэн утгатай болохыг харахад нь ангийн гишүүдэд хэрхэн тусалж чадах вэ? (Матай 5:48; “Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 86–88). Санал болгох нэг санаа: Есүсийн зургийг эвлүүлдэг тоглоом болгон хайчлаад, ангийн гишүүдийг тоглоомын хэсэг бүрийн ард Матай 5-д гардаг, тэд амьдралдаа хэрэгжүүлэхэд сүнслэгээр урамшуулагдсан сургаалыг бичихэд урь. Дараа нь тэдэнд хамтдаа зургийг эвлүүлэх боломж олго. Есүс Христийн Цагаатгал биднийг “бүрэн төгс” эсвэл “төгөлдөржсөн” болоход хэрхэн тусалдаг вэ? (Судруудын удирдамжийн “Ач ивээл”-ийг үзнэ үү).

  • Та мөн ангийн гишүүдийг Матай 5-ыг судалж байхдаа хүлээн авсан өдөөлтийнхөө дагуу үйлдэх зорилго тавихад урь. Дараачийн хичээлүүд дээр энэ урилгын талаар хэрхэн шалгахаа бодож үз.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг ирэх долоо хоногийн турш Матай 6–7-г уншихад урамшуулахын тулд тэдэнд ерөнхийлөгч Харолд Б.Лий Уулан дээрх номлолыг “төгс амьдралын үндсэн хууль” хэмээн нэрлэснийг хэлж болно (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee [2000], 200).

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Матай 5; Лук 6

Гэрэл байх нь

Ахлагч Робэрт Д.Хэйлс “Та өмнө нь өөрийгөө хэн нэгнийг гэр рүү нь эсэн мэнд хүргэх эсвэл мөнх амьдралд хүргэх нарийн бөгөөд давчуу замд орох замыг холоос гэрэлтүүлдэг гэрэлт цамхаг байхаар Тэнгэрлэг Эцэгийн илгээсэн гэрэл байж болох тухай бодож үзэж байсан уу? Таны гэрэл бол хэзээ ч бөхөхгүй эсвэл гэртээ харих замаа хайж байгаа хүмүүсийг хэзээ ч буруу зүг рүү хөтлөхгүй гэрэлт цамхаг мөн” хэмээн хэлсэн (“That Ye May Be the Children of Light” [Бригам Янгийн Их Сургуулийн галын дэргэдэх цугларалт, 1996 оны 11-р сарын 3], 9; speeches.byu.edu).

Төгс төгөлдрийг эрэлхийлэх нь

Ерөнхийлөгч Харолд Б.Лий: “Аврагч хүрэх ямар ч боломжгүй зорилгыг санал болгон, төгс төгөлдрийг олж авахын тулд амьдрах гэж хичээн чармайхад маань тохуурхаж байна гэж та бодож байна уу? Бид Эзэний ярьсан тэрхүү төгс төгөлдөр байдал руу энэ мөнх бус амьдралдаа очно гэдэг бүтэшгүй зүйл боловч энэ амьдралдаа тавих суурин дээрээ мөнх оршихуйг босгох тул сууриа үнэн, зөв шударга байдал, итгэл дээр тавихад анхаарах ёстой” хэмээн заасан (Teachings of Presidents of the Church: Harold B. Lee, 195).

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит: “[Төгс төгөлдөр] нь нэг дор ирдэггүй, харин шат шатаар, дүрэм дүрмээр, жишээ жишээгээр ирдэг бөгөөд бид энэ мөнх бус амьдралд амьдарч байгаа цагт түүнийг олно гэж үгүй. … Бид харин энэ амьдралдаа суурийг нь тавьдаг. Энд, энэхүү сорилтын нөхцөлд биднийг тэрхүү төгс төгөлдөрт бэлтгэх Есүс Христийн сайн мэдээний энгийн үнэнд бид суралцдаг. Би өнөөдөр өчигдөр байснаасаа илүү сайн байх нь, чи өнөөдөр өчигдөр байснаасаа илүү сайн мөн маргааш өнөөдөр байснаасаа илүү сайн байх нь миний ч, чиний ч үүрэг юм” гэж хэлсэн (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 234–235).

Заах чадвараа сайжруулах

Ангийн гишүүдийн оролцоог нэмэгдүүл. Ангиараа болон цөөн хүнтэй бүлгээрээ мөн хос хосоороо эсвэл мэргэжилтнүүдийн хэлэлцүүлгийн хүрээнд олон үйл ажиллагаа хийж болно. Оролцох боломжгүй хүмүүсийг оролцуулахын тулд янз бүрийн арга барил ашигла. (Аврагчийн арга барилаар заах нь, 33-ыг үзнэ үү.)