Ирээд, Намайг дага
2-р сарын 25-аас 3-р сарын 3. Maтай 6–7: ‘Тэр эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв’


“2-р сарын 25-аас 3-р сарын 3. Maтай 6–7: ‘Тэр эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“2-р сарын 25-аас 3-р сарын 3. Матай 6–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Есүс далайн эрэг дээр заасан

Жэймс Тиссот, Есүс далайн эрэг дээрх хүмүүст заасан нь

2-р сарын 25-аас 3-р сарын 3

Матай 6–7

“Тэр эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв“

Та заахаар бэлтгэхдээ эхлээд өөрийгөө бэлд. Матай 6–7-г уншаад, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь танд ангийнхныхаа хэрэгцээг хэрхэн хамгийн сайн хангах талаар илчлэлт хүлээн авахад тусална. Тэгээд заах санаануудыг энэ тоймоос эрж хай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг Уулан дээрх номлолын аль аль шүлэг өнөөдөр хамгийн их хэрэгтэй гэж мэдэрч байгаагаа хуваалцахад урь. Ангийн гишүүдийг бие биенийхээ ойлгосон зүйл дээр нэмж хэлэхэд урамшуулан дэмж.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Матай 6–7

Хэрэв бид Их Эзэний сургаалыг сонсож, сургаалын дагуу үйлдвэл бидний амьдрал бат бөх суурин дээр босох болно.

  • Матай 6–7-д байгаа ямар тодорхой сургаал зааж буй хүмүүст тань илүү ач холбогдолтой байх вэ? Матай 6–7-р бүлгээс эдгээр сургаалыг агуулсан хэд хэдэн шүлгийг самбарт бичих тухай бодож үз. Ангийн гишүүд эдгээр шүлгээс нэгийг сонгон, чимээгүй судлаад, ойлгож авсан ямар нэгэн сүнслэг үнэнээ самбарт бичиж болно. Эдгээр сургаал бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Аврагч номлолоо нэгэн сургаалт зүйрлэлээр төгсгөсөн бөгөөд энэ нь танай ангийнханд Аврагчийн сургаалаар амьдрахын чухлыг илүү сайн ойлгоход тусална (Матай 7:24–27; мөн Хиламан 5:12-ыг тус тус үзнэ үү). Энэ сургаалт зүйрлэлийг төсөөлөхийн тулд ангийн гишүүд хамтдаа хавтан, аяга, бусад материал ашиглан бат бөх суурь тавиад, бат бөх чанарыг нь шалга. Тэд мөн барилгын материалаа Аврагчийн сургаалыг хэрэгжүүлэхийн тулд хийж чадах зүйлсээрээ нэрлэж болох юм. Эдгээр зүйлийг хийх нь амьдралын шуургыг тэсэн гарахад бидэнд хэрхэн туслах вэ?

Матай 6:5–13

Аврагч бидэнд хэрхэн залбирахыг заасан.

  • Их Эзэний залбирлыг судлах нь ангийн гишүүдийг Их Эзэний жишээг даган, өөрсдийн залбирлыг хэрхэн сайжруулж болохыг танин мэдэхэд тусална. Та тэднийг Матай 6:9–13 (эсвэл Лук 11:1–4)-р шүлгээс онцгой санагдсан хэллэгүүдийг самбар дээр бичихэд урь. Аврагчийн үгсийг тунгааснаар бид залбирах үед маань байх ёстой хандлагын талаар юу ойлгож авах вэ? Бид залбирвал зохих зүйлсийнхээ талаар юу мэдэж авч болох вэ? Ангийн гишүүдэд Аврагчийн үг хэллэгийг өөрсдийн залбиралд оруулан хэлж болох үгээр өөрчлөн хэлэх тухай заах нь зүйтэй. Тухайлбал, “Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч” гэснийг “Гэр бүлээ хэрэгцээт зүйлсээр хангахыг хичээн чармайхад минь надад туслаач” гэж өөрчлөн хэлж болно.

  • Зааж буй хүмүүс тань Матай 26:36–42 болон Иохан 17 зэрэг Аврагчийн Эцэгтээ хандан залбирч байгаа бусад жишээнээс суралцах нь тус болж магадгүй. Та ангийн гишүүдийг эдгээр шүлгийн заримыг нь судалж, “Бид Аврагчийн залбирсан арга барилаас залбирлын талаар юу ойлгож болох вэ?”, “Бид залбирлаа хэрхэн Аврагчийнхтай илүү төстэй болгож чадах вэ?” зэрэг асуултын хариултыг олоход урьж болно. Жишээ болохуйц бусад залбирлыг Инос 1:3–17; Алма 31:26–35; 33:3–11-ээс үзнэ үү.

  • Танд залбиралтай холбоотой хуваалцаж болох ямар нэгэн туршлага бий юү? Өөрийн туршлагыг хуваалцах нь ангийн гишүүдийг мөн адил үйлдэхэд урамшуулдаг. Ерөнхийлөгч Томас С.Монсон “Адислалуудын тухай тунгаан бод” (Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104) хэмээх захиасдаа залбиралтай холбоотой хувийн хэд хэдэн туршлагаас хуваалцсан. Та энэ захиасын болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа эшлэлүүдийн зарчмуудыг ярилцаж болно. Мөн Судруудын удирдамжинд байгаа “Залбирал” гэсэн хэсэг тус болж магадгүй.

Матай 7:7–11

Тэнгэрлэг Эцэг залбирлуудад хариулдаг.

  • Та ангийн гишүүдийг Бурхан тэдний залбирлыг сонсож, хариулах болно гэдэгт итгэх итгэлээ батжуулахад нь туслахын тулд самбар дээр гуй, хай мөн тогш гэсэн үгсийг бич. Тэгээд ангийн гишүүдийг “гуйсан,” “хайсан,” “тогшсон” хүмүүсийн жишээг судраас эрж хайхад урь (жишээ нь, 1 Нифай 11:1; Ифер 2:18–3:6; Иосеф Смит—Түүх 1:11–17-г үзнэ үү). Бид залбирлынхаа хариултыг авах талаар эдгээр жишээнээс юу ойлгож болох вэ?

  • Матай 7:7–11-ийн зарим чухал нөхцөл байдлыг Иосеф Смитийн Орчуулга, Матай 7:12–17 (Гурамсан судрын хавсралт)-аас үзэж болно. Эдгээр шүлэгт Есүсийн шавь нар хүмүүсийг Тэнгэрлэг Эцэгээс үнэнийг эрэлхийлэхгүй байгаад өгөх зарим учир шалтгааныг урьдчилан тааварладаг. Та ангийн гишүүдийг Их Эзэнээс удирдамж эсвэл адислал эрэх дургүй нэг найзтай байна гэж төсөөлөхийг хүс. Ангийн гишүүд уг найзаа зоригжуулахын тулд юу хэлж болох вэ? Тэд Матай 7:7–11-д байгаа Аврагчийн үгийг хэрхэн ашиглаж болох вэ?

Матай 7:15–20

Бид жинхэнэ болон хуурамч бошиглогчдыг үр жимсээр нь таньж чадна.

  • Танай ангийн гишүүд интернэт эсвэл бусад эх сурвалжаас дайсны хуурамч гүн ухаан болон бусад худал хуурмагт өртөж байсан байж магадгүй. Мөн тэд бусад хүн Их Эзэний үйлчлэгчдийг шүүмжлэхийг сонссон байж болно. Та тэднийг хуурамч болон жинхэнэ бошиглогчдын сургаалыг хэрхэн ялган таних талаар ойлгоход нь яаж тусалж чадах вэ? Та төрөл бүрийн жимс харуулаад, эдгээр жимсийг ургуулдаг моддын талаар юу гэж төсөөлж байгааг асууж болно. Матай 7:15–20-ийг ойлгоход энэ дасгал ажил бидэнд хэрхэн туслах вэ? Түүнчлэн та амьд бошиглогчдын сүүлийн үеийн захиасуудаас заримыг нь хамтдаа уншиж болно. Тэдний зөвлөгөөг дагах нь ямар “жимс” буюу үр дагавар бий болгодог вэ?

    Жимс

    Бид жинхэнэ бошиглогчдыг үр жимсээр нь таньж чадна.

  • Матай 7:15–20 нь бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг номлолд ангийн гишүүдийн итгэх итгэлийг бий болгоход тусална. Иосеф Смитийн хийсэн ажлын үр жимс юу вэ? Ахлагч Нийл Л.Андэрсэны “Иосеф Смит” (Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–35) гэсэн захиасаас зарим нэг санааг олж болно. Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ найз нөхөд, гэр бүлдээ хуваалцах үедээ Матай 7:15–20-д байгаа Аврагчийн зүйрлэлийг бид хэрхэн ашиглаж болох вэ?

суралцах нь шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт Аврагчийн үйлдсэн олон гайхамшгийг судалж байхдаа өөрсдөдөө тохиолдсон эсвэл сонссон орчин үеийн гайхамшгуудын жишээнээс том жижиг гэлтгүй тунгаан бодоход ангийн гишүүдийг урь.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Матай 6–7

Ангид ашиглах дуунууд.

  • “Залбиръя гэж бодов уу?” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 48) дууллын шүлгээс залбиралтай холбоотой ямар ямар зарчмыг ангийн гишүүд ойлгож авдаг вэ?

  • Сүмийн дуулал болон хүүхдийн дуу номын 50-р хуудсан дээрх “Тэр хүнийг магтъя” дууллыг унших, дуулах эсвэл сонсох нь Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсан гэдгийг мэдэж авч чадах зарим үр жимсний талаар ангийн гишүүдийг бодоход тус болж магадгүй (мөн С ба Г 135:3 болон Gospel Topics дахь “Joseph Smith” сэдвийг topics.lds.org-оос үзнэ үү).

Залбирлын тухай түүхүүд.

Ерөнхийлөгч Боид K.Пакэр Калифорни муж руу явахаасаа өмнө гэр бүлээрээ залбирсан тухай ийн өгүүлжээ. Малын эмч тэдний үнээг нэг ч өдөр тэсэхгүй байж магадгүй гэж тэдэнд хэлсэн аж. “Манай бяцхан хүү залбирал хэллээ. Тэрээр ‘аавыг аян замд нь, бас биднийг бүгдийг нь адислаарай’ гэж Тэнгэрлэг Эцэгээс гуйсныхаа дараа: ‘Тэнгэрлэг Эцэг минь ээ, Босси үнээг минь түргэн эдгээж, зүгээр болгон адисалж өгөөч’ гэж чин сэтгэлээсээ гуйв.”

“Би Калифорнид очоод, болсон явдлын талаар хүмүүст яриад, ‘Бид залбирч гуйсан юм болгоноо тэр дор нь хялбархан хүлээж аваад байхгүй гэдгийг хүү маань мэдэх ёстой’ гэж хэлсэн.

“Гэтэл би уг үйл явдлаас нэгэн сургамж авсан юм. Сургамж авсан хүн нь манай хүү биш, харин би байсан гээч. Намайг бүтэн сайны шөнө эргэж ирэхэд манай Босси үнээ ‘зүгээр болчихсон байх нь тэр!’” (“Залбирал ба сүнсний өдөөлт,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 51).

Энэтхэгээс ирсэн, Сүмийн гишүүн Мангал Дан Дипти ах хэлэхдээ: “Би хүүхэд байхдаа Германы Лютеран сүмд байнга явдаг байв. Бид хамт залбирахаар уул руу үргэлж явдаг байлаа. Нэгэн бороотой өдөр залбирч байсан бүх хүнийг шалба нороход номлогчдын нэг нь бороог зогсоож өгөхийг Их Эзэнээс гуйж, чин сэтгэлээсээ залбирч билээ. Гайхалтай нь бороо тэр даруй зогсов. Тэр явдал миний Бурханд болон залбиралд итгэх итгэлийн эхлэлийг тавьсан юм” гэжээ (“Энэтхэгийн анхдагч миний туулсан аян зам,” Лиахона, 2016 оны 7-р сар, 21).

Залбирлын тухай бусад түүхийг Ensign эсвэл Лиахона сэтгүүлийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой хэсгээс үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Ангид нам жим болоход сандрах хэрэггүй. “Сайн асуултад хариулахад цаг хугацаа шаардагдана. Тэд хариулахын тулд тунгаан бодож, эрэлхийлэн хайж, сүнсээр өдөөгдөх хэрэгтэй. Хариулт хүлээхэд зарцуулсан цаг нь тунгаан бодох ариун нандин цаг байж болох юм. Өөрийнхөө асуултад өөрөө хариулах эсвэл өөр сэдэв рүү шилжих гэх мэт энэ хугацааг хурдан дуусгахсан гэсэн уруу таталтаас зайлсхий” (Аврагчийн арга барилаар заах нь, 31).