Ирээд, Намайг дага
3-р сарын 25–31. Матай 14–15; Марк 6–7; Иохан 5–6: ‘Бүү ай’


“3-р сарын 25–31. Матай 14–15; Марк 6–7; Иохан 5–6: ‘Бүү ай’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“3-р сарын 25–31. Матай 14–15; Марк 6–7; Иохан 5–6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Христ цугласан олныг хооллов

Хорхе Кокко, Тэднийг хоолло

3-р сарын 25–31

Матай 14–15; Марк 6–7; Иохан 5–6

“Бүү ай”

Та Матай 14–15; Марк 6–7 болон Иохан 5–6-р бүлгээс заахаар бэлтгэхдээ ангидаа хамаатай захиасыг олж харахыг хичээ. Тийнхүү хичээж байхдаа ангийн гишүүдийг судрын талаар илүү ач холбогдолтой туршлагатай болоход анхаар.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Эдгээр бүлгийн талаар ярилцлага эхлүүлэх нэг арга бол ангийн хэдэн гишүүнийг энэ уншлагаас нэг нэг бүлэг сонгоод, тухайн бүлгээсээ тэдний хувьд ач холбогдолтой гэсэн захиасаа хуваалцахаар бэлтгэж ирэхэд урих явдал юм. Тэднийг хуваалцах үед ангийн бусад гишүүн асуулт тавих юм уу ойлгосон зүйлээ нэмэрлэж болно.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Иохан 5:16–47

Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн Хайрт Хүү мөн.

  • Иохан 5-д Есүс Өөрийнхөө тухай болон Өөрийн Эцэгийн тухай, Эцэгтэйгээ харилцах харилцааныхаа талаар хэд хэдэн ойлголт өгсөн байдаг. Ангийнхныг эдгээр ойлголтыг мэдэж авахад нь туслахын тулд тэднийг бүлэг болгон хуваарилан, 16–47-р шүлгээс Бурхан, Есүс Христ, Тэдний харилцааны онцлогийн талаар аль болох олон үнэнийг жагсаан бичих хэдэн минутыг тэдэнд өг. Бүлгүүдийг өөрсдийн жагсаалтад байгаа бүх үнэнээ хуваалцаж дуустлаа ээлжлэн уншихад урь. Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүүг илүү сайн ойлгоход эдгээр үнэн бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бид Эцэгт дуулгавартай байсан Есүс Христийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд байгаа үйл ажиллагаа нь суралцагчдыг Иохан 5-д Есүс Эцэг гэсэн үгийг хэрэглэсэн тохиолдол бүрийг тэмдэглэхэд урьдаг. Уг үйл ажиллагааг хийж дуусгаад, ойлгож авсан зүйлээ хуваалцахад ангийн цөөн гишүүнийг урь. Тэд Тэнгэрлэг Эцэгийн тухай болон Түүний Хайрт Хүүгийн талаар юу ойлгосон бэ? Бидний Эцэг хэн болох, бид яагаад Түүнийг бишрэн шүтдэгийг илүү сайн ойлгоход маань туслах ямар зүйлийг сэргээгдсэн сайн мэдээ заадаг вэ? Судрын удирдамжийн “Бурхан, Бурхан Тэргүүтэн” болон Итгэлдээ үнэнч байх нь товхимлын 59–61-р хуудсанд байгаа “Бурхан Эцэг” гэсэн тайлбаруудаас зарим санааг олж болно. Ярилцлагын үеэр Сүмийн дуулал болон хүүхдийн дуу номын  42-р хуудсан дээрх “Эцэг минь ээ” дууллыг ангиараа дуулж, сонсож эсвэл уншиж болно.

Матай 14:16–21; Марк 6:33–44; Иохан 6:5–14

Аврагч Өөрийн зорилгод хүрэхийн тулд бидний өгсөн өргөлийг өсгөн, арвижуулж чаддаг.

  • Есүсийн 5000 хүнийг хооллосон гайхамшгаас хувийн санаа зорилгоо олоход ангийн гишүүдэд юу туслах вэ? Та гайхамшгуудын талаар уншсанаар тэднийг адислах Аврагчийн чадварт итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлдэг тухай асууж болох юм. Аливаа зорилго эсвэл Бурханы зарлигийг биелүүлэхэд тэдний арга зам эсвэл ур чадвар хангалтгүй байгааг тэд урьд нь мэдэрч байсан уу? Боломжгүй мэт санагдсан ямар нэгэн зүйлийг амжилттай гүйцэтгэхэд туслахын тулд тэдний хичээл зүтгэлийг Аврагч өсгөн нэмэгдүүлж, ихэсгэснийг тэд урьд нь мэдэрч байсан уу?

    Талх ба загас

    Есүс ер бусын байдлаар 5 талх, 2 загасаар 5000 хүнийг хооллосон.

  • “5000 хүнийг хооллосон нь” (LDS.org) видео бичлэг нь ангийн гишүүдийг эдгээр шүлэгт дүрсэлсэн гайхамшгийг тунгаан бодоход тусална. Бид энэ түүхээс Аврагчид итгэх итгэлийг маань нэмэгдүүлэх ямар зүйлсийг олж мэддэг вэ? Ямар арга замаар Аврагч биднийг сүнслэгээр тэжээж чадах вэ? Есүс Христ биднийг хэзээ тэжээж, тэтгэсэн бэ? Талх, загасны тухай гайхамшигтай төстэй өнөө цагийн гайхамшгийн жишээг “Pure and Simple Faith” (LDS.org) видео бичлэгээс үзнэ үү.

Матай 14:22–33

Есүс Христ биднийг айдас, эргэлзээгээ үл хайхрахад урьдаг. Тэгснээр бид Түүн рүү илүү бүрэн ирж чадна.

  • Матай 14:22–33-т гардаг түүх ангийн гишүүдийг Аврагчид итгэх итгэл болон Түүнийг дагах хүслээ нэмэгдүүлэхэд тусалж чадна. Ангийн гишүүдийг уг түүхийг уншиж байхдаа Христ, Петр мөн бусад төлөөлөгчийн хэлсэн үгэнд онцгой анхаарал хандуулахад урь. Петрийг завиа орхин, усан дээгүүр алхах итгэлтэй болоход Есүсийн үгс хэрхэн тусалсан бэ? Есүсийн “зоригтой бай,” “бүү ай” (27-р шүлэг) гэсэн зөвлөмжүүд бидэнд өнөөдөр хэрхэн хамаатай вэ? Бид Есүс Христийн шавь байх, Түүнд итгэх гэдэг нь ямар утгатай болох талаар Петрээс юу сурч авах вэ?

  • Матай 14:22–33 нь ангийн гишүүдийг Аврагчид илүү их итгэхэд урамшуулах үг хэллэгийг агуулдаг. Тийм урамшуулсан үг хэллэг хайж олоод, самбар дээр бичиж, бичсэн зүйлсээ ярилцахыг тэднээс хүс. Ангийн гишүүдэд Петрийнхтэй адил туршлага бий юү? Та тэднийг үр дагавар нь тодорхой бус үед ч Петртэй адил Аврагчийг дагахаар шийдсэн туршлагуудынхаа талаар бодоод, хуваалцахад урамшуулан дэмж. Тэд уг туршлагаас юу ойлгож мэдсэн бэ? Тэднийг айж, эргэлзэх мөчид Есүс Христ хэрхэн аварсан бэ?

Иохан 6:22–71

Бид Христийн шавь нарын хувьд хэчнээн хэцүү байсан ч үнэнд итгэж, хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой.

  • Иохан 6-д гардаг үйл явдлууд нь хүмүүсийг Христийн Сүмийн сургаал, түүх эсвэл бодлогын талаар эргэлзэх үед эргэлзээг тайлах хэтийн төлөвийг агуулдаг. Энэ бүлэгт Есүсийг дагагчдын зарим нь Түүнийг Амьд талх бөгөөд зөвхөн Түүний махбод, цусны золиослолоор тэд аврагдаж чадна гэсэн сургаалыг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Та энэ түүхийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь ангийн гишүүдэд туслахын тулд доор дурдсантай төстэй асуултуудыг самбар дээр бичиж, 22–71-р шүлгээс хариултуудыг нь олохыг тэднээс хүс. Тухайлбал: Хүмүүс юуг хүсэн хүлээж байсан бэ? (26-р шүлгийг үзнэ үү). Хүссэн зүйлийнх нь оронд Христ тэдэнд юу санал болгосон бэ? (51-р шүлгийг үзнэ үү). Хүмүүс юуг буруу ойлгосон бэ? (41–42, 52-р шүлгийг үзнэ үү). Бидэнд асуух зүйл байгаа үед ч гэсэн бид Христтэй хамт алхахыг сонгож чадах ямар ямар арга зам байна вэ? Тэднийг 67–69-р шүлэгт байгаа Аврагчийн асуулт болон Петрийн хариултыг тунгаан бодоход урь. Зөвхөн Христийн сэргээгдсэн Сүмд байдаг зарим сургаал, ёслол эсвэл бусад “мөнхийн амийн үгс юу вэ? Эдгээр сургаал, ёслол тэднийг болон тэдний гэр бүлийг хэрхэн адисалсан тухай хуваалцахад ангийн гишүүдийг урь. Орчин цагийн төлөөлөгчөөс ойлголт олж авахын тулд ангийн гишүүдийг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн үгийг уншихад урь.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хэрэв та тэдний унших зүйлс Ерөнхий чуулганыг сонсох туршлагыг нь баяжуулна гэдгийг онцолбол ангийн гишүүдэд ирэх долоо хоногийн хичээлийн шүлгүүдийг унших урам зориг төрж магадгүй. Тэднийг ирэх долоо хоногийн хичээл дээр ойлгосон зүйлээ хуваалцахад бэлэн ирэхэд урамшуулан дэмж.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Матай 14–15; Марк 6–7; Иохан 5–6

“Та нар бас явахыг хүсэж байна уу?”

Иохан 6:68–69-ийг эш татсаны дараа ахлагч М.Рассэлл Баллард ийн заажээ.

“Зарим хүний хувьд итгэхэд мөн итгэлтэй үлдэх Христийн урилгыг хүлээн авахад хүнд эсвэл бүр хэцүү байсаар байдаг. Зарим дагалдагчид Сүмийн тодорхой нэг бодлого, сургаалыг ойлгоход адармаатай санагддаг. Заримд нь бидний түүх эсвэл зарим нэг гишүүд, удирдагчдын өнгөрсөн болон одоогийн төгс бус байдал асуудал болдог. Харин зарим нь маш их зүйл шаарддаг шашинтай байхаас зүрхшээдэг. Эцэст нь зарим хүн ‘сайныг үйлдэхэд шан[тардаг]’ [С ба Г 64:33]. Эдгээр болон бусад шалтгаанаас болж Сүмийн зарим гишүүн итгэлдээ эргэлзэн, “зайлан явж, цаашид Есүстэй хамт яваагүй” хүмүүсийг дагах хэрэгтэй ч юм уу хэмээн тээнэгэлздэг.

Хэрэв та нарын хэн нэгний итгэл суларч байвал Петрийн асуусантай адил асуултыг өөрсдөдөө тавиарай. ‘[Та] хэн уруу явах юм бэ?’ …

… Тэгэхээр та нарыг Сүмийг орхихоор сүнслэг байдлын хувьд аз туршсан сонголт хийж, Есүс Христийн сэргээгдсэн Сүмийн тухай гэрчлэлийг авчирсан тэр зүйлээс татгалзахаасаа өмнө түр зогсон, сайтар тунгаан бодоход би урамшуулмаар байна. Түр саатан зогсож, энд юуг, яагаад мэдэрсэн тухайгаа бод. Ариун Сүнс танд мөнхийн үнэний талаар гэрчилсэн цаг үеийн талаар бод” (“Бид хэн рүү явах юм бэ?” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–84).

Заах чадвараа сайжруулах

Сонс. “Сонсох нь хайрын илэрхийлэл юм. … Та ангийн гишүүдийн юу хэлж байгааг ойлгоход туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүс. Та тэдний хэлсэн, хэлээгүй зүйлсэд анхаарлаа хандуулбал тэдний хэрэгцээ, сэтгэлийн зовлон шаналал, хүсэл тэмүүллийг илүү сайн ойлгодог болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 34).