Ирээд, Намайг дага
4-р сарын 1–14. Матай 16–17; Марк 9; Лук 9: ‘Та бол Христ’


“4-р сарын 1–14. Матай 16–17; Марк 9; Лук 9: ‘Та бол Христ’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“4-р сарын 1–14. Матай 16–17; Марк 9; Лук 9,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Христийн хувиралт

Карл Хэйнрих Блок, Хувиралт

4-р сарын 1–14

Матай 16–17; Марк 9; Лук 9

“Та бол Христ”

Та эдгээр бүлэгт байгаа сургаалыг батлах ямар ямар захиасыг хамгийн сүүлийн Ерөнхий чуулганаас сонссон эсвэл уншсан бэ? Та судалж байхдаа ангийн гишүүдийнхээ хэрэгцээг тунгаан бодож, төрсөн бүх сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судар судлахад урамшуулан дэмжих нэг арга зам бол судар судлах үйл явц амьдралыг нь хэрхэн адисалж байгааг долоо хоног бүр хуваалцахад тэднийг урих явдал юм. Тухайлбал, эдгээр бүлгийг судлах үйл явц Ерөнхий чуулганы талаарх тэдний туршлагад хэрхэн нөлөөлсөн бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Матай 16:13–17

Есүс Христийн тухай гэрчлэл илчлэлтээр ирдэг.

  • Ангийн аль нэгэн гишүүн сайн мэдээ үнэн гэдгийг хэрхэн мэддэг болсноо хэн нэгэнд тайлбарлах хэрэгтэй болж байсан уу? Бид гэрчлэл хэрхэн хүлээн авдаг талаар Аврагч Матай 16:13–17-д юу заасан бэ? Та Алмагийн хэрхэн гэрчлэлтэй болсон талаар (Алма 5:45–46-г үзнэ үү) эсвэл Их Эзэн Оливер Каудерид илчлэлтийн талаар юу заасныг (СГ 6:14–15, 22–23; 8:2–3-ыг үзнэ үү) хуваалцаж болно. Хэрэв хэн нэгэн хүн Петр юм уу Алмагаас эсвэл Оливер Каудеригаас сайн мэдээ үнэн гэдгийг хэрхэн мэддэгийг нь асуувал тэд юу хэлэх байсан гэж та бодож байна вэ?

  • Хувийн илчлэлт авахын төлөө залбирч байгаа боловч илчлэлт ирэхэд хэрхэн танихаа мэдэхгүй байгаа хүмүүс танай ангид байж магадгүй. Ахлагч Дэвид А.Бэднар бид хэрхэн илчлэлт хүлээн авдаг талаар заахдаа гэрэлтэй холбоотой түгээмэл хоёр туршлагыг ашигласан. Та ахлагч Бэднарын тэрхүү ойлголтыг ангийн гишүүдэд хуваалцаж болно (“Илчлэлтийн сүнс,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91–94; мөн LDS.org вэбсайтаас “Patterns of Light: Spirit of Revelation” видео бичлэгийг үзнэ үү). Танай ангийнхан хувийн илчлэлтийг танин мэдэхэд хэн нэгэнд туслах өөр ямар сургаал эсвэл түүхийг санаж байна вэ? (Жишээ нь, Хаадын  дээд 19:11–12; Галат 5:22–23; Инос 1:1–8; С ба Г 8:2–3-ыг үзнэ үү.)

Матай 16:13–19; 17:1–9

Санваарын түлхүүрүүд бидний авралд зайлшгүй чухал юм.

  • Та санваарын түлхүүрүүдийн тухай ярилцлагыг эхлүүлэхдээ самбарт доор дурдсантай төстэй асуултуудыг бич. Үүнд: Санваарын түлхүүрүүд гэж юу вэ? Хэн санваарын түлхүүрүүдийг атгадаг вэ? Санваарын түлхүүрүүдийг хэрхэн өгдөг вэ? Мөн та эдгээр асуултад хариулахад туслах Матай 16:19; Сургаал ба Гэрээ 107:18–19; 128:8–11; 132:18–19, 59; Иосеф Смит—Түүх 1:72 зэрэг судруудыг хуваалцаж болно. Ангийн гишүүд дараах эх сурвалжуудаас нэмэлт тусламж авч болно. Үүнд: Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 2.1.1; Ахлагч Нийл Л.Андэрсэны “Санваар дахь хүч” (Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106–110) эсвэл Итгэлдээ үнэнч байх нь, 166–171. Ангийн гишүүдэд сонгосон асуултынхаа талаар судлах хангалттай цаг өг. Дараа нь тэд ойлгож мэдсэн зүйлээ бие биедээ зааж өгч болно.

  • Хувиралтын уулан дээр Петр бусад төлөөлөгчийн хамт санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан тухай ярилцлага нь хожмын өдрүүдэд санваарын түлхүүрүүдийг сэргээсэн тухай ангийн гишүүдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд тусалж чадна. Та ийм ярилцлагыг өрнүүлэхийн тулд ангийн гишүүдийг хоёр хэсэгт хуваарилан, нэг хэсгийг Матай 17:1–9 (мөн Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү), нөгөө хэсгийг Сургаал ба Гэрээ 110-ыг судлахыг хүс. Дараа нь тэд ойлгож авсан зүйлээ бие биетэйгээ хуваалцаад, хоёр судрын ижил төстэй зүйлсийг тэмдэглэн авч болно. Мөн “Санваарын түлхүүрүүд: Санваарын түлхүүрүүдийн сэргээлт” (LDS.org) видео бичлэг тус нэмэр болно.

  • Танай ангийн гишүүд санваарын түлхүүрүүд амьдралыг нь хэрхэн адисалдгийг ойлгодог уу? Та тэдэнд туслахын тулд тэднийг Гарын авлага 2-ын 2.1.1-ээс түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийн жагсаалтыг олж үзэхэд урь. Танай гадас, тойрогт хэн санваарын түлхүүрүүдийг атгадаг вэ? Та тэдний нэрийг самбарт жагсаан бичих юм уу тэдний заримыг ангийнханд хандан ярихад урь. Тэд дуудлагынхаа хүрээнд санваарын ажлыг удирдахад өгөгдсөн санваарын түлхүүрүүдийг хэрхэн ашигладаг вэ? Бид эдгээр санваарын удирдагчийн үйлчлэлээр хэрхэн адислагдсан бэ?

Түлхүүр атгасан Петрийн хөшөө

Санваарын түлхүүрүүд бол санваарын ажлыг удирдан явуулах эрх мөн.

Maрк 9:14–30

Бид илүү агуу итгэлийг эрэлхийлэхдээ эхлээд өөрт байгаа итгэлээсээ зуурах ёстой.

  • Ахлагч Жэффри Р.Холланд бидэнд итгэл маань хангалтгүй гэж мэдрэх үед Их Эзэнд хэрхэн хандах талаар заахын тулд хүүгээ эдгээхийг хүссэн нэгэн эцгийн түүхийг ашигласан (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111-ийг үзнэ үү). “Нэмэлт эх сурвалж” хэсэгт түүний үгийн гурван гол зүйлийг оруулсан байгаа болно. Та ангийг дөрвөн бүлэг болгон хуваарилж, нэг бүлэгт Марк 9:14–30, нөгөө гурван бүлэгт ахлагч Холландын хэлсэн суралцах ёстой гурван зүйлсийг ярилцах даалгавар өгч болно. Тэд энэ судрын түүхээс итгэлээ нэмэгдүүлэхэд туслах захиасыг эрж хайж болно. Бүлэг бүр өөрсдийн ярилцлагаас олж авсан зарим ойлголтоо ангийнхаа бусад гишүүнд хуваалцаж болно.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг гэртээ судлахад нь урамшуулан дэмжихийн тулд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын дараачийн тойм нь тэднийг болон тэдний гэр бүлийг Христийн амилсны баярыг илүү учир утгатай тэмдэглэхэд нь туслах болно гэдгийг тэдэнд хэл. Түүнчлэн Христийн амилсны баярын ням гараг нь идэвх султай гишүүд эсвэл өөр шашин шүтлэгтэй найз нөхдөө Сүмд урихад тохиромжтой өдөр гэдгийг та тэдэнд сануулж болно.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Матай 16-17; Марк 9; Лук 9

Туслах бүлгийн ерөнхийлөгчийн зөвлөл тохирсон эрх мэдэл хүлээн авдаг.

“Тойрог гадасны бүх туслах бүлэг тэргүүлэх эрх мэдэл бүхий гадасны ерөнхийлөгч эсвэл бишопын удирдлаган доор ажилладаг. Туслах бүлгүүдийн ерөнхийлөгч болон тэдний зөвлөхүүд түлхүүрүүдийг хүлээн авдаггүй. Тэд дуудлагадаа тохирсон эрх мэдлийг хүлээн авдаг” (Гарын авлага 2, 2.1.1).

Илүү их итгэлтэй болоход маань туслах гурван зүйл.

Марк 9:14–29-д гардаг түүхийг ярьсныхаа дараа ахлагч Жэффри Р.Холланд ийн сургажээ.

“Энэ судраас анхаарч үзэх эхний зүйл бол итгэл нь соригдох цагт тэр эцэг эхлээд өөрийн хүчирхэг талыг гарган, дараа нь дутагдлаа хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. ‘Их Эзэн, би итгэж байна’ гэх түүний анхны үгс баттай бөгөөд эргэлзээгүй. Итгэлээ өсгөхийг хүсэж буй хэн боловч энэ хүнийг бүү мартаг! Айдаст автаж, эргэлзээнд баригдаж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдаа олж авсан итгэлээ бүү алд. Тэр итгэл тань хэчнээн хязгаарлагдмал бага байсан ч хамаагүй. … Олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа. … Итгэл тань хэр бат бөх эсвэл мэдлэг тань хэр гүнзгий байна вэ гэдэг тийм чухал биш бөгөөд харин танд байгаа итгэл, олж авсан үнэнээ хэрхэн ашиглаж байгаа тань л чухал юм.

Бидний суралцах ёстой хоёр дахь зүйл бол эхний зүйлтэй адил шахуу юм. Бэрхшээл ирж, асуулт гарах үед итгэл олж авахын тулд өөрт байхгүй бүхнээ тоочин, ‘үл итгэх’ байдлаар хандаж болохгүй. … Огт итгэлгүй байж, итгэж байгаа дүр эсгэх хэрэггүй, харин зөвхөн өөрт чинь байгаа тэр л итгэлдээ найд гэж би хэлмээр байна. … Та нар асуулт, эргэлзээ байгаа гэдгээ нуух шаардлагагүй. Амьдрал олон зүйлийн талаарх асуултаар дүүрэн байдаг. Харин та болон танай гэр бүлийнхэн эдгэрэхийг хүсэж байвал тэдгээр асуулт тань итгэлийн гайхамшгийг олж харахад бүү саад болог. …

Бидний суралцах ёстой дараагийн зүйл бол эргэлзээ, асуудал гарах үед тусламж гуйхаас айхгүй байх явдал юм. Тусламжаа дээрх эцгийн адил даруухан агаад чин сэтгэлээсээ хүсэх юм бол бид хүлээн авах болно. Чин сэтгэлийн энэхүү хүслийг сударт ‘үнэн санаатайгаар’ ‘бүх зүрх сэтгэлээрээ Бурханы өмнө хоёр нүүр гаргах мөн мэхлэхийг үл үйлдэн’ [2 Нифай 31:13] эрэх явц хэмээн тодорхойлсон. Ингэж уйгагүй хүсэх аваас итгэлийг маань бэхжүүлэх тусламжийг Бурхан дээрээс болон энэ дэлхийгээс илгээх болно гэдгийг би гэрчилж байна” (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108–111).

Заах чадвараа сайжруулах

Гэрчлэл урьдаг асуултууд тавь. Ангийн гишүүдэд гэрчлэлээ хуваалцахад урамшуулах асуултуудыг тавих нь Сүнсийг урих хүчтэй арга зам байж болно. Тухайлбал, та Матай 16:13–17-г ярилцаж байхдаа “Аврагчийн талаар таны ойлгож авсан ямар зүйл Түүнийг Аврагч гэсэн гэрчлэлийг тань бэхжүүлсэн бэ?” гэж асууж болно. (Аврагчийн арга барилаар заах нь, 32-р хуудсыг үзнэ үү.)