“4-р сарын 15–21. Христийн амилсны баяр: ‘Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“4-р сарын 15–21. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
4-р сарын 15–21
Христийн амилсны баяр
“Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?”
Энэ долоо хоногт заахаар бэлтгэхдээ Христийн амилсны баярын ням гарагт танай хичээлийн ярилцлага хэрхэн Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлийг бий болгож чадах талаар бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
“Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ?”, “Би хэрхэн Христийн Цагаатгалын адислалуудыг хүлээн авч чадах вэ?” зэрэг асуултад ямар хариулт өгөх байсныг ангийн гишүүдээс асуу. Тэд эдгээр асуултад хариулахад туслах ямар нэгэн судрыг энэ долоо хоногт уншсан уу?
Сургаалыг заа
Есүс Христ биднийг нүгэл, үхлээс чөлөөлж, сул талуудыг маань хүчирхэгжүүлж, сорилт бэрхшээл тулгарахад тайтгаруулдаг.
-
Танай ангийн гишүүд Есүс Христ нүгэл, үхлийг ялан дийлснээс гадна мөн биднийг сорилт бэрхшээл тулгарах үед тайтгаруулж, сул талуудыг маань хүчирхэгжүүлдэг гэдгийг ойлгодог уу? Эдгээр зарчмыг олж мэдэхэд тэдэнд туслах нэг арга нь самбарт нүгэл, үхэл, сорилт, сул талууд гэж бичээд, “Нэмэлт эх сурвалж” хэсэгт жагсаан бичсэн судруудын нэгийг уншин, эдгээрийг даван туулахад болон тэвчихэд Аврагч хэрхэн тусалдгийг тунгаан бодохыг ангийн бүх гишүүнээс хүсэх явдал юм. Ангийн гишүүд эдгээр судраас ойлгож авсан зүйлээ гарчиг бүрийн доор бичиж, Аврагчийн тухай болон Түүний Цагаатгалын талаар гэрчлэлээ хуваалцаж болно.
-
Бидний авралын төлөө төлсөн Есүс Христийн төлөөсийн талаар судрууд юу заадаг вэ? Жишээ болгон Лук 22:39–44; Мозая 3:7; Сургаал ба Гэрээ 19:16–19-ийг үзнэ үү. Тэнгэрлэг Эцэг маань ямар төлөөс төлсөн бэ? (Иохан 3:16-г үзнэ үү).
-
Хичээлээс өмнө ангийн хэдэн гишүүнийг Аврагч Цагаатгалаараа дамжуулан биднийг хэрхэн адисалдгийг харуулсан чуулганы захиасаас эшлэл авчрахад урихыг бод (зарим жишээг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс үзнэ үү). Аврагчийн Цагаатгалаар ирдэг адислалуудын талаарх бидний ойлголтыг өнөөгийн бошиглогчдын сургаал хэрхэн нэмэгдүүлдэг вэ? Тэд Түүний Цагаатгалын хүчийн тухай бидний гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?
-
Нүглээс ариусгагдах, төгс болгогдох хоёрын ялгааг харуулахад дараах энгийн нэгэн бодит жишээ тусалж магадгүй. Та Moрoнай 10:32-ын эхний хэдэн мөрийг самбарт бич. Тэгэхдээ үг үсгийн юм уу зөв бичих дүрмийн алдаатай бич. Тэгээд ангийн нэг гишүүнийг алдаатай үгсийг арилгахад урь. Энэ нь асуудлыг шийдвэрлэв үү? Бид энэ судар болон бодит жишээнээс Цагаатгалын бидэнд үзүүлэх нөлөөний талаар ямар сургамжийг мэдэж авах вэ? Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үг бас тусалж магадгүй юм. “Хэрэв аврал нь зөвхөн бидний алдаа, гэм нүглийг л цайруулдаг юм бол энэ нь хэдий гайхалтай ч гэсэн Эцэгийн бидэнд зориулсан агуу төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хангалтгүй юм. Түүний зорилго бол үүнээс ч илүү чухал зүйл болох Өөрийн охид, хөвгүүдийг Өөртэйгөө адил болгохсон гэсэн хүсэл байдаг” (“Ач ивээлийн бэлэг” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95).
-
Түүх болон зүйрлэлүүд нь Христийн Цагаатгалыг ойлгоход бидэнд тусалдаг. Тухайлбал, ахлагч Жэффри Р.Холланд хад өөд авирсан ах дүү хоёрын түүхийг “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа” захиасдаа хуваалцсан (Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92–94). Мөн үүнтэй ижил гарчигтай видео бичлэг LDS.org вэбсайт дээр байгаа. Эсвэл та “Ханделын Мессиа: Өртэй хүмүүсийн шорон” (LDS.org болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа тайлбарыг үзнэ үү) видео бичлэгийг хамт үзээд, Есүс Христийн Цагаатгал хэрхэн биднийг шоронгоос чөлөөлдөг талаар ярилцаж болно.
Шинэ Гэрээн дэх гэрчүүд Есүс Христ үхлийг ялан дийлсэн тухай гэрчилсэн.
-
Христийн амилсны хамгийн анхны баяр болох Есүс Христийн амилалтын тухай судрын түүхийг унших талаар бодож үз. Та ангийн нэг гишүүнийг уг түүхийг өөрийнхөө үгээр ярихад урьж болно (Иохан 20:1–17-г үзнэ үү). Та бас “Тэр амилсан” зэрэг Библийн видео бичлэгүүдийг үзүүлж болно (LDS.org).
-
Танай ангийнхан өөрсдийгөө Христ амилсан гэх зарга мэдүүлгийг шалгаж буй хуульч эсвэл мэдээний сурвалжлагч гэж төсөөлөөд үзвэл Есүс Христийн амилалтын гэрчүүдийн ач холбогдлын талаар илүү гүн ойлголт олж авч магадгүй. Гэрчээр үйлчилж болох хүмүүсийг судраас олоход тэднийг урь (Матай 28:1–10; Лук 24:13–35; Иохан 20:19–29; 1 Коринт 15:3–8, 55–58-ыг үзнэ үү). Тэд эдгээр хүн шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө эсвэл мэдээ сурвалжлагад ярилцлага өгөхдөө хэлж магадгүй зүйлсийг товч бичиж болно.
-
Аврагчийн амилалтад талархах талархлаа нэмэгдүүлэх нэг арга бол бид итгэл үнэмшлээ бусдад хэрхэн тайлбарлах талаар бодох явдал юм. Гэр бүлийн гишүүн нь ноцтой өвчин туссан, найз нь хайртай хүнээ алдсан, хөрш тань таныг яагаад Христийн амилсны баяр тэмдэглэдгийг асуусан зэрэг нөхцөл байдлуудад ангийн гишүүд Есүс Христийн тухай гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болох вэ? Тэднийг хариултаа бэлтгэхдээ судраас (жишээ нь, “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа судар байж болно) лавлахад урамшуулан дэмж. Ангийн цөөн гишүүнийг бодлоо хуваалцахад урь.
Есүс Христ бидэнд найдвар, баяр хөөр өгдөг.
-
Аврагчийн ачаар бид бүхэн найдвар тээж, зоригтой байдаг. Та Иохан 16:33-ыг уншаад, сорилт бэрхшээлийг үл харгалзан баяр баясгалантай байхад Есүс Христийн Цагаатгал бидэнд хэрхэн тусалдаг талаар ярилц. Бид сорилт бэрхшээл тулгарсан үед хэрхэн баяр баясгалан болон дэмжлэг хүлээн авсан бэ?
-
1 Петр 1:3–11-д байгаа Петрийн гэрчлэлийг унших нь Есүс Христийн Цагаатгалд найдах илүү их найдварыг ангийн гишүүдэд өгч магадгүй. Эдгээр шүлгийг тунгаан бодох мөн Есүс Христэд найдах найдварыг хэрхэн олох тухай харуулсан бусад судрыг олохоор хоёр хоёроороо ажиллах цаг тэдэнд гаргаж өг (Судруудын удирдамж дахь “Найдвар”-ыг үзнэ үү). Тэд олсон судруудаараа зурагт хуудас хийгээд, гэртээ юм уу онлайнд тавьж болно (LDS.org вэбсайтад байгаа сүнслэг зурагт эшлэлүүдийн жишээг үзнэ үү). Илүү их найдвар мэдрэх хэрэгтэй байгаа гэр бүлийн гишүүдийн эсвэл найз нөхдийнхөө нөхцөл байдлыг ангийн гишүүд бодолцож болно.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдэд юу Матай 18 болон Лук 10-ыг унших урам зориг өгөх вэ? Та тэдэнд эдгээр бүлэгт Аврагчийн хамгийн мартагдашгүй сургаалт зүйрлэлүүдийн хоёр нь гардаг бөгөөд энэ хоёр сургаалт зүйрлэлд бидний нэг нэгэндээ хэрхэн хандах талаарх чухал сургамж байдаг гэдгийг хэлж өгч болно.
Нэмэлт эх сурвалж
Христийн амилсны баяр
Аврагчийн Цагаатгалын тухай судрууд.
Аврагчийн Цагаатгалын тухай захиасууд.
-
Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Тэр амилсан!” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96–100
-
Ахлагч Д. Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,”Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132–135
-
Ахлагч Даллин Х.Өүкс, “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50–53
-
Кэрол М.Стэфэнс эгч, “Эдгээгч Эзэн,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129–133
Аврагчийн Цагаатгалын тухай дууллууд.
Эдгээр дууллаас заримыг дуулж, тухайн дууллын хуудасны доод хэсэгт байх холбогдох судруудыг унших нь ангийн гишүүдэд таалагдаж магадгүй. Ангийн зарим гишүүн энэ долоо хоногт гэр бүлээрээ судраас судлахдаа зарим дууллыг сурсан байж болох тул тэднийг туршлагаасаа хуваалцахад урамшуулан дэмж.
-
“Бат бөх суурь,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 6-р хуудас
-
“Where Can I Turn for Peace?” Hymns, 129-р хуудас
-
“Би гайхширна,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 22-р хуудас
-
“Тэр амилсан!” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 55-р хуудас
Христийн амилсны баярын тухай видео бичлэгүүд
Сүм жил бүр Христийн амилсны баярт зориулсан захиасууд гаргаж танилцуулдаг бөгөөд тэдгээрийг mormon.org/easter вэбсайтаас үзэх боломжтой.
Есүс Христ биднийг эрх чөлөөтэй болгодог.
1741 онд Жорж Фредерик Хандел Есүс Христийн тухай Мессиа хэмээх магтуу дууг зохиожээ. Хандел Мессиа-гийн тоглолтоос олох бүх ашгаа өртөнгүүдийн шоронгоос өртэй хүмүүсийг чөлөөлөх төлбөрт хандивлахаар шийдсэн байна. Үүний үр дүнд өрөө төлж чадахгүйн улмаас хоригдсон 140 гаруй хүн эрх чөлөөтэй болжээ. Энэ явдлын талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Есүс Христийн Цагаатгалгүйгээр бид бүхэн яг л өртөнгүүдийн шоронд байсан хүмүүстэй адил ямар ч найдваргүйгээр өрөнд унасан байх байсан. Бид өөрсдөө төлж чадахааргүй тийм их өртэй байсан тул бидний Гэтэлгэгч, Их Эзэн Есүс Христ Өөрийн тавиагүй өрийг төлөхөөр ирсэн билээ” гэсэн байдаг. Энэ явдлыг харуулсан “Ханделын Мессиа: Өртэй хүмүүсийн шорон” видео бичлэгийг LDS.org вэбсайтаас үзнэ үү.