“3-р сарын 11–17. Матай 10–12; Mарк 2; Лук 7; 11: ‘Есүс эдгээр арван хоёрыг явуулсан’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“3-р сарын 11–17. Матай 10–12; Mарк 2; Лук 7; 11,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
3-р сарын 11–17
Матай 10–12; Марк 2; Лук 7; 11
“Есүс эдгээр арван хоёрыг явуулсан”
Матай 10–12; Марк 2; Лук 7; 11-р бүлгийг уншиж байхдаа суралцагчдынхаа талаар бодох нь тэдэнд юу хэрэгтэй байгаа талаар Ариун Сүнснээс өдөөлт хүлээн авахад тань тусална. Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэн, нэмэлт ойлголт болон заах санаануудыг энэ тоймоос унш.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Матай 11:28–30-ийн талаарх өөрт байгаа ямар нэгэн асуултаа хуваалцахаар бэлтгэж ирэхэд ангийн цөөн гишүүнийг урь. (Асуултуудын жишээг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм хэсгээс үзнэ үү.) Тэд ямар хариулт олсон бэ?
Сургаалыг заа
Их Эзэн Өөрийн ажлыг хийх эрх мэдлийг Өөрийнхөө үйлчлэгчдэд өгдөг.
-
Аврагчийн Өөрийн төлөөлөгчдөд өгсөн итгэмжлэл нь бидэнд хувийн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд тусалдаг. Ангийн гишүүд хувиараа судлах үйл явцаар дамжуулан энэ сэдвийн талаар ойлгодог болсон байж магадгүй юм. Тухайлбал Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагад энэ сэдэвт зориулсан үйл ажиллагаа байдаг. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцах юм уу аль эсвэл хичээл дээрээ цөөн хүнтэй бүлгүүдэд хуваарилагдан, уг үйл ажиллагааг хийхэд урь. Ангийн гишүүдийг дуудлагаа хийж байхдаа Аврагчийн хүч чадлыг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахад урь.
-
Ангийн гишүүд Матай 10-ыг судлах өөр нэг арга бол Аврагч төлөөлөгчдөөсөө хийхийг хүссэн ямар нэгэн зүйлийг энэ бүлгээс хайж олоод, тухайн зүйлийг харуулсан зураг зурах явдал юм. Тэд зурсан зургаа болон арван хоёр төлөөлөгчийн итгэмжлэлийн талаар ойлгож авсан зүйлээ хуваалцаж болно.
-
Матай 10-аас Христ Өөрийн төлөөлөгчдөд итгэмжлэл өгснийг судлах нь танай ангийн гишүүдэд орчин цагийн бошиглогч, төлөөлөгчдийн үүргийг ойлгоход хэрхэн туслах вэ? Арван хоёрт Аврагчийн өгсөн итгэмжлэлийг “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа энэ эрин үеийн анхны Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад өгсөн итгэмжлэлтэй харьцуулж үзэх нь ойлгоход тусалж магадгүй. Амьд төлөөлөгчдийн номлол нь ангийн гишүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ? Та амьд бошиглогч, төлөөлөгчдийн тэнгэрлэг дуудлагын талаар гэрчлэлээ хуваалцаад, ангийн гишүүдийг ч бас гэрчлэлээ хуваалцахад урь.
-
Санваартан бүр өөрийн эрх мэдлийн дарааллыг Есүсийн төлөөлөгчдөө томилсон тэр цаг үеэс эхлэн мэдэж авч болдгийг харуулахын тулд нэг санваартанг өөрийнхөө эрх мэдлийн шугамын талаар хуваалцахад урь.
Бид Их Эзэний ажлыг хийж байхад Тэр биднийг хэлэх үгсээр маань урамшуулах болно.
-
Заримдаа хүмүүс сайн мэдээний тухай бусдад заах эсвэл ярихдаа сандардаг. Гэхдээ Их Эзэн шавь нартаа юу хэлэхээ мэдэхэд нь тусална хэмээн амласан. Бид Их Эзэний амласан тусламжийг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Ангийн гишүүдийг Матай 10:19–20; Сургаал ба Гэрээ 84:85; Сургаал ба Гэрээ 100:5–8-ыг уншаад, энэ асуултын хариултыг олж мэдэхэд урь. Танд юу хэлэхээ мэдэхэд Ариун Сүнс хэзээ тусалсан бэ? Та туршлагаасаа хуваалцаад, ангийн гишүүдийг мөн туршлагаасаа хуваалцахад урьж болно.
Хүндэтгэлийн өдөр бол сайныг үйлдэх өдөр юм.
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад туслахын тулд фарисайчууд хатуу дүрэм журам, хүний зохиосон ёс заншлыг хэрэгжүүлдэг байсан нь Хүндэтгэлийн өдрийн жинхэнэ зорилгын талаарх тэдний ойлголтыг эцэст нь булингартуулжээ. Яагаад Их Эзэн бидэнд Хүндэтгэлийн өдрийг өгсөн талаар ярилцах нь зааж буй хүмүүст тань ашиг тустай байх болов уу? Та ангийн гишүүдийг Матай 12:1–13 болон Марк 2:23–28-д байгаа түүхүүдийг уншаад, Аврагч Хүндэтгэлийн өдрийн талаар юу заасныг хуваалцахад урьж болно (мөн Иосеф Смитийн Орчуулга, Марк 2:26–27 [Судруудын удирдамж]-ийг үзнэ үү). Бид Хүндэтгэлийн өдрийн талаар өөр ямар нэмэлт ойлголтыг Гэтэлгэл 31:16–17; Исаиа 58:13–14 болон Сургаал ба Гэрээ 59:9–13-аас олж авдаг вэ? Ямар ёс заншил эсвэл дүрмүүд биднийг Хүндэтгэлийн өдрийн жинхэнэ зорилгоос хазайлгаж болох вэ?
-
Фарисайчууд Хүндэтгэлийн өдрийн талаар олон нарийн дүрэм журам гарган анхаарч байхад Аврагч “Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ” (Матай 12:12) гэсэн энгийн зарчмыг заасан. Энэ зарчмаар амьдардаг хүмүүс Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихдаа бараг асуудалгүй байдаг. Ангийн гишүүдийг Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад өөр ямар ямар зарчим тусалдаг вэ? Сүнслэг бие даасан байдлыг хөгжүүлэхэд зарчим заах нь яагаад дүрэм журам тогтоохоос илүү үр дүнтэй байдаг вэ? (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа бошиглогч Иосеф Смитийн хэлсэн үгийг үзнэ үү). Бид Бурханы зарлигуудыг дагахад туслах өөр бусад зарчмыг мэдэж байна уу? Тухайлбал, мэргэн ухааны үгийг дагах эсвэл гэр бүлийн түүхийн ажил хийхэд нь хүүхдүүдээ урамшуулахад эцэг эхчүүдэд ямар зарчим тус болох вэ?
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ” захиас (Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 122–125) болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэффри Р.Холландын зөвлөгөө бүхий видео бичлэгүүд нь Хүндэтгэлийн өдрийн тухай ярилцахад тус нэмэр болно.
-
Ангийн гишүүд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Хүндэтгэлийн өдөр баримтлах зүйлс” хэсгийг тоймлон харах нь тус болж магадгүй. Яагаад Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахидаг талаар манай шашны бус хэн нэгэнд хэрхэн тайлбарлаж болохыг тэд жүжигчилсэн тоглолтоор харуулж болно.
Биднийг нүглийнхээ өршөөлийг хүлээн авах үед Аврагчийг гэх бидний хайр улам нэмэгддэг.
-
Бид гэм нүглийнхээ өршөөлийг эрэлхийлэхдээ Лук 7:36–50-д гардаг эмэгтэйн үлгэр жишээнээс болон Аврагчийн сургаалаас юу ойлгож авч болох вэ? Наманчлал Есүс Христтэй харилцах харилцааг маань хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? Бид хэн нэгэнд өршөөл эрэлхийлэх гэдгийг ямар утгатай болохыг заахдаа энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг Матай 13 болон Лук 8; 13-р бүлгийг уншаад, сургаалт зүйрлэлийн аль нэгээс олж мэдсэн сайн мэдээний зарчмын ойлголтоо ирэх долоо хоногийн хичээл дээр хуваалцахад уриалж болно.
Нэмэлт эх сурвалж
Матай 10–12; Марк 2; Лук 7; 11
Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахиснаар ирдэг адислалууд.
“Upon My Holy Day—Getting Closer to God,” “Upon My Holy Day—Honoring the Sabbath,” “Upon My Holy Day—Rest and Renewal” гэсэн гурван цуврал видео бичлэгт ахлагч Жэффри Р.Холланд Хүндэтгэлийн өдрийг сахиснаар ирэх адислалын талаар заадаг (LDS.org).
Хожмын үеийн төлөөлөгчдөд өгсөн итгэмжлэл.
Энэ эрин үеийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын анхны гишүүдийн зарим нь дуудагдах үед Оливер Каудери Матай 10-т байгаа Есүс Христийн өгсөнтэй адил итгэмжлэлийг тэдэнд өгчээ. Тэрээр:
“Та нар бүх улс үндэстний бүх төрлийн ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэх хэрэгтэй болно. … Би түүнчлэн хүмүүний зүрх сэтгэлийн бардамналыг мэдэх тул та нарыг туйлын даруу байхыг сануулж байна. Сэрэмжлэгтүн, энэ дэлхийн бялдууч хүмүүс та нарыг хөөргөх вий. Та нарын хүсэл эрмэлзэл дэлхийн зүйлсэд эзэмдүүлэхээс сэрэмжил. Үйлчлэлээ эн тэргүүнд тавь. … Үнэний гэрчлэлийг хуваалцахын тулд та нар өөрсдөө Тэнгэрээс гэрчлэл хүлээн авах нь чухал. …
… Та нар энэ захиасыг өөрсдийгөө мэргэн ухаантай гэж боддог хүмүүстэй хуваалцах болно. Тэр хүмүүс та нарыг хяхан хавчиж, амийг тань авахыг эрэлхийлж магадгүй. Дайсан үргэлжид Бурханы үйлчлэгчдийн амийг авахыг эрэлхийлсээр байдаг билээ. Бурхан өөрийнхөө үйл хэргийг урагшлуулж, тохиолгон авчрахын тулд золиослол шаардах үед амь насаа золиослоход ч ямагт бэлэн бай. …
Дараа нь тэрээр хүн нэг бүрийн гарыг атгаж, ‘Та хүлээн авсан хариуцлагынхаа учир утга, зорилгын дагуу эдгээр ах нарын хамт бүх хичээл зүтгэлээрээ сайн мэдээг тунхаглахаар энэ үйлчлэлд бүх зүрх сэтгэлээрээ оролцох уу?’ хэмээн асуухад хүн бүр зөвшөөрсөн хариулт өгсөн” гэж хэлжээ (Joseph Smith Papers, Баримт бичгүүд, Боть 4: 1834 оны 4-р сар–1835 оны 9-р сар, хянасан Mэттью К.Годфри болон бусад [2016], 243–244, 247; зөв бичгийн дүрэм болон цэг тэмдгийн дүрмээр шинэчлэгдсэн).
Зөв зарчмуудыг заах.
Нэгэн хүн бошиглогч Иосеф Смитээс хэрхэн тэр олон хүнийг Наувуд захирч чадсаныг нь асуужээ. Бошиглогч Иосеф Смит “Би тэдэнд зөв зарчмуудыг заадаг. Харин тэд өөрсдийгөө захирдаг” гэж тайлбарлажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 321-ийг үзнэ үү).