Адислалуудын тухай тунгаан бод
Тэнгэрлэг Эцэг маань бидний хэрэгцээг мэднэ, түүнээс тусламж хүссэн цагт Тэр тусалдаг
Хайрт ах, эгч нараа, 1963 оны 10-р сарын 4-нд би Арванхоёр Төлөөлөгчийн Чуулганы гишүүнээр дэмжигдсэнээс хойш 49 жил өнгөрч. Энэ бол урт хугацаа. Гэсэн хэдий ч Табернeклын индэр дээр зогсон анхны яриагаа өгснөөс хойш нэг их удаагүй юм шиг бас надад санагдаад байна.
1963 оны 10-р сарын 4-өөс хойш их ч зүйл өөрчлөгдөж. Дэлхийн түүхэн дэх их өвөрмөц цаг хугацаанд бид амьдарч байна. Бид ихээр адислагджээ. Гэвч заримдаа эргэн тойронд маань байгаа асуудал, нүглийг хүлцэнгүйгээр тэвчиж байгааг хараад сэтгэлээр унахгүй байхын аргагүй. Болох бүтэхгүй дээр анхаарлаа төвлөрүүлж байснаас, ганцхан алхам ухарч, бага мэт санагддаг, тэр болгон анзаарагдаад байдаггүй амьдралдаа хүлээн авсан адислалуудаа тоолоход бид илүү их аз жаргалтай болдгийг би анзаарсан юм.
Би сүүлийн 49 жилийг судлан нилээн хэдэн нээлт хийлээ. Нэгийг нь дурдвал, надад тохиолдож байсан тоо томшгүй олон зүйлээс өнгөцхөн харахад ганц нь ч ер бусын байгаагүй юм шиг. Харин ч бүр эсрэгээрээ яг тохиолдож байх үедээ тэдгээр нь ихэнхдээ жирийн, заримдаа бүр хэт энгийн мэт санагдаж байсан байх юм. Гэсэн хэдий ч, эргээд харахад тэдгээр нь хүмүүсийн амьдралыг сайжруулж мөн адисалсан байдаг-тэр дундаа миний ч амьдралыг адислажээ. Та бүгд бас миний хийснийг хийгээд үзээсэй гэж би хүсч байна. Та бүгд амьдарлаа эргэн харж, хүлээн авч байсан том, жижиг адислалуудаа хэрэг болгон санах гээд үз дээ.
Өнгөрүүлсэн амьдралаа эргэн харах явцад залбирлын хариу ирдэг гэдэг мэдлэг маань дахин дахин нотлогдож байсан юм. Мормоны номны 2 Нифайд гардаг: “баясгалантай байж болохын тулд хүмүүн байх бөлгөө”1 гэх үнэнийг бид бүгд мэднэ. Залбирлаараа бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ харьцаж болдог, Тэр бидний залбирлыг сонсож мөн хариулдаг гэдгийг мэдэх цагт энэ баяр баясгалан ирдэг гэдгийг би гэрчилж байна. Залбирлын хариунууд маань яг одоо ч юмуу эсвэл яг хүссэн үед маань ирэхгүй байж магад, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт заавал ирнэ биднийг төгс хайрлаж, жаргалтай байхыг хүсдэг Тэнгэрлэг Эцэг хариултыг маань өгөх л болно. “Чи даруу бай; тэгвэл чиний Бурхан Их Эзэн чамайг гараас чинь хөтөлж мөн залбирлуудад чинь чамд хариу өгөх болно”2гэж Тэр амласан шүү дээ.
Надад олдсон цагийг ашиглан би та нартай залбирлууд хариулагдаж байсан талаар хэдхэн туршлага хуваалцаж, эргээд харахад тэдгээр нь намайг болон бусдын амьдралыг хэрхэн адислаж байсан талаар ярихаар шийдээд байна. Харин ингэхийн тулд өнгөрсөн он жилүүдийн турш өдөр болгон хөтөлж байсан өдрийн тэмдэглэлээсээ мартсан байсан зарим нэг мэдээллүүдийг олж авлаа.
1965 оны эхээр намайг Өмнөд Номхон Далайн бүс нутгийн гадасны чуулганууд болон бусад цуглаануудыг удирдуулахаар томилсон юм. Би дэлхийн тэр хэсэгт анх удаагаа л очиж байсан бөгөөд тэр үеийг хэзээ ч мартдаггүй. Тэрхүү томилолтын хугацаанд удирдагч, гишүүд, номлогч нартай уулзаж байхад ихэнх сүнслэг туршлагууд маань тохиож билээ.
Бямба, Ням гарагууд болох 2-р сарын 20, 21-нд бид Австралийн Бризбен хотод Бризбен Гадасны Чуулганыг хийхээр очоод байлаа. Бямба гарагийн цуглаан дээр би нэгэн Дүүргийн Ерөнхийлөгчтэй танилцав. Түүнтэй гар барих агшинд, түүнтэй ярилцаж, зөвлөгөө өгөх ёстой юм байна гэсэн хүчтэй мэдрэмж надад төрөв. Түүнтэй уулзахын тулд би түүнд маргааш өглөөний цуглаанд надтай нэгдэхийг санал болгосон юм.
Ням гарагийн цуглаан дуусахад бид хоёрт сууж ярилцах боломж олдлоо. Дүүргийн Ерөнхийлөгчийн олон хариуцлагынх нь талаар нилээн ярилцлаа. Тэгж байтал надад номлолын ажил, тэр дундаа тэр удирдагч, гишүүдтэйгээ хамтран өөрсдийн нутагт үйлчилж байгаа номлогч нартаа хэрхэн тусалж болох талаар тодорхой хэдэн зөвлөмж өгөх ёстой юм шиг санагдаад явчихав. Тэр ерөнхийлөгч яг энэ тал дээр яах ёстойгоо мэдэхийн тулд залбирч байсныг би хожим нь мэдсэн юм. Надтай ярилцах завшаан нь түүний залбирлын хариу байсан гэдэг онцгой гэрчлэлийг тэрээр олж авчээ. Өнгөцхөн харахад тэр уулзалт жирийн л нэг уулзалт байсан боловч, уг хэрэгтээ тэр уулзалт тэр дүүргийн ерөнхийлөгч, түүний ажил болон гишүүдэд туслахуйц, номлогч нарт нь амжилт авчирахуйц Сүнсээр удирдуулсан нэгэн байсан гэдэгт би огт эргэлздэггүй.
Ах эгч нараа, бид Сүнсний удирдамжийг дуулгавартай дагасан цагт Их Эзэний зорилгууд биелж байдаг. Бидэнд ирсэн мэдрэмж, өдөөлтүүдийг дагах тусам Их Эзэн бидэнд итгэж өөрийн ажлаа даатган өгөх болно.
Ирсэн өдөөлтийг хойш нь тавилгүй дагах ёстойг сурсан талаараа би өмнө өгсөн ярианууд дээрээ хэлж байсан. Нилээн хэдэн жилийн өмнө, хуучин Дезерет спорт цогцолборын усан санд сэлж байхад их сургуулийн эмнэлэгт хэвтэж байгаа, ясны хавдрыг нь авах хагалгааны дараа хөл нь мэдээгүй болсон сайн найз дээрээ очих ёстой юм байна гэсэн мэдрэмж надад төрсөн юм. Тэр даруй би уснаас гарч, хувцасаа өмсөөд, найз руугаа яаран гарлаа.
Өрөөнд нь ороход, тэр өрөөндөө байсангүй. Асууж сураглаж байж, найз маань физик эмчилгээнд ашигладаг эмнэлгийн усан санд байгаа гэдгийг олж мэдэв. Тэр үнэхээр тэнд байлаа. Тэрээр тэргэнцэр дээр суун усан санд очоод, тэнд ганцаарханаа байхад нь би түүнийг олсон юм. Тэрээр усан сангийн нөгөө талд, гүн устай хэсгийн дэргэд очсон байв. Түүнийг дуудахад тэр надтай гар барих гэж тэргэнцэрээрээ хажууд минь ирсэн. Бид олон янзын юм ярьж цагаа сайхан өнгөрөөсний эцэст би түүнийг өрөөнд нь аваачаад, адислал өгч билээ.
Хожим найз минь надад тэр өдөр маш их сэтгэлээр унасан байсан бөгөөд амиа хорлохоор шийдээд байснаа ярьсан юм. Зовлонгоос ангижрахыг хүсэн залбирсан боловч, хариу нь ирэхгүй юм шиг түүнд санагджээ. Усан санд очиж тэргэнцэртэйгээ хамгийн гүн хэсэг рүү орж зовлонгоосоо нэг мөсөн салахаар шийдээд тийшээ явсан байна. Яг тэр эгзэгтэй мөчид би тэнд очсон нь дээрээс ирсэн өдөөлт байсан гэдэгт би огт эргэлздэггүй.
Найз маань олон жилийн турш аз жаргал, баяр талархалаар дүүрэн амьд явсан юм. Тэр нэгэн өдөр усан санд Их Эзэний мутар дахь зэмсэг болж чадсандаа би хичнээн сэтгэл хангалуун явдаг гээч.
Өөр нэг болсон явдлыг дурдая. Нэг өдөр Монсон эгч бид хоёр найзынхаасаа гараад гэр рүүгээ явж байтал, нилээн хол, өөр хотод амьдардаг, урьд нь манай тойрогт явж байсан нэгэн настай эгч дээр оч гэсэн мэдрэмж надад төрсөн юм. Түүнийг Зелла Томас гэдэг байсан. Тэр үед тэрээр өндөр настангуудыг асрах төвд амьдарч байсан юм. Тэр үдэш түүн дээр ороход тэрээр орон дээрээ их сульдсан шинжтэй гэхдээ тайван хэвтэж байв.
Зелла сохроод удаж байсан боловч биднийг дуугаар минь шууд таньж билээ. Намайг түүнийг адислахыг хүсэж, Их Эзэн түүнийг аваачихыг хүсэж байвал үхэхэд бэлэн байгаагаа нэмж хэлсэн юм. Тэр өрөөнд гайхалтай сайхан, амар амгалан мэдрэгдэж, бид бүгдээрээ түүнийг энд удахгүй гэдгийг мэдэцгээсэн юм. Зелла гарыг маань атган байж намайг түүн дээр ирж адислаасай гэж чин сэтгэлээсээ гуйж байснаа хэлж билээ. Тэнгэрлэг Эцэгээс шууд удирдамж аван түүн дээр ирснээ хэлээд духан дээр нь үнсэхдээ түүнтэй энэ дэлхийд дахин уулзахгүй гэдгээ мэдэрсэн юм. Үнэхээр дараагийн өдөр нь тэр нас барж билээ. Сайхан сэтгэлт Зелладаа тайтгарал болон амар амгаланг мэдрүүлсэнээр түүнд болон өөртөө адислал авчирсан юм.
Бусдын амьдралд адислал болох боломж ихэнхдээ санаандгүй байхад ирдэг. 1983–84 оны нэг их хүйтэн хагас сайны орой Монсон эгч бид хоёр Ютагийн Мидвэй-ийн уулархаг нутагт очихоор гарсан юм. Бид тэнд нэг байшинтай бөгөөд тэр орой гадаа хасах 31 хэмийн хүйтэн байсан учир байшингаа шалгахаар явцгааж байгаа нь тэр юм. Тэнд очоод бүх юм хэвийн байсан тул тэр оройдоо буцаж Солт Лейк орохоор шийдэж билээ. Хурдны зам дээр гараад удаагүй байтал машин маань унтраад зогсчихлоо. Их хэцүү байсан шүү. Би тэр үед даарсан шиг урьд өмнө нь хэзээ ч тэгтлээ их даарч байгаагүй юм шиг санагдсан.
Хажуугаар машинууд сүнгэнэнэ. Дуртай дургүй бид хоёр ойролцоох хот руу алхаж эхлэв. Аз болоход бидний хажууд нэг машин зогсож дотор нь сууж явсан залуу бид хоёрт туслахаар болов. Эцэст нь бид машины маань дизель шатахуун хүйтнээс болж өтгөрсөн учир цааш машинаараа явах ямар ч аргагүйг олж мэдсэн. Сайхан сэтгэлт нөгөөх залуу бид хоёрыг Мидвэйд дахь байшинд минь хүргэж өгч билээ. Би түүнд төвөг удсан учир хэдэн төгрөг өгөх гэсэн боловч тэр авсангүй. Тэр өөрийгөө скаут учир аливаа сайн зүйл хийх ёстой гэж байв. Тэгэхэд нь би түүнд өөрийгөө танилцуулж, тэр бидэнд үйлчилсэндээ баяртай байгаагаа хэлсэн юм. Миний бодсоноор тэр номлолд явах насных байсан тул би түүнээс ийм төлөвлгөөтэй байгаа эсэхийг асуулаа. Тэр яг яах ёстойгоо арай шийдэж амжаагүй байна гэж хариулсан юм.
Дараагийн нэг дэхь өдөр нь би тэр залууд захиа бичиж, гаргасан сайхан сэтгэлд нь талархаснаа дахин илэрхийлсэн юм. Тэр захиандаа би түүнийг бүрэн цагийн номлогч болохыг урьж урмын хэдэн үг бичиж билээ. Номлолын ажлын талаар гардаг бүлгүүдийг нь тэмдэглэсэн өөрийн номноос нэгийг бас түүнд явуулав.
Ойролцоогоор долоо хоног өнгөрсний дараа тэр залуугийн ээж нь над руу залгасан юм. Тэрээр хүүгээ маш сайн хүн болохыг хэлээд хүүгийнх нь амьдралд тохиолдсон хэдэн зүйлээс болоод түүний номлолд үйлчлэх хүсэл нь буурсан талаар ярилаа. Түүний зүрх сэтгэлийг өөрчлөхийг хүсэн нөхөртэйгээ нийлэн мацаг барин залбирснаа ч тэр хэлэв. Тэд түүний нэрийг Юта мужийн Прово хотын Ариун Сүмийн залбирлын хайрцагт бас хийсэн байна. Хэзээ нэгэн цагт, ямар нэгэн зүйл түүний зүрхийг зөөлрүүлж, номлолд явж Их Эзэндээ үйлчлэх хүсэл түүнд эргэн төрөх байх гэж тэр хоёр найдаж байжээ. Тэр нэгэн хүйтэн үдэш тохиолдсон явдал тэдний залбирлынх нь хариу байж гэдгийг тэр эх надад хэлсэн юм. Би санал нэг байсаан.
Хэдэн сарын дараа, бас хэдэн захиа солилцсоны эцэст тэр залууг Канадын Ванкувер Номлолд гаргаж өгөхдөө Монсон эгч бид хоёр туйлын их баяртай байж билээ.
Тэрхүү хүйтэн тачигнасан 12 сарын үдэш бид таарсан нь тохиолдлын хэрэг үү? Үгүй гэж би баттай хэлнэ. Бүр эсрэгээрээ, бид таарсан нь эцэг эх хоёрынх нь хүүгээ гэсэн чин сэтгэлийн залбирлын хариу байсан гэдэгт би итгэдэг.
Дахин хэлэхэд ах эгч нараа, Тэнгэрлэг Эцэг маань бидний хэрэгцээг мэднэ, түүнээс тусламж хүссэн цагт Тэр тусалдаг. Биднийг зовоож буй зүйлс Түүний хувьд хэзээ ч үл ялих, чухал биш байдаггүй. Бидний амьдралын мөч бүхэнд Их Эзэн минь байдаг.
Хэдэн зуун хүнд нөлөөлсөн саяхан болсон нэгэн явдлыг хуваалцсанаар би яриагаа төгсгөе гэж бодлоо. Тавхан сарын өмнө Канзас хотын Ариун Сүмийн нээлтийг тэмдэглэж байхад болсон явдал л даа. Бидний амьдралд өдөр тутам болоод л өнгөрдөг явдлууд шиг тэр үед бүх зүйл болдгоороо болоод л өнгөрсөн юм шиг санагдаж билээ. Харин хожим нь Ариун Сүмийг онцгойлон адислахыг тэмдэглэн урд өдөр нь болдог урлагийн үзүүлбэр нь тийм ч ердийн нөхцөл байдалд болчихоогүй юм байна гэдгийг би олж мэдсэн юм. Их гайхалтай юм болсон байна лээ.
Ариун Сүмийн нээлтэнд зориулан бэлддэг урлагийн тоглолтыг Канзас хотын Ариун Сүмийн Дүүргийн залуус өөр өөрсдийн салбартаа бэлдэцгээжээ. Хэн, хэзээ, хаанаас гарч ирэх, хаана зогсох, хоорондох зай нь ямар байх, тоглолтын дараа хаашаа гарах зэрэг маш олон зүйлийг туршиж үзэх төлөвлөгөөтэй хагас сайны өглөө хотын захиргааны байранд түрээсэлсэн том өрөөнд бүгдээрээ цугларсан байна. Оройноос өмнө тус тусдаа бэлдсэн хэсгүүдийг нэгэн цогц, мэргэжлийн түвшинд хийгдсэн үзүүлбэр болгохын тулд маш олон нарийн деталийг тэд сурах ёстой байжээ.
Гэтэл нэгэн том асуудал гарав. Тэдний бэлдсэн үзүүлбэр Жамботрон хэмээн нэрлэгддэг томоос том дэлгэцэн дээр гаргах урьдчилан бичсэн видео хөтөлбөрийн дагуу явах ёстой байж л дээ. Тэдгээр бичсэн хэсгүүд нь үзүүлбэр амжилттай болоход амин чухал байсан байна. Тэдгээр нь бүх үзүүлбэрийг хооронд нь уялдуулж өгөхөөс гадна, дараагийн үйлдлийг ч тайлбарлах зорилготой байж. Тэр видео бичлэгүүд тэдний бэлдсэн хөтөлбөрийн үндсэн хэсэг нь байсан юм. Гэтэл Жамботрон нь ажиллахаа больчихож.
Асуудлыг шийдэх гэж техникийн ажилтнууд хичээж байх хооронд бэлтгэл хийх үнэт цаг нь алдагдаж байсан хэдий ч хэдэн зуун залуус тэвчээртэй хүлээцгээж байжээ.
Тэрхүү хөтөлбөрийг зохиож, удирдан явуулсан Сьюзан Күүпэр хожим, “Бид А төлөвлөгөөнөөсөө Я-г хүртэл үзээд болохгүй л байсан... Тэгээд бид өөрсдөө юу ч хийж чадахгүйгээ мэдэцгээсэн, гэвч хамгийн агуу хүч болох 3000 залуус тэр доор биднийг хүлээж байсан юм. Бид доошоо буун, тэдэн дээр очиж юу болсныг тайлбарлан, тэдний итгэлд нь найдахаас өөр арга олдоогүй юм”3гэж дурсаж билээ.
Үзэгчид орж ирэхээс цагийн өмнө тэр 3000 залуус хатуу шалан дээр өвдөг сөхрөн хамтдаа залбирчээ. Жамботроныг засах гэж оролдож байгаа тэд нарт юу хийхийг нь хэлж өгөөч гэж тэд гуйсан байна; тэд бас цаг байгаагүй учраас тэдний хийж чадаагүй бүхэнд нь туслахыг Тэнгэрлэг Эцэгээсээ гуйцгаажээ.
Үүний талаар бичсэн нэгэн, “Тэр бол залуусын хэзээ ч мартахгүй залбирал байсан юм. Хатуу шалан дээр өвдөглөснөөс болж мэдэрсэн өвчнөө биш харин тэр үед мэдэрсэн маш хүчтэй Сүнсийг тэд мартаж чадахгүй”4 гэж хэлсэн юм.
Удаагүй байтал нэг техникч ирэн асуудлыг олж, Жамботроныг заслаа гэж тэдэнд хэлсэн байна. Тэр сохор азаар асуудлыг шийдлээ гэсэн боловч залуус яг юу болсныг илүү мэдэж байсан юм.
Бид хотын захиргааны байранд тэр үдэш очихдоо өдөр нь тэдэнд тулгарсан асуудлын талаар юу ч мэдээгүй байсан. Хэзээ хойно тэр талаар мэдсэн юм. Харин бидний үзсэн тэр хөтөлбөр миний мэдэхийн хамгийн гайхалтай, мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн хөтөлбөр байсан. Залуусаас гарч буй агуу болон хүчтэй сүнсийг тэнд очсон хүн бүр мэдэрсэн билээ. Тэд хаанаас гарч ирэх, хаана зогсох, бусадтайгаа хэрхэн хамтран ажиллахаа сайн мэдэцгээж байх шиг харагдсан. Тэдэнд бараг бэлтгэл хийх цаг байгаагүй, мөн үзүүлбэрийн ихэнх хэсгийг хамтдаа бэлдээгүй байсныг дуулаад миний гайхсаныг яанаа. Хэн ч бэлтгэл муутай байсныг нь анзаараагүй. Их Эзэн үнэхээр тэдэнд тусалжээ.
Их Эзэн өөрийн хаант улсынхаа бүх л хэсгийг захиран зохицуулж байгаа хирнээ ганц хүнд - ганц үзүүлбэр хийж, ганц Жамботрон засах-ганцхан хувь хүнд чиглэсэн өдөөлтийг өгдөгийг хараад би гайхахгүй байж үл чадна. Тэр ингэж чаддаг мөн хийдэг гэдэг нь надад гэрчлэл болдог юм.
Ах эгч нараа, Их Эзэн бид бүхний амьдралд байгаа. Тэр бидэнд хайртай. Биднийг адислахыг тэр хүсдэг. Тусламж хүсэн Түүнд хандаасай гэж Тэр хүсдэг. Тэр биднийг удирдан чиглүүлдэг. Бидний залбирлыг сонсож мөн хариулахад нь, бид Түүний бидэнд өгөхийг хүсэж буй тэрхүү аз жаргалыг олж авдаг юм. Бид Түүнээс ирдэг адислал болгоныг таньж, харж чаддаг байгаасай хэмээн би бидний Аврагч Есүс Христийн нэрээр залбирч байна, Амен.