Харуусал ба шийдвэрүүдийн талаар
Аз жаргал, ариун зүйлсийг олж авахын төлөө бид өөрсдийгөө хэдий чинээ дайчлана төдий чинээ хожим харамсах шалтгаан маань багасна.
Харууслын талаар
Ерөнхийлөгч Монсон бид танд хайртай. Шинэ ариун сүмүүдийг барих болон номлогчийн үйлчлэлийн талаар илчлэгдсэн мөн түүхэн мэдэгдлийг өгсөнд тань баярлалаа. Үүгээр дамжуулан бидэнд мөн ирээдүйн олон үе удамд аугаа их адислалууд ирэх болно.
Ах, эгч, хүндэт найз нараа! Бид бүгдээрээ мөнх бус. Энэ нь хэний ч гайхалыг төрүүлэхгүй байх гэж би найдаж байна.
Бид дэлхий дээр нэг их удаан амьдрахгүй. Дэлхий дээр бид үнэт хэдэн жилийг өнгөрөөдөг ч, мөнх амьдралтай харьцуулахад энэ нь нүд ирмэх шиг л богинохон.
Тэгээд бид энэ амьдралаас хагацан оддог. Бидний сүнс “[өөрсдөд нь] амьдралыг өгсөн Бурханд, гэртээ аваачигддаг.” 1 Бид махбодоо орхин, энэ дэлхийн эд юмсаа ардаа үлдээж амьдралынхаа дараагийн орчинд шилжин ордог билээ.
Залуу байхдаа бид мөнх амьдрах юм шиг л боддог. Бидэнд бидний амьдралын өдрүүд хязгааргүй юм шиг, ирээдүй маань дуусашгүй үргэлжлэх зам шиг санагддаг.
Харин нас ахих тусам, бид өнгөрсөн үеэ эргэн дурсаж, тэрхүү зам ямар богинохон байсныг мөн тэр жилүүд ямар хурдан өнгөрсөнийг гайхдаг. Тэгээд бид гаргасан сонголтуудаа, хийсэн зүйлсээ тунгаан бодож эхэлдэг. Энэхүү явцад бидний санаа сэтгэлд дулааныг, зүрхэнд баяр баясгаланг өгсөн мөчүүдийг дурсан санадаг. Бид бас харамсаж явдаг эргэж очоод өөрчилчих юмсан гэсэн тэдгээр зүйлээ эргэн санадаг билээ.
Эдгэршгүй өвчтэй хүмүүсийг асардаг нэгэн сувилагч энэ амьдралаас одох гэж буй өвчтөнүүдээсээ нэгэн энгийн асуултыг асуудаг байжээ.
Тэрээр “Танд харамсдаг зүйлс бий юу?” хэмээн асууна.2
Мөнх бусын эцсийн өдөрт тулан очиход бодол санаа маань тодорхой болж, ухаарал мөн алсын хараа нээгдэнэ. Тэдгээр хүмүүсээс харамсаж явдаг зүйлсийнх нь талаар асуухад тэд зүрх сэтгэлээ нээцгээжээ. Цаг хугацааг эргүүлж чаддагсан бол тэд юуг өөрчлөх байсан талаараа бодож эхэлсэн байна.
Тэдний хэлснийг бодох тоолонд, дагах л юм бол Есүс Христийн сургаалын үндсэн зарчмууд үнэхээр бидний амьдралыг сайн сайхан руу хөтлөх юм байна гэдэг нь улам тодорхой болж байсан юм.
Сургаалын зарчмуудад учир битүүлэг зүйлс нэгээхэн ч байхгүй. Бид тэдгээрийг судраас суралцаж, Ням гарагийн хичээл дээр бие биетэйгээ ярилцаж, өгч байгаа яриануудаас олон удаа сонсож байсан. Энэхүү тэнгэрлэг зарчим болон жишгүүд нь энгийн бөгөөд ойлгомжтой; тэд гайхалтай, төгс, мөн агуу хүчтэй; бас бидэнд ирээдүйд харамсах зүйлс хийхгүй байхад тусалдаг.
Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөх минь яав даа
Хоногоо хүлээж буй өвчтөнүүд хайртай хүмүүстэйгээ илүү их цаг өнгрөөгөөгүйдээ харамсаж байсан нь нийтлэг байсан юм.
“Амьдралынхаа хамаг цагийг [өдөр тутмын] ажил дээрээ өнгөрүүлсэндээ маш их харамсдаг”3 гэх үгсийг дэлхий нийтээрээ, тэр дотроо эрчүүд илүү ихээр хэлдэг юм. Маш олон хүн гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хамт байсан сайхан дурсамжуудыг бүтээх боломжоо алдсан байдаг. Өөрсөддөө хамгийн чухал тэдгээр хүмүүстэйгээ гүн гүнзгий холбоог байгуулж чадаагүй байдаг юм.
Бид ихэвчлэн маш завгүй байдаг нь үнэн биз дээ? Тэр ч бүү хэл бид завгүй байдлаа хүндэтгэлийн хэргэм мэт зүүж, завгүй байх нь амжилт, илүү сайхан амьдралын бэлэг тэмдэг хэмээн үздэг нь үнэхээр харамсмаар.
Энэ тийм гэж үү?
Бидний Их Эзэн мөн Жишээ Үзүүлэгч Есүс Христ, Түүний Иерусалим болон Галилын хүмүүсийн дунд өнгөрүүлсэн богинохон амьдралынх нь талаар би боддог юм. Би Түүнийг хурлаас хурал руу гүйж байгаагаар эсвэл яаралтай зүйлүүдээ амжуулах гэж сандарч байгаагаар төсөөлөх гэж оролддог.
Ёстой болдоггүй юм.
Харин би нигүүлсэнгүй, энэрэнгүй Бурханы Хүү өдөр болгон зорилготойгоор амьдарч буйг хардаг. Тэрээр эргэн тойрныхоо хүмүүстэй харьцахад, тэд чухал, хайрлагддаг болохоо мэдэрдэг байсан юм. Тэр уулзсан хүн болгоныхоо хязгааргүй үнэ цэнийг мэддэг байсан. Тэр тэднийг адислаж, тэдэнд тохинуулж байлаа. Тэр тэднийг өргөж мөн эдгээж байсан. Өөрийн цаг заваа тэдэнд нандин бэлэг болгон барьсан юм.
Өнөө үед бусадтай хамт байгаа мэт дүр эсгэх нь хялбархан болж. Компьютерийн товчлуурын хэдхэн даралтаар бид хэдэн мянган “найз” нартайгаа нэгнийх нь ч царайг харалгүйгээр “холбогдох” нь олонтоо. Технологи нь гайхалтай зүйл байж болно. Хайртай хүмүүсийнхээ ойр байх боломжгүй үед их тус болдог. Эхнэр бид хоёр хайрт гэр бүлээсээ хол амьдардаг. Тийм болохоор энэ нь ямар байдгийг мэднэ. Гэхдээ интернет дээр инээдтэй сонирхолтой зураг тавьж, ямар ч ач холбогдолгүй зүйлс бие бие рүүгээ илгээж эсвэл тэдэнд өөр интернетийн сайт санал болгосноор гэр бүл, найз нөхөдтэйгээ холбогдочихлоо гэж үздэг болж байгаа нь бид буруу хөгжөөд байна уу даа гэсэн бодлыг төруулнэ. Хааяа нэг ингэх хэрэг гарах л байх, гэхдээ бид үүнд хэр их цаг хугацаа зарцуулаад байна аа? Бидэнд үнэхээр чухал хүмүүстээ цаг гаргаж, тэдэнтэйгээ хамт байхын тулд хичээхгүй юм бол хожим нэг өдөр харамсах болно шүү дээ.
Бүгдээрээ хайртай хүмүүстэйгээ хамтдаа байж, өгөөжтэй цагийг тэдэнтэй өнгөрөөж, үнэт дурсамжуудыг бий болгох арга олцгооё.
Өөрийн чадвараа бүрэн дайчлах маань ч яав даа
Хүмүүс бас хүсэж байсан шигээ эсвэл болох ёстой байсан шигээ хүн болж чадаагүйдээ харамсдаг байна. Тэд амьдралаа эргэн харахад өөрсдийн чадвараа бүрэн дайчлаагүй, хийж болох байсан олон зүйлийг хийгээгүй байснаа ухаардаг.
Өөрсдийнхөө мэргэжилд амжилт гаргах талаар би энд яриагүй байна. Энэ амжилт нь хичнээн агуу байсан ч биднийг хүлээж буй тэрхүү агуу мөнхийн аянд ганцхан алхам төдий л юм.
Харин би Бурханы хүсэж байгаа шиг тийм хүн болох талаар ярьж байна.
Нэгэн яруу найрагч бид энэ дэлхийд өмнөх амьдралаас “алдар суун үүлийг мөшгөн”4 ирсэн хэмээн хэлсэн.
Тэнгэрлэг Эцэг маань бидний жинхэнэ чадавхийг мэднэ. Тэр бидний өөрсдийнхөө тухай мэдэхгүй тэр зүйлүүдийг мэддэг. Тэр биднийг энд амьдрах хугацаандаа бүтээгдсэн зорилгоо биелүүлж, сайн сайхан амьдралаар амьдарсаар, Түүний дэргэд эргэж очихыг сануулж байдаг.
Тэгтэл бид яагаад агшин зуурын, чухал биш, өнгөцхөн зүйлст хамаг цаг зав, хүч чадлаа үрээд байдаг юм бэ? Ач холбогдолгүй, түр зуурын зүйлсийн араас хөөцөлдөхөө яагаад болихгүй байна вэ?
“Тэнгэрт эд баялгийг [өөрсөддөө] хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч ч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй”?5гэдэг үгсийг дагах нь дээр биш гэж үү?
Үүнийг бид яаж хийх вэ? Аврагчийн жишээг дагаж, Түүний заасан зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж, Бурхан мөн бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж байж үүнийг хийж чадна.
Бурханы шавь болох замдаа хөлөө зөөж ядан, байн байн цаг руугаа хяламхийн, алхам тутамдаа гомдоллосноор үүнийг лав хийж чадахгүй.
Сургаалаар амьдрахдаа бид усанд хөлийнхөө хурууг дүрчихээд сэлээд ирлээ гэж хэлдэг хөвгүүн мэт байж болохгүй. Бид Бурханы охид хөвгүүд учир илүү их зүйлийг хийх чадвартай. Гэхдээ хийхийг хүслээ гээд л энэ бүгд биелэчихгүй. Бид ямар нэгэн зүйл хийх ёстой. Бид бүр Тэнгэрлэг Эцэгийн хүсэж байгаа шиг тийм хүмүүс болох ёстой.
Сургаалын талаарх гэрчлэлээ тунхаглах нь сайн хэрэг гэхдээ амьдрал маань дахин сэргээгдсэн сургаалын жишиг болж байвал бүүр ч сайн. Өөрсдийнхөө хийсэн гэрээнд үнэнч байхыг хүсэх нь сайн хэрэг. Гэхдээ, ариун гэрээндээ үнэнч байж, зөв зохистой амьдралаар амьдарч, аравны нэгээ төлж, бусад өргөлөө өргөж, Мэргэн Ухааны үгсийг сахьж, хэрэгцээтэй тэдэнд үйлчилж байвал бүүр сайн. Гэр бүлийн залбирал, судраас суралцах, гэр бүлээрээ эрүүл таатай үйлд оролцоход илүү их цаг гаргана хэмээн зарлах нь сайн хэрэг гэхдээ эдгээрийг тууштайгаар хийсэн цагт л бидний амьдралд тэнгэрлэг адислалууд ирнэ.
Бурханы шавь байна гэдэг нь аз жаргал, ариун зүйлсийг эрмэлзэхийг хэлдэг. Энэ нь биднийг хамгийн сайн, аз жаргалтай болгох зам юм.
Бүгдээрээ Аврагчийг дагаж, анхнаасаа ямар болохоор төлөвлөгдсөн байсан яг тийм хүн болохын төлөө хамгаа зориулах шийдвэрийг гаргацгаая. Бүгдээрээ Ариун Сүнсний өдөөлтийг сонсож, дуулгавартай дагацгаая. Ингэх юм бол бидэнд байгаа гэж зүүдлээ ч үгүй тэдгээр зан чанаруудыг Тэнгэрлэг Эцэг маань бидэнд нээж өгнө. Тэрээр бидний өмнөх замыг гэрэлтүүлж, нууцлаг, бидэнд байгаа ч гэж таамаглахгүй байгаа тэдгээр авьяас чадваруудыг олж харах нүд өгөх болно.
Аз жаргал, ариун зүйлсийг олж авахын төлөө бид өөрсдийгөө хэдий чинээ дайчлана төдий чинээ хожим харамсах шалтгаан маань багасна. Аврагчийн ивээлд хэдий чинээ найдна төдий чинээ Тэнгэр дэх Эцэгийн хүсэж буй тэрхүү зам дээр байгаагаа бид мэдрэх болно.
Илүү аз жаргалтай байх минь яав даа
Удахгүй үхнэ гэдгээ мэдэж буй хүмүүсийн харамсдаг өөр нэгэн зүйлийг хэлэхэд та бүхэн гайхах байх. Тэд өөрсдийгөө илүү их аз жаргалтай байлгасан ч болоосой гэж хүсдэг юм.
Гэр бүлийн сайн сайхан байдал, хангалттай орлого, асуудлын маань төгсгөл нэг үгээр хэлэхэд биднийг аз жаргалтай болгох бүхэн энүүхэнд, булан тойроод л байгаа юм шиг санасаар хамаг амьдралаа өнгөрүүлдэг.
Гэвч нас ахих тусам өнгөрсөн үеэ эргэн харж, гаднах нөхцөл байдлууд тийм ч чухал бус, бидний жаргах, эсэхэд огт нөлөөлдөггүй юм байна гэдгийг ухаардаг.
Харинбид нарбол чухал. Бид өөрсдөө л жаргах үгүйгээ шийдэцгээнэ.
Эцсийн эцэст бид нар л өөрсдийнхөө аз жаргалын эзэд шүү дээ.
Миний эхнэр Хэрриет бид хоёр дугуй унах их дуртай. Байгалийн гоо сайхныг бишрэн гадуур явах сайхан байдаг. Бидэнд дагах дуртай зам байдаг ч бид хэр их хол явж байгаагаа эсвэл бусдаас хэр их хурдалж байгаагаа нэг их анзаараад байдаггүй.
Гэсэн ч бид илүү өрсөлдөөнч байх ёстой юм шиг санагдах үе надад гардаг. Өөрсдийгөө жаахан л дайчилчихвал бид арай хурдан болж нэгэн шинэ өндөрлөгт хүрчих юм шиг санагддаг гэж би боддог. Заримдаа би энэ санаагаа эхнэртэйгээ хуваалцаж том алдаа гарганаа.
Иймэрхүү маягийн санал гаргахад эхнэр маань ихэвчлэн эелдэг, тодорхой, шулуун шударга хариу өгдөг. Тэр инээгээд, “Диетер, энэ чинь уралдаан биш аялал шүү дээ. Үүнээсээ таашаал ав л даа” гэж хэлдэг.
100 хувь түүний зөв. Түүний хичнээн зөв болохыг би энд дурдаад ч яахав!
Заримдаа бид бариан дээрээ хамаг анхаарлаа хандуулчихаад аялалаасаа таашаал авахаа мартчихдаг. Аялалаа дуусгахын төлөө би эхнэртэйгээ дугуй унахаар явдаггүй. Түүнтэй хамт байхад маш амттай мөн гайхалтай байдаг учраас би түүнтэйгээ явдаг юм.
Таатай, баяр баясгалантай мөчүүдийг анзаарахгүй зөвхөн дуусахыг нь хүлээсээр байгаа нь мунхаг хэрэг бус уу?
Сүүлийн эгшиг замхарч алга болсны дараа л сайхан хөгжмөөс таашаал авахаар чих тавин сонсож эхэлдэггүй биз дээ? Үгүй. Бид хөгжмийн зохиолын ая эгшиг, айзам хэмнэл, хөг нот бүрийг нь алдалгүй сонсож байж таашаал авдаг.
Бид нар зөвхөн “амен” гэж хэлэхийн тулд эсвэл дуусгахын тулд залбирдаггүй биз дээ? Мэдээж үгүй. Бид Тэнгэрлэг Эцэгтээ ойрхон байж, Түүний Сүнсийг хүлээн авч, Түүний хайрыг мэдрэхийн тулд залбирдаг.
Бид аз жаргал маань үргэлж хажууханд байсныг үл анзааран ирээдүйд хаа нэгтэй байгаа аз жаргалаа хүлээн амьдрах ёсгүй юм шүү. Өнгөрсөн амьдарлынхаа л сайн сайханд баясаг гэж бидэнд амьдрал заяагаагүй. “Энэ бол Эзэний бүтээсэн өдөр … ,” үүнд хөгжилдөн баясцгаая” 6хэмээн Дуулалд бичигдсэн байдаг.
Ах эгч нараа, бид ямар ч нөхцөл, ямар ч зовлон зүдгүүр эсвэл сорилтод байсан хамаагүй өдөр болгон ямар нэгэн гайхалтай, нандин зүйлс бидэнтэй тохиолддог юм шүү. Харж, талархалтай хүлээн авч чадах л юм бол биднийг баярлуулах зүйлс өдөр болгон болж байдаг юм.
Магадгүй бид нүдээрээ биш зүрх сэтгэлээрээ хайж эхлэх ёстой юм болов уу. Би нэгэн эшлэлд маш дуртай. “Зөвхөн зүрх сэтгэлээрээ л бид хамгийн тод томруун хардаг. Нүдэнд харагддаг чухал зүйл гэж нэгээхэн ч үгүй.” 7
Бидэнд “бүхий л зүйлд талархах” 8 хэрэгтэй хэмээн тушаасан билээ. Тиймээс амьдралын болж бүтэхгүй байгаа зүйлийг томруулан харж байснаас мэлмий мөн зүрх сэтгэлээрээ талархахуйц жижиг зүйлсийг бид олж харах нь дээр биш гэж үү?
Их Эзэн, “Мөн бүх зүйлийг талархалтайгаар хүлээн авдаг тэрээр алдар суут болгогдох болно; мөн энэ дэлхийн зүйлүүд, бүр зуу дахин, түүнд нэмэгдэх болно” 9гэж амласан байдаг.
Ах эгч нараа, Тэнгэрлэг Эцэгийн маань өгөөмөр адислалууд, Түүний энэрэлт авралын төлөвлөгөө, сэргээгдсэн сургаалын мөнхийн үнэнүүд болон энэ мөнх бус амьдралын аялал дахь олон гайхамшгийг хараад, “бидэнд баясах шалтгаан байхгүй гэж үү?”10
Тиймээс өөрсдийн байгаа байдлаасаа үл хамааран бүгдээрээ аз жаргалтай байхаар шийдэцгээе.
Шийдвэрүүдийн талаар
Нэг өдөр бид зайлшгүй алхамыг хийж, энэ мөнх бус амьдралаас дараагийн оршихуйд орно. Нэг өдөр бид амьдралаа эргэн харж, илүү оновчтой шийдвэр гаргаж, илүү сайхан амьдралтай байж, цаг заваа илүү ухаалгаар өнгөрөөх боломж бидэнд байсан болов уу гэж бодох болно.
Хожим хойно маш ихээр харамсахгүйн тулд одоо хэдэн шийдвэр гаргасан нь дээр байхаа. Тиймээс бүгдээрээ,
-
Хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг хамтдаа өнгөрөөцгөөе.
-
Бурханы хүсэж байгаа шиг тийм хүн болохыг чин сэтгэлээсээ хичээцгээе.
-
Нөхцөл байдлаасаа үл шалтгаалан аз жаргалыг олцгооё.
Бид өнөөдөр Аврагчийг дагавал маргааш аливаа зүйлд харамсахгүй байж чадна гэдгийг би гэрчилж байна. Хэрэв бид алдаа гаргаж гэм нүгэл үйлдсэн бол – хэрэв бид хийсэн сонголтондоо харамсаж байвал - бидэнд уучлагдаж болох Христийн Цагаатгалын ариун нандин бэлэг байгаа билээ. Бид цаг хугацаагаар аялан өнгөрсөнд очиж, өнгөрсөнийг өөрчилж чадахгүй ч бид гэм нүгэлээ наминчилж чадна. Аврагч бидний харууслын нулимсыг арчиж,11 бидний гэм нүглийн ачааг авч хаях болно12. Түүний Цагаатгал бидэнд өнгөрсөнөө орхин, цэвэр гартай, ариун зүрхтэйгээр урагшилж 13 илүү сайн сайхныг хийж, мөн илүү сайн хүн болох зориг өгдөг.
Тиймээ, энэ амьдрал нүд ирмэх зуур л өнгөрөн одож байна. Бидний өдөр хоногууд маш хурднаар богиносож байна. Хэдий тийм боловч, бидний сүнс үхэхгүй, нэг өдөр бидний дахин амилсан махбодтой нэгдэж мөнхийн алдар сууг хүлээн авах болно. Нигүүлсэнгүй Христээр бид бүгдээрээ мөнхөд дахин амьдрах болно. Бидэнд Аврагч, Гэтэлгэгч байдаг учир бид хэзээ нэгэн өдөр “үхлийн гашуун нь Христээр залгигдсан юм”14хэмээх үгсийг ойлгож мөн баясах юм.
Бурханы охид хөвгүүд болох тэнгэрлэг үүргээ биелүүлэх зам маань мөнхийн юм. Ах эгч, хүндэт найз нараа, бид энэ мөнхийн замаар өнөөдөр алхаж эхлэх хэрэгтэй. Нэг ч өдрийг бид алдаж болохгүй. Амьдрал гэж юу байдгийг амьдралынхаа эцсийн өдөр биш яг одоо мэдээсэй гэж би залбирч байна. Есүс Христийн нэрээр, амен.