Их Эзэн та нарыг мартаагүй
Бидний Тэнгэрлэг Эцэг болон Аврагч Есүс Христ маань биднийг мэддэг мөн бидэнд хайртай. ... Бид зовж зүдэрч байхдаа Тэдний хайр болон нинжин сэтгэлийг мэдэрч чадна.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа эгч нартайгаа уулзахдаа бид та нарын гэрчлэлийн хүчинд тань гайхан бахаддаг. Та нарын ихэнх нь Сүмийн нэг эсвэл хоёр дахь үеийн гишүүд билээ. Бид олон эгч нар төрөл бүрийн дуудлагуудад үйлчилж, сүмийнхээ цуглаанд оролцохын тулд их холоос явж, ариун сүмийн нандин гэрээнүүдийг хийж мөн сахихын тулд золиослол гаргаж буйг харсан. Бид та нарыг хүндэлдэг. Та нар Их Эзэний орчин цагийн анхдагчид билээ!
Саяхан, миний нөхөр Мел бид хоёр Австралийн нэг музей үзэж сонирхож байхдаа Молли Лентал гэгч сайн дурын нэгэн хөтөчтэй танилцсан билээ. Тэр 70 гаруй насны эелдэг эмэгтэй байсан бөгөөд бид Моллиг хэзээ ч гэрлэж байгаагүй, мөн хүүхэдгүй болохыг мэдэв. Тэр айлын ганц охин бөгөөд эцэг эх нь олон жилийн өмнө хорвоог орхисон байлаа. Түүний хамгийн ойрын хамаатан болох хоёр үеэл нь өөр тивд амьдардаг юм байна. Гэнэт би Сүнсээр дүүрч, яг л Тэнгэрлэг Эцэг өөрөө надад “Молли ганцаараа биш! Молли бол миний охин! Би түүний Эцэг! Тэр миний гэр бүлийн чухал охидын маань нэг мөн тэр хэзээ ч ганцаараа байгаагүй!” гэж Сүнсээр гэрчлэх шиг болов.
Аврагчийн амьдралаас миний хамгийн дуртай түүхүүдийн нэг нь Лазарын түүх юм. Судар бидэнд “Марта, түүний дүү [Мариа] болон [тэдний ах] Лазарт” 1 Есүс хайртай байсныг хэлдэг. Лазар маш их хүнд өвдсөн байна гэсэн үгийг Есүст хүргэсэн ч Есүс тэр даруйдаа ирээгүй. “Энэ өвчин … Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө” 2 гэдгийг тунхаглаж болохын тулд Тэр дахин хоёр өдөр байсан газраа үлдсэн.
Есүсийг ирж явааг сонсоод, Марта Түүнд юу болсон тухай дуулгахаар “угтахаар гарав.” 3 Лазар “булшинд дөрөв хоног болсон байв.” 4 Уй гашууд автсан Марта эргэн гэр рүүгээ гүйгээд, Мариад Их Эзэн ирснийг хэлэв. 5 Гүн эмгэнэлд унасан Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унан уйлжээ.6
Сударт үргэлжлүүлэн “Есүс түүний уйлахыг ... хараад сүнс нь гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж,” түүнийг хаана тавьсныг нь асуужээ.
“Тэд Түүнд, Эзэн, ирээд, үз гэлээ.” 7
Тэгээд бид судар дахь хамгийн энэрэнгүй, хайраар дүүрэн “Есүс уйлав” 8 гэсэн үгсийг уншдаг.
Төлөөлөгч Жеймс Е.Талмейж бичихдээ: “Уй гашууд автсан хоёр бүсгүйн ... дүр төрх Есүсийг [тэдэнтэй хамт] гашуудахад хүргэсэн. Тэгснээр Тэр сүнснийхээ угаас санаа алдаж, гүнээ гашуудсан.” 9 Энэ туршлага бидэнд Аврагчийн нигүүсэл, бусдын зовлонг ойлгодог чанар ба хайрыг гэрчилдэг бөгөөд Тэнгэрлэг Эцэг маань хүн нэг бүрийн төлөө цаг үргэлж бидний өвчин эмгэг, гэм нүгэл, гай зовлон зэрэг амьдралын шаналлуудыг маань мэдэрч байдаг.
Хүндэт эгч нар аа, Тэнгэрлэг Эцэг ба Аврагч Есүс Христ маань биднийг мэддэг мөн хайрладаг. Бид ямар нэгэн байдлаар зовж, шаналж байгааг Тэд мэддэг. Тэд, “Чи одоо шаналж зовж байгаа чинь зүгээр юм аа, учир нь удахгүй бүх зүйл сайхан болно. Чи эдгэрэх болно, эсвэл нөхөр чинь ажилтай болох болно, эсвэл тэнүүлчилж одсон хүүхэд чинь эргэж ирэх болно” гэж хэлдэггүй. Тэд бидний зовлон шаналлыг гүнээ мэдэрч, бид Тэдний хайр болон нигүүлслийг зовж шаналах үедээ мөн мэдэрч чадна.
Алма ийн гэрчилсэн:
“Мөн тэрээр бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн энэ нь тэр өөрийн хүмүүсийн шаналал мөн өвчнүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд бөлгөө.
“ Мөн тэрээр үхлийг өөр дээрээ авах болно, … нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр бие махбодийн дагуу өөрийн хүмүүсийг тэдний сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.” 10
Хэрэв бид Аврагч болон Тэнгэрлэг Эцэг маань биднийг мэддэг болов уу эсвэл Тэд биднийг хэр сайн мэддэг бол хэмээн бодож байвал бид Оливер Каудерид хэлсэн Аврагчийн үгсийг санах ёстой.
“Үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, хэрэв чи дахин нэмэлт гэрчийг хүсэх аваас, чи зүрх сэтгэлдээ эдгээр зүйлүүдийн үнэний талаар чи мэдэхийн тулд надад хандан залбирсан тэр шөнийг оюундаа санагтун” 11.
Аврагч өмнө нь түүнд хандан, “Бурханаас өөр чиний санаа бодол хийгээд зүрх сэтгэлийн тань хүсэл эрмэлзлэлийг мэдэх хэн ч үгүй гэдгийг чи мэдэж болохын тулд” 12 гэж тунхагласан.
Аврагч Оливерт тэрхүү гуйлтын залбирлын нарийн учиг бүрийг, тийм ээ яг хэдэн цагт, яг тэр шөнийг тодорхой мэдэж байгаагаа сануулсан.
Олон жилийн өмнө нөхөр маань маш ховор өвчнөөр ихэд хүнд өвдсөн юм. Өдөр хоногууд өнгөрч, түүний биеийн байдал улам бүр доройтох тусам би түүнийг үхэж байна даа гэдэгт итгэх болсон. Би өөрийн айдсыг хэнд ч хэлээгүй. Бид өнөр өтгөн, залуу гэр бүл бөгөөд мөнхийн гэрлэлт маань хайраар дүүрэн сайхан байсан болохоор нөхрөө алдаж, хүүхдүүдээ ганцаар өсгөх болно гэсэн бодол намайг ганцаардал, цөхрөл тэр бүү хэл уур хилэнтэй болгосон. Би Тэнгэрлэг Эцэгээсээ холдсон гэдгээ хэлэхээс ичиж байлаа. Олон өдрийн турш би залбирахаа больж, төлөвлөхөө больж, уйлсаар өнгөрөөдөг байлаа. Эцэст нь би ганцаараа энэ бүгдийг хийж чадахгүй гэдгийг ухаарсан.
Олон өдрийн дараа анх удаагаа би өвдөг сөхрөн, Түүнээс холдсондоо уучлал эрэн, сэтгэлийн минь гүнд хуримтлагдсан бүхнээ Түүнд дэлгэн хэлж, эцэст нь хэрэв энэ нь Түүний надаар хийлгэхийг хүссэн тэр зүйл бол би үүнийг хийх болно хэмээн зүрх сэтгэлээ Тэнгэр дэх Эцэгтээ уудалсан юм. Түүнд бидэнд зориулсан төлөвлөгөө байх ёстой гэдгийг би мэдэж байсан.
Намайг өвдөг сөхрөн, хамаг зүрх сэтгэлээ нээж байх тэр үед маш тааламжтай, үнэхээр амар амгалан, энхрий зөөлөн мэдрэмж надад мэдрэгдсэн юм. Яг л хайрын дулаан хөнжлөөр өлгийдөөд авах шиг болж билээ. Энэ нь бараг Тэнгэрлэг Эцэг надад “Би үүнийг л мэдэх хэрэгтэй байсан юм” хэмээн хэлж байгаа мэт байв. Би дахиж Түүнээс хэзээ ч холдохгүй гэж шийдсэн. Hөхрийн маань бие бага багаар сайжирсаар, бүр сайн эдгэрсэн юм.
Үүнээс олон жилийн дараа нөхөр бид хоёр 17 настай охиныхоо хажууд өвдөг сөхрөн, түүний амийг хэлтрүүлэхийг гуйн залбирсан юм. Энэ удаад хариулт нь үгүй гэж байсан ч Аврагчийн хайр болон амар амгалангийн адилхан мэдрэмж урьдын амласан шигээ хүчтэй байгаад зогсохгүй, хэдийгээр Тэнгэрлэг Эцэг маань түүнийг гэр рүү нь эргэн дуудаж байгаа ч бүх зүйл зүгээр сайхан байх болно гэдгийг бид мэдэж байлаа. Бид ачаагаа Их Эзэнд даатгах гэдэг нь юу гэсэн үг болохыг, Тэр биднийг хайрлаж мөн биднийг гашуудан зовж, өвдөж байхад маань бидний төлөө өрөвдөн энэрч байдгийг мэддэг болсон.
Мормоны Номон дахь эцэг хүү хоёрын хамгийн дур булаам хором бол хүү Хиламандаа хэлсэн залуу Алмагийн гэрчлэл юм. Алма өөрийн хийсэн олон гэм буруутайгаа Бурханы өмнө шүүгдэхээр очихдоо “илэрхийлэхийн аргагүй аймшиг” мэдэрч байснаа дүрслэн хэлдэг. Гурван өдөр мөн гурван шөнийн турш өөрийн хамаг гэм нүглийн талаар бодон тарчилж, зовсны дараа тэр наманчилсан мөн Аврагчийн хамт түүний дээр нигүүлслийг илгээхийг гуйсан. Тэр Хиламанд өөрийн өвчин шаналлаа “цаашид” санахгүй байхын баяслыг “хурц бас амтлаг” байсан хэмээн тайлбарласан. Бурханы сэнтийн өмнө “илэрхийлэхийн аргагүй аймшигтайгаар” ирэхийг төсөөлөхийн оронд Алма “Бурхан сэнтий дээрээ … сууж” байгаа үзэгдлийг харж, “Бодгаль минь тэнд байхаар тэмүүлсэн бөлгөө” 13 хэмээн тунхагласан.
Хайрт эгч нар аа, бид нүглээ наманчилж, Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийнхаа хайр, энэрэл ба талархлын талаар бодох үед “тэнд байхаар [дэндүү ихээр] тэмүүлж”, Тэдний хайрын тэвэрт дахин нэг тэврүүлсэн мэт санагддаггүй гэж үү?
Их Эзэн надад Өөрийн эрхэм охин Молли Ленталыг мартаагүй хэмээн гэрчилж байсан шиг Тэр та нарыг мартаагүй гэдгийг би гэрчилж байна ! Ямар ч гэм нүгэл, сул дорой байдал эсвэл өвчин шаналал, сорилт, зовлон бэрхшээлийг туулж байсан.Тэр яг тэр мөчүүдийг мэдэж мөн ойлгодог. Тэр та нарт хайртай! Яг Мариа, Марта хоёрт хийсэн шиг яг л тэр зовлонт мөчид Тэр та нарт туслах болно. Тэр бидэнд хэрхэн туслахаа мэдэж байхын тулд Тэр төлөөсийг төлсөн. Өөрсдийн ачааг Түүнд орхи. Тэнгэрлэг Эцэгтээ юу мэдэрч байгаагаа хэл. Түүнд өөрийн өвчин шаналал, зовлон зүдгүүрийнхээ талаар хэлж, дараа нь тэднийгээ Түүнд үлдээ. Судраас өдөр бүр судал. Тэндээс та нар агуу тайвшрал мөн тусламжийг мөн олох болно.
Аврагч маань ингэж асуудаг:
“Учир нь бүсгүй хүн хөхүүл хүүхдээ мартаж, хэвлийнээсээ унасан хүүгээ тэр өрөвдөн хайрлахгүй байж чадна гэж үү? Тийм ээ, тэд мартаж болох юм, гэвч би чамайг мартах нь үгүй. …
“…би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн.” 14
“Мөн би та нарын хэнийг нь ч зайлан явахыг та нарт зарлиг болгосонгүй, харин ч эсрэгээр та нар тэмтэрч мөн харж болохын тулд надад ирэхийг та нарт зарлиг болгосон; та нар түүнчлэн дэлхийхэнд үйлдэх болно” 15.
Энэ бол бидний үүрэг хариуцлага. Бид эхлээд өөрсдийгөө мэдэрч, харсны дараа Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдүүдэд Тэр зөвхөн бидний гэм нүглүүдийг Өөр дээрээ аваад зогсохгүй, бид юу мэдэрч, өөрсдийгөө хэрхэн тайвшруулахыг Аврагч маань мэдэж болохын тулд бидний өвчин шаналал, зовлон бэрхшээл болоод гомдол цөхрөлийг түүнчлэн авсан гэдгийг мэдэрч, харахад нь туслах ёстой. Би Түүнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, aмeн.