2010–2019
Ах нар аа, бидэнд хийх ажил байна
Аравдугаар сар 2012


16:18

Ах нар аа, бидэнд хийх ажил байна

Санваар атгагчийн хувьд бидэнд нийгэм, гэр орон, Сүмдээ гүйцэтгэх чухал үүргүүд байна.

Ах нар аа, эрчүүд болон хөвгүүдэд тулгардаг асуудлуудын талаар сүүлийн үед нэлээн их ярьж мөн бичдэг болж. Зарим хэвлэгдсэн номны нэрийг дурдвал: Why There Are No Good Men Left(Сайн эрчүүд хаачсан бэ),The Demise of Guys (Эрчүүдийн мөхөл) ,The End of Men (Эрчүүдийн төгсгөл),Why Boys Fail (Хөвгүүд яагаад амжилтанд хүрдэггүй вэ), мөн Manning Up(Эр хүн болох нь).. Гайхалтай нь эдгээр номын ихэнхийг эмэгтэйчүүд бичсэн байх юм. Өнөө үед, аль ч нийгэмд эрчүүд маань тэдний үүрэг хариуцлага, нийгэмд эзлэх байр суурийнхаа талаар эрс тэс, өөр өөр мэдээлэл авч байна гэдэг санаа энэ номнуудад давтагдаж байна. Manning Up (Эр хүн болох нь) номны зохиолч энэ явдлыг ийнхүү тодорхойлжээ:

Manning Up номны зохилч үүнийг дүрслэн: “Эмэгтэй хүн болохын тулд охид насанд хүрэх л хэрэгтэй, харин хөвгүүд эр хүн болохын тулд шалгуур давах ёстой гэдэг дүрэм бараг л бүх нийгэмд байжээ. Хөвгүүд зориг, хүч чадал эсвэл өөр нэгэн шаардлагатай чадварыг харуулах ёстой байж. Энэ шалгуурыг давснаар эмэгтэйчүүд болон хүүхдүүдээ хамгаалж чадна гэдгээ харуулдаг байсан бөгөөд энэ нь тэдний нийгэм дэх үндсэн үүрэг нь байлаа. Харин өнөө үед, хөгжиж буй зах зээлд эмэгтэйчүүд давамгайлж эхлэхэд, гэр бүлийнхээ хэрэгцээг хангадаг нөхөр, эцгүүд тийм ч хэрэгтэй биш болж, тэдний үндсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай байсан сэтгэлийн тэнхээ, гуйвшгүй байдал, зориг, үнэнч байх зэрэг зан чанарууд огт хэрэггүй эсвэл бүр эдгээрийг дурдах нь ч бага зэрэг ичгүүртэй болоод байна.” хэмээн бичжээ.1

Эмэгтэйчүүдэд илүү их боломж гаргаж өгөх тэмүүллийг бид сайшаадаг. Гэхдээ энэ тэмцэлдээ эр хүн болон тэдний үүргийг гутаадаг нэгэн ч байх л юм. Тэд амьдралыг эрэгтэй, эмэгтэй хоёр хүний тэмцэлдээн мэтээр харж, аль нэг нь заавал нөгөөгөө захирч байх ёстой, мөн энэ цаг үед эмэгтэйчүүдийн ээлж ирсэн мэтээр бодож итгэдэг бололтой. Зарим нэг нь ажилдаа л амжилт гаргах нь хамгийн чухал, гэрлэлт болон үр хүүхэдтэй болох нь тийм ч чухал бус гэж үзнэ. Тиймээс эр хүн ямар хэрэгтэй юм бэ?2 Хэтэрхий олон Холливудын кино, зурагтын нэвтрүүлэг, бүр зарим нэг рекламанд хүртэл эр хүнийг чадваргүй, боловсроогүй, хувиа хичээснээр дүрслэх нь олонтоо. Эрчүүдийг ингэж сул дорой болгох нь муу үр дүн авчирч байна. Жишээлбэл, Америкийн Нэгдсэн Улсад дараах байдал анзаарагдсан байна:

“Бага ангиас магистрт суралцах хүртлээ охид нь хөвгүүдээсээ бүх талаараа илүү байна. Жишээлэхэд, наймдугаар ангид ороход хөвгүүдийн дөнгөж 20 хувь нь л хангалттай бичиг үсэгт тайлагдаж, 24 хувь нь хангалттай уншиж чаддаг болсон байна. Залуу эрэгтэйчүүдийн их сургуульд орохдоо өгөх шалгалтын дүн сүүлийн 40 жилтэй харьцуулахад 2011 онд хамгийн муу байсан байна. Хөвгүүд дунд болон их сургуулиа орхих магадлал нь охидынхоос 30 хувиар илүү байна. … 2016 он гэхэд бакалавр зэргийн 60, магистрын 63, докторын 54 хувийг эмэгтэйчүүд авна гэсэн урьдчилсан таамаглал байна. Сурлагаараа хоцорч, тусгай боловсролын хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын гуравны хоёр нь эрэгтэйчүүд байна.”3

Зарим эрчүүд болон хөвгүүд энэ сөрөг дохиог хариуцлагаас мултрах арга болгож, жинхэнэ утгаараа эр хүн болон төлөвшдөггүй байна. Нэгэн их сургуулийн профессор бодит байдлыг харуулсан ч байж магадгүй ажиглалтынхаа талаар: “Эрэгтэйчүүд малгайгаа арагш нь харуулж өмсөөд, миний компьютер гэрийн даалгаврыг минь залгичихлаа гэсэн хөөрхийлөлттэй тайлбар тавин ангидаа орж ирдэг. Харин эмэгтэйчүүд өдрийн хувиараа шалган, хуулийн сургуульд хэрхэн орох талаар асуун орж ирж байна.”4 гэж хэлжээ Кино шүүмжлэгч нэгэн эмэгтэй өөрийн саналаа дараах эвгүй үгсээр “бид эрчүүдээс юуг хүсэж болох вэ... бид аз болж хамтрагчтай болохоор шийдлээ гэхэд эрчүүдээс зөвхөн хамтрагч байхыг л хүснэ. Бидний орон зай руу орохгүй, харин өөрийнхөө орон зайндаа л байх нэгэн хэрэгтэй.”5 гэж илэрхийлжээ.

Ах нар аа, бид ийм байж болохгүй. Санваар атгагчийн хувьд бидэнд нийгэм, гэр орон, Сүмдээ гүйцэтгэх чухал үүргүүд байна. Бид эмэгтэйчүүд, хүүхдүүд мөн Бурханы итгэл хүлээхүйц хүмүүс байх хэрэгтэй. Энэ хожмын өдрүүдэд Сүм болон Бурханы Хаант улсад ямар ч санаачлагагүй хөвгүүд болон эрчүүд хэрэггүй. Хувийн сахилга батгүй, зугаа цэнгэл л хөөн амьдрах залуусаар бид яах юм бэ. Амьдралын ямар ч зорилгогүй, гэр бүлтэй болохыг үл хүсэх, энэ дэлхийд өөрийн хувь нэмрээ оруулахгүй байгаа залуу эрчүүдээр бид яах юм бэ. Гэр орондоо сүнслэг удирдамж өгч чадахгүй байгаа нөхөр болон эцгүүдээр бид яах юм бэ. Бурханы Хүүгийн жаягийн дагуу Ариун санваарыг атгадаг атлаа хамаг хүчээ садар самууныг үзэхэд зориулж, хамаг цагаа интернэтэд өнгөрөөдөг эрчүүдээр бид яах юм бэ (хачирхалтай нь тэд нар дэлхийнх мөртлөө дэлхийд байдаггүй тэд нар билээ).

Ах нар аа, бидэнд хийх ажил байна.

Хөвгүүд минь, та нар сайн суралцаж байгаад арван жилээ төгсөөд боловсролоо үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Та нарын нэг хэсэг нь бизнес, хөдөө аж ахуй, улс төр эсвэл бусад нарийн мэргэжлийг олж авахын тулд их дээд сургуулиудад орохыг зорьж байгаа байх. Зарим нь дүрслэх урлаг, хөгжим болон тайзны урлагт амжилт гаргана. Өөр нэг хэсэг нь наймаанд суралцахыг хүснэ. Өнгөрсөн он жилүүдэд манай гэрийг засаж, шинэчлэх ажилд нэлээд хэдэн чадварлаг ажилчид оролцож байсан юм. Мужаан, цахилгаанчин, сантехникч, будагчин, ханын хавтан болон хивс наагч, дээвэрлэгч тэдгээр хүмүүсийн ур чадвар, хүнд хэцүү ажил хийх чадвар бүхий байгааг нь үзэн биширч байсан юмдаг. Ямар ч мэргэжил сонгосон байсан ч түүнээ сайн эзэмшиж, гэр бүлийнхээ хэрэгцээг ханган, нийгэм болон эх орондоо хувь нэмрээ оруулж чадахуйц нэгэн болох нь чухал юм шүү.

Саяхан би 14 настай Энэтхэг хөвгүүний нэг өдрийн амьдралыг харуулсан кино үзлээ. Тэр эртлэн босч хичээлээсээ өмнө долоо хоногийн 6 өдөр хагаст нь хоёр өөр газарт удаан хугацаагаар ажилладаг байна. Түүний олсон орлогоос гэр бүлийнх нь сайн сайхан байдал хамаардаг ажээ. Харанхуй болсон хойно тэр хоёр дахь ажлаа тараад хуучин дугуйгаа унасаар яаран гэртээ харина. Тэрбээр гэртээ орж ирээд хэдэн цаг гэрийн даалгавраа хийсний дараа л, 10:30- 11:00 цагийн орчим шалан дээр унтаж буй дүү нарынхаа хажуугаар орон унтахаар хэвтэнэ. Би түүнийг танихгүй хэдий ч, түүний тууштай мөн зоримог зан чанараар нь бахархаж байна. Өөрт байгаа хязгаарлагдмал нөхцөл байдлын дунд, боломжоороо чадах бүхнээ хийж байгаа сайхь хөвгүүн гэр бүлдээ үнэхээр адислал авчирч байгаа юм. Тэрбээр эрийн цээнд хүрээд, сайн сайхан бүхнийг бүтээгч болно гэдэгт би лав эргэлзэхгүй байна.

Эцэг, удирдагч, гэрийн багш болох насанд хүрсэн эрчүүд та нар зохистой үлгэр дууриал үзүүлэн, өсөж буй хөвгүүддээ жинхэнэ эр хүн болоход нь туслах хэрэгтэй байна. Нийгмийн дунд биеэ хэрхэн авч явах болон бусад чадваруудыг тэдэнд заахтун. Тэдэнд ярианд хэрхэн оролцох, яаж хүмүүстэй танилцаж мөн харьцах, эмэгтэйчүүд болон охидтой харьцахдаа хэрхэн биеэ авч явах, яаж үйлчлэх, идэвхтэй амьдарлаар хэрхэн амьдрах, донтолгүйгээр сонирхлоо хэрхэн хөгжүүлэх, алдаагаа яаж засах болон зөв сонголт хэрхэн хийх талаар заахтун.

Тиймээс, хаана ч байсан хамаагүй, намайг сонсож буй бүхэнд хандан, Иошуад Жехова хэлсэнчлэн, би та нарт, “Тууштай бөгөөд зоригтой бай” (Иошуа 1:6) гэж хэлмээр байна. Нөхцөл байдал тань ямар ч байлаа гэсэн зориг гарган чадлынхаа хэрээр бэлтгэ. Сайн нөхөр, сайн эцэг болоход бэлтгэ; сайн хийгээд бүтээмж ихтэй иргэн байхад бэлтгэ; санваарыг нь атгадаг Их Эзэндээ үйлчилдэг байхад бэлтгэ. Таныг хаана ч байлаа гэсэн Тэнгэрлэг Эцэг таныг мэдэх болно. Та ганцаараа биш; танд санваар болон Ариун Сүнсний бэлэг байгаа тул хэрэв та шантрахгүй байдлаар ажиллаж мөн Түүний тушаалуудыг дагавал ирээдүйд олон боломж олдох болно.

Маш олон газарт та нар хэрэгтэй байна. Тэдгээрийн дундаас та нарын тусламж хамгийн их хэрэгцээтэй газар бол та нарын санваарын чуулганууд юм шүү. Ням гарагийн хичээлийн төдий бус чуулганууд бидэнд хэрэгтэй байна. Мөн бидэнд Их Эзэний ажлыг хийхийг хүсдэг, чуулганы болон гэр бүлийн гишүүдээ дэмжиж, уулзсан хүн болгоны амьдралд эерэгээр нөлөөлж чадахуйц тийм чуулганы удирдагч нар хэрэгтэй байна.

Номлолын ажлыг аваад үз л дээ. Хөвгүүд минь, цагаа дэмий бүү үрэгтүн. Аль болох сайн мөн шаргуу бэлтгэлээ базаа. 17, 18 настай болж байж л ухаан сууна гэж бүү хүлээ. Аароны Санваарын чуулганууд гишүүддээ санваарын амлалт мөн гэрээнүүдийг ойлгож, ахлагчаар томилогдоход нь туслах хэрэгтэй; мөн тэдэнд Ариун Сүмийн ёслолуудыг хүлээн авч, номлолд амжилттай үйлчлэхэд нь бэлтгэхэд туслах хэрэгтэй байна. Мелкизедек санваарын чуулганууд номлолын ажилд бүхнээ зориулах номлогч нарыг бэлтгэхэд эцэг эхчүүдэд тусалж чадна. Мөн тойрог, салбар болгонд эдгээр чуулганууд одоо үйлчилж буй номлогч нартайгаа илүү ойр хамтран ажиллах ажлыг удирдан зохион байгуулж чадна.

Үүний нэг адил, санваартнуудын хариуцах ёстой бас нэгэн ажил нь Ерөнхийлөгч Томас С.Монсоны давтан хэлсэн Аврагчаас минь ирсэн дуудлага билээ. Энэ нь Сүмээс ямар нэгэн шалтгаанаар холдож, өөрийгөө тусгаарласан тэднийг аврах дуудлага юм. Бид энэхүү дуудлагадаа нэлээд амжилт гаргаад байна. Залуу эрэгтэйчүүд маань энэ ажилд амжилттай оролцож ирсэн билээ. Шинэ Мексикийн Альберкёркийн Рио Гранд Испани тойргийн Аароны санваарын чуулган хэнийг буцаан авчирч болох талаар ярилцаад, хамтдаа тэр хөвгүүдийнхээр орохоор гарцгаажээ. Нэгэн хөвгүүн, “Намайг ийм олон хүн тэдэнтэй хамт Сүмд явахыг хүсэж байсныг би мэдээгүй. Иймээс би одоо Сүмд явах хүсэлтэй байна.” – гэж ярьжээ. Чуулганы гишүүд өөр нэгэн залуу эрэгтэйг урих гэж очоод түүнээс дараагийн хөвгүүнийд очиход тэдэнтэй хамт явахыг хүсжээ. Тэр хөвгүүн зөвшөөрсөн байна. Чуулганы залуус тэр хөвгүүнийг зөвхөн Сүмдээ эргэж ирэхэд нь урьсан төдийгүй, тэр даруй чуулганыхаа нэгэн хэсэг болгосон байна.

Санваартнуудын өөр нэгэн бэрхшээлтэй хэдий ч сэтгэл өөгшөөх ажил бол гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажил юм. Бидний хийх ёстой ажлын чухал хэсгийн талаар шинэчлэгдсэн дуудлага болон илүү эрхэм зорилгыг бий болгох захиа Тэргүүн Зөвлөлөөс удахгүй та нарт ирэх болно. Идэвх султай эсвэл бидний мэдэхгүй байгаа өөр олон эрчүүд мөн хөвгүүд санваар авахын тулд бэлтгэцгээх ёстой юм.

Бидний чуулганууд бие биенээ дэмжих ахан дүүсийн барилдлагаа бий болгодог. “Ах нар аа, санваарын чуулган нь харьяалагддаг эр хүн болгондоо хүч чадлын эх сурвалж нь болж, чуулганы ах болгон, ‘Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн санваарын чуулганы гишүүн. Ах нар маань бүх л талаар надад туслахад бэлэн байдаг шиг, би ч бас тэдэнд туслахад бэлэн зогсоно. Бид хамтдаа байж, Бурханы гэрээт хөвгүүдийн хувьд сүнслэгээр өсөн хөгжих болно. Бид хамтдаа байж, эдийн засаг, нийгэм, эсвэл сүнслэг байдалд ямар ч дайралт ирэхэд юунаас ч ичиж зоволгүй, юунаас ч айхгүй эсэргүүцэн зогсож чадна’ гэж хэлэх тэр өдөр Их Эзэний зорилго биелсэн агуу өдөр болох юм.”6 гэж Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли хэлж байсан юм.”6

Эдийн засгийн хямралын үед тулгарч болох нэгэн асуудал нь ажлаа алдах явдал юм. Нэлээн дээр гаргасан Сүмийн халамжийн нэг товхимол дээр, “ажлаа алдсан хүнийг Сүмд онцгойлон авч үзэх хэрэгтэй, учир нь тэрээр орлого олох боломжгүй болж, Иов шиг түүний шударга байдал нь соригддог юм. Соригдох өдрүүд нь сар болж, сарууд нь он жил болон хувирахад тэр хүний зовлон нь улам нэмэгддэг. … Долоо хоногийн турш сүнс сүлдний доройтолд орсон хүнийг зөвхөн Ням гарагт Сүм дээр авчирснаар аврах боломжгүй.”7-гэж заасан байдаг.

2009 оны 4 сард, Тэргүүлэх Бишопын Зөвлөлийн зөвлөх асан Ричард С.Ежли ажлаа алдсан гишүүндээ туслахын тулд нэгдэж чадсан үлгэр жишээч нэгэн чуулганы талаар ярьсан билээ:

“Ютагийн Сентервилл-ын Phil’s Auto буюу (Филийн Авто) гэх машин засвар үйлчилгээний газар нь санваартан удирдагч, чуулган юу хийж чадахын тод үлгэр жишээ болсон билээ. Фил ахлагчдын чуулганы гишүүн бөгөөд нэгэн машин засварын газар механикчаар ажилдаг байжээ. Азгүй явдал болж тэр засварын газар эдийн засгийн хямралаас болж Филийг ажлаас нь халсан байна. Энэ нь Филд маш хүнд цохилт болжээ.

“Энэ талаар сонсоод Филийн бишоп Леон Олсон ахлагчдын чуулганы ерөнхийлөгчтэйгөө нийлэн Филд туслах арга замуудыг залбиран хайж эхэлсэн байна. Эцсийн эцэст Фил бол тэдний чуулганы гишүүн, ах нарынх нь нэг байсан бөгөөд түүнд тусламж хэрэгтэй болоод байв. Тэгээд ер нь Фил өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж болох юм гэсэн дүгнэлтэнд тэр хоёр хүржээ. Чуулганы нэг гишүүн засварын газар ажиллуулах боломжтой том амбараа өгч болох боломж байв. Чуулганы бусад гишүүд засварын газарт хэрэгтэй бүхий л багаж, тоног төхөөрөмж цуглуулахад тусалж болно. Ядаж л тэр амбаарыг цэвэрлэхэд хүн болгон хүчин зүтгэж болох байлаа.

“Тэгээд тэд саналаа Филд хэлж, дараа нь чуулгандаа танилцуулав. Амбаарыг цэвэрлэж, хэрэгтэй багаж, тоног төхөөрөмж цуглуулж, ажил эхлүүлэхэд бүгдийг бэлэн болгоцгоов. Phil’s Auto (Фтлийн авто засварын газар) ажлаа амжилттай эхэлж, улмаар тэрээр илүү ашигтай удаан хугацаагаар байх газар руу бизнесээ нүүлгэсэн байна. Яг хэрэгтэй үед чуулганы ах нар туслахад бэлэн зогсож байсан учир энэ бүгд боломжтой болсон юм.”8

Гэхдээ мэдээжийн хэрэг “Та нарын хийж болох Их Эзэний хамгийн чухал ажил танай гэр орны дөрвөн ханан дунд хийгдэнэ.”9 гэж манай бошиглогч нар удаа дараа хэлсэн байдаг. Гэрлэлтийн ач холбогдлыг гутааж, зорилгыг нь үгүйсгэж байгаа өнөөгийн нийгэмд бид гэрлэлтээ бат бөх болгохын төлөө ихийг хийх хэрэгтэй болоод байна. Хүүхдүүддээ “залбирч, Их Эзэний өмнө цэх шулуун алхахыг” (СбаГ 68:28) заахын тулд бид ихийг хийх ёстой. Бидний үүрэг бол яв цав Мормоны номонд тод томруунаар тодорхойлсончлон хүүхдүүддээ зүрх сэтгэлийн агуу өөрчлөлтийг мэдрэх буюу Их Эзэнд хөрвөхөд нь туслах явдал юм. (Мозая 5:1–12Алма26-г үз). Нийгмийн Халамжийн бүлэгтэй нийлэн санваарын чуулганууд хүүхдүүдээ хэрхэн хөрвүүлэхийг эцэг эхчүүдэд заах ёстой юм. Мөн ганц бие эцэг, эхчүүдэд санваарын адислалуудыг хүргэж болох юм.

Ах нар аа, Бидэнд хийх ажил байна. Та нарын хийдэг золиослол болон сайн сайхан зүйлүүдийн төлөө талархлаа илэрхийлье. Үүнийгээ үргэлжлүүлцгээе тэгвэл Их Эзэн танд тусална. Юу хийж, юу гэж хэлэхээ мэдэхгүй байж болох ч, та зөвхөн хийгээд л эхэл. Хийж эхлэх цагт “үр дүнтэй хаалга тэдний төлөө нээгдэх болно” (С ба Г 118:3) гэж Их Эзэн хэлсэн. Ярьж эхлэхэд “...та нар хүмүүсийн өмнө мадлагдах нь үгүй. Учир нь, та нар юу хэлэх ёстой нь яг тухайн цагт та нарт өгөгдөх болно” (С ба Г 100:5–6) гэж Их Эзэн амлаж байна. Бид эгэл болоод төгс бус нь үнэн хэдий ч, бидэнд төгс Цагаатгалыг боломжтой болгосон төгс Багш байгаа бөгөөд бид түүний нигүүлсэл болон санваарт дуудагдсан билээ. Бид наманчилж өөрсдийгөө ариусгах юм бол миний хэлсний адилаар зааж болохын тулд та нарт тэнгэрийн хүчээр хишиг хүртээгдэх болно, (С ба Г 43:16-г үзнэ үү). гэж тэр амласан билээ.

Өөрсдийн чадвар мөн авьяасаа хөгжүүлж, зөв шударгын төлөө зогсож, золиос хийхээсээ айдаггүй, ажиллах хүсэлтэй, бусдад аз жаргал болон авралыг авчрах эр хүн, жинхэнэ эр хүн бидэнд хэрэгтэй байна гэж Сүм тань, эх дэлхий тань, эмэгтэйчүүд тань хэлж байна. “Rise up, O men of God!”10 (Бурханы эрчүүд босоцгоо) хэмээн тэд дуудаж байна. Бидэнд босоход минь туслаач Бурхан минь. Есүс Христийн нэрээр. Амен.

Notes

  1. Кэй С. Химовиц, Manning Up: How the Rise of Women Has Turned Men into Boys (2011), 16.

  2. “Залуу эрэгтэйчүүдээс насанд хүрэхийн тулд яах ёстой вэ гэж асуухад бараг нэг нь ч гэрлэх хэрэгтэй гэж хэлдэггүй байна. Амжилтанд хүрнэ гэдгийг тэд боловсрол эзэмших, эдийн засгийн хувьд бие даах, бүрэн цагийн ажилтай болох гэх мэтчилэн дандаа ажилтай холбодог байна. Ажил, амжилт, бие даасан байдал нь хүмүүсийг тодорхойлдог болжээ.” (Химовиц, Manning Up, 45). Энэхүү гэрлэлтийн эсрэг байр суурийг эмэгтэйчүүдээр хүлээн зөвшөөрүүлэх ажил их идэвхтэй өрнөж байна. Лондоны Times сэтгүүлд нэгэн эмэгтэй: “Гэр бүл, багш нарын нэг нь ч надад ‘Нээрээ чи гэрлэж, хүүхэд гаргах хэрэгтэй шүү’ гэж хэлж байгаагүй. Биднийг шинэ, эрх тэгш, орчин үеийн амьдарлаар амьдраг гэсэндээ тэд олон зуун үеийн эмэгтэйчүүдийн хүсэл байсан гэрлэж, үр хүүхэдтэй болох гэдэг санааг бидний ирээдүйгээс нэг мөсөн арчихаар шийджээ” гэж бичсэн байна (Елеанор Миллз, “Learning to Be Left on the Shelf,” Sunday Times, Apr. 18, 2010, www.thetimes.co.uk; in Hymowitz, Manning Up, 72). Дөч гарч яваа нэгэн эмэгтэй гэрлэж амжаагүй талаараа харамсаж бичсэн өгүүллэгийнх нь хариуд: “Эр хүнтэй байх хэрэгцээгээ ийм өндөрт тавьсанд чинь гайхаж байна,” “Өөртөө итгэж сураач ээ!” “Хүнээс шалтгаална гэдгээ ингэж хүлээн зөвшөөрөх гэж,” мөн “Охин маань таны адил гэрлэхийг тэгэж их хүсвэл, би түүнийгээ буруу өсгөж дээ гэж бодох байлаа” гэсэн үгстэй захидлууд иржээ (Лори Готтлиб, Marry Him: The Case for Settling for Mr. Good Enough [2010], 55).Энэ бүгдээс авууштай нэг зүйл нь юү вэ гэвэл ихэнх хүмүүс, тэдний дунд залуу насанд хүрэгчид, энэхүү гэрлэлт болон гэр бүлийн эсрэг явуулганд үл автаж байгаа явдал юм. “Пенсильваны Их Сургуулийн эдийн засагчийн хийсэн судалгаагаар Америкийн нэгдсэн Улсад 2008 онд их дээд сургууль дүүргэсэн цагаан арьстан эмэгтэйчүүдийн 86 хувь нь дөч шүргээд гэрлэсэн байхад, дүүргээгүй хүмүүсийн 88 хувь нь гэрэлсэн байж. Дээд боловсрол эзэмшсэн цагаан арьст гэрлэсэн эрэгтэйчүүдийн хувь мөн үүнтэй ойролцоо 84 хувьтай байж. Судалгаан дээр үндэслээгүй, нийтлэг мэргэн ухаанаар бол гэрлэх гэдэг нь эмэгтэйчүүдийн хувьд тэнэг асуудал болдог байна. Харин боловсролтой, цагаан арьст эмэгтэйчүүд үүнтэй санал нийлэхгүй байгаа юм. Тэд бусад аль ч нийгмийн давхаргын хүмүүсээс илүүтэйгээр ‘гэрлэсэн хүмүүс гэрлээгүй хүмүүсээс хамаагүй илүү аз жаргалтай байдаг’ гэдэгт итгэнэ. … Их сургуульд дөнгөж орсон хүмүүсийн олонх буюу бараг 70 хувь нь гэрлэж, хүүхэдтэй болох нь ирээдүйд маш хэрэгтэй гэж үздэг байна.” (Химовиц, Manning Up, 173–74).

  3. Филип Г.Зимбардо, Никита Дункан, The Demise of Guys: Why Boys Are Struggling and What We Can Do about It (2012), e-book; “Behind the Headlines.” бүлгийг үзнэ үү.

  4. Барбара Дафо Вайтхэд, Why There Are No Good Men Left: The Romantic Plight of the New Single Woman (2003), 67.

  5. Аманда Диксон, “‘Hunger Games’ Main Character a Heroine for Our Day,” Deseret News, 2012 оны 4-р сар, 2, www.deseretnews.com.

  6. Гордон Б.Хинкли, “Welfare Responsibilities of the Priesthood Quorums,” Ensign, 1977 оны 11 сар, 86.

  7. Helping Others to Help Themselves: The Story of the Mormon Church Welfare Program (1945), 4.

  8. Ричард Г.Ежли, “This Is Your Phone Call,” Liahona, 2009 оны 5 сар, 54.

  9. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 134.

  10. “Rise Up, O Men of God,” Hymns, no. 323.