Надад ирэгтүн, Ай Израилын угсаа Та нар!
Бид бүгд Аврагч Есүс Христ дээр ирж, зүрх сэтгэлээ цэвэршүүлэх үед Мормоны Номонд өгөгдсөн хүчит амлалтуудыг биелүүлэх зэмсэг болцгоох юм.
Вьетнамын дайны үед би Америкийн Нэгдсэн Улсын Явган Цэргийн албанд сайн дураар элссэн. Тэгээд цэргийн бэлтгэл хийхээр Виржиниа мужийн Куантикод ирсэн даруйдаа 54 шинэ цэргийн хамт хуарандаа орныхоо өмнө номхон тушаалтай зогсож байлаа. Жагсаалын дарга маань олон тулаанд орж хатуужсан ахмад дайчин байсан бөгөөд анх удаа бидэнтэй танилцахдаа хуарангийн хаалгыг зад өшиглөн, хараалын үгс хашгичсаар орж ирж билээ.
Өөрийгөө ийм ширүүн байдлаар танилцуулсныхаа дараа тэрээр цэрэг болгоноос асуулт асууж эхэлсэн юм. Тэр шинэ цэрэг болгоныг гоочлох зүйл олж, бүдүүлгээр шоолон тохуурхаж байв. Жагсаалын дундуур асуултаа асууж явахад нь түүний тушааснаар цэрэг болгон асуултанд нь “Тийм” эсвэл “Үгүй, Сургагч Түрүүчээ” хэмээн чанга дуугаар хариулж байлаа. Номхон тушаал авч эгц урагшаа харан зогссон байсан учраас түүний юу хийж байгааг харах боломж надад байсангүй . Миний ээлж болоход, тэр миний цүнхийг аван, доторх зүйлсийг нь орон дээр асгахыг би мэдсэн. Эд зүйлсийг минь онгичиж байснаа, миний өмнө ирж зогсоход нь түүний дайралтанд бэлтгэн хамаг биеэ чангалж билээ. Тэр миний Мормоны Номыг барьсан байв. Хашгичиж эхлэхийг нь хүлээж байтал тэр над руу ойртоод, “Чи Мормон уу?” хэмээн асуув.
Тушаасных нь дагуу би, “Тийм ээ, Сургагч Түрүүчээ” гэж байдаг чангаараа хашгиран хариулав.
За одоо л болохоо болино доо гэж бодож байтал тэрээр хэсэг чимээгүй байснаа, Мормоны Ном барьсан гараа өргөн, маш намуухнаар “Чи энэ номонд итгэдэг үү?” гэж асуулаа.
Би дахиад л хамаг чадлаараа “Тийм ээ, Сургагч Түрүүчээ” хэмээн хариулав.
Яг тэр мөчид би түүнийг мормончууд болон Мормоны Номыг доромжлон хашгирч эхэлнэ гэдэгт огт эргэлзээгүй юм. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Хэдэн хормын дараа тэр ор луу минь очиж Мормоны Номыг маань болгоомжтойгоор буцаан тавьж билээ. Тэгээд тэр намайг алгасан үлдсэн шинэ цэргүүдийг бүдүүлэг үгсээр доромжилсоор цааш одсон.
Яагаад тэр айхтар Явган Цэрэг намайг доромжлолгүй зүгээр орхисон юм бол хэмээн би олон удаа гайхширан бодож байлаа. Гэхдээ би ямар ч эргэлзээгүйгээр “Тийм ээ, би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн”, “Тийм ээ, би Мормоны Номыг үнэн гэдгийг мэднэ” гэж хэлж чадсандаа баяртай байдаг. Энэ гэрчлэл нь Ариун Сүнсээр дамжин, хоёр номлогч мөн пристүүдийн чуулгын зөвлөхийн тусламжтайгаар надад ирсэн үнэт бэлэг юм.
Намайг 14 настай байхад Лий Пийрсэн, Боид Кэмпхаисэн гэдэг хоёр номлогч манай гэр бүлийнхэнд Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг зааж, би баптисм хүртсэн. Хоёр жилийн дараа, пристүүдийн чуулгын зөвлөх Ричард Борен надаас Мормоны Номыг уншихыг хүссэн юм. Би тэр урилгыг хүлээн авч, орой болгон доод тал нь арван хуудсыг уншсаар дуусгасан.
Эхний хуудсан дээр нь, “Израилын угсааны үлдэгдэл болох Леменчүүдэд мөн түүнчлэн Иудей болон харийнханд бичигдсэн болой” гэж бичсэнийг би уншсан. Мормоны Ном: Есүс Христийн бас Нэгэн Гэрээ номын удиртгал хэсэгт леменчүүдийг “Америкийн индианчуудын өвөг дээдэс” гэж бичсэн байдаг. Мормоны Номыг унших зуур энэ номонд миний Америкийн индиан өвөг дээдсийн тухай бичигдсэн мэт надад санагдсан. Үүнд, МЭӨ 600 орчим онд “амлалтын нутагт” (1 Нифай 2:20) очихоор Иерусалимаас гарсан хүмүүсийн түүхийг, тэдний нэг хэсгийг хожим нь Леменчүүд хэмээн нэрлэсэн тухай өгүүлдэг. Мормоны Ном бол Америк тивийн хаа нэгэнтээ амьдарч байсан эдгээр хүмүүстэй Бурхан хэрхэн харьцаж байсан талаарх цэдэг юм. Мөн Есүс Христ Амилуулалтынхаа дараа тэдний дунд номлосон талаарх цэдэг байдаг. Цаг хугацааны явцад тэдгээр хүмүүс Америк тив даяар болон ойр орчмын арлууд дээр тархсан болохыг Мормоны Номонд өгүүлсэн байдаг (Алма 63:9–10 үзнэ үү). Ирээдүйд харийнхан олноороо энэхүү амлалтын нутагт ирж, Бурханы уур хилэн Леменчүүд дээр бууж, тэд тархаж, мөн цохигдон бараг устгагдах болно хэмээн Мормоны Номын бошиглогчид зөгнөн хэлж байсан (1 Нифай 13:10–14 үзнэ үү).
Миний элэнц эцэг Эко Хок нь Пони овгийн Индиан хүн бөгөөд 1850-иад оны орчимд одоогийн Небраскад төржээ. Түүнийг 19 настай байхад, Пони овгийн хүмүүсээс 23 сая акр (9.3 сая га) газрыг нь Америк тивд цагаачлан ирсэн хүмүүс булаан авсан юм. 1874 онд Пони овгийн хүмүүс хэдэн зуун км газар алхсаар Оклахомагийн Индианчуудын Бүс буюу индианчуудад зориулсан тусгай газар нутагт иржээ. Оклахомад ирэхэд 12 мянган Пони хүмүүсээс 700 ч хүрэхгүй үлдсэн байж. Бусад овгуудын нэгэн адилаар Пони овгийнхон ч мөн тараагдаж, цохигдон бараг устгагдсан.
Мормоны Номонд Израилын угсааны үлдэгдэл болох леменчүүдийн үр удамд өгөгдсөн онцгой захиас байдаг. Эдгээр хожмын өдрүүдийн талаар аавынхаа үзэгдлийг орчуулж байхдаа Нифай дараах захиасыг хэлдэг: “ Мөн тэр өдөр бидний үр удмын үлдэгдэл, тэд бол Израилын угсааных гэдгээ, мөн тэд Их Эзэнтэй гэрээт хүмүүс гэдгээ мэдэх болно; мөн тэгээд тэд өвөг дээдсийнхээ мэдлэгт мөн түүнчлэн эцэг өвгөд нь түүгээр тохинуулагдсан өөрсдийн Гэтэлгэгчийн сайн мэдээний тухай мэдлэгт ирж мөн мэдэх болно; иймийн тул тэд өөрсдийн Гэтэлгэгч мөн түүний сургаалын мөн чанарын мэдлэгт орох болно; тэд түүнд хэрхэн ирж бас аврагдахыг мэдэж болохын тулд буюу” (1 Нифай 15:14).
Мормоны Ном бол ариун судар юм. Энэ нь мөнхийн сайн мэдээг бүрэн дүүрэн агуулдаг. Бошиглогч Иосеф Смит “Мормоны Ном бол дэлхий дээрх хамгийн зөв ном юм, мөн энэ нь манай шашны тулгуур чулуу бөгөөд хүмүүн нь үүний хуулиудыг дагах юм бол, өөр ямар ч номыг дагаснаас илүүгээр Бурханд ойртох юм” гэж хэлсэн (Teachings of Presidents of the Church, 4:461).: Joseph Smith [2007], 64). Тийн энэ судар нь дэлхийн бүх л хүмүүст зориулсан захиасыг агуулдаг.
Мормоны Номыг анх удаа 17 настай байхдаа уншиж байсны хувьд би Моронайн: “Мөн та нар эдгээр зүйлийг хүлээн аваад, та нар Бурхан, Мөнхийн Эцэгээс, Христийн нэрээр, эдгээр зүйлүүд үнэн эсэхийг асуухыг та нарт ухуулъя би; мөн хэрэв та нар Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас, тэрбээр үүний үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно” (Моронай 10:4) гэх амлалтанд анхаарлаа төвлөрүүж байж билээ.
Би өвдөг сөгдөн залбираад Мормоны Ном бол үнэн гэсэн хүчтэй сүнслэг гэрчлэлийг хүлээн авсан. Тэр гэрчлэл маань амьдралынхаа туршид зам мөрөө олоход надад тусалдаг.
Бүх хүмүүсийг Мормоны ном: Есүс Христийн бас Нэгэн Гэрээг уншихыг би уриалж байна.
Ялангуяа би Израилын угсааны үлдэгдэл Мормоны Номонд гардаг хүмүүсийн үр удам болох тэдгээр хүмүүсийг дэлхийн хаана ч байлаа гэсэн Мормоны Номыг ахин дахин уншихыг хүсч байна. Мормоны Номонд агуулагдсан амлалтуудын талаар судлаарай. Есүс Христийн үлгэр жишээ, сургаалыг дагаарай. Их Эзэнтэй гэрээ хийж, тэдгээрийг сахиарай. Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлж мөн үүнийг дагаарай.
Мормоны Номын өөр нэгэн бошиглогч болох Амаликайн хэлсэн үгсээр би яриагаа төгсгөе: “Мөн эдүгээ, хайрт ах дүүс минь, та нарыг Израилын Ариун Нэгэн болох Христэд ирж, мөн түүний авралаас мөн түүний гэтэлгэлийн хүчнээс хүртээсэй хэмээнэ би. Тийм ээ, Түүнд ирэгтүн, мөн өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өгөгтүн, мөн мацаг барьж бас залбирахаа үргэлжлүүл, мөн эцсийг хүртэл тэвчигтүн; мөн Их Эзэн амьдардгийн адил та нар аврагдах болно (Омнай 1:26).
Бид Аврагч Есүс Христ дээр ирж, зүрх сэтгэлээ цэвэршүүлэх үед Мормоны Номонд өгөгдсөн хүчит амлалтуудыг биелүүлэх зэмсэг болж чадна. Үүнийг би Есүс Христийн ариун нэр дээр гэрчилж байна, амен.