Санваартан хүний баяр баясгалан
Бүгдээрээ санваарын гайхамшиг хийгээд давуу эрхийг ойлгож мөн хүлээн авцгаая. Биднээс хийхийг хүссэн үүрэг хариуцлагаа хүлээн авч мөн хайрлацгаая.
Нисэхийн баяр баясгалан
Олон жилийн өмнө би ахмад цолтой хоёр нисгэгчтэй хамтран хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж хуучны онгоцыг сэргээн засварлахаар шийдсэн билээ. Бид хуучирч муудсан 1938 оны Пайпер Каб онгоц худалдан авч, үүнийгээ хуучин хэвэнд нь оруулахаар ажиллаж эхэлсэн. Бид энэ ажлыг зүрх сэтгэлээсээ хийж байлаа. Энэ онгоцыг сэргээн засварлах нь миний хувьд маш онцгой утга учиртай юм. Учир нь би залуу байхдаа үүнтэй маш төстэй онгоцоор анх нисч сурсан.
Ах дүү Врайт алдартай анхны нислэгээ хийснээс ердөө 35 жилийн дараа л энэ онгоцыг үйлдвэрлэсэн байв. Энэ тухай бодохоор л би өөрийгөө ямар настай хүн бэ гэдгээ мэдрэх юм даа.
Энэ онгоцны хөдөлгүүр нь цахилгаан үүсгүүргүй учраас бүхээг доторх хүн хөдөлгүүрээ асаах үед өөр хэн нэгэн нь гадна талд зогсоод хөдөлгүүрийг нь асч эхэлтэл онгоцны сэнсийг хамаг чадлаараа эргүүлдэг байв. Хөдөлгүүр асах бүрт энэ нь сэтгэл хөдлөл ба эр зоригийн бэлэгдэл болдогсон.
Агаарт гарсны дараа Пайпер Каб нь хурдан нисэхэд зориулагдаагүй нь ойлгогдох болно. Заримдаа бүр өөдөөс хүчтэй салхилах үед онгоц огт нисэхгүй байгаа мэт санагддаг гээч. Германд байхдаа машины хурдны зам дээгүүр өсвөр насны хүүтэйгээ хамт нисч байснаа би санадаг. Тэр үед доогуур явж байсан машинууд манай онгоцыг хөнгөхөөн гүйцээд явж байж билээ!
Гэвч би энэ жижигхэн онгоцонд хичнээн их хайртай гээч! Түүгээр нисэхэд нисэх гэдэг нь ямар гайхалтай сайхан болохыг мэдэрдэг юм. Та сонсож, мэдэрч, үнэртэж ер нь нисэх гэдэг нь ямар байдгийг бүрэн утгаар нь мэдрэх болно. Ах дүү Врайт энэ талаар дүрслэхдээ: “Агуу цагаан далавчнуудын тусламжтайгаар агаарт хөөрөхдөө нисгэгч нарын эдэлдэг баяр хөөрийг юутай ч зүйрлэшгүй юм”1 гэж хэлсэн байдаг.
Үүний эсрэгээр, энэ жилийн эхээр надад АНУ-ын Тэнгисийн Цэргийн флотын дэлхийд алдартай “Хөх Тэнгэр Элч нар” нислэгийн багийнхантай Ф-18 онгоцоор нисэх завшаан тохиосон юм. Энэ үйл явдлаас яг 50 жилийн өмнө би цэргийн нисэх хүчний байлдааны нисгэгч болох бэлтгэлээ дуусч байсан учраас ийн нисэх нь надад тэр үеийг минь санагдуулж билээ.
Мэдээж хэрэг орчин үеийн Ф-18 онгоцоор нисэх нь Пайпер Каб онгоцоор нисэхээс тэс өөр байлаа. Энэ нь надад нисэхийн илүү эрч хүчтэй талыг мэдрүүлж байсан. Энэ нь аэродинамикийн хуулийг төгс ашиглах мэт байлаа. Хэдий тийм ч “Хөх Тэнгэр Элч нартай” дуунаас хурдан онгоцоор нисэх нь залуу хүний хийх ажил юм байна гэдгийг бас сануулсан. Ах дүү Врайтын хэлсэн үгсээс дахин иш татахад: “Нисэх мэдрэхүй нь бусад бүх зүйлээс илүүтэйгээр оюун ухааныг эцэст нь хүртэл тэлэх сэтгэлийн хөөрөл ба төгс амар амгаланг нэгтгэсэн мэдрэмж юм.”2 Үүн дээр нэмж хэлэхэд “Хөх Тэнгэр элч нартай” нисэх нь эргэн тойрон дахь тэс өөр “тэнгэр элч нарын” тэврэлтийг мэдрүүлж байлаа.14 (хошин шог байдлаар хэлж байна)
Энэ хоёр нислэгийн аль нь надад их таалагдсан бэ гэж надаас асуувал алийг нь гэж хэлэхээ би сайн мэдэхгүй. Энэ хоёр нислэгийн зарим нь хамгийн ил тод байдлаараа тэс өөр байсан ч зарим талаараа маш адилхан байсан.
Пайпер каб ба Ф-18 хоёроор нисэхэд хоёуланд нь миний сэтгэл хөдөлж мөн нисэх нь ямар сайхан болохыг нь мэдэрсэн. Энэ хоёроор нисэх нь надад яруу найрагчийн “Дэлхийн татах хүчнээс гарч, дэлгэсэн далавчин дээр тэнгэрт дүүлэх сайхан”3 гэдэг үгсийг санагдуулж байв.
Хаа ч ижил байдаг санваар
Одоо та бүхэн надаас энэ хоорондоо тэс өөр хоёр нислэг өнөөдрийн энэ цуглаан буюу бидний атгадаг санваарын эрх мэдэл эсвэл бидний хийх дуртай санваарын үйлчлэлтэй ямар холбоотой юм бэ хэмээн асуух байх аа.
Ах нараа, хувь хүн бүрийн хийдэг санваарын үйлчлэлийн туршлага маш өөр өөр байдаг нь үнэн биш гэж үү? Бид үүнийг та нарын зарим нь Ф-18 дуунаас хурдан онгоцоор нисч байхад харин зарим нь Пайпер каб онгоцоор нисч байна гэж хэлж болох юм. Та нарын зарим нь туслахаас дээд пристийн бүлгийн удирдагч, диконы чуулгын нарийн бичиг зэрэг дуудлагууд нь бүгд идэвхтэй санваартанд өгөгдсөн, санваартнуудын үйл ажиллагаа идэвхтэй явагддаг тойрог ба гадсанд амьдардаг. Бүх дуудлагыг өгч болох хангалттай их санваартантай тойрогт байдаг нь та нарын давуу тал юм.
Харин нөгөө хэсэг нь маш цөөхөн Сүмийн гишүүд ба санваартнуудтай дэлхийн бүст амьдардаг. Та ганцаардаж, хийх ёстой зүйлсийг бүгдийг нь хийх гэсэн ачаандаа та түүртэж ядарч байж магадгүй. Санваарын үйлчлэлийн хөдөлгүүрийг асаахын тулд таны хувийн оролцоо маш их хэрэгтэй байж болох юм. Заримдаа танай салбар эсвэл тойрог өсч хөгжихгүй байгаа мэт танд санагдаж ч байж болох юм.
Хэдий тийм ч таны үүрэг хариуцлага эсвэл нөхцөл байдлаас үл хамааран чин сэтгэлийн санваарын үйлчлэлээс баяр хөөр ирдэг гэдгийг та бид мэддэг.
Би Пайпер каб, Ф-18 эсвэл өөр ямар ч онгоц байсан хамаагүй үргэлж нисэх дуртай байсан. Би Пайпер каб онгоцоор нисэж байхдаа ямар удаан юм бэ гэж гомдоллож байсангүй. Ф-18-аар нисэхдээ олон үйлдэл хийдэг маневр нь миний хөгширч байгаа бие махбодыг надад сануулсанд нь би гомдоллоогүй.
Тиймээ, ямар ч нөхцөл байдалд төгс бус зүйл үргэлж тохиолддог. Аливаа зүйлээс гомдоллох шалтгаан олоход маш амархан байдаг.
Гэвч ах нараа, бид Бурханы Хүүгийн жаягийн нэрээр Ариун санваарыг атгагчид билээ! Бид бүгдээрээ тэргүүн дээрээ гар тавиулж, Бурханы санваарыг хүлээн авсан хүмүүс. Бид энэ дэлхий дээрх Түүний үйлчлэгчдийн хувьд Түүний нэрийн өмнөөс үйлдэх үүрэг хариуцлага ба эрх мэдлийг хүлээн авсан. Том тойрог эсвэл жижиг салбарт байна уу ялгаагүй бид үйлчилж, адисалж мөн бүх хүмүүст бас бидэнд итгэн даалгасан тэдгээр зүйлсийг үргэлж хийхээр дуудагдсан. Үүнээс илүү сэтгэл хөдөлгөм зүйл байдаг гэж үү?
Санваарын үйлчлэлээс ирэх баяр хөөрийг мэдэрч, ойлгож мөн үүнд талархалтай байцгаая.
Санваараас ирэх баяр баясгалан
Нисэх дур хүсэл маань бүхэл амьдралынхаа зүг чигийг олоход минь ихээхэн нөлөөлсөн. Гэвч нисгэгч байсан туршлагууд маань хичнээн жаргалтай, сайхан байсан хэдий ч Сүмийн гишүүний туршлагууд маань илүү гүн гүнзгий, илүү баяр хөөртэй, илүү утга учиртай байсан билээ. Би Сүмийн үйлчлэлд өөрийгөө бүрэн зориулах үед Бурханы бүхнийг чадагч хүч чадал мөн Түүний өршөөл энэрлийг мэдэрдэг.
Би нисгэгч байхдаа тэнгэрт хүрсэн бол Сүмийн гишүүн байснаараа тэнгэрээс ирэх хайр энэрлийг мэдэрсэн юм.
Заримдаа би нисгэгчийн бүхээгт суудаг байснаа санадаг ч Сүмийн ах эгч нартайгаа мөр зэрэгцэн үйлчлэх нь үүнийг маань орлодог. Энэ агуу үйлсийн нэгэн жижигхэн хэсэг байснаар өсөн нэмэгддэг сүнслэг амар амгалан ба баяр хөөрийг мэдрэх боломжоо би энэ дэлхийн өөр юугаар ч сольшгүй билээ.
Өнөөдөр бид санваар атгагчдын нэгэн том бүлгийн гишүүдийн хувьд цугларцгаасан байна. Бусдыг дэмжин тэтгэж мөн Бурханы хаант улсыг байгуулахын тулд өөрсдийн чадах бүхнээ хийж, Их Эзэнд мөн ахан дүүстээ үйлчлэх нь бидний ариун нандин баяр хөөр ба агуу боломж юм.
Санваар бол Бурханы мөнхийн хүч бөгөөд эрх мэдэл гэдгийг бид ойлгодог бас мэддэг билээ. Бид энэ санваарын тодорхойлтыг цээжээрээ шууд хэлж чаддаг. Хэдий тийм ч бид хэлж байгаа зүйлийнхээ утга учрыг үнэхээр ойлгодог бил үү? Би давтан хэлье: санваар бол Бурханы мөнхийн хүч бөгөөд эрх мэдэл юм.
Бурхан санваараар дамжуулан тэнгэр ба дэлхийг бүтээж мөн захирдаг гэдгийг тунгаан бодоод үз дээ.
Энэ хүчээр дамжуулан Тэрээр “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд”4 тохиолгон авчирч, гэтэлгэж мөн өргөмжилдөг юм.
Бошиглогч Иосеф Смитийн тайлбарласнаар санваар гэдэг бол: “Дэлхийн бүтээлтийн эхэнд Бүхнийг Чадагч Өөрийн алдар сууг үүгээр дамжуулан илчилж эхэлсэн мөн эдүгээг хүртэл хүмүүний үрст Өөрийгөө илчилсээр байгаа бас цагийн төгсгөлийг хүртэл Тэрбээр Өөрийн зорилгыг мэдүүлсээр байх суваг юм.”5
Бүхнээс хүчтэй Тэнгэр дэх Эцэг маань сул дорой, төгс бус хэмээн тодорхойлогддог мөнх бус хүмүүн бидэнд санваарын эрх мэдлийг найдан өгсөн билээ. Түүний хүүхдүүдийн авралын төлөө Түүний нэрийн өмнөөс үйлдэх эрх мэдлийг Тэр бидэнд олгосон. Энэхүү эрх мэдлээр бид сайн мэдээг номлож, авралын ёслолуудыг гүйцэтгэж, дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахад тусалж мөн гэр бүлийнхэн ба ахан дүүстээ үйлчилж, адисладаг.
Бүх хүнд боломжтой
Энэ бол бидний атгадаг ариун санваар юм.
Санваар болон үүн дэх аливаа үүрэг хариуцлагыг худалдан авч эсвэл тушаалаар өгдөггүй. Санваарын хүч чадлыг эрх мэдэл ба эд баялагаар нөлөөлж, урвуулж, хүчилж ашиглаж чадахгүй. Энэ бол тэнгэрлэг хуулиар зохицуулагддаг сүнслэг хүч юм. Үүнийг бидний агуу Тэнгэрлэг Эцэг маань үүсгэн байгуулсан. Санваарын хүч нь зөвхөн шударга ёсны зарчмуудаар хянагдаж мөн захирагддаг.6
Христ бол дэлхий дээрх бүх үнэн санваарын эрх мэдэл хийгээд хүчийн эх сурвалж мөн.7 Энэ бол Түүний ажил бөгөөд Түүнд туслах боломж бидэнд өгөгдсөн. “Мөн өөрийнх нь анхаарал халамжинд итгэж даалгасан бүх зүйлд даруу төлөв хийгээд хайраар дүүрэн, итгэл, найдвар, мөн энэрэлтэй, биеэ барьдаг байхаас бусдаар өөр хэн ч энэ ажилд тусалж эс чадна.”8
Бид өөрсдийн ашиг тусын тулд биш харин бусдад үйлчилж, бусдыг өргөн дэмжихийг эрэлхийлэх ёстой. Бид хүчлэх биш харин “сэнхрүүллээр, … тэсвэр тэвчээрээр, … эелдэг зөөлөн хийгээд номхон дөлгөөнөөр, хайраар тэтгэгдэж”9 хийх ёстой.
Бүхнийг Чадагч Бурханы санваар нь зохистой эрэгтэйчүүдэд хаана ч байсан, эцэг өвгөд нь ямар ч хүмүүс байсан, нөхцөл байдал нь хичнээн энгийн байсан ч, бөмбөрцгийн хол ойр хаана ч байсан хамаагүй өгөгддөг. Үүнийг ямар ч мөнгөгүйгээр, үнэгүйгээр авах боломжтой. Эртний бошиглогч Исаиа: “Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн. Мөнгөгүй хүн бүр ирж, идэгтүн!10 хэмээн бичиж үлдээжээ.
Аврагч Есүс Христийн эгэл хүний ойлгох аргагүй, мөнхийн Цагаатгалын ачаар бид урьд нь зохистой бус эсвэл алдаа хийдэг байсан ч Бурханы санваар бидэнд өгөгдөх боломжтой болсон. Наманчлалын сүнслэгээр цэвэршүүлэх, цэвэрлэх үйл явцаар дамжуулан та нар “босч мөн урагш гэрэлтүүлж”11 чадна. Аврагч ба Гэтэлгэгчийн хязгааргүй мөн өршөөнгүй хайрын ачаар та нар мэлмийгээ өргөн, цэвэр ариун, зохистой болж, Бүхнийг Чадагч Бурханы хамгийн ариун санваарын зохистой атгагч, Бурханы үнэнч хийгээд сурвалжит хөвгүүд нь байж чадна.
Санваарын гайхамшиг хийгээд давуу эрх
Санваарын гайхамшиг хийгээд давуу эрхийг ойлгож, хүндэлдэггүй хүмүүсийг харахад надад гунигтай байдаг. Тэдгээр хүмүүс бол онгоцонд суугаад үүлсийн дээгүүр, агаарыг зүсч яваагаа анзаарахгүй онгоцонд тараадаг самар нь ямар жижигхэн ууттай юм бэ хэмээн гомдоллон суугаа зорчигчидтой адил юм! Эртний хаад ингэж ердөө л ганц удаа нисч үзэхийн төлөө бүх эд хөрөнгөө өгөхөд ч бэлэн байх байсан бизээ.
Ах нараа, бид бол агуу санваарын эрх мэдэл, хүч чадлын даруухан үйлчлэгчид байхаар адислагдсан хүмүүс юм. Бүгдээрээ мэлмийгээ өргөн энэхүү боломж нь үнэн чанартаа юу болохыг харж, ухаарч мөн хүлээн авцгаая.
Зөв шударга, хайраар дүүрэн, мөн чин сэтгэлийн санваарын үйлчлэлээрээ дамжуулан бид: “Би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно”12 хэмээх илчлэлтийн үнэн утга учрыг мэдрэх боломжтой байх болно.
Бүгдээрээ санваарын гайхамшиг хийгээд давуу эрхийг ойлгож мөн хүлээн авцгаая. Гэр бүл болон Сүмийн нэгжүүд маань том эсвэл жижиг байхаас үл хамааран биднээс хийхийг хүссэн энэхүү үүрэг хариуцлагаа хүлээн авч мөн хайрлацгаая. Зөв шударга, тууштай байдал болон санваарынхаа үйлчлэлд үргэлж өсөн хөгжицгөөе. Санваарын үйлчлэлээсээ баяр хөөрийг мэдэрцгээе!
Мэдлэг, дуулгавартай байдал ба итгэлийн зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлсэнээр бид үүнийг илүү сайн хийж чадна.
Энэ нь нэгдүгээрт бид Бурханы илчилсэн үгсэд байдаг санваарын сургаалуудыг мэдэж, мөн үүнийг амьдралдаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй гэсэн үг юм. Санваарын үйл ажиллагааг явуулдаг гэрээ болон зарлигуудыг ойлгох нь маш чухал байдаг.13
Хоёрдугаарт, ухаалаг байж мөн олж авсан энэхүү мэдлэгийнхээ дагуу тууштай мөн шударгаар үйлдэцгээе. Бид Бурханы хуулиудыг сахиж, оюун ухаан, бие махбодоо сахилга баттай байлгаж мөн бошиглогчдын заасан зөв шударгын загварын дагуу үйлдэх аваас санваарын үйлчлэлийн баяр баясгаланг мэдрэх болно.
Эцэст нь Их Эзэн, Есүс Христэд итгэх итгэлээ улам бат бэх болгоцгооё. Өөрсөд дээрээ Түүний нэрийг хүлээн авч, дагалдагч байх зам дээр өдөр бүр алхах болно хэмээн амлацгаая. Бидний үйлс бидний итгэлийг төгс болгох болтугай.14 Дагалдагч байснаараа бид гэр бүлийнхэн, бусад хүмүүс болон Бурханд үйлчлэх явцдаа шат шатаар төгөлдөржих болтугай.
Бид бүх зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд хүчээрээ санваарын үйлчлэлд үйлчлэх үед бидэнд агуу мэдлэг, амар амгалан болон сүнслэг бэлгийн амлалтууд өгөгддөг. Бид ариун санваарыг хүндлэн дээдлэх аваас Бурхан биднийг хүндэлж мөн “эцсийн өдөр бид [Түүний] өмнө буруугүй зогсох болно.”15
Бид үргэлж өөрсдийн агуу хийгээд бүхнийг чадагч Бурханы санваарын гайхамшиг хийгээд баяр баясгаланг харах нүд, бишрэх зүрх сэтгэлтэй байх болтугай хэмээн би залбирч байна, Есүс Христийн нэрээр, амен.