“5-р сарын 13–19. Матай 19–20; Марк 10; Лук 18: ‘Надад өөр юу дутагдаж байна вэ?’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“5-р сарын 13–19. Матай 19–20; Марк 10; Лук 18,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
5-р сарын 13–19.
Матай 19–20; Марк 10; Лук 18
“Надад өөр юу дутагдаж байна вэ?”
Та Матай 19–20; Марк 10; Лук 18-ыг судалж байхдаа, ангийн гишүүд хувиараа судлахдаа юу ойлгож мэдсэн эсвэл мэдэрсэн талаар залбирч бодож үз.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ жил сайн мэдээнээс суралцах гэр бүлд төвлөрсөн үйл явц дээр илүү анхаарч байгаатай холбоотойгоор ангийн гишүүдийн туршлагуудыг хааяа нэг ярилцах нь тустай. Тэд ямар амжилттай туршлагыг хуваалцаж чадах вэ? Тэдэнд ямар саад бэрхшээл эсвэл сорилт тулгарч байна вэ? Тэд бие биендээ ямар зөвлөгөө өгч болох вэ?
Сургаалыг заа
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас томилогдсон.
-
Гэрлэлтийн талаарх дэлхийн үзэл бодол мөнхийн үнэнээс улам бүр хазайсаар байна. Та гэрлэлтийн талаарх Бурханы үзэл бодлын талаар ойлгож мэдэхэд ангийнханд туслахын тулд тэднийг Матай 19:3–9-ийг уншаад, өөрсдийн олсон гэрлэлтийн талаарх үнэнээ самбарт жагсаан бичихэд урь. Тэд мөн дараах судраас олсон нэмэлт үнэнийг жагсаан бичиж болно. Үүнд: Эхлэл 1:27–28; 1 Коринт 11:11; Сургаал ба Гэрээ 42:22; 49:15–17; 131:1–4; 132:19; Мосе 3:18, 21–24. Эдгээр үнэнийг “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т хэрхэн бататгасан бэ? (Ensign or Liahona, Nov. 2010, 129).
-
Гэрлэлтийн талаарх Их Эзэний сургаалуудыг тайлбарлах эсвэл хамгаалахад илүү сайн бэлтгэснээ мэдрэхэд нь ангийн гишүүдэд та хэрхэн тусалж чадах вэ? Та тэднийг гэрлэлтийн тухай Сүмийн сургаалуудын талаар сонссон зарим асуултаа самбар дээр жагсаан бичихэд урь. Дараа нь тэд авралын төлөвлөгөөний талаарх мэддэг зүйлсээ мөн “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Матай 19:3–9-д хэлсэн үгс болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа сургаалуудыг ашиглан эдгээр асуултад хариулт санал болгож болно. Ангийн гишүүдийг гэрлэлтийн талаарх бидний итгэл үнэмшлийг өөрөөр итгэдэг хэн нэгэнд хэрхэн тайлбарлах тухай жүжигчилсэн тоглолт хийхэд урихад анхаар.
-
Гэрлэлтийн тухай сэдвийг ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн “Бидний хэн нь ч төгс хүнтэй гэрлэдэггүй, харин төгс болох чадавхтай хүнтэй гэрлэдэг” гэсэн үгсээр танилцуулж болно (“Өнөөгийн дэлхийн саад бэрхшээлтэй тулгарах нь,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31). Ангийн гишүүдийг хүндэтгэж явдаг гэрлэсэн нэгэн хосын талаар бодож үзэхэд урь. Энэ хосод ямар ямар шинж чанар байна вэ? Ангийн гишүүд хань ижлээ ямар шинж чанартай байгаасай хэмээн хүсдэг вэ? Тэд сайн хань байхын тулд ямар шинж чанарыг өөрсдөдөө хөгжүүлэхийг хүсдэг вэ? Ангийн гишүүдийг селестиел гэрлэлтийг эрэлхийлдэг байхад урамшуулан туслахын тулд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Селестиел гэрлэлт” захиасаас аль үгсийг хэрэглэхээ бодож үз (2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92–95).
Мөнх амьдрал сайн мэдээг хэр эрт эсвэл хэр орой хүлээн авснаас хамаарахгүйгээр бүх хүнд боломжтой.
-
Усан үзмийн талбай дээр ажиллагчдын сургаалт зүйрлэл дэх зарчмуудыг хэрэгжүүлэхэд танай ангийн гишүүдэд юу туслах вэ? Та ангийн цөөн гишүүнийг уг сургаалт зүйрлэлийн талаар жүжигчилсэн тоглолт бэлтгэн, ангийнхандаа толилуулахад урь. Толилуулгын дараа ажиллагчдыг дүрсэлсэн хүмүүс авсан хөлснийхөө талаар ямар мэдрэмжтэй байсан болон яагаад гэдгээ хуваалцаж болно. Энэ сургаалт зүйрлэл тэнгэрийн хаант улсын талаар юу хэлдэг вэ? Ахлагч Жэффри Р.Холландын “Талбайд хөдөлмөрлөгсөд” захиасаас ангийн гишүүд энэ сургаалт зүйрлэлийн талаар ямар нэмэлт мэдлэг олж авах вэ? (2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32–34).
Аврагч биднийг тусламж гуйхад Өөртэйгөө илүү ойр байхад удирдан чиглүүлдэг.
-
Та ангийн гишүүдэд баян залуу эрийн түүхэнд гарч буй зарчмуудыг таньж мэдэн, хэрэгжүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ? Нэг арга нь тэднийг Марк 10:17–27-г уншаад, тэд хэзээ нэгэн цагт баян залуу эрийн адил мэдрэмжтэй байсан эсэхийг бодож үзэхийг хүсэх явдал юм. Аврагчийн зөвлөгөөг хэцүү үед ч гэсэн дагахад тэдэнд юу тусалсан бэ? “Надад юу дутагдаж байна вэ?” (Матай 19:20) гэж асуугаад, сайжруулахад туслах хувийн өдөөлт хүлээн авсан туршлагаасаа ангийн хэн нэгнийг хуваалцахыг мөн энэ нь түүний амьдралд ямар өөрчлөлт хийснийг асуу.
Бид зөвт байдалдаа биш, харин Бурханы нигүүлсэлд найдах ёстой.
-
Фарисайн залбирлыг татвар хураагчийнхтай харьцуулсан Аврагчийн сургаалт зүйрлэл нь Их Эзэн Өөрийг нь дагахаар эрэлхийлэгч хүмүүсээс хүсдэг хандлагыг тодруулахад танд тусална. Та ангийн гишүүдэд уг сургаалт зүйрлэлийг өнөө цаг үед хэрэгжүүлэхэд туслахын тулд тэднийг фарисай хүний залбирлыг орчин үеийн үг хэллэгтэй боловч яг адил хандлагатай байхаар шинэчлэн бичихэд урь. Тэд татвар хураагчдын залбирлыг мөн бичиж болох бөгөөд бичсэнийг нь хуваалцуул. Аврагчийн энэ сургаалт зүйрлэлд заасан зүйлтэй 15–17, 18–24-р шүлгүүд ямар холбоотой байдаг вэ?
-
Эдгээр шүлэг таны зааж байгаа хүмүүсийг татвар хураагчтай адил даруу хэвээр байхад хэрхэн урамшуулах вэ? Эдгээр шүлгийн талаар ахлагч Дэйл Г.Рэнландын хэлсэн дараах үг тусалж магадгүй юм. “Нүгэлтнийг буруушаадаг, өөрийгөө зөвтгөгч хүнээс наманчлагч нүгэлтэн нь Бурханд илүү ойртдог хэмээх бидэнд зориулсан энэхүү захиас тодорхой билээ” (“Бидний сайн хоньчин,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15).
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийнхнаа Матай 21–23; Марк 11–12; Лук 19–20; Иохан 12-ыг судлахад нь дэмжихийн тулд тэднээс “Хэрэв танд амьд байх ганцхан долоо хоног үлдсэн байвал та юу хийх вэ?” гэж асуу. Эдгээр бүлэгт Аврагч амьдралынхаа сүүлчийн долоо хоногт юу хийснийг харуулдаг гэдгийг тэдэнд хэл.
Нэмэлт эх сурвалж
Гэрлэлт бол Бурханы төлөвлөгөөний төв юм.
Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлтийн талаар дараах мэдэгдлийг гаргасан билээ.
“Бидний мөнх бус төрөлт, Түүний хүүхдүүдийн хувьд туршлага хуримтлуулахад зориулан дэлхийг бүтээсэн Тэнгэрлэг Эцэгийнхээ зорилгыг бүгдээрээ оюун ухаандаа хадгалан, мартахгүй байхад урамшуулан дэмжиж байна [Эхлэл 1:27–28; 2:24-ийг үзнэ үү]. … Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлт Бурханаас заяагдсан бөгөөд Өөрийн хүүхдүүдийн болон нийгмийн сайн сайхны төлөөх Түүний төлөвлөгөөний төвд байдаг. …
… Бурхан нийгмийн хандлага эсвэл үзэл бодлын ялгаанаас үл хамааран Бурханы зарлигуудыг сахиж, тууштай байхыг биднээс хүсдэг. Түүний ариун явдлын хуулинд зөвхөн хуулийн дагуу албан ёсоор эхнэр, нөхөр болж гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох бэлгийн харьцааг зөв зохистой хэмээн үздэг” гэж тодорхойлжээ (“LDS Church Instructs Leaders Regarding Same-Sex Marriage,” Jan. 10, 2014, mormonnewsroom.org).
Гэрлэлтийн талаарх нэмэлт ойлголт.
Их Эзэний бошиглогчид яагаад эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлтээс гадуурх бүх зүйлийг хориглодог талаар ярилцахад “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” тус нэмэр болно. Дараах санаанууд мөн тус болж болох юм.
-
Гэр бүл бол мөнхийн зүйл. Бид бүгдээрээ Бурханы гэр бүл бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүс гэрлэж, лацдан холбуулснаар тэд үүрд мөнхөд гэр бүл хэвээр амьдарч чадна гэдэг нь Түүний төлөвлөгөө билээ (Эхлэл 2:18, 21–24; 1 Коринт 11:11-ийг үзнэ үү).
-
Бурханы төлөвлөгөөний дагуу эхнэр, нөхрүүд өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн (Эхлэл 1:28-ийг үзнэ үү), хүүхдүүдээ зөв шударга байдал ба хайраар өсгөн хүмүүжүүлэхээр зарлигдуулсан.
-
Бурханы төлөвлөгөөний үндсэн зорилго нь Бурханы оршихуй дахь өргөмжлөл буюу мөнх амьдрал бөгөөд тэнд итгэлт эхнэр, нөхрүүд мөнхөд өсөн нэмэгдэж, үүрдийн баяр хөөртэй байх болно (С ба Г 132:19–21-ийг үзнэ үү). Бурханы төлөвлөгөө бол өргөмжлөл авах цорын ганц арга зам мөн (С ба Г 131:1–4-ийг үзнэ үү).
-
Хамтран амьдрах эсвэл ижил хүйстэй хүмүүс гэрлэх зэрэг Бурханы төлөвлөгөөн дэх гэрлэлтийн эсрэг ямар нэгэн зүйлийг дэмждэг эсвэл оролцдог хүмүүст хайр, өрөвч нинжин сэтгэл үзүүлэхийг Их Эзэн биднээс хүсэн хүлээдэг (mormonandgay.lds.org-ыг үзнэ үү). Жинхэнэ нинжин сэтгэлд жинхэнэ аз жаргалын цор ганц төлөвлөгөө болох Бурханы төлөвлөгөөг дагахад тэднийг хайр, тэвчээрээр урихад чадах бүхнээ хийх нь багтдаг. Бурханы төлөвлөгөөнөөс өөр хувилбарыг дэмжих юм уу батлах нь туслахаасаа илүү хор хөнөөлтэй.