“5-р сарын 6–12. Лук 12–17; Иохан 11: ‘Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“5-р сарын 6–12. Лук 12–17; Иохан 11,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
5-р сарын 6–12
Лук 12–17; Иохан 11
“Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!”
Лук 12–17 болон Иохан 11-ийг залбирч уншсанаар бэлтгэлээ эхэл. Танай ангийн ямар “алдагдсан хонь” санаанд тань орж ирж байна вэ? Хэдийгээр тэд хичээлд суухгүй байсан ч та ангийнхаа гишүүдийн хэрэгцээг хэрхэн хамгийн сайн хангах талаар Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхдээ Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага болон энэ тоймыг ашигла.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хэрэгжүүлэх нь суралцах үйл явцын нэг чухал хэсэг тул ангийн гишүүдийг энэ долоо хоногт судраас ойлгож авсан ямар нэгэн зүйлийн дагуу амьдрахаа хэрхэн сонгосон талаараа хуваалцахад урь.
Сургаалыг заа
Сайн мэдээнээс татгалзахад ямар ч тайлбар хангалттай биш юм.
-
Та ангийн гишүүдийг оройн зоогийн тухай сургаалт зүйрлэлийг судлахад туслахын тулд тэднийг өөрийн зохион байгуулах төсөөллийн дайллагад урь. Тэднийг яагаад оролцох эсвэл оролцохгүй байх зарим шалтгааныг хуваалцах боломж олго. Лук 14:15–24-ийг хамт уншаад, сайн мэдээний адислалыг төлөөлсөн найранд хүмүүсийг урихад өгсөн тэдний тайлбарын талаар ярилц. Өнөөдөр Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг хүлээн авахад урих Аврагчийн урилгыг зөвшөөрөхгүй байгаа хүмүүс ямар тайлбар өгдөг вэ? Ангийн гишүүд сайн мэдээний зарим зарчмын дагуу амьдрахын тулд шаардлагатай золиослолуудыг хийснээр ирсэн адислалуудаа хуваалцаж болох юм.
Бид замаасаа төөрсөн хүмүүсийг хайн олж, тэднийг эргэн ирэхэд Эцэгийн хамт баярлаж чадна.
-
Тэдэнд сайн мэдээний адислалууд байхгүй болохоор “алдагдсан” хүмүүсийг хайж олон, тэднийг эргэн ирэхэд урихад та зааж буй хүмүүсээ хэрхэн урамшуулж болох вэ? Та ангийн гишүүдийг өөрсдийн мэдэх “алдагдсан хонины” талаар хэдэн хором бодоход уриад, тухайн хүнийг бодсон чигтээ Лук 15:1–7-г уншихад урь. Тэд тухайн хүнд мэдрэмжтэй бөгөөд хайраар хандахын тулд юу хийх бодолтой байна вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Томас С.Монсоны ярьсан түүх юм уу ахлагч Мэрвин Б.Арнолдын “Аврах ажил: Бид үүнийг хийж чадна” хэлсэн үг энэ ярилцлагад тустай байж магадгүй (2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39–41).
-
Хүн замаасаа төөрөх ямар нөхцөл байдгийг ойлгох нь ангийн гишүүдэд тустай юу? Ангийн гишүүдийг бүлгүүдэд хуваарилаад, Лук 15-д гарч буй гурван сургаалт зүйрлэлээс нэг нэгийг уншихыг даалгах талаар бод. Эдгээр сургаалт зүйрлэл алдагдсан хүмүүсийг олохын тулд биднийг юу хийх ёстой гэж заадаг вэ? Тэнгэрлэг Эцэг алдагдсан хүмүүсийн талаар ямар мэдрэмжтэй байдгийг Лук 15-д байгаа ямар үгс харуулдаг вэ?
-
Танай ангийн гишүүд үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл дэх ууган хүүгийн үг, үйлдэлд анхаарах нь тустай. Магадгүй тэд энэ сургаалт зүйрлэлд ууган хүүгийн дүүдээ хандах хандлагыг өөрчилсөн төгсгөл зохион бичиж болох юм. Бидэнд алдагдсан болон сайн мэдээнд эргэн ирсэн хүмүүсийн тухай ямар мэдрэмж төрөх талаар энэ сургаалт зүйрлэл дэх аавын зөвлөгөө юу заадаг вэ? (Мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгийг үзнэ үү.) Эсвэл та ангийн гишүүдээс өөрсдийгөө энэ сургаалт зүйрлэлд гардаг аав гэж төсөөлөхийг хүсэж болох юм. Тэд ууган хүүдээ бусдын хөгжил дэвшил, амжилтад баярлахад нь туслах ямар нэмэлт зөвлөгөөг өгөх вэ?
Есүс Христ бол Амилалт ба Амь мөн.
-
Лазарыг үхлээс босгосон талаар энэ долоо хоногт уншихдаа, ангийн гишүүдийн хэн нэгэн нь Есүс Христ бол Бурханы Хүү гэдэгт итгэх тэдний итгэлийг хүчирхэгжүүлсэн ямар нэгэн зүйлийг олж мэдсэн үү? Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Өөр ямар туршлага тэдэнд Есүс Христэд итгэх итгэлийг төрүүлсэн бэ? Энэ гайхамшиг тохиох цаг үед Лазар амилуулагдаагүй, харин түүнийг үхлийн байдалд эргүүлж авчирсан гэдгийг та цохон тэмдэглэ.
-
Иохан 11:1–46-г судлах нэг арга бол ангийн гишүүдээс шүлгүүдийг ээлжлэн уншаад, Есүс Христэд итгэх итгэлийн нотолгоог олмогцоо зогсохыг хүсэх явдал юм. Олсон зүйлээ ярилцахыг тэднээс хүс. Сорилт бэрхшээл, сул дорой байдал нь бидний Түүнд итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?
-
Энэ судрыг унших өөр нэг арга зам бол ангийн хэдэн гишүүнд уг түүхэнд гардаг Аврагч, төлөөлөгчид, Марта, Мариа зэрэг хүмүүсийн үзэл бодлыг авч үзэхийг даалгах явдал юм. Бид тэдний хүн нэг бүрээс юу ойлгож авч болох вэ? Бид Иохан 11:33–35-аас Аврагчийн талаар юу мэдэж авч болох вэ? Түүний талаарх эдгээр зүйлийг мэдэх нь яагаад чухал вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг Матай 19–20; Марк 10 болон Лук 18-ыг уншихад нь дэмжихийн тулд “Хэрэв та бүтэн өдөр ажиллаад ердөө ганц цаг ажилласан хүнтэй ижил хөлс авбал танд ямар санагдах вэ?” гэх мэтээр та асууж болно. Ирэх долоо хоногийн уншлагад байгаа сургаалт зүйрлэл үүнийг хэрхэн шударга байж болохыг санал болгосон гэдгийг тэдэнд хэл.
Нэмэлт эх сурвалж
“Та намайг олчихлоо.”
Ерөнхийлөгч Томас С.Монсон бишопоор үйлчилж байхдаа тохиолдсон дараах туршлагыг хуваалцжээ. “Ням гаргийн өглөө цуглаанд ховорхон ирдэг пристүүдийн нэг Ричард санваарын цуглаанд бас л ирээгүй байхыг би ажиглалаа. Би чуулгыг зөвлөхдөө хариуцуулж үлдээгээд, Ричардынд очихоор гарлаа. Ээж нь Ричардыг авто машинд үйлчилгээ хийдэг гараашт ажиллаж байгаа гэв. Би гараашт ороод Ричардыг хайгаад хайгаад олсонгүй. Гэнэт би барилгын хажуу талын хуучны маягийн, засварчид дотор нь орж, машины доод талаас засвар хийдэг тос болсон нүх рүү өнгийж хар гэсэн сүнслэг нөлөөллийг хүлээж авав. Харанхуй дотроос хоёр нүд гялалзахыг би харлаа. “Бишоп оо, та намайг олчихлоо шүү. Би гараад очъё” гэж Ричард хэлэв. Би Ричардтай уулзаад, бид түүнийг хэчнээн их санаж байгаагаа бас тэр бидэнд хэчнээн их хэрэгтэй байгааг түүнд хэллээ. Би түүнээс цуглаанууддаа очиж байх амлалтыг авч чадлаа. [Хожим] түүнийг машин засварын нүхэнд нуугдсаныг бишоп нь олж, дахин идэвхтэй болоход нь тусалсан тэр өдөр амьдралд нь эргэлт гарсан юм гэж Ричард хэлэв” (“Чихрийн нишингэ ба бодгалийн үнэ цэн,” Лиахона, 2009 оны 7-р сар ).
Нөгөө үрэлгэн хүүгээс суралц.
Үрэлгэн хүүгийн ахын талаар ахлагч Жэффри Р.Холланд дараах ажиглалтыг хийжээ.
“Энэ хүү дүүгээ ирэхэд уурласан юм биш, харин аав ээж нь дүүг нь ирсэнд маш их баярласанд илүү их уурласан юм. Талархал хүлээж авдаггүй гэж бодож, өөрийгөө өрөвдсөн уг гайхамшигтай дуулгавартай хүү хэзээ ч өөрийгөө хог хаягдал мэт мэдэрч, сэтгэлээр унаж, айж, өөрийгөө үзэн ядаж байгаагүй гэдгээ түр зуур мартсан байсан. Тэр эдлэн дээрх бүх тугал аль хэдийн түүнийх байсан гэдгийг мөн түүний гэрт буй хамгийн сайхан бүх хувцас, бөгж түүнийх гэдгийг түр зуур мартсан байсан. Түүний итгэлтэй байдал үргэлж шагналаа авч байсныг мөн авах болно гэдгийг тэр түр мартсан байсан.
“Үгүй ээ, бараг бүх зүйл өөрт нь байсан мөн эдгээр зүйлийг шаргуу хичээл зүтгэл болох гайхамшигтай арга замаар олж авсан түүнд Их Эзэний бүрэн дүүрэн хүн болоход нэг л зүйл дутаж байлаа. Тэрээр буцаж ирсэн дүү нь түүнтэй өрсөлдөөгүй гэдгийг олж харах өрөвч сэтгэл, нигүүлслийн гүн гүнзгий мэдрэмжийг хангалттай олж авч чадаагүй байв. Энэ бол түүний дүү. Эцэгийнх нь харахыг гуйсан хүү нь үхсэн байсан. Гэтэл тэр амьд байжээ. Тэр алдагдсан боловч олдлоо” (“The Other Prodigal,” Ensign, May 2002, 63).