“5-р сарын 20–26. Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12: ‘Харагтун, чиний Хаан ирж явна’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“5-р сарын 20–26. Матай 21–23; Марк 11; Лук 19–20; Иохан 12,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
5-р сарын 20–26
Матай 21; Марк 11; Лук 19; Иохан 12
“Харагтун, чиний Хаан ирж явна”
Та Матай 21–23; Марк 11; Лук 19–20 болон Иохан 12-ыг уншиж байхдаа ангийн гишүүдийн хэрэгцээг хангахад туслах, асууж болох асуултуудын талаар бод. Энэ тоймд дурдсан болон бусад асуулт, зарчмаас аль нь тэдний хэрэгцээг хамгийн сайн хангахыг мэдэхэд тань Ариун Сүнс нөлөөлөх болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хичээлээс өмнөх долоо хоногт ангийн цөөн гишүүнийг энэ долоо хоногт үзэх бүлгүүдийг судалсан туршлагаасаа хуваалцахаар бэлтгэхэд урь. Энэ долоо хоногийн турш судруудыг судалснаар тэдэнд ямар ямар адислал ирсэн бэ?
Сургаалыг заа
Аврагч биднийг биечлэн мэддэг.
-
Ангийн гишүүд тань амьдралдаа үе үе үл тоомсорлогдсон эсвэл мартагдсан мэт мэдрэмжийг мэдэрсэн байж магадгүй. Закхайн түүх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэднийг мэддэг бөгөөд тэдэнд анхаарал тавьдаг гэдгийг ойлгоход тэдэнд тусална. Ангийн гишүүдийг энэ түүхийг амьдралтайгаа харьцуулахад нь туслахын тулд тэднийг өөрсдийгөө Закхай хэмээн төсөөлөхөд урь. Тэр өөрийн туршлагаас Аврагчийн талаар юу мэдэж авсан гэж та бодож байна вэ? Бид Аврагчийг эрэлхийлэх Закхайн хичээл зүтгэлээс юу мэдэж авч болох вэ?
-
Ангийн гишүүдээс Их Эзэн хүмүүсийг нэрээр нь дуудсан өөр бусад судрын жишээг бодохыг хүсэх нь тусалж магадгүй. (Зарим жишээ “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа.) Ангийн гишүүдийг Их Эзэн тэднийг биечлэн мэддэг болохыг тэдэнд баталж өгсөн туршлагаасаа хуваалцахад урь.
Матай 21:1–11; Марк 11:1–11; Лук 19:29–44; Иохан 12:12–16
Есүс Христ бол бидний Хаан.
-
Аврагчийн Иерусалим руу ирсэн ялгуусан ирэлтийн талаар ярилцлага эхлүүлэх энгийн нэг үйл ажиллагаа нь ангийн хэд хэдэн гишүүнийг хаантай холбоотой титэм, хаан ширээ гэх мэт зүйлсийг самбар дээр зурахад бусад нь тэдний юу зурж байгааг таах явдал юм. Тэгээд ангийн бусад гишүүн дудран болон модны мөчир зурж болно. Эдгээр зүйл хаанд ямар хамаатай вэ? Дараа нь та Иерусалим руу ирсэн Аврагчийн ялгуусан ирэлтийг харуулсан зургийг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзүүлээд, ангийн гишүүдийг Марк 11:1–11-ийг уншихад урь. Эдгээр хүн Есүсийг өөрсдийн Хаан болохыг хэрхэн таньж мэдсэн бэ? Бид Есүс Христийг бидний Хааны хувьд үг болон үйлдлээрээ хэрхэн шүтэн бишрэх вэ?
-
Ангийн гишүүдийг Есүс Христ бол бидний Хаан гэдгийг ойлгоход туслахын тулд та тэднийг “Есүс эгэлхнээр төрсөн” дууллын үгсийг Сүмийн дуулал болон хүүхдийн дуу номын 20-р хуудаснаас эсвэл Есүс бидний Хаан болох талаар өөр дууллын үгсийг уншихыг хүс. Энэ дууллын ямар үг бидэнд Матай 21:1–11; Марк 11:1–11; Лук 19:29–44; Иохан 12:12–16-д байгаа үнэнийг сануулдаг вэ?
Хамгийн агуу хоёр зарлиг бол Бурханаа хайрлах мөн хөршөө өөрийн адил хайрлах явдал юм.
-
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф хоёр агуу зарлигаас өөр зүйлсийг амьдралынхаа гол хэсэг болгох нь хоосон хана руу харваад, сумаа тойруулан бай зурсантай адил хэмээн заасан (“Байныхаа гол руу онилох нь,” Лиахона, 2017 оны 1-р сар, х. 4–5-ыг үзнэ үү). Энэ зүйрлэлийг судлах нь ангийн гишүүдийг Матай 22:34–40-ийг ойлгоход туслах болов уу? Үүнийг хийх нэг арга бол шалан дээр том цаас тавиад, ангийн гишүүдэд үзэг эсвэл харандаагаа уг цаасан дээр ээлжлэн унагаах боломж олгох явдал юм. Дараа нь тэд үзэг эсвэл харандаа хүрсэн хэсгүүдэд бай зураад, бай тус бүрийн хаяг дээр зарлиг бичнэ. Матай 22:34–40-ийг хамт уншсаны дараа та бүх байг хамарсан шинэ бай зурж, түүнийгээ “Бурханаа хайрла мөн хөршөө хайрла” хэмээн хаягла. Хоёр агуу зарлигт төвлөрөх нь Бурханы бусад зарлигийг дагахад маань хэрхэн тусалдаг вэ? Бид энэ хоёр агуу зарлиг дээр дуулгавартай байдлаа төвлөрүүлэхдээ хэрхэн санаа тавих вэ?
Бид сүнслэг байдлаараа сохор газарчдыг дагахаас зайлсхийхдээ хамгаалагдах болно.
-
Аврагч сүнслэг байдлаараа сохор фарисайчууд болон хуулийн багш нарыг дүрслэхдээ ашигласан “сохор газарчид” хэмээх нэршлийн талаар ярилцвал ангийн гишүүдэд тань тустай байх болов уу? (Maтай 23:16). Харж чадахгүй хүнийг дагахад хэн нэгэнд ямархуу байдгийг харуулах аргыг та бод. Эсвэл ангийнхан Матай 23:13–33-т дүрсэлсэн сохор газарчны онцлог шинжүүдийг самбарт жагсаан бичиж болно. Уг жагсаалтад нэмэхээр сүнслэг байдлын сохролтын тухай заадаг 2 Коринт 4:3–4; 2 Нифай 9:28–32; Иаков 4:14 гэх мэт нэмэлт судруудыг харахад анхаар. Бид сохор газарчдыг хэрхэн таньж, тэднээс зайлсхийж чадах вэ?
-
Хуулийн багш нар болон фарисайчууд ариун сүмийн үнэн утга учраас илүү алт, өргөлүүдэд нь анхаардаг байсныг (Матай 23:16–22-ыг үзнэ үү) ойлгоход ангийн гишүүдэд туслахыг та хүсэж байж болох юм. Үүнийг хийхдээ “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Боид К.Пакэрын ярьсан сувд болон хайрцгийн тухай сургаалт зүйрлэлийг хуваалцах талаар бодож үз. Биднийг ариун сүмийн жинхэнэ адислалуудыг хүртэхээс юу самууруулж болох вэ? Ариун ёслолын цуглааны хувьд?
Нэр төр биднийг Есүс Христийн баатарлаг шавь нар байхад саад болдог.
-
Есүс Христэд итгэдэг зарим хүн Түүний сайн мэдээний төлөө, ялангуяа шашны итгэл бишрэлийг үл ойшоодог эсвэл доог тохуу хийдэг нийгэмд, сорилтыг давах хүсэлгүй байдаг. Иохан 12:42–43 нь бидэнд өнөөдөр ямар сургамж заадаг вэ? Та ангийнхныг Гэтэлгэл 32:1–8; 1 Самуел 15:18–25; Матай 14:1–10; 1 Нифай 6:1–6; Мозая 17:1–12; Моронай 8:16 гэсэн судруудаас хүмүүст таалагдахыг хүссэн болон Бурханы таалалд нийцэхийг хүссэн хүмүүсийг таньж мэдэхэд урь. Бид эдгээр жишээнээс юу ойлгож мэдэж болох вэ? Олон нийтийн газар итгэл бишрэлээ илэрхийлэх бидний үүрэг хариуцлагын талаар илүү дэлгэрэнгүйг ахлагч Робэрт Д.Хэйлсийн “Сонгох эрхийг хадгалж, шашны эрх чөлөөг хамгаалах нь” захиасаас 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 100–103-аас үзнэ үү.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Сүүлчийн өдрүүдэд сонгогдсон хүмүүс ч мэхлэгдэж болно хэмээн Аврагч бошиглосон (Иосеф Смит—Матай 1:22-ыг үзнэ үү). Та ангийн гишүүдийг Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13; Лук 21-ийг ирэх долоо хоногт уншихад урамшуулан дэмжихийн тулд хожмын өдрүүдэд худал хуурмагаас зайлсхийх түлхүүрийг эдгээр бүлгээс олох болно гэдгийг тэдэнд хэл.
Нэмэлт эх сурвалж
Тэнгэрлэг Эцэг та нарыг нэг бүрчлэн мэддэг.
Ахлагч Нийл А.Максвэлл: “Бурхан маш удаан хугацааны туршид та нарыг нэг бүрчлэн мэддэг байсан гэдгийг би гэрчилж байна (С ба Г 93:23-ыг үзнэ үү). Тэрээр та нарыг урт, удаан хугацаанд хайрласан. Тэрээр бүх одны нэрийг мэддэг төдийгүй (Дуулал 147:4; Исаиа 40:26-г үзнэ үү); та нарын нэрийг, сэтгэлийн бүхий л шаналал, баяр хөөрийг тань мэддэг!” (“Remember How Merciful the Lord Hath Been,” Ensign or Liahona,May 2004, 46).
Их Эзэн хүмүүсийг нэрээр нь дуудсан жишээнүүд.
Сувд болон хайрцгийн тухай сургаалт зүйрлэл.
Ерөнхийлөгч Боид K.Пакэр дараах сургаалт зүйрлэлийг хуваалцсан. “Нэгэн худалдаачин үнэт эрдэнэс хайсаар арай гэж нэг төгс сувд олжээ. Тэр хамгийн шилдэг уран дархнаар үнэт эдлэлийн дээд зэргийн хайрцаг сийлбэрлүүлээд, хөх өнгийн хамба хилэнгээр доторлуулжээ. Тэр агуу үнэт сувдаа хайрцагт байрлуулж, бусдад өөрийн үнэт эрдэнийг харуулахыг хүсэв. Хүмүүс үнэт эрдэнийг үзэхээр ирж байгааг тэр харж байлаа. Тун удалгүй тэр уй гашууд автжээ. Хүмүүс сувдыг биш, хайрцгийг шагшин гайхацгааж байв” (“The Cloven Tongues of Fire,”Ensign, May 2000, 7).