Ирээд, Намайг дага
5-р сарын 27-оос 6-р сарын 2. Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13; Лук 21: ‘Хүний хүү ирэх болно’


“5-р сарын 27-оос 6-р сарын 2. Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13; Лук 21: ‘Хүний хүү ирэх болно’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“5-р сарын 27-оос 6-р сарын 2. Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13; Лук 21,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Хоёр дахь ирэлт

Харри Андэрсон, Хоёр дахь ирэлт

5-р сарын 27-оос 6-р сарын 2

Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13; Лук 21

“Хүний хүү ирэх болно”

Заах бэлтгэлээ Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13 болон Лук 21-ийг залбирч уншсанаар эхлүүлэхээ сана. Сүнслэг өдөөлтийг өөрөө эрэлхийл. Дараа нь энэ тоймд буй нэмэлт санаануудыг унш.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Энэ долоо хоногийн уншлагад буй инжрийн мод, гэрийн тэргүүлэгч ба хулгайч, итгэмжит ба муу боол, арван охин, талант, хонь ба ямаа зэрэг Аврагчийн сургаалт зүйрлэлийг самбарт жагсаан бич. Ангийн гишүүдийг эдгээр сургаалт зүйрлэлээс Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд нь туслах ойлгож мэдсэн үнэнийг хуваалцахад урь. Тэд эдгээр үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд юу хийж байгаа вэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Иосеф Смит—Maтай 1:21–37

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх бошиглолууд бидэнд ирээдүйгээ итгэлтэй угтахад тусалдаг.

  • Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг ойлгох нь ангийн зарим гишүүнд хэцүү байж магадгүй. Тэд бүлэг болон хуваарилагдаж ажиллаад, Иосеф Смит—Матай 1:21–37-оос олсон тэмдгүүдийг таньж мэдэхэд тэдэнд тусална. Мөн хэрэв тэд эдгээр тэмдгийг замын тэмдгүүдтэй харьцуулбал тэдгээрийн ач холбогдлыг илүү сайн ойлгоход тус болж магадгүй. Замын тэмдгүүд яагаад чухал вэ? Энэ нь Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаар юу хэлж байна вэ? Та бүлэг бүрд замын тэмдгийн хэлбэртэй цааснууд өгөөд, тэднийг цаас бүр дээр Хоёр дахь ирэлтийн өмнө гарах тэмдгийг бичихэд урь. Тэдэнд олсон зүйлээ хуваалцах боломж олго. Мөн ангийнхныг өнөөдөр дэлхийд болж буй эдгээр тэмдгийн баримт нотолгооны талаар ярилцахад урь.

  • Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд ангийн гишүүдийг эдгээр шүлгээс Хоёр дахь ирэлт рүү хөтөлдөг үйл явдлуудын үеэр бид хэрхэн “айж сандрахгүй байх” талаарх зөвлөгөөг олж мэдэхэд урьсан (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн үгийг үзнэ үү). Хоёр дахь ирэлтийг харуулсан зураг үзүүлээд, (Хоёр дахь ирэлт, Сайн мэдээний зургийн цуглуулга, д. 66-г үзнэ үү), ангийн гишүүдийг хувиараа судалж байхдаа тэмдэглэж авсан шүлгүүдээ хуваалцахад урь. Яагаад Хоёр дахь ирэлт рүү хөтөлдөг үйл явдлуудын тухай мэдэх нь адислал байдаг вэ?

Иосеф Смит—Матай 1:26–27, 38–55; Матай 25:1–13

Бид Аврагчийн Хоёр дахь ирэлтэд үргэлж бэлэн байх ёстой.

  • Хэдийгээр Аврагч биднээс Түүний Хоёр дахь ирэлтэд үргэлж бэлэн байхыг хүссэн ч бид өдөр тутмын амьдралдаа анхаараад, Хоёр дахь ирэлтийн талаар нэг их боддоггүй. Иосеф Смит—Матай 1:26–27, 38–55 болон Матай 25:1–13-т байгаа сургаалт зүйрлэл нь Хоёр дахь ирэлтэд бэлтгэгдсэн байхын ач холбогдлыг ойлгоход ангийн гишүүдэд тусална. Ангийн гишүүдийг эдгээр сургаалт зүйрлэл, харьцуулалтыг олоод, Хоёр дахь ирэлтэд бэлтгэлтэй байх талаар тэдний юу заадгийг хуваалцахад урь. Магадгүй ангийн ганц хоёр гишүүн эдгээр сургаалт зүйрлэлийн нэгийг бүтээлч дүрслэлээр харуулахаар бэлтгэн ирж болох юм.

  • Арван охины сургаалт зүйрлэл нь ангийн гишүүдэд Аврагчтай уулзах сүнслэг бэлтгэлийнхээ талаар эргэцүүлэн бодоход тусална. Энэ сургаалт зүйрлэлийн нэгэн тайллыг ахлагч Дэвид А.Бэднэр өгсөн байдаг нь тус нэмэр болно (“Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү). Бид сайн мэдээнд бүрэн дүүрэн хөрвүүлэгдэхийн тулд өдөр тутмын амьдралдаа хийж болох зүйлсийн талаар ангийн гишүүд ярилцаж болно. Яагаад бидний хүн нэг бүр өөрсдөө хөрвүүлэгдэх ёстой байдаг вэ? Сургаал ба Гэрээ 45:56–57 нь хэрхэн энэ сургаалт зүйрлэлийн тухай бидний ойлголтыг нэмэгдүүлж байна вэ?

  • Та Хоёр дахь ирэлтийн тухай дууллуудыг хамт дуулж, тэдгээрийн заадаг захиасын талаар ярилцаж болно (“Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү).

Maтай 25:14–46

Эцсийн шүүлт дээр бид амьдралынхаа талаар Их Эзэнд ярих болно.

  • Талантын тухай болон хонь, ямааны тухай сургаалт зүйрлэл нь биднийг Эцсийн шүүлт дээр Их Эзэнд ярих амьдралынхаа талаар бодож үзэхэд урамшуулдаг. Та сургаалт зүйрлэлийг хамт уншаад, Аврагч биднийг амьдралынхаа тухай ярихад асууж магадгүй нэг нэг асуултыг хуваалцахад ангийн гишүүн бүрийг урь. Ангийн гишүүдэд уг ярилцлагын үеэр төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэх арга замуудаа төлөвлөх цаг олго.

    Хонь ба ямаа

    Христ Эцсийн шүүлтийн талаар заахдаа хонь ба ямааг ашигласан (Матай 25:31–33-ыг үзнэ үү).

  • Та ангийн гишүүдтэйгээ Судруудын удирдамжийн “Шүүлт, эцсийн” болон scriptures.lds.org вэбсайтад байгаа Эцсийн шүүлтийн тодорхойлолтыг нягтлан үзэж болно. Дараа нь та ангийн гишүүдээс Эцсийн шүүлт ямар байх талаарх Алма 5:17–25 гэх мэт зарим судрыг уншихыг хүсэж болно. Тэр өдөрт бэлтгэхийн тулд бидний юу хийхийг эдгээр судар урамшуулдаг вэ?

  • Та Матай 25:34–40-ийн талаарх ярилцлагыг дэмжихийн тулд ангийн гишүүдийг эдгээр шүлэгт дүрсэлсэн өрөвч сэтгэлтэй хүмүүсийн жишээнээс хуваалцахад урь. Хэнд тэдний үйлчлэл хэрэгтэй байж болох талаар бодож тунгаах цаг тэдэнд гаргаж өг. Бидний өлссөнийг хооллох, нүцгэн байгааг хувцаслах, өвчтэй байгааг эргэж очих зарим бодит арга зам юу вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Ангийн гишүүдийг ирэх долоо хоногт Иохан 13–17-г уншихад урамшуулан дэмжихийн тулд тэднээс хүү эсвэл охиноо номлолд явахаас яг өмнө юу гэж хэлэхээ бодохыг хүс. Иохан 13–17-д бид Аврагчийн цовдлуулахаасаа өмнө шавь нартаа өгсөн эцсийн зааварчилгааны тухай уншина.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13; Лук 21

Хоёр дахь ирэлтийн тухай дуулал.

Хөрвүүлэлтийн тос.

Арван охины тухай сургаалт зүйрлэлийн боломжит нэгэн тайллыг ахлагч Дэвид А.Бэднар санал болгосон. Тухайлбал:

“Энэ тосыг хөрвүүлэлтийн тос гэж бодоорой [Матай 25:4–9-ийг үзнэ үү]. …

Таван ухаалаг охин хувиа хичээн, хуваалцахыг хүсэхгүй байсан уу эсвэл хөрвүүлэлтийн тосыг зээлүүлж болдоггүй гэж зөв зүйл хэлсэн үү? Зарлигуудыг байнга дагаснаар ирдэг сүнслэг хүч чадлыг өөр хүнд өгч болох уу? Хичээнгүйлэн сурч, судруудын талаар тунгаан бодсоноор ирэх мэдлэгийг хэрэгцээтэй нэгэнд дамжуулан өгч болох уу? Итгэлтэй хожмын үеийн гэгээнтэнд сайн мэдээний авчрах амар амгаланг хэцүү бэрхшээл зовлонтой тулгараад байгаа хүнд шилжүүлэн өгч болох уу? Эдгээр асуултад өгөх тодорхой хариулт бол үгүй, болохгүй.

Ухаалаг охидын хэлснээр, бид нэг бүрчлэн ‘өөрсдөө үүнийг худалдаж’ авах ёстой. Эдгээр сүнсээр өдөөгдсөн охид мөнгө төлөн худалдаж авахыг яриагүй; харин гэрчлэлийн дэнлүүгээ асаалттай байлгаж чадах хувийн хариуцлага болон хөрвүүлэлтийн тосыг хангалттай байлгахыг хэлж байсан. Энэхүү эрхэм үнэт тос нь нэг удаад нэг дуслаар буюу ‘шат шатаар, дүрэм дүрмээр’ (2 Нифай 28:30), тэвчээртэйгээр, шаргуу дагаснаар олддог” (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 133).

Бүү айгтун.

Ерөнхийлөгч Томас С.Монсон:

“Аянгын бараан үүлс хуралдаж, аадар бороо бидэн дээр цутгаж мэдэх ч хэрэв бид зөв шударга амьдарч, зарлигуудыг сахивал сайн мэдээний тухай мэдлэг, Тэнгэрлэг Эцэг болон Аврагчийг хайрлах хайр маань биднийг тайтгаруулж, дэмжих болно. …

Хайрт ах, эгч нар минь, бүү ай. Зоригтой бай. Ирээдүй та нарын итгэл лүгээ адил гэрэл гэгээтэй байна” гэж хэлсэн (“Зоригтой бай,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 102).

Заах чадвараа сайжруулах

Та үнэн сургаал зааж байгаадаа итгэлтэй бай. “Та өөрөөсөө ‘Миний зааж байгаа зүйлс ангийн гишүүдэд Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчилж, Бурхантай гэрээнд орж, гэрээгээ сахиж мөн Ариун Сүнсийг хүлээн авахад хэрхэн туслах вэ?’ хэмээн үргэлж асууж бай.” (Аврагчийн арга барилаар заах нь, 20).