Ирээд, Намайг дага
6-р сарын 10–16. Матай 26; Марк 14; Лук 22; Иохан 18: ‘ Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог’


“6-р сарын 10–16. Матай 26; Марк 14; Лук 22; Иохан 18: ‘Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“6-р сарын 10–16. Матай 26; Марк 14; Лук 22; Иохан 18,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019

Сүүлчийн зоог

Бэнжамин Макфэрсон, Тэгэхэд шөнө байв

6-р сарын 10–16

Матай 26; Марк 14; Лук 22; Иохан 18

“Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог”

Матай 26; Марк 14; Лук 22 болон Иохан 18-ыг уншаад, төрсөн бодол, сэтгэгдлээ тунгаан бод. Танай ангийн гишүүд ямар захиасыг ойлгож мэдэх хэрэгтэй байгаа вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах нь шигтгээ зураг

Хуваалцахад урь

Ариун ёслолын учир утгын талаар илүү ихийг олж мэдэхэд тусалсан энэ долоо хоногт ойлгож авсан зүйлээ хуваалцахад ангийн гишүүдийг урь. Тэд юу хийсэн бэ? Энэ нь тэдний ариун ёслолоос хүртэх туршлагад хэрхэн нөлөөлсөн бэ?

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Матай 26:26–29; Лук 22:19–20

Ариун ёслол нь Аврагчийг үргэлж дурсан санах боломж юм.

  • Аврагч яагаад ариун ёслолыг бий болгосон бэ? Бид яагаад долоо хоног бүр ариун ёслолоос хүртдэг вэ? Ангийн гишүүд Матай 26:26–29; Лук 22:7–20; Сургаал ба Гэрээ 20:75–79 болон Итгэлдээ үнэнч байх нь товхимлын х. 25–27-оос ямар боломжит хариултуудыг олж чадах вэ? Жишээлбэл, Итгэлдээ үнэнч байх нь товхимолд ариун ёслол нь Мосегийн хуулийг гүйцэлдүүлсэн Христийн золиослолыг тэмдэглэдэг гэж заадаг. Мөн та ангиараа ариун ёслолын залбирлыг уншаад, уг ёслолын хэсэг болгон бидний хийдэг гэрээнүүдийг олж тогтоохыг ангийн гишүүдээс хүсэж болно. Бид өөр хэн нэгнийг эдгээр амлалт юу гэсэн утгатай болохыг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ? Бидний ариун ёслолд оролцсон байдал долоо хоногийн турш хийх сонголтуудад маань хэрхэн нөлөөлөх вэ?

    Ариун ёслолоос хүртэж буй залуу эмэгтэй

    Бид ариун ёслолоос хүртэхдээ гэрээгээ шинэчилдэг.

  • Аврагчийг ариун ёслолын үеэр мөн долоо хоногийн турш хэрхэн дурсан санах тухай бие биенийхээ санаануудыг сонсох нь ангийн гишүүдэд тус нэмэр болно (С ба Г 6:36–37-г үзнэ үү). Өөрсдөд нь болон тэдний гэр бүлд Аврагчийг дурсан санаж, гэрээнүүдээ сахихад юу тусалдаг талаар хуваалцахад та тэднийг урьж болох юм. Энэ долоо хоногт унших ямар ямар шүлэг ариун ёслолын бишрэл хүндэтгэлийг маань гүнзгийрүүлэх вэ? Аврагчийг хэрхэн дурсан санах тухай өөр өөр бодол санааг Гэррит В.Гонгийн “Түүнийг үргэлж сана” хэлсэн үгээс Ensign эсвэл 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 95–98-аас үзнэ үү.

  • Энэ ярилцлага нь ангийн гишүүдтэй хамт ариун ёслолын бэлгэдлүүдийг судлах сайхан боломж байж болно. Ёслолын турш Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхэд эдгээр бэлгэдэл бидэнд хэрхэн туслах вэ? Эдгээр бэлгэдэл нь Түүний тухай болон бидний Түүнтэй харилцах харилцааны тухай юу заадаг вэ?

  • Ариун ёслолын тухай ярилцаад, төгсгөлд нь та ангийн гишүүдэд дараа долоо хоногийн ариун ёслолд бэлтгэхийн тулд юу хийх мэдрэмж төрснөө тунгаан бодоод, бичиж авах хэдэн хором өг. Энэ үйл явцыг илүү сүнслэг болгохын тулд ангийн гишүүдийг тунгаан бодож байх хооронд ариун ёслолын дуулал тоглуулах талаар бодож үзээрэй.

Матай 26:36–46

Бид өөрсдийн хүслийг Эцэгийнхтэй нийцүүлснээр Христтэй илүү адил болно.

  • Эцэгийн хүсэлтэй нийцүүлсэн Аврагчийн жишээ ангийн гишүүдийг ийнхүү үйлдэх хэрэгтэй болох үед тэдэнд тусалж чадна. Та ярилцлагыг эхлүүлэхдээ, ангийн гишүүн бүрийг Бурханы тэднээс хийхийг хүсэж байгааг мэдсэн ямар нэгэн зүйлтэй нийцүүлсэн үеэ хуваалцахад урьж болно. Тэдгээр зүйлийг хийхэд юу тэднийг зоригжуулсан бэ? Ангийнхныг Матай 26:36–42-ыг уншаад, Аврагч яагаад Өөрийн хүслийг Эцэгийнхтэй нийцүүлэхийг хүссэнийг тунгаан бодоход урь. Өөрсдийн хүслийг Бурханыхтай нийцүүлэх нь биднийг хэрхэн адислах вэ?

  • Та Бурханы хүсэлтэй нийцүүлэх зарчмыг судлахын тулд ангийнхны хагасаас Мозая 3:19-ийг, нөгөө хагасаас 3 Нифай 9:20-ийг уншихыг хүс. Эдгээр шүлэг Бурханд дуулгавартай байхын утга учрыг юу гэж зааж байна вэ? Бид өөрсдийн хүслийг Бурханыхтай хэрхэн нийцүүлэх вэ? Ангийн гишүүд ирэх долоо хоногт өөрсдийн хүслийг Бурханыхтай хэрхэн нийцүүлж чадахаа тунгаан бодож болно. “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Нийл А.Максвэллын үг ярилцлагад тань нэмэр болж магадгүй.

Матай 26:20–22, 31–35

Их Эзэний үг бидний амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг тодорхойлохын тулд бид өөрсдийн амьдралыг эргэцүүлэх хэрэгтэй.

  • Бид амьдралдаа сайн мэдээний олон хичээл сонссон ч заримдаа тэдгээр хичээл ихэвчлэн өөр хүмүүст хамаатай гэж бодох нь бий. Биднийг энэ хандлагыг даван туулахад Матай 26-ийн талаарх ярилцлага тусалж чадна. Та энэ ярилцлагыг эхлүүлэхдээ, ангийнхнаа хос болгон хуваарилаад, хос бүрийн нэг хүнийг Mатай 26:20–22-ыг, нөгөөг нь 31–35-р шүлгийг уншихыг хүс. Энэ хоёр сударт байгаа шавь нарын хариултыг харьцуулахад тэднийг урь. Шавь нар Аврагчийн үгсийг өөрсдийн амьдралд хэрхэн хэрэгжүүлж байгаагаас бид ямар сургамж авч чадах вэ? Илүү ихийг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Би биш биз дээ, Эзэн минь?” хэмээх захиаст Матай 26:21–22-ын талаар хэлснээс үз. (Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, 67–70).

Матай 26:36–46

Есүс Христ бидний төлөө хязгааргүй Цагаатгалыг гүйцэтгэсэн.

  • Ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судалж байхдаа Есүс Христийн Цагаатгалын тухай олж мэдсэн ойлголтоо хуваалцахад урихыг бодож үз.

  • Матай 26 Гетсеманид юу болсныг дүрслэн үзүүлдэг. Харин танай ангийн гишүүд тэдний амьдрал дахь үүний ач холбогдлыг ойлгодог уу? Та тэдэнд туслахын тулд самбар дээр Гетсеманид юу болсон бэ?, Яагаад энэ нь надад чухал вэ? зэрэг асуултуудыг бичиж болно. Ангийн гишүүд тус тусдаа эсвэл цөөн хүнтэй бүлэг болоод эдгээр асуултын хариултуудыг Матай 26:36–46; Алма 7:11–13; Сургаал ба Гэрээ 19:16–19-өөс олж мэдэж болно. Мөн тэд ахлагч К. Скотт Грөүгийн “Цагаатгалын гайхамшиг” (Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118–121) захиасаас хариулт олж болно.

  • Мормоны Номонд Иаков Есүс Христийн Цагаатгалыг “хязгааргүй цагаатгал” (2 Нифай 9:7) хэмээн нэрлэсэн байдаг. Энэ нь ямар утгатайг ойлгоход ангийн гишүүдэд туслахын тулд та “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны сургалтыг хуваалцан, Аврагчийн золиослолын үр нөлөө хязгааргүй байж болох арга замуудыг жагсаан бичихийг ангийн гишүүдээс хүс. Тэд мөн Еврей 10:10; Алма 34:10–14; Сургаал ба Гэрээ 76:24 болон Мосе 1:33 гэсэн судруудыг уншаад, жагсаалтандаа оруулж болно. Бид Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлд талархаж байгаагаа хэрхэн илэрхийлж чадах вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Та ангийн гишүүдийг үргэлжлүүлэн уншихад урамшуулахын тулд Есүсийн загалмай дээр байхдаа хэлсэн долоон зүйлийг мэддэг эсэхийг тэднээс асууж болно. Тэд Матай 27; Марк 15; Лук 23 болон Иохан 19-ийг уншсанаар Аврагч юу хэлснийг олж мэдэх болно гэдгийг тэдэнд хэл.

эх сурвалж шигтгээ зураг

Нэмэлт эх сурвалж

Матай 26; Марк 14; Лук 22; Иохан 18

Библийн видео бичлэгүүд (LDS.org).

“Сүүлчийн зоог,” “Аврагч Гетсеманид шаналсан”

Өөрсдийн хүслийг Эцэгийнхтэй нийцүүл.

Ахлагч Нийл А.Максвэлл: “Та өөрийн хүслийг Бурханыхтай нийцүүлэхдээ, үнэн хэрэгтээ Түүнд өгч чадах өөрийн цорын ганц зүйлийг өгч байгаа билээ. Тахилын ширээг олох эсвэл түүн дээр өөрийн хүслийг бэлэг болгон тавьж эхлэхээ битгий их удаан хүлээгээрэй!” гэж хэлсэн (“Remember How Merciful the Lord Hath Been,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 46).

Хязгааргүй Цагаатгал.

Ахлагч Рассэлл М.Нэлсон:

“[Есүс Христийн] Цагаатгал бол эцэс төгсгөлгүй мөнхийн юм. Энэ нь бас бүх хүн төрөлхтөн үхлээс үүрд мөнх аврагдах учраас хязгааргүй юм. Энэ нь бас Түүний зовлон юутай ч зүйрлүүлшгүй хүчтэй байснаараа хязгааргүй юм. Энэ нь мал амьтнаар тахил өргөдөг ёсыг халснаараа цаг хугацааны хувьд хязгааргүй юм. Энэ нь бүх хүний төлөө хийгдсэн учраас цар хүрээгээрээ хэмжээлшгүй юм. Цагаатгалын нигүүлсэл зөвхөн хязгааргүй тооны хүмүүст төдийгүй Түүний бүтээсэн хэмжээлшгүй олон гараг дэлхийд хамаатай. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрээс эсвэл мөнх бус ойлголтоос давсан хэмжээлшгүй зүйл байлаа.

“Есүс мөнх бус эх, үхэшгүй мөнх Эцэг хоёроос төрсөн учраас ийм хэмжээлшгүй Цагаатгалыг хийж чадах цорын ганц нь байлаа. Есүс энэхүү хосгүй төрөлтийнхөө улмаас Өөрөө ч мөн хязгааргүй Хүмүүн байсан билээ” (“The Atonement,” Ensign, 1996 оны 11-р сар, 35).

Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант: “Есүс бүх дэлхийн бэлэг төдийгүй хувийн өргөл болохоор ирсэн юм. … Тэрээр Калвари дээр бидний хүн нэг бүрийн төлөө нас барсан бөгөөд Түүний цус биднийг улс үндэстэн, нийгэм эсвэл бүлгийн хувьд биш, харин бие хүнийх нь хувьд аврах болно” хэмээн заажээ (“A Marvelous Growth,” Juvenile Instructor, 1929 оны 12-р сар, 697).

Заах чадвараа сайжруулах

Бурханы мэлмийгээр хар. Таныг ангийн гишүүдээ Бурханы адил харж сурахыг хичээх үед тэдний тэнгэрлэг үнэ цэн, хүч чадлыг Сүнс танд харуулах болно. Таныг ийнхүү үйлдэхэд тэдэнд туслах хичээл зүтгэлийг тань удирдан чиглүүлэх болно (Аврагчийн арга барилаар заах нь, 6).