“6-р сарын 17–23. Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19: ‘Гүйцэлдлээ!’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“6-р сарын 17–23. Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
6-р сарын 17–23
Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19
“Гүйцэлдлээ!”
Заах бэлтгэлээ Матай 27; Марк 15; Лук 23 болон Иохан 19-ийг залбирч уншсанаар эхэл. Та Сүнстэй хамт байхуйц зохистой амьдарснаар Аврагч болон Түүний Цагаатгалын талаар хүчирхэг гэрч болж чадна гэдгийг сана.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Энэ долоо хоногийн бүлгүүдэд гарсан үйл явдлыг ангийн гишүүдэд сануулахын тулд зарим үг хэллэгийг самбарт бич. Ангийн гишүүдээс эдгээр үйл явдлын талаар уншихад ямар санагдсаныг дүрслэх зарим үгийг самбарт бичихийг хүс. Яагаад тэдэнд ийм мэдрэмж төрсөн бэ?
Сургаалыг заа
Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19
Аврагч зовж шаналахдаа бэлэн байсан нь Эцэгийг болон бид бүгдийг хайрлах Түүний хайрыг харуулдаг.
-
Ангийнхандаа Аврагчийн нас барсан тухай судрууд Түүний хайрыг хэрхэн харуулж байгааг ойлгоход туслахын тулд дараах үйл ажиллагааг хийж болно. Ангийн гишүүн бүрд цаасан зүрх өгөөд, 1 Коринт 13:4–7-оос энэрлийн тухай дүрслэн харуулсан нэг хэллэгийг зүрхэн дээр бичихэд урь. Тэгээд тэднээс Матай 27; Марк 15; Лук 23 эсвэл Иохан 19-ийг судлаад, сонгосон хэллэгт өгүүлсэн хайрыг Аврагч хэрхэн үзүүлж байгааг харуулсан цөөн шүлгийг зүрхнийхээ нөгөө талд бичихийг хүс. Олсон зүйлсээ хуваалцах боломжийг тэдэнд олго. Аврагчийн хайрыг ойлгоход ангийн гишүүдэд ямар туршлага тусалсан бэ?
-
Та энэ долоо хоногт сурч мэдсэн зүйлийнхээ талаар гэрчлэлээ хуваалцахад ангийн гишүүдээ урамшуулан дэмжихийн тулд юу хийж чадах вэ? Ангийн гишүүдийг уншсан үйл явдлуудыг нь эсвэл Аврагчийн зовлон шаналал болон цовдлолтын тухай тэдний сэтгэгдлийг дүрсэлсэн дууллыг олоход урих тухай бодож үз. Тэдгээр дууллаас нэг юм уу түүнээс олныг ангиараа дуулж болно. Аврагчийн эцсийн цаг мөчүүдийн талаар суралцах нь биднийг Түүнд итгэж найдан, дагахад хэрхэн урамшуулж болох вэ?
-
Ангийн гишүүдийг энэ долоо хоногт уншсан үйл явдлуудын заримыг төсөөлөн бодоход уран зураг тусалж чадна (“Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа санал болгосон зургуудыг үзнэ үү). Та ангийг бүлгүүдэд хуваарилан, бүлэг бүрд нэг зураг өгч болно. Бүлгүүд зурагт нь юу дүрсэлснийг өгүүлсэн шүлгүүдийг хамтдаа уншиж болно. Тэд шүлгүүдийн утгыг ярилцаж, уг зураг шүлгүүдийг илүү сайн ойлгоход тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцаж болно. Бүлэг бүр санал бодлоо ангийнхантайгаа хуваалцаж болох юм. Та мөн “Jesus Is Condemned before Pilate” болон “Jesus Is Scourged and Crucified” (LDS.org) видео бичлэгүүдийг үзүүлэх талаар бодож үзээрэй.
-
Та Аврагчийн амьдралын эцсийн цаг мөчүүдийн тухай бүх зүйлийг ангиараа ярилцаж чадахгүй ч зааж байгаа хүмүүст тань илүү утга учиртай байх хэсгүүдийг ярилцахад танд туслах нэг үйл ажиллагааг санал болгоё. Ангийн гишүүн бүрийг энэ долоо хоногийн уншлагаас нэг бүлэг сонгож аваад, цөөн минут гүйлгэж уншин, тэдэнд Аврагч болон Түүний номлолын тухай ямар нэгэн чухал зүйл заасан үг, хэллэг юм уу хэсгийг хайж олоход урь. Олсон зүйлээ хуваалцаж, энэ нь яагаад тэдэнд чухал болохыг тайлбарлах боломж тэдэнд олго.
Эртний бошиглогчид Аврагчийн зовлон шаналал, цовдлуулалтыг зөгнөн харсан.
-
Эртний бошиглогчид Аврагчийн амьдралын эцсийн мөчүүдэд тохиосон олон үйл явдлыг зөгнөн хэлснийг мэдэх нь таны зааж байгаа хүмүүсийн итгэлийг бэхжүүлнэ. Эдгээр бошиглолыг тоймлон үзээд, хэрхэн биелэгдсэнийг олж харахад ангийн гишүүдэд туслах нэг арга зам бол “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа судруудаас нэг юм уу түүнээс олон шүлгийг хүн бүрд өгөөд, уг судрууд хэрхэн биелж байгааг харуулсан шүлгүүдийг Матай 27-оос олохыг тэднээс хүсэх явдал юм. Та бошиглолууд болон тэдгээрийн биелэлтийг холбосон хүснэгт хийж болно. Бошиглол бүхий шүлгүүдийг Матай 27 дээрх судрынхаа хажууд бичихийг та тэдэнд санал болгож болно. Бид эдгээр бошиглолоос юу мэдэж авч болох вэ? Эдгээр бошиглол Есүс Христэд итгэх итгэлийг маань хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?
Матай 27:27–49; Марк 15:16–32; Лук 23:11, 35–39; Иохан 19:1–5
Эсэргүүцэл Бурханы ажлыг зогсоож чадахгүй.
-
Ангийн гишүүдийн зарим нь итгэл бишрэлээ илэрхийлэх юм уу итгэлийнхээ дагуу амьдрахыг хичээхдээ шүүмжлүүлэх эсвэл дооглуулах зэрэг эсэргүүцэлтэй тулгарч байсан байж магадгүй. Ярилцлагаа эхлэхдээ ийм явдлын талаарх туршлагаасаа хуваалцахыг ангийн цөөн гишүүнээс хүс. Тэд хэрхэн хариулсан бэ? Ангийн гишүүдээс Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19-өөс Аврагчийн туулсан хавчлагуудыг дүрслэн өгүүлсэн шүлгүүдийн заримыг уншихыг хүс. Өнөөдөр Бурханы ажилд ямар төрлийн эсэргүүцлүүд тулгардаг вэ? Бид өнөө үед эсэргүүцэлтэй тулгарахад маань туслах ямар сургамжийг Аврагчийн хариултуудаас авч болох вэ? Эсэргүүцэлтэй тулгарах үед бидэнд туслах бусад сударт Матай 5:10; Ром 12:14; 2 Тимот 3:10–12; Алма 1:19–28; 3 Нифай 12:10–12 ордог. Бид эдгээр шүлгээс юу ойлгож авч болох вэ?
Аврагч бидэнд найдвар ба өршөөл санал болгодог.
-
Аврагчийн Эцэгээсээ цэргүүдийг өршөөхийг гуйж байгаа болон загалмай дээрх хулгайчид найдвар төрүүлж байгаа судрыг унших нь танай ангийн гишүүдэд туслах болов уу? Ангийнхныг хоёр хуваагаад, нэг бүлэгт нь Лук 23:34–38 (34-р шүлэг, зүүлт тайлбар c, Иосеф Смитийн Орчуулгаас нэмэлт ойлголт өгдөг) нөгөөд нь Лук 23:39–43-ыг уншихыг даалгах талаар бодож үз. Бүлэг бүрийн гишүүд эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу ойлгож авснаа ярилцаад, санаа бодлоо ангийнхантай хуваалцаж болно. Бид Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?
-
Бусдыг Есүсийн нэгэн адил уучлахдаа хэцүү санагддаг ангийнхаа хэн нэгэнд туслахын тулд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэффри Р.Холландын үгийг хуваалцахад анхаар.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг ирэх долоо хоногт Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21-ийг уншихад урамшуулан дэмжихийн тулд тэднээс “Би итгэхийн тулд харах хэрэгтэй” гэж хэлсэн хэн нэгэнд юу хэлэх тухайгаа бодохыг хүс. Энэ асуудалд анхаарлаа хандуулахад тэдэнд ирэх долоо хоногийн уншлага туслах болно гэдгийг хэл.
Нэмэлт эх сурвалж
Есүсийн хавчлага, зовлон шаналал, үхлийг харуулсан зургууд.
-
Пилат гараа угаасан нь (LDS.org; Матай 27:11–25)
-
Өргөст титэмтэй Христ (LDS.org; Матай 27:26–31)
-
Есүс загалмайгаа үүрсэн нь (LDS.org; Иохан 19:13–18)
-
Цовдлолт (LDS.org болон Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 57; Лук 23:33–46; Иохан 19:23–37)
-
Есүсийн оршуулга (LDS.org болон Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 58; Иохан 19:38–42)
Есүс Христийн шүүлт ба үхлийн талаарх эртний бошиглолууд.
Аврагчийн өршөөл үзүүлсэн үлгэр жишээ.
Ахлагч Жэффри Р.Холланд:
“Наманчлах үүрэгтэй маань нягт холбоотой зүйл бол бусдад мөн адил үйлдэх боломж олгох өгөөмөр сэтгэл юм. Бид өршөөгдөхийн тулд бусдыг өршөөх ёстой. Ийн бид Есүс Христийн Цагаатгалын хамгийн чухал зарчимд оролцдог. Тэрхүү шийдвэрлэх баасан гаргийн хамгийн сүр жавхлант мөч бол газар хөдөлж, сүмийн хөшиг цуу урагдаж байхад Христ ‘Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна’ хэмээн хэлсэн, үгээр илэрхийлэхийн аргагүй нигүүлсэнгүй мөч байсан нь лавтай.’Тэрээр Эцэгт биднийг өмгөөлөх өмгөөлөгчийн хувьд таны, миний өмнөөс яг энэ гуйлтыг одоо ч гэсэн гуйсаар байгаа билээ.
Энд, бүх зүйлд, Есүс бидэнд дагах жишгийг тогтоож өгсөн. Нэг нэгнийхээ эсрэг өшөө хорсол тээж өнгөрүүлэхэд энэ амьдрал тун богинохон. … Бид Бурхан гэм нүглийг маань санаасай гэж хүсдэггүй тул өөрсдөө бусдын гэм нүглийг санахыг хайр найргүй хичээх нь үндсэндээ буруу юм” гэж заасан (“The Peaceable Things of the Kingdom,” Ensign, Nov. 1996, 83).