“6-р сарын 24–30. Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21: ‘Тэр амилсан’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“6-р сарын 24–30. Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019
6-р сарын 24–30
Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21
“Тэр амилсан”
Энэхүү тоймд буй заах санаануудыг судлахаасаа өмнө Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21-ийг уншиж, зааж буй хүмүүсийнхээ итгэлийг хүчирхэгжүүлэхэд энэ бүлгүүдийг хэрхэн ашиглаж болох талаар тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг хувиараа болон гэр бүлээрээ судалж байхдаа ойлгож авсан зүйлээ хуваалцахад нь туслахын тулд тэднийг энэ долоо хоногийн унших даалгавраас “бүх дэлхийтэй” (Марк 16:15-ыг үзнэ үү) хуваалцах ёстой гэж мэдэрч буй нэг үнэнийг бичихийг хүс. Хичээлийн төгсгөлд тэднээс хуваалцахыг хүсэж байгаа ямар нэгэн нэмэлт үнэн олсон эсэхийг асуу.
Сургаалыг заа
Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20
Есүс Христ амилсан учраас бид мөн амилуулагдах болно.
-
Аль болох олон хүнд Амилалтын талаар ойлгож авсан зүйлээ хуваалцах боломж олгохын тулд ангийн гишүүдэд энэ долоо хоногийн унших даалгавар болон Судрын удирдамжинд байгаа “Амилалт”-ыг уншиж үзээд, Амилалтын талаар ойлгосон үнэнүүдээ бичих хэдэн минутыг өгч болно. Бичсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олгож, ангийн гишүүдийг хэн нэгэн нь тэдний бичсэнтэй адил үнэнийг хуваалцвал гараа өргөхөд урамшуулан дэмж. Яагаад эдгээр үнэн бидэнд чухал вэ? Бид амилах болно гэдгээ мэдэх нь бидний Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаарх мэдрэмжинд хэрхэн нөлөөлөх вэ?
Бид Аврагчийг “бидэнтэй хамт байгаач” хэмээн урьж чадна.
-
Ангийн гишүүдийг тэдний туршлага болон Еммау хүрэх зам дээрх шавь нарын туршлагын хоорондын холбоог харахад туслахын тулд самбар дээр зам зураад, ангийн гишүүдийг Лук 24:13–35-д байгаа түүхийн талаар замын нэг талд бичихэд урь. Тэгээд тэд замын нөгөө талд Есүс Христийг дагагчдын хувьд өөрсдийн туршлагаас ижил төстэй зүйлсээ бичиж болно. Жишээлбэл, тэд замын нэг талд Тэдний нүд халхлагдаж (Лук 24:16), нөгөө талд нь Бид заримдаа өөрсдийн амьдрал дахь Их Эзэний нөлөөг санадаггүй гэж бичиж болно.
-
Та ангийн гишүүдэд Лук 24:13–35-д байгаа түүхийн гүн утгыг олоход туслахын тулд дууллыг хэрхэн ашиглаж болох вэ? Тухайлбал, бид “Та надад үргэлж хэрэгтэй” дууллаас Аврагчийг “бидэнтэй хамт байгаач” хэмээн урих талаар юу ойлгож авч болох вэ?
Матай 28:16–20; Марк 16:14–20; Лук 24:44–53
Бидэнд сайн мэдээг бүх дэлхийд түгээхийг зарлигласан.
-
Амилсан Аврагчийн төлөөлөгчдөдөө өгсөн сайн мэдээг номло гэсэн зарлиг өнөөдөр ч бидэнд хамаатай юм. Та ангийн гишүүдийг сайн мэдээг номлох үүргээ олж харахад нь хэрхэн тусалж чадах вэ? Та тэднийг гэр бүлийн гишүүндээ юм уу бүрэн цагийн номлолд явах гэж байгаа найздаа ямар нэгэн зөвлөгөө өгч байна гэж төсөөлөхөд урьж болох юм. Бид Аврагчийн төлөөлөгчдөдөө хэлсэн үгсээс юу хуваалцаж болох вэ? Бид бусдад сайн мэдээг хуваалцахаар хичээж чармайхдаа иймэрхүү үгсийг хэрхэн ашиглах вэ?
“Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ!”
-
Ангийн гишүүд Томасын нэгэн адил итгэхээсээ өмнө, амилсан Их Эзэнийг харахыг хүсэж байж магадгүй. Танай Ням гаргийн анги ангийн гишүүдийн харж чадахгүй зүйлсдээ итгэх бие биенийхээ итгэлийг хүчирхэгжүүлэх газар байж чадна. Та эхлээд хэн нэгнийг Иохан 20:19–28-д байгаа Томасын туршлагыг товч ярихыг хүс. Та мөн “Blessed Are They That Have Not Seen, and Yet Have Believed” (LDS.org) видео бичлэгийг үзүүлж болно. Бурханы биднээс харалгүйгээр итгэхийг хүссэн зарим зүйлийг самбар дээр жагсаан бичихийг ангийн гишүүдээс хүс. Дараа нь тэднийг энэ талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахад урь. Итгэлээ хөгжүүлснээр ангийн гишүүдэд ямар ямар адислал ирсэн бэ?
Аврагч Өөрийн хоньдыг тэжээхэд биднийг урьсан.
-
Танай ангийн гишүүдэд Аврагчийн “[Түүний] хоньдыг тэжээ” гэсэн урилгыг хүлээн авахад юу тусалж болох вэ? Эхлээд та тэднийг Иохан 21:15–17-г дотроо уншиж байхдаа Симоны нэрний оронд өөрсдийн нэрийг мөн “миний хурга” ба “миний хоньд” гэдгийг гэрийн болон айлчлагч багшлалтыг хариуцсан хүмүүс, хөршүүд эсвэл ажил, сургуульдаа таньдаг хүмүүс зэрэг Их Эзэний тэдэнд үйлчлэхийг хүсэж байгаа хэмээн бодож байгаа хүмүүсийн нэрээр орлуулахад урь. Цөөн минутын дараа ангийн гишүүд төрсөн сэтгэгдлээ хуваалцаж болно. Аврагчийн хонь, хургануудыг тэжээх гэдэг нь ямар утгатай вэ? Энэ асуултад хариулахад “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, ахлагч Марвин Ж.Аштон нарын хэлсэн үг тусална.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдийг энэ долоо хоногт Үйлс 1–5-ыг уншихад урамшуулахын тулд тэднээс эрдэм боловсролгүй загасчин хэрхэн дэлхий даяар тархсан Христийн Сүмийн хүчирхэг удирдагч болсонд анхаарлаа хандуулахыг хүс. Тэд энэ бүлгүүдийг судалж байхдаа энэхүү хувиралт өөрчлөлт хэрхэн явагдсаныг олж мэдэх болно.
Нэмэлт эх сурвалж
Аврагчийн хоньдыг тэжээх гэдэг нь ямар утгатай вэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Иохан 21-ийн эртний грек бичвэрээс дараах ойлголтыг хуваалцжээ.
“[Иохан 21:15]-д байгаа тэжээх гэдэг үг нь грек хэлний bosko буюу ‘тэжээх, бэлчээх’ гэсэн утгатай үгнээс гаралтай. Хурга гэдэг үг нь arnion буюу ‘жижиг хонь’ гэсэн багасгасан нэр үгнээс гаралтай. …
[Иохан 21:16]-д байгаа тэжээх гэдэг нь арай өөр, poimaino буюу ‘хонь хариулах, маллах, асрах’ гэсэн утгатай үгнээс гаралтай. Хонь гэдэг үг нь probaton буюу ‘нас гүйцсэн хонь’ гэсэн утгатай үгнээс гаралтай. …
“[Иохан 21:17]-д байгаа тэжээх гэдэг үг нь мөн л грек хэлний bosko буюу хоол тэжээл гэсэн утгыг илэрхийлдэг. Хонь гэдэг үг нь мөн грек хэлний probaton буюу нас гүйцсэн хонь гэсэн үгнээс орчуулагджээ.
Энэ гурван шүлэг англи хэлэнд их төстэй бууж байгаа боловч үнэндээ грек хэлнээ гурван өөр утга бүхий захиасыг агуулдаг. Тухайлбал:
-
Жижиг хургануудыг өсгөхийн тулд тэжээх хэрэгтэй;
-
Хоньдыг харин хариулах хэрэгтэй;
-
Хоньдыг бас тэжээх хэрэгтэй” (“Shepherds, Lambs, and Home Teachers,” Ensign, 1994 оны 8-р сар, 16).
Бид хэрхэн “[Түүний] хоньдыг хариулах” вэ?
Хоньдыг нь хариулах Их Эзэний зарлигийг бид хэрхэн биелүүлэх талаар ахлагч Марвин Ж.Аштон:
“Есүс ‘Миний хоньдыг хариул’ хэмээн хэлсэн. (Иохан 21:16.) Та тэдний хаана байгааг мэдэхгүй бол тэднийг хариулж чадахгүй. Та тэдэнд таныг эсэргүүцэх шалтгаан өгөх юм бол тэднийг хариулж чадахгүй. Танд хоол байхгүй бол та тэднийг хариулж чадахгүй. Танд энэрэл байхгүй бол та тэднийг хариулж чадахгүй. Та ажиллах, хуваалцахад дургүй бол тэднийг хариулж чадахгүй. …
Тусламж хэрэгтэй хүмүүс бүх насныхан дунд бий. Түүний хоньдын зарим нь залуу, ганцаардмал, төөрсөн байдаг. Зарим нь эцэж цуцан, зовж зүдэрч, ядарч туйлдсан байдаг. Мөн зарим нь бидний гэр бүл, хөрш айлд эсвэл бидний мацгийн өргөлөөрөө тусалж чадах дэлхийн алс хязгаарт байдаг. Зарим нь хоолгүй өлсөж байгаа бол зарим нь хайр халамжаар дутаж байгаа.
Хэрэв бид Түүний хоньдод биднийг эсэргүүцэх шалтгаан өгөх юм бол хариулах явц хэцүү, бүр боломжгүй болно. Хэн ч тэдэнд зааж зааварласнаар эсвэл егөөдөж, доог тохуу хийснээр тусалж чадахгүй. Дарангуйлал эсвэл ‘Миний зөв, чиний буруу’ гэх нь төөрч яваа хонийг хариулах бүх хүчин чармайлтыг үгүй хийх болно. Эсэргүүцлийн хана босгож болох ч хэнд ч ашигтай байхгүй. …
Бид үйл хөдлөлөөрөө хайраа харуулдаг. Хэрэв үйл хөдлөл нь таарч тохироогүй бол хайрыг илэрхийлж чадахгүй. Санаа тавьдаг хоньчин Түүний бүх хонинд хүрч харьцах нь хэрэгтэй байдаг” (“Give with Wisdom That They May Receive with Dignity,” Ensign, 1981 оны 11-р сар, 91).