“4-р сарын 29-өөс 5-р сарын 5. Иохан 7–10: ‘Би бол сайн хоньчин мөн’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“4-р сарын 29-өөс 5-р сарын 5. Иохан 7–10,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
4-р сарын 29-өөс 5-р сарын 5
Иохан 7–10
“Би бол сайн хоньчин мөн”
Та болон танай ангийнхан энэ долоо хоногт Иохан 7–10-ыг уншиж, гүнзгий ойлголт олж авна. Энэ тоймд байгаа санаанууд нь судруудыг судалснаар таны хүлээн авах сүнслэг өдөөлтийг орлох биш, харин нэмэлт санаа өгөх ёстойг сана.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Гэр орноо сайн мэдээнээс суралцах төв болгохын ач холбогдлын талаар ангийн гишүүдэд сануул. Энэ долоо хоногийн турш ангийн гишүүд гэр бүлтэйгээ Иохан 7–10-аас аль аль шүлгийг ярилцсан бэ? Ямар захиас тэдэнд хамгийн их тусалсан бэ?
Сургаалыг заа
Есүс Христ дэлхийн Аврагч мөн.
-
Аврагчийн хийсэн хэд хэдэн тунхаглал Иохан 7–10-р бүлэгт байдаг бөгөөд тэдгээр нь ангийн гишүүдийг Түүний номлолыг илүү сайн ойлгож, Түүнтэй илүү ойр болоход тусална. Ангийн гишүүдийг дараах судрын шүлгүүдийг уншаад, Аврагчийн тэнгэрлэг номлолын талаар юу заасан тухай хуваалцахад урихыг бодож үзээрэй. Бидний амьдралд Христ эдгээр үүргийг хэрхэн гүйцэтгэдэг вэ?
-
Иохан 7:37–39: “Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун”
-
Иохан 8:12; 9:4–5: “Ертөнцийн гэрэл”
-
Иохан 8:58: “Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг” (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм хэсгээс энэ шүлгийн талаарх ойлголтыг үзнэ үү)
-
Иохан 9:8–10, 35–38: “Бурханы Хүү”
-
Иохан 10:7–9: “Үүд”
-
Иохан 10:11–14: “Сайн хоньчин”
-
Бид Есүс Христийн сургаалуудыг дагаснаар тэдгээр нь үнэн гэдгийг мэдэх болно.
-
Ангийн гишүүд энэ загварыг хувийн туршлагаар дамжуулан ур чадвар эзэмших үйл явцтай харьцуулах юм бол зарлигуудын дагуу амьдарснаар хэрхэн гэрчлэлтэй болгодгийг илүү сайн ойлгож магадгүй. Тухайлбал, та жонглёрддог юм уу хөгжмийн зэмсэг тоглож чаддаг ангийн гишүүдийг эдгээр ур чадварыг хэрхэн хөгжүүлснээ тайлбарлахад урьж болно. Өөрсдөө давтах нь өөр хүн тухайн ур чадварыг толилуулахыг харахаас илүү ихийг тэдэнд хэрхэн заадаг вэ? Ур чадвар эзэмшихэд шаардлагатай хичээл зүтгэлийг Иохан 7:14–17-д Аврагчийн дүрсэлсэн сүнслэг загвартай хэрхэн харьцуулах талаар ангиараа ярилц. Ангийн гишүүд сүнслэг мэдлэг олж авахын тулд энэ загварыг дагах талаар ямар туршлага хуваалцаж болох вэ?
-
Та Иохан 7:14–17-д заасан үнэнийг хэрхэн харуулж чадах вэ? Харуулахад туслах нэг санаа бол сайн мэдээний үнэнийг дагаснаар гэрчлэлтэй болсон туршлагаа хуваалцахыг ангийнхнаасаа хүсэх явдал юм. Мөн “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа Бонни Л.Оскарсон эгчийн хэлсэн үг сайхан жишээ болно. Ангийн гишүүдийн илүү хүчирхэг гэрчлэлтэй болохыг хүсэж байгаа сайн мэдээний зарчмыг бодох цагийг тэдэнд өг. Дараа нь тэднийг тухайн зарчмын дагуу амьдрах тодорхой зорилго тавихад урамшуулан дэмж.
Бид Есүс Христийг таньж мэдсэнээр Эцэгийг мэдэх болно.
-
Ахлагч Жэффри Р.Холланд: “Өнөө үед дэлхий дээрх зарим хүн [Бурхан Эцэгийн] талаар маш сэтгэл түгшим буруу ойлголттой байдаг. … Орчин үед олон хүн Есүсийн тэвэрт санаа амар байх болно гэж хэлдэг хэрнээ Бурхантай уулзах хатуу ширүүн учралыг бодон сэтгэл зовнидог” гэж хэлжээ (“The Grandeur of God,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 71). Иохан 8:18–19, 26–29-д байгаа Аврагчийн үг Аврагч, Түүний Эцэг хоёрын хоорондын холбооны талаар юу заадаг вэ? Эдгээр шүлгийг уншиж, ярилцсаныхаа дараа ангийн гишүүд Есүсийн хийсэн, хэлсэн, заасан зарим зүйлийг самбар дээр жагсаан бичиж болно. Бид эдгээр зүйлээс Бурхан Эцэгийн тухай юуг мэдэж авдаг вэ?
Аврагчийн нигүүлсэл нь наманчилдаг хүмүүст өгөгддөг.
-
Нүглээсээ болж буруушаагдсан мэт санагдах хүмүүсийн хувьд Аврагч нигүүлсэл болон наманчлалыг завхайрч байгаад баригдсан эмэгтэйд санал болгосон түүх нь урам зориг өгөх эх үүсвэр байж болох юм. Эсвэл ангийн гишүүд бусдыг гэм нүглийнх нь улмаас буруутгадаг бол энэ түүх тэдэнд анхааруулга болж болно. Та тэднийг Иохан 8:1–11-ийг уншин, доор байгаатай төстэй асуултуудын хариултыг олж мэдэхэд урь. Энэ түүх Аврагчийн нигүүлслийн талаар юу заадаг вэ? Бид нүгэл үйлдсэн үедээ Түүний нигүүлслийг хүлээн авах нь бусдыг шүүмээр санагдсан үед маань хэрхэн тус болох вэ? (Алма 29:9–10-ыг үзнэ үү). Та мөн “Go and Sin No More” (LDS.org) видео бичлэгийг үзүүлж болно.
-
Ангийн гишүүдийг Иохан 8:1–11-ийг өөртөө хамааруулан ойлгоход туслахын тулд ангийг гурван бүлэг болгон хуваарилж, фарисайчууд болон Аврагчийн мөн тэр эмэгтэйн үг үйлдлийг тус тусад нь судлуулахаар бүлгүүдэд оноож өг. Бүлэг тус бүрийг оногдсон хэсгээ уншаад, ойлгож мэдсэн сүнслэг үнэнийхээ жагсаалтыг гаргахад урь.
-
Заримдаа бид бусдыг шүүж байгаагаа анзаардаггүй. Энэ хандлагыг ялан дийлэхэд ангийн гишүүдэд туслах нэг үйл ажиллагааг санал болгоё. Бидний хүмүүсийг шүүж болох арга замуудаар (гаднах дүр төрх, зан авир, ар гэрийн байдлаар нь гэх мэт) жагсаалт гаргахад туслахыг ангийнхнаасаа хүс. Чулууны хэлбэр дүрстэй болгон хайчилсан цааснуудыг ангийн гишүүдэд өгөөд, тэднээс бусдыг шүүсэн гэж бодож байгаа зүйлээ сонгоод уг цаасан чулууны ард бичихийг хүс. Бид Иохан 8:1–11-д Аврагчийн фарисайчуудад хандан хэлсэн үгээс юу ойлгож авч болох вэ? Ангийнхнаас цаасан чулууныхаа нөгөө талд бусдыг шүүхгүй байхыг сануулсан ямар нэг зүйл бичихийг хүс (Иохан 8-ын үг хэллэгээс байж болно).
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Ангийн гишүүдээс үнэ цэнтэй ямар нэгэн зүйлээ алдаж байсан үеэ бодохыг хүс. Дараа долоо хоногийн хичээлийн судруудаас тэд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ алдагдсан хүмүүсийн талаар юу гэж боддог тухай мэдэж авах болно.
Нэмэлт эх сурвалж
Аливаа нэг зарчмаар амьдрах нь тухайн зарчмын талаар гэрчлэлтэй болоход тусалдаг.
Бонни Л.Оскарсон эгч:
“Аврагч: ‘Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурханаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ” (Иохан 7:17) хэмээн заасан билээ. Бид заримдаа үүнийг эсрэгээр нь хийх гэдэг. Жишээ нь: бид аравны нэгийн хуулиар амьдрахдаа баяртай байх болно, гэвч эхлээд энэ хууль үнэн гэдгийг мэдэх хэрэгтэй шүү дээ гэсэн хандлагатай байж болох юм. Бид аравны нэгийн өргөлийн хуудсыг бөглөхөөсөө өмнө аравны нэгийн хуулийн талаар гэрчлэлтэй болохын төлөө залбирч, Их Эзэн биднийг гэрчлэлээр адисална гэдэгт найдаж ч болох юм. Гэтэл хэрэг дээрээ ийм байдаггүй. Их Эзэн биднээс итгэлээ хөгжүүлэхийг л хүсдэг. Бид аравны нэгийн талаар гэрчлэлтэй болохын тулд аравны нэгээ л шударгаар байнга, бүрэн төлөх хэрэгтэй.
Аль нэгэн зарчмын дагуу амьдрах нь уг зарчимд хөрвөгдөхөд бидэнд хэрхэн тусалдаг талаар нэгэн жишээг би хуваалцмаар байна. … Эцэг эх болон Сүмийн багш нар маань надад бие махбоддоо хүндэтгэлтэй хандаж, оюун ухаанаа цэвэр байлгахыг мөн хамгийн гол нь Их Эзэний зарлигуудад итгэх нь чухал гэдгийг заадаг байлаа. Согтууруулах ундаа байж болох газраас зайлсхийж, мансууруулах бодис болон тамхинаас хол байх шийдвэрийг би гаргасан. Олон тохиолдолд энэ нь би үдэшлэгт оролцохгүй, болзоонд явахгүй гэсэн үг байлаа. Мансууруулах бодис хэрэглэх нь залуу хүмүүсийн дунд илүү түгээмэл болж байсан бөгөөд хор уршгийнх нь талаар өнөө үед мэдэж байгаа шиг мэддэггүй байв. Миний үе тэнгийнхнээс олон нь оюун ухаанд саатал учруулах хорт бодист байнга хордож, улмаар ноцтой донтолтод автсан юм. Би гэртээ Мэргэн ухааны үгийг заалгасандаа талархалтай байсан бөгөөд итгэлийнхээ дагуу уг сургаалаар амьдарснаар сайн мэдээний энэхүү зарчмын талаар бат бөх гэрчлэл олж авсан билээ. Сайн мэдээний үнэн зарчмыг дагаж амьдарснаар надад ирсэн тэрхүү сайхан мэдрэмж нь уг зарчим үнэн болохыг баталсан Ариун Сүнсний мэдрэмж байлаа” гэж хэлсэн (“Хөрвөгдөцгөө, та нар минь,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85–88).