“9-р сарын 30-аас 10-р сарын 13. Ефес: ‘Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“9-р сарын 30-аас 10-р сарын 13. Ефес,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2019
9-р сарын 30-аас 10-р сарын 13
Ефес
“Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхийн төлөө”
Таныг Ефесийн ном, саяхны Ерөнхий чуулганы үгс, энэ тойм болон Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг залбирч байгаад судлах үед юуг хэрхэн заах бодол, сэтгэгдэл төрөх болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг энэ долоо хоногт судалж мэдсэн нэг зүйлээ нэг өгүүлбэрээр дүгнэн бичиж, дараа нь өөрсдийн дүгнэлтийг самбарт тогтоохыг хүсэх талаар бод. Цөөн дүгнэлтийг санамсаргүй байдлаар сонгон авч, бичсэн гишүүдийг өөрсдийн бодлыг хуваалцахад урь.
Сургаалыг заа
Бошиглогч, төлөөлөгчид болон бид бүгд Сүмийг хүчирхэгжүүлэн, нэгтгэдэг.
-
Та болон танай ангийнхан Сүм хэрхэн “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа” бөгөөд Аврагч Өөрөө хэрхэн “булангийн чулуу” болж байгааг дүрслэн харуулах ямар нэг зүйлийг хамтдаа бүтээж чадсан уу? (Eфес 2:20). Ангийн гишүүд дөрвөлжин шоо эсвэл цаасан аягыг шошгожуулан, Есүс Христ төлөөлөгч, бошиглогчдоор суурь тавьж, цамхаг эсвэл пирамид барьж болно. Дараа нь та хэрэв Христ эсвэл төлөөлөгч, бошиглогчид авагдвал юу болохыг харуулж болох юм. Яагаад булангийн чулуу Есүс Христ ба Сүм дэх Түүний үүргийн сайн зүйрлэл болдог вэ? (Булангийн чулууны талаарх тодорхойлолтыг “Нэмэлт эх сурвалж” хэсгээс үзнэ үү.) Ангийн гишүүд бидний төлөөлөгч, бошиглогч болон Сүмийн бусад удирдагчийн ачаар хүлээн авдаг адислалуудыг Ефес 2:19–22; 4:11–16-аас уншиж болно. Бид тэдний сургаал дээр өөрсдийн амьдралыг босгохын тулд юу хийж болох вэ?
-
Сургаал бошиглогч, төлөөлөгчдийн байнгын удирдамжгүйгээр хэрхэн буруу ойлгогдож болохыг харуулахын тулд та өөр хэн нэгэнд сонсголгүйгээр ангийн нэг гишүүнээр богино түүх хэлэх тоглоом тоглуулж болно. Ангийн гишүүнийг өөр нэг гишүүнд түүхийг давтан хэлж, түүхийг хэд хэдэн хүнд дамжуулах хүртэл энэ үйлдлийг давтахад урь. Дараа нь уг түүхийг хамгийн сүүлд сонссон хүнээс сонссоноор ангийнхандаа хэлэхийг хүс. Түүхийн ямар нэг зүйл өөрчлөгдсөн байна уу? Багш замын туршид алдааг нь засаж чадсан бол юу болох байсан бэ? Энэ үйл ажиллагаа Христийн Сүм яагаад “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдох” ёстой талаар бидэнд юу зааж байна вэ?
-
Хэрэв ангийн тань гишүүд тантай хамгийн сүүлд уулзсанаасаа хойш Ерөнхий чуулганыг сонссон бол тэднийг тэнд заагддаг зүйлс Ефес 4:11–16-д дурдсан зорилгуудыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалсан талаар хуваалцахад урь.
-
Та ангийн гишүүдэд тэдний сүм дээр гүйцэтгэхээр дуудагддаг “ажил” эсвэл үүргүүдийн заримыг жагсаан бичих цөөн хормыг өгч болно (Ефес 4:1-ийг үзнэ үү). Жишээ нь: тохинуулагч ах, эгч, эцэг эх, Христийн шавь гэх мэт. Дараа нь тэд ангийнхаа өөр гишүүнтэй жагсаалтуудаа сольж, Ефес 4:4–8, 11–16-г уншаад, жагсаалт дээрх дуудлага эсвэл даалгаврууд нь Христийн биеийг бүтээхэд хэрхэн тусалдаг болохыг хуваалцаж болно. Бид “нэг Эзэн, нэг итгэл, нэг баптисм”-ын доор эв нэгдэлтэй болохын тулд хэрхэн хамтарч ажиллаж болох вэ?
Аврагчийн үлгэр жишээг дагах нь гэр бүлийн харилцааг хүчирхэгжүүлж чадна.
-
Хэдийгээр ефесчүүд эхнэрүүд нь нөхрүүдтэйгээ адил тэгш байдаггүй соёлд амьдардаг байсан ч энэ захидал өнөөгийн гэрлэсэн хосуудад зориулсан үнэ цэнтэй зөвлөгөөг агуулсаар байдаг. Та дараахтай төстэй асуултуудыг самбарт бичиж мөн ангийн гишүүдийг Ефес 5:22–33-ыг бүлгээрээ уншихдаа тэдгээрийг ярилцахад урьж болно. Христ Сүмийг хайрлах хайраа хэрхэн харуулсан бэ? Бид хань ижилтэйгээ харьцах харьцаандаа Түүний үлгэр жишээг дагахын тулд юу хийж чадах вэ? Та Христийнхтэй адил арга замаар бие биентэйгээ харьцдаг эхнэр, нөхрийг харсан жишээнээсээ хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Бид эдгээр зарчмыг гэр бүлийн бусад харилцаандаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
-
Паулын “эцэг эхээ хүндэл” (Ефес 6:2) гэсэн зөвлөгөө хүүхдүүдэд хандсан хэдий ч бидний нас, гэр бүлийн нөхцөл байдлаас үл хамааран бидэнд бүгдэд хамаатай юм. Ефес 6:1–3 дээрх Паулын зөвлөгөөг өөрсдийн нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлж болох талаар бодож үзэхэд ангийн гишүүдийг урь. Жишээ нь, эцэг эхийн маань сонголт Есүс Христийн сургаалтай нийцэхгүй байсан ч бид тэднийг хэрхэн хүндэлж чадах вэ? Та ангийн гишүүдэд эцэг эхээ илүү сайн хүндлэхийн тулд юу хийж чадах тухайгаа бичих цөөн минутыг өгч болно.
-
Хэрэв танай ангид бага насны хүүхэдтэй эцэг эх эсвэл эцэг эх болох гэж байгаа хүмүүс байгаа бол тэдэнтэй Ефес 6:4-ийг ярилцах нь тустай байж болно. Үр хүүхдээ “Эзэний дэг журам болон сургамж дотор” хүмүүжүүл гэдэг нь юу гэсэн үг вэ? Арай том болсон хүүхэдтэй эцэг эхчүүд энэ нь тэдний хувьд юу гэсэн үг болохыг мөн энэ зөвлөгөөг гэр бүлдээ хэрэгжүүлэхээр хэрхэн хичээж байгаа талаар хуваалцаж болох юм.
Бурханы хуяг дуулга биднийг хорон муугаас хамгаалах болно.
-
Ангийн гишүүдэд Бурханы бүрэн хуяг дуулгыг өдөр бүр өмсөхөөр хичээхэд юу тусалж чадах вэ? Та Ефес 6:14–17 дээр дүрсэлсэн зарчмууд эсвэл ариун журамд нийцсэн хуяг дуулгын хэсгүүдийг тохируулах үйл ажиллагааг ангийнханд бэлтгэж өгч болно. Хуяг дуулгын хэсэг бүр биднийг ёс бусаас хэрхэн хамгаалж чадах вэ? (Тусламж авах бол “Нэмэлт эх сурвалж” хэсгийг үзнэ үү.) Ангийн гишүүд энэ хуяг дуулгыг хэрхэн өмсөж байна вэ? Та ярилцлагынхаа үеэр “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ерөнхийлөгч Н. Элдон Таннэрын тайлбарыг хуваалцаж болно. Бид хуяг дуулгынхаа ямар нэг сул талыг олж тодорхойлж мөн хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Та ангийн гишүүдийг Филиппой, Колоссай номнуудыг уншихад урамшуулахын тулд Итгэлийн тунхгийн нэг нь эдгээр захидлын нэг дээр үндэслэгдсэн гэдгийг хэлж болно. Тэд энэ долоо хоногт судраас судлахдаа үүнийг олж чадах болов уу?
Нэмэлт эх сурвалж
Булангийн чулуу гэж юу вэ?
Булангийн чулуу бол суурин дээр тавигдсан хамгийн анхны чулуу юм. Энэ нь бусад чулууг хэмжих, байршуулах гол цэг болдог ба бусад чулуу булангийн чулуутай нэг мөрөнд байх ёстой. Булангийн чулуу нь барилгын үлдсэн хэсгийн хүндийн жинг үүрдэг тул бат бөх, тогтвортой, найдвартай байх ёстой.
Бурханы хуяг дуулга.
-
Бэлхүүсээрээ үнэнийг бүсэл.Хуяг дуулгын энэхүү хэсэг нь бүсэлхийгээрээ бүсэлдэг бүстэй адил юм. Бүслэх гэдэг үг нь бас бэхлэх, хүчирхэгжүүлэх эсвэл батжуулах гэсэн утгатай.
-
Цээжний хуяг.Цээжний хуяг нь зүрх болон бусад чухал эрхтэнг хамгаалдаг.
-
Хөлний хамгаалалт.Энэ нь цэргийн хөлний хамгаалалтын хэсгийг хэлнэ.
-
Бамбай.Бамбай нь биеийн бараг бүх хэсгийг янз бүрийн халдлагаас хамгаалдаг.
-
Дуулга.Дуулга толгойг хамгаалдаг.
-
Илд.Илд нь дайсныг эсэргүүцэх үйлдэл хийх боломжийг бидэнд олгодог.
“Хуяг дуулгаа шалга.”
Тэргүүн Зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Н.Элдон Таннэр сайн мэдээгээр амьдрах хүчин чармайлтаа тунгаан бодсоноор, хувийн хуяг дуулгынхаа хүчийг үнэлж дүгнэхэд Сүмийн гишүүдийг урьсан. Дараа нь тэрээр:
“Хэрвээ … бидний хуяг дуулга сул дорой байгаа бол, олдох боломжтой хамгаалагдаагүй газар, довтолгоонд өртөх эмзэг хэсэг байгаа гэсэн үг бөгөөд хэрэв тийм бол бидний сул дорой байдлыг олох хүртлээ хайж эрэлхийлдэг Сатаны учруулах гэмтэл эсвэл сүйрэлд бид өртөх болно.
Хуяг дуулгаа шалга. Хамгаалагдаагүй газар байна уу? Одоо дутаж байгаа хэсэг дээр нэмэх зүйлээ тодорхойл. Таны хуяг дуулга үеэ өнгөрөөсөн эсвэл дутагдалтай байгаа эсэхээс үл хамааран бүрэн гүйцэд байлгах шаардлагатай засварыг хийх нь таны эрх мэдэлд байдгийг үргэлж санаж байгаарай.
Та наманчлалын агуу зарчмаар дамжуулан амьдралаа эргүүлж, одооноос судалж, залбирч, Бурханд үйлчлэх шийдвэр гаргаж, тушаалуудыг нь дагаснаар Бурханы хуяг дуулгыг өмсөж эхэл” (“Put on the Whole Armor of God,” Ensign, May 1979, 46) гэж тайлбарласан юм.