“2-р сарын 6–12. Иохан 2–4: ‘Та нар дээрээс төрөх ёстой,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“2-р сарын 6–12. Иохан 2–4,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
2-р сарын 6–12
Иохан 2–4
“Та нар дээрээс төрөх ёстой”
Иохан 2–4-ийг унших нь заахад бэлтгэж эхлэх сайн арга юм. Та төрсөн сүнслэг сэтгэгдэл бүрээ тэмдэглэн, нэмэлт ойлголт болон заах санаа олохдоо энэхүү тоймыг ашигла.
Хуваалцахад урь
Самбарт Иохан 2, Иохан 3, Иохан 4 гэсэн гурван гарчиг бич. Ангийн гишүүд эдгээр бүлгийг уншихад хэдэн минут зарцуулаад, гарчиг бүрийн доор тухайн бүлэгт байгаа сургаал, үйл явдлыг ойлгоход тусалсан шүлгүүдээ бичиж болно. Тэдний бичсэн шүлгийн талаар ярилц.
Сургаалыг заах
Есүс Христийн гайхамшгууд “алдар сууг нь илтгэн харуулсан.”
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь Есүс усыг дарс болгон хувиргахад дэргэд нь байсан хүний харах өнцгөөс Иохан 2:1–11-ийг уншихыг зөвлөдөг. Магадгүй ангийн гишүүд ийн үйлдсэнээр олж авсан ойлголтоо хуваалцаж болно. Бид эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу сурч мэдсэн бэ? Энэ гайхамшиг нь Бурханы алдар сууг хэрхэн илтгэн харуулсан бэ? (11-р шүлгийг үзнэ үү).
Бид ариун газар, ариун юмсыг хамгаалж чадна.
-
Сүмээс мөнгө солигчдыг хөөн гаргаж байгаа Есүсийн тухай түүхээс суралцахад суралцагчдад туслахын тулд та тэднээс сүмээс өөр бусад Их Эзэний ариун гэж үздэг ариун газрын талаар бодохыг хүсэж болох юм. Бид энэхүү ариун юмсын ариун дагшин байдлыг хэрхэн хадгалж чадах вэ?
Бид Бурханы хаант улсад орохын тулд дээрээс дахин төрөх ёстой.
-
Дахин төрөх гэдэг нь юу гэсэн утгатай болохыг бид өөр хүнд хэрхэн тайлбарлаж болох вэ? Ангийн гишүүдийг энэ асуултад хэрхэн хариулахаа хажуудах хүнтэйгээ давтахад урих талаар бодож үзээрэй. Ийн давтахдаа дараахтай ижил төстэй асуултуудыг ярилцаж болно. Үүнд: Бид Иохан 3:3–7 дээрх Есүсийн үгээс юу мэдэж авч болох вэ? Наманчлах, баптисм хүртэх, гишүүнээр батлуулах нь дахин төрөхөд бидэнд хэрхэн тусалдаг вэ? “Нэмэлт эх сурвалж” хэсэг дэх мэдэгдлүүд энэ хэлэлцүүлэгт мөн тусалж болох юм.
-
Зарим нь хүн өөрчлөгддөггүй гэдэгт итгэдэг. Гэхдээ Никодем бол Есүс Христийн сайн мэдээг дагасны үр дүнд өөрчлөгдсөн хүний жишээ юм. Үүнийг олж харахад нь ангийн гишүүдэд туслахын тулд та тэднийг Иохан 3:1–2; Иохан 7:45–52; Иохан 19:38–40-өөс хайхад урьж болно. Бид эдгээр шүлгээс Никодемын хандлага, итгэлийн талаар юу мэдэж авч болох вэ? Тэр хэрхэн аажмаар өөрчлөгдсөн бэ? Бид сайн мэдээний ачаар өөрчлөгдсөн хүмүүсийн ямар ямар жишээг хуваалцаж болох вэ?
Есүс Христ бидэнд “амийн уснаас” болон Бурханы ажлыг хийсний “хоолоос” хүртэхийг санал болгодог.
-
Бидний бие махбодод хоол хүнс өдөр тутам хэрэгтэй. Есүс самари эмэгтэйд болон шавь нартаа заахдаа эдгээр нийтлэг хэрэгцээг дурдсан байдаг (Иохан 4:5–34-ийг үзнэ үү). Аврагчийн заасан зүйлийг ангийн гишүүдэд ойлгуулахад туслахын тулд самбарт хоол хүнс, усны зураг тавиад, зураг бүрийн доор Есүсийн заасан сүнслэг хоол хүнс, ундны усны тухай үнэнийг бичихэд ангийн гишүүдийг урь. Аврагч бидний сүнслэг өлсгөлөн, цангааг хэрхэн тайлдаг вэ?
-
Самари эмэгтэйн Есүс Христийн талаарх гэрчлэл хэрхэн өссөн дэс дарааллыг эргэцүүлэн бодох нь ангийн гишүүдэд Түүнийг Мессиа гэдгийг хэрхэн мэдсэнээ тунгаан бодоход тусална. Самари эмэгтэйн Аврагчид хандахдаа ашигласан үг хэллэгийг Иохан 4:6–30-аас ангиараа хайж ол. Эдгээр үг хэллэг Есүсийн хэн болох талаарх түүний мэдлэгийн тухай юу өгүүлж байна вэ? Тэр бол бидний Аврагч гэсэн гэрчлэл маань хэрхэн өссөн бэ?
Нэмэлт эх сурвалж
Дахин төрөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан: “Хөрвөлт нь … бяцхан биш, харин сүнсээр дахин төрж, бидний мэдэрч, хүсэж, бодож, хийж байгаа зүйлс болон мөн чанарыг үндсээр нь өөрчилдөг хүчирхэг өөрчлөлт юм. Есүс Христийн сайн мэдээний мөн чанар бол ‘Ариун Мессиагийн сайн үйлс, нигүүлсэл, ач ивээлд’ (2 Нифай 2:8) найдвар тавьснаар өөрсдийн мөн чанарыг үндсээр нь, эргэж буцалтгүй өөрчлөхийг биднээс шаарддаг. Эзэнийг дагахаар сонгохдоо бид өөрчлөгдөхийг, сүнслэгээр дахин төрөхийг сонгодог” (“Ye Must Be Born Again,” Liahona, May 2007, 20).
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан. “Бид Есүс Христийн нэрийг өөрсдөдөө авч, ус болон Сүнсээр төрж, Аврагчтайгаа гэрээт харилцаанд орсноор дахин төрсөн. Бид Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолоос хүртсэнээр ийн дахин шинээр төрж болно. Ийм байдлаар дахин төрсөн хүмүүс Есүс Христийн сүнсэн хөвгүүд, охид болдог гэдгийг хожмын үеийн гэгээнтнүүд баталдаг (Мозая 5:7; 15:9–13; 27:25-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч бид энэхүү дахин төрсөн байдалд зориулсан адислалаас хүртэхийн тулд гэрээгээ сахиж, эцсээ хүртэл тэвчих ёстой” (“Have You Been Saved?,” Ensign, May 1998, 56).