“2-р сарын 13–19. Матай 5; Лук 6: ‘Та нар ерөөлтэй еэ!’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“2-р сарын 13–19. Матай 5; Лук 6,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
2-р сарын 13–19
Матай 5; Лук 6
“Та нар ерөөлтэй еэ!”
Та Матай 5-ыг болон Лук 6-р бүлгийг судалж байхдаа төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Ангийнхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийг эрэлхийлэхэд илчлэлт танд ирэх болно.
Хуваалцахад урь
Ерөнхийлөгч Жозэф Фийлдинг Смит Уулан дээрх номлолыг “бидний мэдэх, номлогдсон хамгийн агуу [номлол]” хэмээн хэлжээ (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith [2013], 234). Ангийн гишүүдийг яагаад энэ нь үнэн болох талаарх бодол санаагаа хуваалцахад урь.
Сургаалыг заах
Үүрдийн аз жаргал Есүс Христийн заасан замаар амьдарснаар ирдэг.
-
Уулан дээрх номлолоор Аврагч үүрдийн аз жаргалтай буюу адислагдсан амьдрал гэдэг нь юу гэсэн утгатай болохыг дахин нэг бодож үзэхэд шавь нараа урьсан. Үүрдийн аз жаргалын тухай хэлэлцэж эхлэхдээ, тэднийг юу аз жаргалтай болгодог талаар хуваалцахыг ангийн гишүүдээс хүсэж болно. Матай 5:1–12-д цэдэглэснээр, хүнийг юу “ерөөлтэй” буюу мөнхөд аз жаргалтай болгодог хэмээн Есүс хэлсэн бэ? Есүсийн сургаал хүмүүсийн аз жаргалыг олж авахыг оролддог бусад арга замаас юугаараа ялгаатай вэ?
-
3–12-р шүлэг дээрх “зүрхэндээ цэвэр ариун байгсад” эсвэл “амар тайвныг тогтоогсод” гэх мэт зарим зан чанар эсвэл шинж чанарыг самбарт жагсаан бичих тухай бодож үз. Дараа нь ангийн гишүүдийг эдгээр үг хэллэг бүрийн эсрэг утгатай үгийг хэлэхэд урь. Бид тэдгээрийн эсрэг утгатай үгийг авч үзсэнээр эдгээр шинж чанарын талаар юу мэдэж авсан бэ? Эдгээр шүлэгт дүрсэлсэн шиг хүн болохын тулд тэд юугаа өөрчилж болох талаар тунгаан бодохыг ангийн гишүүдээс хүс. 3 Нифай 12:3, 6 нь Матай 5:3, 6-ийн талаарх бидний ойлголтод юу нэмж байна вэ?
Аврагчийн шавь нар бол дэлхийн гэрэл мөн.
-
“Дэлхийн гэрэл” гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ? (14-р шүлэг). Өөрсдийн гэрлийг “савны доор” нуух гэдэг нь ямар утгатай вэ (15-р шүлэг), бид яагаад ийн үйлдэхэд уруу татагдаж болох вэ? “Нэмэлт эх сурвалж” дээрх ерөнхийлөгч Бонни Х.Кордоны мэдэгдэл мөн 3 Нифай 18:24 нь бусдад гэрэл нь болох гэж зориход ангийн гишүүдэд тусалж болох юм. Тэд мөн гэрэл нь болж, Есүс Христ рүү хөтөлсөн хүмүүсийнхээ талаар ярилцаж болно. Бид энэ хүмүүсийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ?
Есүс Христ биднийг төгс төгөлдөр өөд хөтлөх дээд хуулийг заасан.
-
Матай 5-д дүрсэлсэн нөхцөл байдлуудын зарим нь Аврагчийн амьдарч байсан цаг үед хамаатай ч заасан зарчмууд нь нийтлэг юм. Зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг олж харахад ангийн гишүүдэд туслахын тулд 21–24; 27–30; 33–37; 38–39; 40–42; 43–44-р шүлгээс нэгийг сонгоод, Аврагчийн юу заасныг харуулах орчин үеийн жишээг бодоход тэднийг урь. Тэд үүнийг ганцаараа эсвэл жижиг бүлгээр хийгээд, жишээгээ ангийнхантайгаа хуваалцаж болно.
-
Аврагчийн “төгс” (Матай 5:48) бай гэсэн зарлиг нь ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны тайлбарласнаар “бүрэн төгс” эсвэл “төгөлдөржсөн” бай гэсэн утгатай болохыг олж харахад ангийн гишүүдэд хэрхэн тусалж болох вэ? (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 86–88). Та Есүсийн зургийг эвлүүлдэг тоглоом болгон хайчлаад, Матай 5 дээрх, амьдралдаа хэрэгжүүлэхэд сүнслэгээр өдөөгдсөн сургаалыг хайчилсан хэсэг бүрийн ард бичихэд ангийн гишүүдийг урь. Тэдэнд зургийг хамтдаа эвлүүлэх боломж олго. Есүс Христийн Цагаатгал бидэнд “бүрэн төгс” эсвэл “төгөлдөржсөн” болоход хэрхэн тусалдаг вэ? (Bible Dictionary, “Grace”-ийг үзнэ үү). “Нэмэлт эх сурвалж” дахь ерөнхийлөгч Жой Д.Жөүнсийн үгс энэ үйл явцын талаарх бидний ойлголтод юу нэмж байна вэ?
Нэмэлт эх сурвалж
Гэрэл байх
Ерөнхийлөгч Бонни Х.Кордон ийн заасан. “Гэрэл тань туяаран гийг гэсэн Их Эзэний урилга гэрлийг зүгээр л энд тэндгүй цацруулан, дэлхийг арай илүү гэрэлтэй болго гэсэн үг биш юм. Харин энэ нь бусад хүнд Христэд очих замаа олж харахад нь туслахын тулд бид өөрсдийн гэрлийг чиглүүлж тусгана гэсэн үг. Энэ нь хөшигний наад талд Израилыг цуглуулах, Бурхантай гэрээ байгуулж мөн сахихын тулд гаргах дараагийн алхмаа олж харахад нь бусдад туслах явдал юм” (“Тэд харж болохын тулд,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96).
Төгс төгөлдөр болохыг эрэлхийлэх
Ерөнхийлөгч Жой Д.Жөүнс ийн тайлбарласан.
“Их Эзэн хичээл зүтгэлд дуртай бөгөөд хичээл зүтгэл нь шагнал авчирдаг. Бид дадлага хийсээр байгаа. Их Эзэнийг дагахыг хичээх тусам бид үргэлж өсөж хөгжиж байдаг. Тэрээр биднээс төгс байдлыг шаарддаггүй. Бид хувийнхаа Синай уул руу авирсаар байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд бидний аялал хичээж зүтгэх, шаргуу хөдөлмөрлөх, сурч боловсрох зэргийг шаарддаг ч бидний өсөж хөгжих амлалт мөнхийн шагналыг авчирдаг. …
Тэнгэрлэг Эцэгтээ болон Аврагчдаа үнэнч гэдгээ ‘аврах чадал бүхий түүний гавьяанд … бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр’ [2 Нифай 31:19] зоригтой тунхаглацгаая. Энэхүү хамгийн дээд сүнслэг боломждоо хүрэх аяллаа баяртайгаар үргэлжлүүлцгээе” (“Онцгой нэр төртэй дуудлага,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 15–16).