“1-р сарын 30-аас 2-р сарын 5. Матай 4; Лук 4–5: ‘Над дээр Эзэний Сүнс байна,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“1-р сарын 30-аас 2-р сарын 5. Матай 4; Лук 4–5,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
1-р сарын 30-аас 2-р сарын 5
Maтай 4; Лук 4–5
“Над дээр Эзэний Сүнс байна”
Та Матай 4 ба Лук 4–5-ыг судлаад, сүнслэг байдлын хувьд төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь ангийнхныхаа хэрэгцээ шаардлагыг хэрхэн хамгийн сайн хангах талаар сүнслэг өдөөлтийг урьж авчирна. Мөн та нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагаас болон энэхүү тоймоос олж болно.
Хуваалцахад урь
Энэ долоо хоногийн уншлагад “Түүний сургаал эрх мэдэлтэй байсан тул тэд сургаалыг нь гайхаж байлаа” (Лук 4:32-ыг мөн Марк 1:22-ыг үзнэ үү) гэсэн мэдэгдэл орсон болно. Сургаалын хүчийг мэдрэхэд тусалсан Матай 4, Лук 4–5 дээрх шүлгээ хуваалцахад ангийн гишүүдийг урь.
Сургаалыг заах
Тэнгэрлэг Эцэг бидэнд уруу таталтыг эсэргүүцэх хүч, арга замыг өгсөн.
-
Аврагчийн Сатаныг эсэргүүцсэн түүх ангийн гишүүдэд Сатаны уруу татах гэж оролддог арга замуудыг ялган танихад тусалдаг. Ангийн гишүүд Матай 4:1–11 эсвэл Лук 4:1–13-т гардаг уруу таталтуудаас нэгийг сонгоод, түүнтэй төстэй орчин үеийн уруу таталтын жишээг бодож болох юм (“Нэмэлт эх сурвалж” дээрх мэдэгдлүүд тус болж болох юм). Өнөө үед бидэнд тулгардагтай адил төстэй сорилттой Аврагч нүүр тулсан гэдгийг мэдэх нь яагаад тустай вэ? Яагаад Христ уруу таталтад автаагүй вэ? Сатаны эрхэнд автаагүй хүмүүсийн талаарх өөр бусад судрын жишээг Эхлэл 39:7–20; 2 Нифай 4:16–35; Мосе 1:10–22-оос үзнэ үү.
-
Ангийн гишүүдэд уруу таталтад автахгүй байхад нь юу тусалж болох вэ? Та тэднээс Матай 4:1–11 эсвэл Лук 4:1–13-ыг эргэж хараад, судрын мэдлэг нь хэрхэн Аврагчид “Энэ нь бичигдсэн байдаг” гэж Сатанд хариулахад тусалсныг олж мэдэхийг хүсэж болно. Уруу татагдаж байгаагаа мэдрэх үед тэднийг хамгаалж, хүчирхэгжүүлэхэд туслах судруудыг Topical Guide-ын “Уруу таталт” хэсгээс олох цагийг ангийн гишүүдэд гаргаж өг.
Есүс Христ бол бошиглогдсон Мессиа мөн.
-
Ангийн гишүүдэд Лук 4:16–32 дахь цэдгийг илүү сайн ойлгоход туслахын тулд та Мессиа, Христ гэсэн нэр цол хоёулаа “тослогдсон” гэсэн утгатай болохыг тайлбарлаж болно. Ангийн гишүүдийг Лук 4:18–21-ийг унших явцад Есүс бол Христ, Мессиа эсвэл Тослогдсон Нэгэн гэж хэлсэн нь ямар утга агуулгатай болох талаар бодож үзэхийг хүс. Мөн Bible Dictionary дээрх “Anointed One” гэдгийг унших нь тэдэнд тустай байж болно. Есүс Өөрийгөө өнөө цагийн Мессиа мөн болохыг хэрхэн тунхагласан бэ? Есүс Христ бол тэдний Аврагч гэдгийг хэрхэн мэдсэнээ ангийн гишүүд хуваалцаж болно.
-
Яагаад Назарын хүмүүс Есүсийг бошиглогдсон Мессиа хэмээн хүлээн зөвшөөрөөгүй болохыг судалснаар зарим нэг чухал сургамжийг мэдэж авч болно. Жишээлбэл, Лук 4:22–24 дээр ямар ямар шалтгаан өгсөн байна вэ? Дараа нь ангийн гишүүд эдгээр хандлагыг Зарефатын бэлэвсэн эмэгтэй, Хуучин Гэрээнд гардаг Нааман гэх зэрэг израил биш хүмүүсийн хандлагатай харьцуулж болох юм (Лук 4:25–27-г үзнэ үү). Та ангийн зарим гишүүнтэй урьдчилан холбогдож, тэднийг эдгээр түүхийг нэг бүрчлэн товч ярихад бэлтгэж ирэхийг хүсэж болно (1 Хаад 17:8–24; 2 Хаад 5:1–17; Лук 4:16–30-ийг үзнэ үү). Эдгээр цэдэг нь бидэнд Есүс Христэд итгэлтэй байх талаар юу зааж байна вэ? Назарын хүмүүст хэлсэн Аврагчийн үгээс бидэнд чиглэгдсэн байж болох ямар нэгэн захиасыг та олж харсан уу?
Христийг дагах нь өөрсдийнхөө тааллыг хойш тавин, Түүний тааллыг хүлээн авна гэсэн үг юм.
-
Заримдаа Их Эзэний бидэнд өгсөн удирдамж эхэндээ ойлгомжгүй юм шиг санагддаг. Ангийн гишүүд Лук 5:1–11-ээс Аврагч Петрээс юу хийхийг хүссэн болохыг мөн яагаад Петр Түүний зааварт эргэлзсэн байж болохыг олж мэдэж болно. Энэ үйл явдал Петрийн Аврагчийг болон өөрийгөө үзэх үзэлд хэрхэн нөлөөлсөн байж болох вэ? Бүрэн дүүрэн ойлголтгүй байсан ч тэнгэрлэг удирдамжид итгэх итгэлээ харуулсан туршлагаасаа хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Итгэлээр үйлдсэний үр дүн юу байсан бэ?
-
Загасчид Есүс Христийг дагахаар “бүхнийг орхисны” (Лук 5:11) адил бидэнд ч бас Түүний шавь нар болохын тулд орхих ёстой зүйлс бий. Бид Петр, Андрей, Иаков, Иохан нарын хандлага, итгэлийн талаар Матай 4:18–22-оос юу мэдэж авч болох вэ? Ангид загасны тор авчрах нь тус болж болох юм. Дараа нь ангийн гишүүдийг Христийг дагахын тулд ардаа орхиход бэлэн эсвэл аль хэдийн ардаа орхисон зүйлсээ бичээд, торонд хийхэд урь. Ангийн хэдэн гишүүнийг бүхнийг ардаа орхин Аврагчийг дагахыг сонгосноор амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн тухай хуваалцахад урихыг бодож үз.
Нэмэлт эх сурвалж
Уруу таталтын төрлүүд
Цөлд байхад нь Аврагчид тулгарсан уруу таталтыг дурдсаныхаа дараа ерөнхийлөгч Дэвид О.Маккэй уруу таталтыг тодорхойлж гурав ангилжээ. Үүнд:
(1) Дур хүсэл эсвэл хүсэл тачааллын уруу таталт;
(2) Бардамналд автах, хэв загварын хойноос хөөцөлдөх, хий хоосон зүйлд ач холбогдол өгөх;
(3) Дэлхийн эд баялгийг эсвэл хүмүүний газар нутгийг эрх мэдэлдээ авч, ноёрхох мөн дэлхийн эд зүйлийг эзэмших гэсэн хүсэл” (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 82).