“2-р сарын 20–26. Maтай 6–7: ‘Тэр эрх мэдэлтэй Нэгний хувьд тэдэнд зааж байв,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“2-р сарын 20–26. Матай 6–7,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
2-р сарын 20–26
Матай 6–7
“Тэр эрх мэдэлтэй Нэгний хувьд тэдэнд зааж байв“
Та заахаар бэлтгэхдээ, эхлээд өөрийгөө бэлд. Матай 6–7-г уншаад, төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Энэ нь танд ангийнхныхаа хэрэгцээ шаардлагыг хэрхэн хамгийн сайн хангах талаар илчлэлт хүлээн авахад тусална. Дараа нь заах санаануудыг энэ тоймоос хайж олно уу.
Хуваалцахад урь
Уулан дээрх номлолын аль аль шүлэг өнөөдөр хамгийн их хэрэгтэй гэж мэдэрч байгаагаа хуваалцахад ангийн гишүүдийг урь. Ангийн гишүүдийг бие биеийнхээ ойлгосон зүйл дээр нэмж хэлэхэд урамшуулан дэмж.
Сургаалыг заах
Хэрэв бид Их Эзэний сургаалыг сонсож, сургаалын дагуу үйлдвэл бидний амьдрал бат бөх суурин дээр босох болно.
-
Матай 6–7-д байгаа ямар тодорхой сургаал зааж буй хүмүүст тань илүү их ач тустай вэ? Матай 6–7-р бүлгээс эдгээр сургаалыг агуулсан хэд хэдэн шүлгийг самбарт бичих тухай бодож үз. Ангийн гишүүд эдгээр шүлгээс нэгийг сонгон, дор бүрнээ судлаад, сурч мэдсэн ямар нэгэн сүнслэг үнэнээ самбарт бичиж болно. Эдгээр сургаал бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Аврагч номлолоо нэгэн сургаалт зүйрлэлээр төгсгөсөн бөгөөд энэ нь Аврагчийн сургаалын дагуу амьдрахын ач холбогдлыг танай ангийнханд илүү сайн ойлгоход нь тусална (Матай 7:24–27-г мөн Хиламан 5:12-ыг тус тус үзнэ үү). Энэ сургаалт зүйрлэлийг төсөөлөхийн тулд ангийн гишүүд хамтдаа хавтан, аяга, бусад материал ашиглан бат бөх суурь босгоод, бат бөх чанарыг нь шалгаж үзэж болно. Мөн тэд Аврагчийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хийдэг зүйлсээ барилгын материал дээрээ бичиж болох юм. Эдгээр зүйлийг хийх нь амьдралын шуургыг тэсэн гарахад бидэнд хэрхэн туслах вэ?
Аврагч бидэнд хэрхэн залбирахыг заасан.
-
Их Эзэний залбирлын талаар судлах нь ангийн гишүүдэд Их Эзэний үлгэр жишээг даган, өөрсдийн залбирлыг хэрхэн сайжруулж болохоо тодорхойлоход тусална. Та тэднийг Матай 6:9–13 (эсвэл Лук 11:1–4) дээрээс онцгой санагдсан үг хэллэгээ самбарт бичихэд урь. Аврагчийн үгсийг тунгаан бодсоноор бид залбирлын тухай юу сурч мэдсэн бэ? Ангийн гишүүдэд Аврагчийн зарим үг хэллэгийг залбиралдаа оруулан, өөрийн үгээр хэлэхийг заах нь сургамжтай. Тухайлбал, “Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч” гэснийг “Гэр бүлээ тэжээж тэтгэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэлд минь туслаач” гэж өөрчлөн хэлж болно.
-
Матай 6:5–13-ыг ангиараа уншсаныхаа дараа, дараахтай ижил төстэй асуултуудыг авч хэлэлцэж болно. Үүнд: Залбирал таны Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? Залбирах нь Бурханы тааллыг мэдэхэд хэрхэн тусалсан бэ?
Тэнгэрлэг Эцэг залбиралд хариулдаг.
-
Ангийн гишүүдэд Бурхан залбирлыг нь сонсож, хариулах болно гэдэгт итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь туслахын тулд та самбарт гуй, хай, тогш гэсэн үгсийг бичиж болно. Дараа нь ангийн гишүүд “гуйсан,” “хайсан,” “тогшсон” хүмүүсийн жишээг судраас хайж олж болно (жишээ нь, 1 Нифай 11:1; Ифер 2:18–3:6; Иосеф Смит—Түүх 1:11–17-г үзнэ үү). Бид залбирлынхаа хариултыг авах талаар эдгээр жишээнээс юу мэдэж авч болох вэ?
-
Матай 7:7–11-ийн зарим чухал агуулгыг Иосеф Смитийн Орчуулгын Матай 7:12–17-оос олж болно (Bible appendix-т). Эдгээр шүлэгт Есүсийн шавь нар хүмүүсийн Тэнгэрлэг Эцэгээс үнэнийг эрэлхийлэхгүй байгаа зарим учир шалтгааныг тоочдог. Та ангийн гишүүдээс Их Эзэнээс удирдамж заавар авах эсвэл адислал хүлээн авах хүсэлгүй нэгэн найзтай байна гэж төсөөлөхийг хүс. Ангийн гишүүд уг найзаа ийн үйлдэхэд урамшуулахын тулд юу гэж хэлж болох вэ? Тэд Матай 7:7–11-д байгаа Аврагчийн үгийг хэрхэн ашиглаж болох вэ?
Бид жинхэнэ болон хуурамч бошиглогчдыг үр жимсээр нь таньж чадна.
-
Ангийн тань гишүүд интернэт эсвэл бусад эх сурвалжаас дайсны хуурамч гүн ухаан, бусад худал хуурмаг мэдээллийг авч байсан байж болох юм. Мөн тэд бусад хүн Их Эзэний үйлчлэгчдийг шүүмжлэхийг сонсож байсан байж болно. Та тэднийг хуурамч болон жинхэнэ бошиглогчдын сургаалыг хэрхэн ялган таньж болох талаар ойлгоход нь хэрхэн тусалж чадах вэ? Та төрөл бүрийн жимсийг үзүүлээд, эдгээр жимс ургадаг моддын талаар юу гэж төсөөлж байгааг асууж болно. Энэ дасгал ажил нь Матай 7:15–20-ийг ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ? Түүнчлэн та амьд бошиглогчдын сүүлийн үеийн зарим захиасыг хамтдаа уншиж болно. Тэдний зөвлөгөөг дагах нь ямар “жимс” буюу үр дагаврыг бий болгодог вэ?
-
Матай 7:15–20 нь бошиглогч Иосеф Смитийн тэнгэрлэг үйл хэрэгт итгэх ангийн гишүүдийн итгэлийг хөгжүүлэхэд тусална. Иосеф Смитийн хийсэн ажлын үр жимс юу вэ? Ахлагч Нийл Л.Андэрсэны “Иосеф Смит” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31–35) гэх захиасаас зарим нэг санааг авч болно. Иосеф Смитийн талаарх гэрчлэлээ найз нөхөд, гэр бүлтэйгээ хуваалцахдаа, Матай 7:15–20 дахь Аврагчийн адилтгалыг бид хэрхэн ашиглаж болох вэ?