“3-р сарын 13–19. Матай 11–12; Лук 11: ‘Би та нарыг амраая,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“3-р сарын 13–19. Матай 11–12; Лук 11,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
3-р сарын 13–19
Матай 11–12; Лук 11
“Би та нарыг амраая”
Хичээл заахын өмнөх долоо хоногт Матай 11–12, Лук 11-ийг унш. Энэ нь танд хичээл дээр юунд төвлөрөх талаар тунгаан бодож, илчлэлт хүлээн авах хугацаа гаргаж өгөх юм.
Хуваалцахад урь
Судруудаас олсон зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх нь Бурханы үгийн хүчийг ашиглах чухал арга зам юм. Ангийн гишүүдийг энэ долоо хоногт судраас судлахдаа амьдралдаа хэрэгжүүлж болох сурч мэдсэн зүйлээ хуваалцахыг хөхиүлэн дэмж. Судруудыг хэрхэн амьдралд хэрэгжүүлсэн жишээгээ хуваалцах нь ангийн гишүүдэд өөрсдийн жишээг хуваалцах сэдэл өгч болно.
Сургаалыг заах
Есүс Христ Өөрт нь найдах үед бидэнд амралт өгөх болно.
-
Матай 11:28–30-д “Буулгыг минь өөрсөд дээрээ ав” (29-р шүлэг) хэмээх Аврагчийн урилгыг хүлээн авбал Тэрээр бидний хүнд ачааг хөнгөлөн тусална хэмээн заасан . Ангийн гишүүдэд энэхүү амлалтыг илүү сайн ойлгоход туслахын тулд буулганы зураг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү), буулга нь амьтдад хүнд ачааг үүрүүлэхэд эсвэл ажлыг хөнгөвчлөхөд туслах зориулалттай хэрэгсэл бөгөөд тэдгээрийг ихэвчлэн амьтдад зориулан тусгайлан тааруулсан байдаг зэрэг мэдээллийг хуваалцаж болно. Эдгээр мэдээлэл нь Матай 11:28–30-ийн талаарх бидний ойлголтод юу нэмж байна вэ? Бид эдгээр шүлгээс ямар урилгыг олж мэдэж болох вэ? Ямар ямар адислалыг амласан байна вэ? Та мөн “Нэмэлт эх сурвалж” дээрх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны өгсөн амлалтуудыг хуваалцаж болох юм.
-
Бид бүгдэд Есүс Христийн хүчээр хөнгөлөх ачаанууд бий. Энэ талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн тулд Матай 11:28–30-ийг уншаад, ангийнхаа өөр нэг хүнтэй хамт ярилцахад урамшуулж болно. Тэд хэлэлцүүлэгтээ дараахтай ижил төстэй асуултуудыг багтааж болно. Үүнд: Хүний дааж чадах ачааны ямар жишээнүүд байна вэ? Бид Христэд очихын тулд юу хийх хэрэгтэй вэ? Аврагчийн буулгыг өөрсөд дээрээ авах гэдэг нь ямар утгатай вэ? Аврагчид хандах үед Тэр таны буулгыг хөнгөлөхийг та хэрхэн мэдэрч байсан бэ? Ангийн гишүүд ахлагч Дэвид А.Бэднарын “Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд” захиаснаас нэмэлт ойлголт олж авч болох юм (2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105–108).
Хүндэтгэлийн өдөр бол сайныг үйлдэх өдөр юм.
-
Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих хүсэлдээ хөтлөгдөн, фарисайчууд хатуу дүрэм журам, хүний зохиосон ёс заншлыг дагадаг болсон нь Хүндэтгэлийн өдрийн жинхэнэ зорилгын талаарх тэдний ойлголтыг эцэст нь булингартуулжээ. Их Эзэн бидэнд яагаад Хүндэтгэлийн өдрийг өгсөн талаар хэлэлцэж эхлэхийн тулд та ангийн гишүүдийг Матай 12:1–13, Иосеф Смитийн Орчуулга, Марк 2:26–27-г (Библийн хавсралт дээрх) уншихад урьж болно. Эдгээр цэдэг нь Хүндэтгэлийн өдрийн зорилгын талаар юу зааж байна вэ? Бид Хүндэтгэлийн өдрийн талаар өөр ямар нэмэлт ойлголтыг Гэтлэл 31:16–17, Исаиа 58:13–14, Сургаал ба Гэрээ 59:9–13-аас олж авдаг вэ? Аврагчтай харилцах харилцаа маань Түүний өдрийг ариунаар сахихыг хичээх үед хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-
Фарисайчууд Хүндэтгэлийн өдрийн талаар олон нарийн дүрэм журмыг онцолж байхад Аврагч “Амралтын өдөр сайныг үйлдэх нь хуульд нийцнэ” (Матай 12:12) гэсэн энгийн зарчмыг заасан. Өөр ямар ямар зарчим биднийг Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихад тусалдаг вэ? (“Нэмэлт эх сурвалж” дээрх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг үзнэ үү). Биднийг сүнслэг байдлын хувьд бие даахыг хичээх үед яагаад зарчмууд нь дүрэм журмын жагсаалтаас илүү үр дүнтэй байдаг вэ?
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ” захиас тус болж болох юм.
Нэмэлт эх сурвалж
Есүс Христтэй хамт буулгад орох.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан. “Та амьдралын хүнд ачааг ганцаараа чирэхгүйн тулд Христэд ирж, Түүнтэй болон Түүний хүчтэй хамт буулгад ордог. Та дэлхийн Аврагч, Гэтэлгэгчтэй хамт буулгад орон амьдралын ачааг чирч яваа тул танд тулгарсан асуудлууд ямар ч байсан хөнгөрөх болно” (“The Mission and Ministry of the Savior: A Discussion with Elder Russell M. Nelson,” Ensign, June 2005, 18).
“Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?”
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Би ямар нэгэн үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа ‘Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?’ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг бөгөөд энэ асуулт Хүндэтгэлийн өдөртэй холбоотой сонгох сонголтуудыг маань тодорхой болгодог” гэж заажээ (“Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123).
Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахиснаар ирдэг адислалууд.