“9-р сарын 4–10. 1 Коринт 14–16: ‘Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2022)
“9-р сарын 4–10. 1 Коринт 14–16,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
9-р сарын 4–10
1 Коринт 14–16
“Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн”
Энэ тоймыг авч үзэхийнхээ өмнө 1 Коринт 14–16-г уншина уу. Хичээлийг заахаар бэлдэж байхдаа, ангийн тань гишүүдэд ямар үнэн туслах талаар анхны сэтгэгдлээ бичиж, Сүнснээс нэмэлт удирдамж авахаар үргэлжлүүлэн эрэлхийл.
Хуваалцахад урь
1 Коринт 14–16-г уншаад, нэн чухал ач холбогдолтой гэж бодсон шүлгийг хайж олох хэдэн минутыг ангийн гишүүдэд гаргаж өг. Тэднийг олсон шүлгээ ангийнхаа хэн нэгэнтэй хуваалцаж, яагаад сонгосноо тайлбарлахад урь.
Сургаалыг заах
Бид хамтдаа байхдаа бие биенээ сэнхрүүлэхийг эрэлхийлдэг байх ёстой.
-
1 Коринт 14 дээрх Паулын заасан сургаалыг ашиглан, бид бүгдээрээ сүмд бие биенээ сэнхрүүлж эсвэл өргөн дэмжиж чадна гэдгийг ангийн гишүүдэд сануул. Энэ бүлгийг авч үзэх энгийн арга зам бол Бид хамтдаа цугларсан үед ямар зорилготой байх ёстой вэ? гэх мэт асуултыг самбарт бичих явдал юм. Ангийн гишүүдийг 1 Коринт 14-өөс боломжит хариултуудыг хайж олоход урь. Өөр бусад санааг Моронай 6:4–5; Сургаал ба Гэрээ 50:17–23-аас олж болно. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлсээ хуваалцаж байх үед, таны хичээл эдгээр зорилгод хүрэхэд хэрхэн тус нэмэр болж байгааг тэднээс асуу. Тэд ангийн гишүүний хуваалцсан ямар нэгэн зүйлд сэнхэрсэн туршлагаасаа хуваалцаж болно.
Есүс Христ амилсан учраас бид бүгд амилуулагдах болно.
-
Та 1 Коринт 15 дээрх Паулын гэрчлэлийг Амилуулалтын талаарх ангийнхныхаа гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд хэрхэн ашиглаж болох вэ? Нэг арга нь, ангийнхныг хоёр бүлэг болгон хувааж, нэг бүлгээс нь Есүс Христ амилаагүй байсан бол бидэнд тохиолдох байсан үр дагавруудыг 1 Коринт 15-аас хайж олохыг хүс. Нөгөө бүлэг нь Түүний Амилуулалтын ачаар бидний хүлээн авдаг адислалуудыг хайж олж болно. Дараа нь бүлэг бүр олж мэдсэн зүйлээ самбарт бичиж болно. Тэд “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Д.Тодд Кристоффэрсоны үгийг уншсаныхаа дараа жагсаалтдаа юу нэмж болох вэ? Хэлэлцүүлгийн туршид Сүнсийг мэдрэхэд ангийн гишүүдэд туслахын тулд амилсан Аврагчийн зургийг үзүүлэх (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү) эсвэл Амилалтын тухай дуулал дуулах эсвэл аяыг нь тавих талаар бодож үз.
-
Паул амилуулалтад итгэдэггүй хүмүүст хариулсан учраас танай ангийнханд адил нөхцөл байдлыг жүжигчлэн тоглох нь тус болж магадгүй. Жишээ нь, тэд хайртай хүмүүсийнхээ амилалуултад итгэх итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ? Бид 1 Коринт 15-аас Есүс Христийн Амилалтын хэрэгцээ, нотолгоог тайлбарлахад туслах юуг олж мэддэг вэ? Бид өөр ямар судар ашиглаж болох вэ? (Жишээлбэл, Лук 24:1–12, 36–46; Алма 11:42–45-ыг үзнэ үү.)
-
1 Коринт 15 бол нас барагсдын төлөөх баптисмын тухай дурддаг цөөхөн судрын нэг юм (29-р шүлгийг мөн Сургаал ба Гэрээ 128:18-ыг үзнэ үү). Магадгүй ангийн гишүүд өвөг дээдсийнхээ төлөө баптисм эсвэл бусад ёслолыг гүйцэтгэж байхдаа мэдэрсэн баяр хөөрийнхөө талаар хуваалцаж болно. Паул яагаад нас барагсдын төлөөх баптисмыг Амилуулалтын нотолгоо гэж дурдсан байж болох вэ?
Нэмэлт эх сурвалж
Амилалтын ач холбогдол.
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
“Назарын Есүсийн бүхий л үнэн төрх байдал, философийн том маргаан, амьдралын асуултуудад хариулсан Амилалтын ач холбогдлын талаар түр тунгаан бодоод үзээрэй. Хэрэв Есүс үнэхээр амилсан бол Түүнийг бурханлаг биетэй гэдгийг энэ нь зайлшгүй нотолно. Ямар ч мөнх бус бие үхсэнийхээ дараа өөрийгөө амилуулах хүчгүй. Есүс амилсан учраас ердийн нэг мужаан, багш, рабби эсвэл бошиглогч биш болж таарлаа. Тэр амилсан учраас л Бурханы, бүр Эцэгийн Төрсөн Ганц Хүү байх учиртай.
Тиймээс Түүний заасан зүйлс үнэн бөгөөд Бурхан худлаа ярьдаггүй.
Тиймээс Түүний Өөрийнх нь хэлсэнчлэн, Тэр бол дэлхийн Бүтээгч.
Тиймээс Түүний заасанчлан диваажин болон там нь үнэн бодитой юм.
Тиймээс сүнснүүдийн ертөнц гэж байдаг. Тэр нас барсныхаа дараа тэнд зочилсон.
Тиймээс тэнгэр элч нарын хэлснээр Тэр дахин ирж, ‘дэлхий дээр Өөрийн биеэр хаанчлах болно.’
“Тиймээс бүх хүний хувьд амилуулалт болоод эцсийн шүүлт байх болно” (“Есүс Христийн Амилалт,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132).