“11-р сарын 13–19. Иаков: ‘Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2023)
“11-р сарын 13–19. Иаков,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
11-р сарын 13–19
Иаков
“Зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид байг”
Энэ тоймыг уншихын өмнө Иаковын захидал-ыг уншиж, хүлээн авсан өдөөлтдөө анхаарлаа хандуул. Ангийнхаа гишүүдийг адисалж мөн сэнхрүүлэх ямар зарчмыг та олж мэдсэн бэ?
Хуваалцахад урь
Ангийн гишүүдийг “үгийг хэрэгжүүлэгчид” (Иаков 1:22) байхад урамшуулдаг Иаковын шүлгүүдээс хуваалцахад урь. Хэтэрхий хувийн чанартай биш бол тэд хувиараа эсвэл гэр бүлээрээ хийнэ гэж бодож байгаа зүйлсээ хуваалцаж болно.
Сургаалыг заах
Биднийг итгэлээр асуух үед Бурхан өгөөмрөөр өгдөг.
-
Иаков 1:5–6-д заасан зарчмууд Иосеф Смитийг амьдралыг нь өөрчилсөн сүнслэг туршлага руу хөтөлсөн бөгөөд тэдгээр нь бидний хүн нэг бүрийг ямар нэг байдлаар адисалж болох юм. Та дараахтай ижил төстэй асуултуудыг самбарт бичээд, тэдгээрийг дор дороо тунгаан бодохыг ангийнхнаас хүсэж болно. Иаков 1:5–6 нь таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ? Иосеф Смитийн эдгээр шүлэгтэй холбоотой туршлага өөрийн хувийн асуултад мэргэн ухааныг эрэлхийлэх талаар танд юу заасан бэ? (Иосеф Смит—Түүх 1:10–17-г үзнэ үү). Ямар туршлага танд “Иаковын гэрчлэл үнэн” гэдгийг заасан бэ? ((Иосеф Смит—Түүх 1:26). Эдгээр асуултыг тунгаан бодсоных нь дараа бодол санаагаа хуваалцахад ангийн гишүүдийг урь.
-
Магадгүй ангийн гишүүд Иаков 1:5–6-г өөрийн үгээр илэрхийлж болно. Энэ нь эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход тэдэнд хэрхэн тусалдаг вэ? Эдгээр шүлгийн зарим үг ямар утгатай болох талаар хамтдаа ярилцаж болно.
Хэрэв бид тэвчээртэй тэсэн өнгөрүүлж чадвал, Их Эзэн биднийг төгс байдалд хөтлөх болно.
-
Эдгээр шүлэг дэх тэвчээрийн тухай Иаковын сургаалын талаар хэлэлцүүлэг эхлүүлэхдээ, тэвчээртэй байх шаардлага гарч байсан туршлагаасаа болон үүнээс юу сурч мэдсэнээ хуваалцахад ангийн гишүүдийг урьж болно. Тэд дараа нь өөрсдийнх нь туршлагатай холбоотой зарчмуудыг Иаков 1:2–4 мөн 5:7–11-ээс хайж болно. Тэд мөн зохих зарчмуудыг ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Тэвчээрээр үргэлжлүүл” захиаснаас (2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67–70) олох боломжтой. Ангийн гишүүд Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёроо хэн болохыг таньж мэдэх явцдаа тэвчээрийн талаар сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж болно. Тэвчээрийг хөгжүүлэхэд бидэнд юу тусалсан бэ?
“Итгэл нь үйлсгүй бол үхмэл юм.”
-
Иаковын итгэл, үйлсийн талаарх сургаалыг авч хэлэлцэх нэг арга зам бол ангийнхныг хоёр бүлэгт хуваагаад, нэг бүлгийг итгэл яагаад үйлдэхийг шаарддаг, нөгөө бүлгийг үйлдэл нь яагаад итгэлтэй байхыг шаарддаг талаар судлахыг хүсэх явдал юм. Үүний тулд тэд Матай 7:21–23; Иаков 1:6–8, 21–25; 2:14–26, Иосеф Смит—Түүх 1:19-ийг уншиж болно. Дараа нь бүлэг тус бүр олж мэдсэн зүйлээ хуваалцаж, яагаад итгэл, үйлс хоёр хоёулаа байх шаардлагатай болохыг ярилцаж болно.
-
Ангийн гишүүдэд “Үйлсгүй итгэл ч бас үхмэл болой” (Иаков 2:26) гэх санаж явбал зохих үг хэллэгийг илүү гүн гүнзгий тунгаан бодоход туслахын тулд та дараах өгүүлбэрийг самбарт бичиж болно. Сүнсгүй бие байдгийн адил, түүнчлэн үйлсгүй итгэл ч бас бий болой. Ангийн гишүүдийг энэ өгүүлбэрийг гүйцээх бүтээлч арга замыг бодож олон, санаагаа самбарт бичихэд урь. Бид Есүс Христэд итгэх итгэлийнхээ дагуу үргэлжлүүлэн үйлдэхийн тулд юу хийж чадах вэ?
Есүс Христийн шавийн хувьд бид бүх хүнийг нөхцөл байдлаас нь үл хамааран хайрладаг.
-
Бусдын нөхцөл байдал эсвэл гаднах төрхөөс үл хамааран хүн бүрийг Христийнхтэй адил хайраар хайрлахад ангийн гишүүдийг урамшуулахын тулд та тэднийг Иаков 1:9–11; 2:1–9; 5:1–6-г ээлжлэн уншихад урьж болно. Дараахтай ижил төстэй асуултуудыг авч хэлэлц. “Бусдыг алаг үзэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? (Иаков 2:9). Яагаад бид заримдаа мөнгөтэй, нэр хүндтэй, эрх мэдэлтэй хүнд бусдаас өөрөөр ханддаг вэ? Бид нөхцөл байдал дээр нь үндэслэн бусдад ханддаг хандлагаасаа хэрхэн салж чадах вэ? Аврагчийн итгэлтэй дагалдагчид хэрхэн бүхнээс илүү баян байдаг вэ? (Иаков 2:5-ыг үзнэ үү).
Бидний амнаас гардаг үгс бусдыг гомдоох юм уу адислах хүчтэй.
-
Иаковын ашигласан хүчирхэг дүр зураг амаар ч мөн бичгээр ч бусдыг урамшуулан зоригжуулахад үгсийг ашиглахыг сануулж, өдөөж чадна. Ангийн гишүүдийг Иаков 3-ыг гүйлгэн уншаад, үг хэл хэрхэн бусдыг гомдоож эсвэл адисалж болох талаар дүрслэхдээ ашигласан харьцуулалтуудыг хайж олоход урих талаар бодож үз. Ангийн зарим гишүүнд олж мэдсэн зүйлээ зурах таалагдаж болох юм. Эдгээр харьцуулалт нь энэ бүлэг дэх Иаковын зааврыг хэрхэн дүрсэлж байна вэ? Жишээлбэл, бидний үг хэрхэн галтай адил байж болох вэ? Магадгүй ангийн гишүүд хэл ярианд байх хүчийг дүрслэн харуулах туршлагаасаа хуваалцаж болох юм. Та ангийн гишүүдийг Иаковын зөвлөгөөг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болохоо тунгаан бодоход урьж болно.