“11-р сарын 6–12. Еврей 7–13: ‘Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)
“11-р сарын 6–12. Еврей 7–13,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
11-р сарын 6–12
Еврей 7–13
“Ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч”
Еврей 7–13-ыг уншихдаа еврей гэгээнтнүүдэд зориулсан Их Эзэний захиас юу байсныг тунгаан бод. Түүний танд болон таны заадаг хүмүүст зориулсан захиасыг мөн хайж ол.
Хуваалцахад урь
Хичээлийн өмнө ангийн хэдэн гишүүнийг “[Бурханд] үнэн зүрхээр ойртон очиход” (Еврей 10:22) тэдэнд туслах шүлгүүдийг Еврей 7–13-аас хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
Сургаалыг заах
Эртний болон өнөөгийн ёслолууд бидний оюун санааг Есүс Христ рүү чиглүүлдэг.
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймд Мелкизедек cанваар, Есүс Христийн гэрчлэлийн талаар заадаг судрын хэсгүүдийг Еврей 7-оос хайж олохыг санал болгодог. Ангийн гишүүдийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Эсвэл та тэдэнд 7-р бүлгийг дахин уншаад, энэ санваар болон Аврагчийн гэрчлэлийн талаар заадаг шүлгүүдийг хайж олох цаг өгч болно. Есүс Христ Meлкизедектэй юугаараа адилхан байсан бэ? (1–2-р шүлэг дэх Meлкизедекийн цолуудыг үзнэ үү). Meлкизедек санваарын ёслолууд биднийг Христ рүү ирэхэд хэрхэн тусалдаг вэ? Магадгүй ангийн гишүүд Gospel Topics дээрх “Melchizedek Priesthood”-ээс боломжит хариултуудыг олж болох юм (topics.ChurchofJesusChrist.org).
-
Хэдийгээр бид амьтнаар тахил өргөдөггүй ч өнөө үед үүнтэй адил бодгалийг маань Христ рүү чиглүүлдэг ёслолуудад оролцдог ба “тэдгээр нь тэнгэрийн адислал, хүчийг бидний хувийн амьдралд авчрах эрх мэдэл олгогдсон сувгуудыг нээж өгдөг” (Дэвид А.Бэднар, “Нүглүүдийнхээ ангижралыг үргэлж хадгал,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46). Магадгүй та нар Еврей 8–10-т дүрсэлсэн эртний ёслолууд хэрхэн Аврагчийн цагаатгагч золиосыг бэлгэддэг болохыг олж мэдэж болно. Жишээ нь, бух болон ямааны цус юуг төлөөлдөг вэ? (Еврей 9:13–14-ийг үзнэ үү). Тэргүүн тахилч хэнийг төлөөлдөг вэ? (Еврей 9:24–26-г үзнэ үү). Орчин үеийн ёслолууд биднийг хэрхэн адисалж, Есүс Христ рүү чиглүүлэн тусалж байна вэ? Бид эдгээр ёслолыг илүү утга учиртай болгож мөн Аврагчид илүү төвлөрөхийн тулд юу хийж болох вэ?
Итгэл нь Бурханы өгсөн амлалтад итгэхийг шаарддаг.
-
Та ангийн гишүүдэд Паулын заасан итгэлийн тухай сургаалыг ойлгоход туслахын тулд тэднээс итгэлийг нэг өгүүлбэрт багтаан дүрслэхийг хүсэж болно. Дараа нь Паулын Еврей 11:1-т өгсөн тодорхойлолтыг ангиараа уншиж, ярилцаж болно. Дараа нь та хүн бүрд Еврей 11-д дурдагдсан хүмүүсийн нэгийг сонгон судлах даалгавар өгч болох юм. Ангийн гишүүд зүүлт тайлбаруудыг эсвэл Судруудын удирдамжийг ашиглан Хуучин Гэрээнээс уг хүнд тохиолдсон үйл явдлуудыг авч үзэн, олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Энэ хүмүүс “найддаг зүйлсийн баталгааг” мэдэрснээ хэрхэн харуулсан бэ? (Иосеф Смитийн Орчуулга, Еврей 11:1 [Еврей 11:1, зүүлт тайлбар b]). Ангийн гишүүд итгэлтэй хүмүүсийн бусад жишээг хуваалцаж болох юм. Бид хэзээ хараахан биелээгүй байгаа амлалтуудад итгэж байсан бэ?
-
Итгэлээсээ “ухрах[аар]” уруу татагдсан еврей гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөө нь гэрчлэлийн асуудалтай ангийн гишүүдэд тус болж болно. Энэ нь мөн итгэлийн уналтад орсон хайртай хүмүүстээ туслахыг хичээж буй хүмүүст тус болж магад. Энэ зөвлөгөөг олохын тулд ангийн гишүүд Еврей 10:34–38-ыг болон “Нэмэлт эх сурвалж” хэсэгт байгаа ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлийг уншиж болно. Яагаад бид заримдаа Их Эзэнд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ хаях (Еврей 10:35-ыг үзнэ үү) уруу таталтад ордог вэ? Бид “[Бурханы] амлалтыг хүлээн авах” итгэлийг хөгжүүлж, хэвээр авч үлдэхийн тулд юу хийж чадах вэ? (Еврей 10:36).
Нэмэлт эх сурвалж
“Тиймээс итгэлээ бүү хая.”
Ахлагч Жэффри Р.Холланд Еврей 10:32–39-ийн талаар ийн заасан.
“Сүмд нэгдэхээс өмнө болон нэгдэх үед, нэгдсэний дараа гээд аль ч үед хэцүү байдаг. Үргэлж ийм байсаар ирсэн ч хойшоо бүү ухар, сандарч бүү зугт, итгэл үнэмшлээ бүү алд, өмнөх мэдрэмжээ бүү умарт, олсон туршлагаа бүү үгүйсгэ хэмээн Паул хэлсэн. …
Ямар нэгэн том шийдвэрийг гаргахдаа болгоомжтой, бодолтой байх хэрэгтэй. Харин нэгэнт учир начрыг нь олсон бол сайн зүйлээс ухрах уруу таталтаас болгоомжил. Үүний талаар залбирч, үүнд итгэж, үүний дагуу амьдарч байх үед зөв байсан юм бол энэ нь одоо ч зөв хэвээр байна. Дарамт шахалт ихэссэн ч бүү бууж өг. … Эргэлзээтэйгээ нүүр тул. Айдсаа ял. ‘Тиймд … итгэлээ бүү хаягтун.’ Зам дээрээ үлдэж, таны өмнө дэлгэгдэх амьдралын сайн сайхныг хараарай” (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 8–9).