“11-р сарын 20–26. 1 ба 2 Петр: ‘Хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла,’” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 (2021)
“11-р сарын 20–26. 1 ба 2 Петр,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: 2023
11-р сарын 20–26
1 ба 2 Петр
“Хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярла”
Таны зорилго бол хичээлийг танилцуулах бус, хүмүүст заах явдал юм. Та Петрийн захидлыг уншихдаа ангийнхаа гишүүн нэг бүрийн талаар бод. Ямар зарчмууд тэдний итгэлийг бэхжүүлэхэд туслах вэ?
Хуваалцахад урь
Самбарт 1 Петр ба 2 Петр гэсэн гарчиг бич. Ангийн гишүүдэд эдгээр захидлыг унших цаг өгөөд, олж мэдсэн утга учиртай гэж бодсон үг, хэллэгээ эдгээр гарчгийн доор бичихэд урь. Дараа нь жагсаалтаа ашиглан ойлголтоо хуваалцахад хүмүүсийг урина уу.
Сургаалыг заах
1 Петр 1:3–9; 2:19–24; 3:14–17; 4:12–19
Би сорилт бэрхшээл, зовлон зүдгүүртэй тулгарахдаа баяр баясгаланг олж чадна.
-
1 Петр 1:3–9; 2:19–24; 3:14–17; 4:12–19 дээрх Петрийн зөвлөгөөг авч үзэх өөр нэг арга бол сорилт бэрхшээлтэй тулгарсныг нь мэдэх нэг хүний талаар бодоход ангийн гишүүдийг урих явдал юм. Тэдэнд эдгээр шүлгээс тухайн хүнд урам зориг өгөх үнэнийг оролцуулсан захидал бичих цаг гаргаж өг (мөн Сургаал ба Гэрээ 121:1–8; 123:17-г үзнэ үү). Үүний дараа ангийн гишүүд сонгосон үнэнийхээ талаар ярилцаж болно.
Бид “Бурханы хүмүүс” байхаар дуудагдсан билээ.
-
1 Петр 1:13–20; 2:1–12 дээрх Петрийн сургаал Их Эзэн Өөрийнх нь хүмүүс болох биднийг хэрхэн хардаг мөн биднээс юуг хүсэн хүлээдэг болохын сүнслэг сануулга байж болох юм. “Бурханы хүмүүс” (1 Петр 2:10-ыг үзнэ үү) байх гэдэг нь ямар утгатай үг болохыг эдгээр шүлгээс судлаад, олж мэдсэн зүйлээ хуваалцахад ангийн гишүүдийг та урьж болно. Та 1 Петр 2:9 дээрх “эзэмшлийн” гэдэг үг “худалдагдсан” эсвэл “хадгалагдсан” гэсэн утгатай болохыг тайлбарлаж болно (зүүлт тайлбар f-ыг үзнэ үү). Энэ нь Бурхан бидний талаар юу гэж боддогийг мөн биднийг хэрхэн амьдраасай гэж хүсдэг талаар юу зааж байна вэ?
Сайн мэдээ нас барагсдад тунхаглагдсанаар тэд шударгаар шүүгдэх боломжтой.
-
Петрийн анхны захидалд Есүс Христ нас барсныхаа дараа сүнсний дэлхийд айлчилсан тухай буюу орчин үеийн илчлэлтийн бидэнд илүү бүрэн дүүрэн ойлгоход тусалдаг үйл явдлын талаар Библид цэдэглэгдэн үлдсэн хэдхэн эшлэлийн нэгийг агуулдаг. Та ангийн гишүүдэд сүнсний дэлхийн талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлэн туслахын тулд тэднийг дараах судруудыг уншаад, олж мэдсэн зүйлсээ самбарт бичихэд урьж болно. Үүнд: Иохан 5:25; 1 Петр 3:18–20; 4:6; Алма 40:7–14, 21; Сургаал ба Гэрээ 138:11–32 (мөн “Нэмэлт эх сурвалж”-ийг үзнэ үү.) Аврагч сүнсний дэлхийд айлчилсан талаар мэдэх нь яагаад чухал вэ? Энэхүү мэдлэг нь Бурхан болон Түүний авралын төлөвлөгөөний талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
Бид Есүс Христийн хүчээр дамжуулан тэнгэрлэг мөн чанараа хөгжүүлж чадна.
-
Та зааж байгаа хүмүүсийнхээ Есүс Христтэй илүү адил болохоор хичээн чармайж байгааг нь урамшуулахын тулд тэднийг 2 Петр 1:1–11 дээрх Христийнхтэй адил зан чанаруудыг олж тогтооход урьж болно. Эдгээр зан чанарыг самбарт бичиж мөн тодорхойлохыг ангийн гишүүдээс хүс. Нэг зан чанарыг хөгжүүлэх нь бусад зан чанарыг хөгжүүлэхэд хэрхэн хүргэдгийг ангийн гишүүд дараа нь ярилцаж болно. Тэдэнд аль зан чанарыг илүү сайн хөгжүүлэхийг хүсэж байгаагаа тунгаан бодох цаг гаргаж өг.
Нэмэлт эх сурвалж
Нас барагсдыг гэтэлгэх ажил нь Христийн тохинууллыг гэрчилдэг.
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.
“Есүсийн талаар ямар ч мэдлэггүйгээр амьдарч байгаад нас барсан тоо томшгүй олон тэрбум хүний хувь тавилан яах вэ? Баптисм хүртээгүй нас барагсад хэрхэн гэтэлгэгдэж мөн Бурхан хэрхэн ‘төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болох’ [Алма 42:15-ыг үзнэ үү] тухай ойлголт Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтээр ирсэн билээ.
Есүс энэ амьдралд байхдаа үхэгсдэд номлоно хэмээн бошиглож байсан [Иохан 5:25-ыг үзнэ үү]. Энэ үйл явдал Аврагчийг цовдлогдсоны дараа, Амилалтын өмнө болж өнгөрснийг Петр бидэнд хэлдэг [1 Петр 3:18–19-ийг үзнэ үү]. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Аврагч сүнсний дэлхийд айлчилж очсоныг үзэгдлээр харж гэрчилжээ [Сургаал ба Гэрээ 138:30, 33-ыг үзнэ үү]. …
Үхэгсдийг гэтэлгэх бидний сэтгэл зовнил, тэрхүү амлалтад зориулсан цаг хугацаа, нөөц бололцоо нь бүхнээс илүү Есүс Христийн талаарх гэрчлэлийн илэрхийлэл юм. Энэ нь Түүний тэнгэрлэг зан чанар, номлолын талаар бидний хийж чадах хамгийн хүчирхэг мэдэгдлээс бүрддэг. Энэ нь нэгд, Христийн Амилалтын тухай; хоёрт, Түүний Цагаатгалын хамрах хүрээ хязгааргүй гэдгийг; гуравт, Тэрээр авралын цорын ганц эх сурвалж болохыг; дөрөвт, Тэрээр аврал болох нөхцөлийг бий болгосныг; тавд, Тэрээр дахин ирнэ гэдгийг гэрчилдэг” (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 9–10).